Pinly апп: Улаанбаатарын хамгийн “күүл” өсвөр насныхан хэрэглээсэй гэж хүсэж аппликейшнээ хийсэн


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-11-30

Найз нөхөдтэйгөө хамт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийн зэрэгцээ хөгжилтэй зүйл хиймээр байгаа ч хаана очихоо мэдэхгүй байх тохиолдол бидэнд цөөнгүй гардаг. Тэгвэл энэ асуудлыг цогцоор нь шийдэх аппликейшнийг өсвөр үеийнхэн нь өсвөр үеийнхэндээ зориулан хөгжүүлж байна.

Бид энэ удаагийн дугаартаа “Шарк танк” бизнесийн реалити шоунаас амжилттайгаар хөрөнгө оруулалт авч чадсан Pinly аппликейшнийг хөгжүүлж буй залуустай ярилцлаа.


Зүүн гар талаас А. Ананд-Очир, Ш. Цэрэнжигмэд, Б. Энхжин, Н. Мөнгөнзул, Х. Билгүүн, Б. Дэлгэрсайхан нар.

YOLOУрилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Уншигчдад маань өөрсдийнхөө талаар танилцуулаач?

- Сайн байна уу? Pinly аппликейшнийг хөгжүүлж буй багийнхан байна. Манай баг 13-17 насны ахлах сургуулийн сурагчдаас бүрдсэн. Бид математик, физик, мэдээлэлзүй гэх тоонд суурилсан шинжлэх ухааны олимпиадад бэлддэг учраас өдрийн ихэнх цаг сургууль дээр өнгөрдөг. Бидний явдаг маршрут гэр-сургууль-гэр гэхэд болно. Тиймээс ховорхон олддог чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж болох газрын талаарх мэдээллийг үеийнхэндээ хялбар аргаар, түргэн шуурхай олох боломжтой цогц зүйл хийхийг хүссэн учраас энэ санаагаа хөгжүүлэн аппликейшн болгохоор ажиллаж байна.

YOLO“Start-Up” эхлүүлэх санаагаа анх яаж гаргасан бэ?

- “Күүл” байна гэдгийг гоё хувцаслаж, үсээ гелдэж цэмцгэр явахыг хэлнэ гэж бидний дийлэнх нь ойлгодог. Харин манай багийнхны хувьд өөрт байгаа үнэ цэнтэй цаг хугацааг зөв зарцуулж, дуртай зүйлээ хийж байгаа хүн л хамгийн “Күүл”. Одоо үед хүүхэд залуучууд хаана очихоо мэдэхгүй болохоор хамтдаа юу хийх тухайгаа ярилцсаар дор хаяж 1-2 цагийг дэмий өнгөрөөх хандлагатай байдаг. Ийм жижигхэн, энгийн асуудлаас болж цаг алдахаас гадна олон цагаар хичээл хийсэн хүүхдүүд эцэж ядардаг. Бид энэ асуудлыг шийдэх шаардлагатай юм байна гэж санал нэгдээд, хүүхдүүд хамтдаа чөлөөт цагаа зугаатай бөгөөд зөв боловсон өнгөрүүлж болох газруудын газрын зураг дээрх байршил, үнийн мэдээлэл, цагийн хуваарь болон найзуудын байршил зэрэг шаардлагатай мэдээллийг нэг дороос харж болох зүйл хийхээр зорьсон. Тиймээс Улаанбаатарын хамгийн “Күүл” өсвөр насныхан уг платформыг ашиглаасай хэмээн бодож бүтээсэн.


YOLOЧөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж болох газруудын мэдээллийг өөрсдөө цуглуулах амаргүй байгаа байх, тийм үү?

- Тийм ээ. Бид хичээлээ тараад эсвэл амралтын өдрөөр өөрсдөө явж судалгаа хийдэг. Одоогоор 24 байгууллагатай гэрээ хийсэн. Бидний “Шарк танк” нэвтрүүлэгт оролцсон дугаар цацагдсаны дараа олон байгууллагууд бидний талаар мэдээлэлтэй болж, түүнийгээ дагаад илүү их боломж нээгдэх байх гэсэн хүлээлттэй байгаа учраас хамтран ажиллах байгууллагуудтай гэрээ хийх ажлаа түр хойшлуулсан.

YOLO: Танай баг одоо зургаан гишүүнтэй байна. Багаа хэрхэн бүрдүүлж байсан бэ?

