Бид “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь - 2” төслийн кампанит ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 37-р дунд сургуулийн сургалтын менежер Ш.Амарзаяа болон багш Г. Ууганцэцэгтэй ярилцлаа. Сургалтын менежер Ш.Амарзаяагийн хувьд боловсролын салбарт 30 гаруй жил, 37-р сургуульд долоо дахь жилдээ ажиллаж байгаа бол багш Г. Ууганцэцэг мөн сүүлийн долоон жилийн турш тус сургуульд анги удирдсан багшаар ажиллаж байгаа юм.
Ийнхүү тэдэнтэй хүүхэд бүрийг ердийн ангид хамтатган сургах бодлогыг хэрэгжүүлснээр гарсан эерэг үр дагавар, хэрэгжүүлэх явцад тулгарсан асуудал зэргийн талаар яриа өрнүүлснийг хүлээн авч уншина уу.
Эхлээд төслийн талаар ерөнхий мэдээлэлтэй болцгооё.
Төслийн тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
YOLO: Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Манай улсад хэрэгжиж байгаа “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн талаар уншигчдад маань мэдээлэл өгвөл?
А: Тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл манай сургуульд 2018 оноос хойш гурван жил хэрэгжиж байна. Энэ хичээлийн жилд хүүхэд бүрийг ердийн ангид хамтатган сургах бодлогын талаар анхан шатны ойлголт өгөх сургалт зохион байгуулсан.
У: Хүүхэд ар гэрийнхээ амьжиргааны байдал, биеийн хөгжил тэргүүтэй олон шалтгааны улмаас хичээлийн хөтөлбөрөөс хоцордог. Анги бүрт суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд бий. Гэвч энэ нь хөгжлийн бэрхшээлээс ялгаатай ойлголт юм. Өмнө нь суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурах хүсэлгүй, эсвэл зүгээр л тааруу сурдаг гэж боддог байсан бол энэхүү төсөл хэрэгжсэнээр тэдэнтэй тулж ажиллаж, нөхцөл байдлыг өөр өнцгөөс олж харах боломжтой болсон.
А: Цар тахлын улмаас сурлагын нэн хоцрогдолд орох эрсдэлтэй сурагч цөөнгүй байна. Зөвхөн манай сургуульд гэхэд хөгжлийн бэрхшээлтэй 35, сурлагын нэн хоцрогдолтой 65 сурагч байна. Тиймээс бид эдгээр сурагчидтай тулж ажиллан хоцрогдлыг нь арилгахаар төлөвлөсөн. Эхний ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний үр дүнд сурагчдын мэдлэгийн түвшин эрс нэмэгдэж, эцэг эхчүүд талархлаа илэрхийлээд эхэлсэн байна.
YOLO: Танд өмнө нь тусгай хэрэгцээт хүүхэдтэй тулж ажилласан туршлага бий юу?
У: Дааж авсан өмнөх ангид маань сонсголын бэрхшээлтэй сурагч сурдаг байсан. Тэр сурагч сонсголын аппарат зүүхийн зэрэгцээ бусдын амны хайрцгийг сайн уншиж чаддаг. Хэдийгээр анги танхимын чимээ шуугианаас шалтгаалаад сургууль дээр байх хугацаанд аппаратаа зүүдэггүй байсан ч багш нарын амны хайрцгийг уншин хичээлдээ идэвхтэй оролцдог байв.
Тэр сурагч маань ангийн дарга, бас сурагчдын өөрөө удирдах байгууллагын гишүүнээр ажилладаг байсан. Ахлах ангиа төгсөхдөө хамт олноо сурлагын дүнгээрээ манлайлж, одоогоор Өмнөд Солонгос улсад суралцахаар бэлтгэлээ базааж байна.
37-р дунд сургуулийн сургалтын менежер Ш.Амарзаяа
37-р дунд сургуулийн сургалтын менежер Ш.Амарзаяа
YOLO: Таны хувьд 2021-2022 оны хичээлийн жилд зургадугаар анги дааж авсан. Шинэ анги дааж авахад ямар байсан бэ?