- Бид нар өнгөрсөн хавар Nest Education IT сургуулиас ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Hackateen 2021” программчлалын улсын олимпиадад оролцсон юм. Тэмцээний эхний шатнаас 77 хүүхэд шалгарч, мэдээлэл технологийн салбарын нөлөө бүхий компаниуд биднийг багт хуваарилсан. Тэр дундаас есөн хүүхэд “Fibo cloud”-ийг сонгож нэг баг болсноор анх танилцаж байлаа.
Ер нь багаа итгэл даахаар хүмүүсээр бүрдүүлчихвэл л болно доо. Гишүүдээ л “гоё” сонгох хэрэгтэй. Багийн дотоод уур амьсгал сайхан байхад л бусад асуудлууд болчихдог юм билээ. Тэмцээний үеэр бид дээрх зорилгынхоо хүрээнд жижиг вебсайт бүтээсэн. Гэхдээ орчин үед залуучууд тэр бүр вебсайтаас мэдээлэл хайна гэж байхгүй болсон тул бид аппликейшн хөгжүүлж байгаа юм.


YOLOАппликейшны хөгжүүлэлтээ өөрсдөө хийдэг гэлээ. Кодоо хэрхэн бичиж байгаа вэ?

- Код бичих гэдэг нь өөрөөсөө нэг санаа гаргаад түүнийгээ код руу хөрвүүлж бичиж байна гэсэн үг л дээ. Мэдэхгүй чадахгүй зүйлээ “Google”-ээс хайна. Бүх юмаа өөрөө бичнэ гэж байхгүй. Бид нарын хийх гэж буй зарим ажлыг дэлхийн хаа нэгтээ шийдчихсэн байгаа. Жишээ нь: Google Maps. Мэдээж бид өөрсдөө газрын зураг бүтээж чадахгүй болохоор Google Maps-ийг дуудаж ажиллуулна. Гэхдээ энэ бүх процесс нэлээн ажиллагаатай. Өсвөр насны хүүхдүүд нийлээд, нэг санаанд нэгдээд хэрэгжүүлэх үед зөндөө л мэдэхгүй чадахгүй зүйл гарч ирсэн. Харин бидэнд манай менторууд болох “Fibo Cloud” компанийн ах, эгч нар өөрсдөө startup компанид ажилладаг учраас бидний
 
санааг бодит ажил болгож хэрэгжүүлэх тал дээр анхаарч, маш ойлгомжтой зааварчилгаа өгч, асуудлуудыг маань шийдвэрлэх хамгийн дөт арга замыг зааж тусалсан. Менторуудынхаа ачаар  тулгарсан асуудлуудаа хялбархан давсан.

YOLO: “Шарк танк”-д яагаад орохоор болов? Өөрсдөө зориглосон уу?

- Бид өөрсдийн гаргасан санаанд итгэлтэй байж, төслөө амжилттай бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байсан учраас өөрсдийгөө сорихоор тус нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Учир нь бидний гаргасан санаа зөвхөн бидэнд тулгараад байгаа асуудал биш байлаа. Бид Дархан болон Улаанбаатар хотын 230 гаруй хүүхдээс санал асуулга, судалгаа авч энэхүү асуудал өсвөр үеийн дийлэнх хүүхдүүдэд тулгарч байгааг судалгааны үр дүнгээс харсан. Мөн бид санаагаа боловсруулж анхны загвараа бэлтгээд, өсвөр насны хүүхдүүд цагаа өнгөрүүлэх боломжтой газруудад танилцуулахад маш тааламжтай, нааштайгаар хүлээж авсан. Тэгээд л бид энэ төсөл нь хэрэгцээ байгаа 2 талыг холбож байгааг мэдсэн учраас шууд л Шарк танк-д бүртгүүлчихсэн. Ерөнхийдөө бол бүтээгдэхүүн, аппликейшнээ хөгжүүлж эхлэхээсээ өмнө гэсэн үг л дээ. Тиймээс нэвтрүүлэг гарах өдөр хүртэлх хугацаанд аппликейшн бүтээгдэхүүнээ гаргах сорилттой тулгарсан. Нийт 64 төсөл шалгарсны нэг нь манайх. Эхний шатанд тэнцсэн гэдэг хариуг аваад л баяртай хэдий ч айдастай тулсан. Гэнэтхэн л зурагтаар гарна, тэгээд бүр “Mонгол TV” сувгаар гарна гэхээр айдас гэхээсээ илүүтэйгээр сандрал ихтэй байсан юм байна.


YOLOТэгвэл төслөө танилцуулах үеэр сандралаа хэрхэн даван туулав?

- Анх манай багийн гишүүн Билгүүн, Ананд-Очир хоёр хамт танилцуулгаа хийх байсан ч “COVID-19”-ийн шинжилгээ өгөхөд Билгүүний хариу эерэг гарсан болохоор Ананд-Очир ганцаараа орж төслөө танилцуулахаар болсон. “Яг танилцуулгын өрөөнд орсны дараах эхний гурван минут нэлээн сандардаг юм билээ”.

YOLOНэг баг болж төсөл хөтөлбөрт оролцоход хөгжилтэй зүйл олон л тохиолдоно байх. Та нарын хувьд хамгийн хөгжилтэй дурсамж юу байв?

- “Hackateen”-ий хоёрдугаар шат өрсөлдөөнт програмчлал байсан. Аравдугаар сарын эхэн үеэр “Мөсөн өргөө” спортын ордонд бид 4-5 цаг мөсөн дээр сууж бодлого бодсон юм. Маш хүйтэн талбайд халуун аарц, чацаргана уугаад л, бодлого бодоод л. Олуулаа байсан болохоор даарч байсан ч гэсэн хөгжилтэй гоё байсан.

YOLO“Hackateen”-д танай төсөл шалгарсан гэсэн үг үү?

Манай төсөл шалгараагүй л дээ. Бид дотроо төсөл маань эхний гурван байрын аль нэгэнд нь баттай орсон байх гэж найдаж байсан. Учир нь биднийг төслөө танилцуулсны дараа шүүгчид суудлаасаа босоод, алга ташиж “Сайн санаагаа сайн ч тайлбарлалаа” гээд сайшааж хүлээн авсан. Харин бидний дараа орсон багуудад “Баяр хүргэе, мундаг байна” гэж хэлж байсан. Тиймдээ ч энэ урмаараа мөн төслөө нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэгт итгэлтэй байсан болохоор “Шарк Танк” нэвтрүүлэгт орсон.


YOLOНэрээ анхнаасаа л “Pinly” гээд тохирчихсон байсан уу?

- Бид дөхүүлж байгаад нэрээ өгөхөөр тохиролцсон. Өнгөрсөн есдүгээр сарын 18-нд баг дундаа нууц санал хураалт явуулж, сонгуулийн дайтай зүйл хийж байж өгсөн нэр. Ардчилсан зарчмаар сонгогдсон нэр гэх үү дээ. /Инээв/

YOLOАхлах сургуулийн хичээл, олимпиадын бэлтгэл гээд маш завгүй байдаг хүүхдүүдэд шинэ санаа гаргаж төсөлд ажллахад шантрах үе гарч байв уу?

- Энэ төслийн санааг гаргах, ажиллах хугацаанд өөр олимпиадын бэлтгэл давхцах, багийнхнаас маань гадаадад суралцах гэх мэт боломжууд, заримд маань сонголтууд гарч ирсэн ч энэ төслийн төлөө заримдаа нойргүй хоносон 3 сар маань бидний хувьд маш үнэ цэнтэй дурсамж болон туршлага боллоо.

YOLOЦаашдын зорилго ба болохоос болохгүйг хүртэл бүхнийг өөрсдөө бие даан хийж буй хүмүүсийн хувьд бусдадаа өгөх зөвлөгөөгөөр чинь ярилцлагаа өндөрлөе.

- Бид одоогоор бол аппликейшнээ хөгжүүлнэ гэсэн зорилго дор нэгдсэн хүүхдүүд. Багийн маань зарим гишүүд ирээдүйд гадаадад сурах, өөрсдийгөө илүү хөгжүүлэх зорилготой болохоор тарж ч магадгүй л дээ. Гэхдээ аппликейшнээ нийтэд цацаж, хэрэглээнд нэвтрүүлэн, хөгжүүлэлт, шинэчлэлтээ үргэлж хийсээр байх болно. Тиймээс энэ нийтлэлийг уншиж байгаа үеийн найзууд, дүү нар, ах эгч нар бүгдээрээ бидний бүтээж буй тун удахгүй хэрэглээнд гарах “Pinly”-г татаад цагаа зөв боловсон хөгжилтэй өнгөрүүлээсэй гэж хүсэж байна.

YOLOЯрилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

#Ярилцлага #Pinly #Шарк Танк #FIBO