У: Шинээр дааж авсан ангийн сурагчидтайгаа танилцсанаас хойш гурван сар өнгөрсөн байна. Цар тахлаас шалтгаалан танхим болон цахим хосолсон зарчмаар хичээллэсэн болохоор сурагчидтайгаа сэтгэлдээ хүртэл тулж ажиллаж чадсангүй. Сурагчдынхаа уншлагын чадварыг шалгахад тодорхой түвшинд уншиж байгаа хэдий ч урт үетэй үгэн дээр алдах нь түгээмэл байсан. Хэдий би монгол хэлний хичээлээр мэргэшсэн багш биш ч юун түрүүнд ангийнхаа сурагчдыг түгдрэлгүй уншуулж, цээжээр бичүүлж сургах тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн.
Ер нь дунд анги удирдсан багш нар ангийнхаа сурагчдад бага анги удирдсан багш нар шиг хангалттай хэмжээний цаг зарцуулж чаддаггүй. Тиймээс дунд ангийн сурагчдад эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэг чухал байдаг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, эцэг эхчүүд хүүхдээ дунд ангид орсны дараа хараа хяналтаа огцом сулруулдаг. Хүүхдийг өсвөр насанд нь харин ч их анхаарах хэрэгтэй. Энэ насанд хүүхдийн найзаа гэх үзэл чухал болсон байдаг учир эцэг эхчүүд хүүхэдтэйгээ захиран тулгасан байдлаар харилцахын оронд найз шиг нь байж, аль болох их ярилцаж зөвлөлддөг байх хэрэгтэй.
YOLO: Цар тахлын улмаас багш, сурагчдын хоорондоо тулж ажиллах боломж бага байгаа хэдий ч багш нарын дунд сурагчдадаа аль болох ахиу давтлага өгье, тусалж дэмжье гэсэн хандлага ихээхэн ажиглагдсан.
А: Сая дурдсанчлан өнгөрсөн хичээлийн улиралд сургалтаа 5/9-ийн зарчмаар явуулсан. Энэ хугацаанд багш нар энгийн үеийнхээсээ хоёр дахин их ачаалалтай ажилласан гэж хэлж болно. Ингээд ч зогсохгүй сүүлийн хоёр жилийн хугацаанд бий болсон хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд 2021-2024 оны сургалтын төлөвлөгөөгөө сурагчдын хоцрогдлыг арилгах тал руу чиглүүлсэн. Энэ ажлын хүрээнд, багш бүр өөрийн гэсэн төлөвлөгөөг гаргана. Жишээлбэл, нэг багш дунд ангийн 250-380 хүүхдэд хичээл заадаг. Тиймээс ямар ангийн хэдэн сурагчид хичээл заахаас хамааран багш нарын төлөвлөгөө өөр хоорондоо ялгаатай байх юм.
Цар тахлын нөлөөнд зөвхөн Монгол Улс ч биш, дэлхий нийтээрээ өртсөн болохоор бүгд л нэг гараанаас эхэлж байгаа байх. Хамгийн гол нь сурагчид хичээлийн аль агуулгаас хоцорсныг тогтоож, төлөвлөгөөгөө хаанаас эхэлж гаргахаа тодорхойлох хэрэгтэй. Бид одоогоор сурагчид хэдий хэмжээний хоцрогдолтой байгааг илрүүлэх зорилгоор үнэлгээний шалгалтыг хоёр удаагийн давтамжтайгаар авсан. Улирлын амралтын хугацаанд багш нартай хэлэлцүүлэг хийж, төлөвлөгөөгөө боловсруулна.
YOLO: Тусгай хэрэгцээт хүүхдүүд сургуулийн зүгээс зохион байгуулдаг урлаг, спортын арга хэмжээнд хэрхэн оролцдог вэ?
А: Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүд бусадтай л адил урлаг, спортын авьяастай. Сурагчдын нэг өдөр, явган аялал, Шинэ жилийн баяр зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд тэгш хамрагддаг бөгөөд эцэг, эхийн хараа хяналт, оролцооны тусламжтайгаар тухайн сурагчийн аюулгүй байдал бүрэн хангагддаг. Энэ төрлийн үйл ажиллагаанд бусад хүүхдүүдээс ч идэвхтэй оролцдог гэж хэлж болно.
Нэгэн сонирхолтой зүйлийг хэлэхэд, Хүүхдийг Ивээх Сангаас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандсан шүлгийн уралдаан зарласан юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг уншихад аливаа сурагчийн хөгжлийн болон бусад бэрхшээлтэй эсэх нь бусад сурагчдад хамаагүй байдаг нь харагдсан. Хүүхэд нэг ангид сурдаг найзынхаа ялгаатай, онцлог талыг нь давуу тал болгож хардаг юм шиг.
YOLO: Үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхалт сургуулийн орчинд байнга тулгарч байдаг асуудал. Танай сургуулийн зүгээс гадуурхалтын эсрэг ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
А: Гадуурхалт, үе тэнгийнхий дээрэлхэлтийн тохиолдол сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлт байхгүй ч үүнийг бууруулахын тулд шат дараалсан бодлогын хэмжээнд анхаарч ажиллаж байна. Сүүлд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд, үе тэнгийн дээрэлхэлт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нь хүүхдүүдэд тохиолдож буй нийт гэмт хэргийн 70 хувийг эзэлдэг нь тогтоогдсон.
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг аян зохион байгуулагдаж, “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй нөхцөлийг илрүүлэхэд удирдах ажилтны хариуцлага, хандлага, үүргийг сайжруулах” сэдэвтэй шилдэг илтгэлийн уралдаан зарлагдсан. Бодлогын түвшинд л гэхэд энэ мэт олон арга хэмжээг авч байна.
Хичээл, сургуультай холбоотой асуудал үүсэхэд сурагч, эцэг эхчүүд хамгийн түрүүнд анги удирдсан багштай уулзаж ярилцах хэрэгтэй. Асуудал шийдвэрлэгдээгүй тохиолдолд сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, цаашлаад сургуулийн захиралд хандах боломжтой. Манай сургуулийн хувьд асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авч чадаж байгаа учраас тусгай хэрэгцээт хүүхдүүд гадуурхалтад өртсөн тохиолдол одоогоор гараагүй байна. Эсрэгээрээ тэднийг дэмжсэн, тэдэнд талархсан арга хэмжээнүүд зохион байгуулж байна.
YOLO: Ярилцлагын төгсгөлд төслийн үр дүнг дүгнэвэл?
А: Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь – 1” төслийн хүрээнд бага ангийн багш нар тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд ганцаарчилсан болон гэр бүлийнхэнтэй хамтарсан байдлаар хичээл заасан тул маш ахицтай үр дүн гаргасан.
Харин одоо уг төслийн хоёрдугаар хэсэг хэрэгжих явцад эдгээр хүүхдүүд 6-р анги буюу дунд ангид дэвшин суралцаж байна. Суралцах орчин өөрчлөгдөж, олон төрлийн хичээл шинээр үзэж, үе тэнгийн хүүхдүүдтэйгээ харилцаанд орох энэ шилжилтийн үед багш, мэргэжилтэн, сургуулийн удирдлагын оролцоо нэн чухал. Анги удирдсан багш ангийнхаа хүүхдүүдийн хөгжлийн онцлогийг илрүүлэн, түүнд нь тохирсон арга барилаар ажиллах үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн багш нар арга зүйн дэмжлэг үзүүлж байна.
Нөгөө талаас хүүхдийн суралцах үйлд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, арга зүйн заавар зөвлөмж өгч, үе тэнгийнхний дунд ялгаатай байдлыг үүсгэхгүйгээр эерэг хандлага, нөлөөллийг бий болгож, хүүхэд бүрт тэгш боломжийг хүртээж, хамтарч ажиллаж байна.
Ийнхүү төслийн үр дүнд бүх хүүхэд тэгш, чанартай, хүртээмжтэй боловсролыг хүртнэ. Хүүхэд, тэдний өссөн орчин бүр өөр хоорондоо ялгаатай байх тул нэг ангийн сурагчдыг яг ижил түвшинд хүргэх гэж хичээх нь боломжгүй. Тиймээс оронд нь сурагчийн одоогийн чадварыг тогтоож, түүнд нь тохирсон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж, дэмжлэг үзүүлж байна. Энэ үйл ажиллагааны үр дүнд сурагч гарааны түвшнээсээ ахиж, цаашлаад чаддаг, сонирхдог чиглэлээр нь хөгжүүлэх боломжтой болж байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх