Э.Дарханбаяр: IT залуус мэргэжлийн ур чадварыг эх орноосоо явахгүйгээр авах боломжтой цагт амьдарч байна


Миау | YOLO.MN
2021-09-15

Мэргэжил сонголтын асуудал бүх цаг үеийн “hot” сэдэв байсаар ирсэн, цаашид ч байх болов уу. 

Тэгвэл мэргэжлээ сонгож амжаагүй болон ирээдүйд мэдээллийн технологийн чиглэлээр суралцах эсэхдээ эргэлзэж буй уншигчдадаа зориулан FIBO CLOUD компанийн CTO, Z үеийн төлөөлөл Э.Дарханбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

Энгийн нэгэн дунд сургууль болон улсын их сургуулийг төгссөн түүний мэргэжлээ хэрхэн сонгосон, мэргэжилдээ хэзээнээс дурлаж хичээсэн, одоо зорилгынхоо төлөө хэрхэн тэмцэж тэмүүлж буйг энэхүү ярилцлагаас уншаарай. 


YOLOЯрилцлагын эхний асуултаа хүүхэд насны тань хүсэл мөрөөдлийн тухай яриагаар эхлүүлье. Хүүхэд бүхэн багадаа аль нэг компанийн захирал эсвэл нисгэгч болох хүсэлтэй байдаг шүү дээ. Харин таны хувьд ямар хүн болохыг хүсэж мөрөөддөг, сонирхдог байсан бэ?

- Хачирхалтай нь би багадаа бусад хүүхдүүд шиг “Ийм хүн болно, ийм мэргэжил эзэмшинэ” гэж боддоггүй байсан. Гэхдээ яагаад ч юм цагдаа ах нар л күүл харагддаг байлаа. Машинаар явахад зам дээр зогсох дүрэмт хувцастай, чиглүүлэгч барьсан өндөр ах аман дахь шүглээрээ хүн, машингүй зохицуулах нь гоё харагддаг байсан. 

Харин сонирхлын хувьд өөрийн гэсэн хувийн орон зай, надаас өөр хэн ч байдаггүй газрыг бий болгох дуртай байлаа. Хүүхдүүд гадаа шаагилдаж байхад би тэгэх нь ховор. Манай гэрт том ор байсан юм. Орон доор зай ихтэй болохоор тэр хэсэгт зөвхөн өөрийн гэсэн орчноо бүрдүүлэхэд яг тохирсон байдаг. Заримдаа гэрт үеэлүүд маань ирэхээр өнөөх орон зайгаа харуулж онгирно. Ер нь л нууцлаг, өвөрмөц, содон зүйлсэд сонирхолтой хүүхэд байсан юм байна.

Мартсанаас гадаа огт тоглодоггүй байсан гэвэл худлаа болчихно шүү. /инээв/. 

YOLOӨвөрмөц содон зүйлд дуртай хүүхэд байсан болохоор IT инженер мэргэжлээ ч бас өөрийнхөө хүслээр сонгосон юм болов уу гэж бодлоо. 

- Яг энэ мэргэжлээр суралцана гэж тодорхой бодож байсан удаагүй. Сурагч байхад үе тэнгийнхэнтэйгээ их нөхөрлөж, бие биенээ даган дуурайдаг байсан. Би 5-р ангиасаа математикийн сонгонд явдаг болсон юм. Анги нь 9 эрэгтэй, 17 эмэгтэй хүүхэдтэй. Цөөхүүлээ болохоор бүгдээрээ найзууд, мөн бүгдээрээ л барилгын инженер болно гэж ярьдаг байсан. Би ч гэсэн тэр мэргэжлийг нэг их судалж үзээгүй хэрнээ л сурна гээд явдаг байлаа. 

Ингэж явсаар ахлах сургуулиа төгсөх үед мэдээллийн технологийн инженер гэх мэргэжлийг ээжтэйгээ зөвлөлдөн сонгосноор оюутны амьдрал эхэлсэн дээ. Мэргэжлээ цэвэр өөрийн шийдвэрээр сонгоогүй учраас эхний гурван жил “Энэ мэргэжлийг дэмий л сонгосон юм” гэх бодолтой хамт өнгөрсөн. 

YOLOТэгвэл хэзээнээс мэдээлэл технологийн инженер гэх мэргэжилдээ тэмүүлэх болов? 

- Эхэндээ бол аясаар нь урсаад л явж байлаа. Нэг л мэдэхэд гуравдугаар курсийн хаврын семестр эхлэх болчихсон байсан. Тэр мөчөөс мэргэжлийн хичээлүүд нэмэгдэж, код бичиж, аливаа зүйлийн учрыг олж эхэлснээр миний сонин, хачин зүйлд тэмүүлэх хүсэл оргилж, цаашлаад уралдаан тэмцээнд оролцохын тулд сургууль дээрээ хонон өнжин бэлдэх, оролцоод шагнал авах, мэргэжилдээ дурлах суурь болсон гэж боддог. 

YOLOМэргэжил бүхэн сайхан ч өөрсдийн гэсэн сул талтай байдаг. 

- Энэ мэргэжлийн хувьд сул талаас давуу тал нь олон болов уу. Сул талын хувьд өчигдөр ажиллаж байсан код өглөө ирэхэд ажиллахгүй болчихсон гэнэтийн бэлэг барина, олон цагаар ажилдаа төвлөрч суух шаардлагатай учраас нэг л мэдэхэд бие хөшнө, цагийн баримжаагүй болно, нүдний хараа муудна гэх мэт.

Гэхдээ энэ мэргэжлээр ажилласнаар яг дэс дараалалтайгаар биш ч маш их зүйлийг мэддэг болно. Миний хувьд хувь хүнээс авахуулаад байгууллагын олон төрлийн асуудлыг шийдвэрлэдэг нь хамгийн том давуу тал. Бид эхлээд харилцагчдадаа технологийн асар олон боломжуудыг танилцуулдаг. Үүний хариуд тэд бидний санааг эерэгээр дэмжиж, бид ч асуудлыг нь шийдвэрлэн бүтээгдэхүүн бий болгож байгаа нь намайг үнэхээр аз жаргалтай болгодог. 

Үүний дараа мэдээж шинэ мэдээлэл, технологитой цаг алдалгүй танилцаж, дэлхийн хаанаас ч ажиллаж болохын сацуу эх орондоо олон улсын сертификатаа онлайнаар авах боломж хэн бүхэнд нээлттэй болсон нь гайхалтай.


YOLOХүмүүс IT гэхээр ихэвчлэн гар утас, компьютер засдаг, код тайлдаг гэж ойлгоод байдаг. 

- Жаахан дүү маань надаас "Агаа, та яг юу хийдэг юм бэ?" гэж асууж байсан юм. Тухайн үед санаанд орж ирснээр нь “Агаа нь хакер” гэж хэлж билээ. Гэхдээ мэдээж хакер биш л дээ. Хамгийн ойлгомжтойгоор орчин цагийн бүхий л хүмүүсийн ашигладаг Фэйсбүүк дээр жишээ авч тайлбарлая. Та утаснаасаа Фэйсбүүк апликэйшн рүү ороход нүүр хуудас нь яаж харагдах, мессэж хэмээх товчин дээр нь дарахад аль хэсэг рүү шилжих, бичвэр нь хаана нь яаж байрлах зэрэг арын бүх процесс дээр үсэг, тоо нийлсэн код бичдэг. 

YOLOАнхны ажлын байрынхаа тухай хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал? Ажлын байран дээр гарахад төсөөлж байснаас тань хэр өөр байсан бэ? 

- Анх ажлын байран дээр гарахад хэцүү байсан ч шантраагүй ээ. Мэдээллийн технологийн салбар, тэр дундаа гарааны бизнес болох манай компанийн мөн чанар нь ажил ундардаг, ажилчдынхаа сэтгэлгээг хайрцагладаггүй, ажилчид нь тасралтгүй хөгждөг, чөлөөтэй хөдөлмөрлөдөг, хамтдаа хөгждөг явдал. Мөн хамгийн гол нь ганцаараа сайн байхаас илүүтэй хамтдаа оргил өөд мацахыг чухалчилдаг. Тиймдээ ч анх ажилд орсон гэхээсээ илүүтэйгээр start-up компанид ороод ямар байсан талаараа яривал илүү сонирхолтой байх. 

Их сургуулиа төгсөөд онлайн тийз захиалгын компанид ажилд орсон. Тэр үед шинэ содон зүйл байгаагүй ээ. Өглөөний 9 цагт ажилдаа явж, оройн 6 цагт тарна гэсэн ганцхан давтамжтай. Харин тэнд Пүрэвбазар, Ганжигүүр ах нартай хамт ажилладаг байсан юм. Удалгүй манай хоёр ажлаасаа гарч, өөрсдийн гэсэн компаниа үүсгэн байгуулсны дараа би Fibo гэх хамт олны нэгэн хэсэг нь болж байлаа. Тэр цагаас л хамгийн хөгжилтэй, эрч хүчтэй өдрүүд өнгөрч эхэлсэн.

Намайг анх ажилд ороход зургуулаа байсан ч одоо хориулаа болжээ. Start-up компани болохоор өрсөлдөөн, сорилттой өдөр бүр нүүр тулна. Долоо хоногийн зургаан өдөр нь бүгд өглөөнөөс хойш үүр цайтал ажиллаж өнжинө. Бие биенээ “Бүгдээрээ асуудалд гаргалгаа гаргах баг шүү, чадна шүү” гэж зоригжуулна. Нэг, хоёр сар хоолны мөнгөгүй ажиллачихсан болохоор сүүлдээ бие биенээсээ эсвэл таньдаг хүмүүсээсээ мөнгө зээлдэг. Тэр үед гэрийнхэн маань "Яагаад цалин ч үгүй, ажил нь ч бүтэхгүй газар ажиллаад байгаа юм? Ажлаасаа гар" гээд л үглэдэг байлаа. Гэхдээ энд орж ирэхдээ хамт олонтойгоо ирээдүйн зорилгоо тодорхойлчихсон болохоор өөрийгөө зоригжуулаад л ажилладаг байсан. 

Ингээд хоёроос гурван сарын дараа төслөө амжилттай хэрэгжүүлснээр манай хамт олонд олон олон амжилтууд ирсэн. Одоо ч амжилтын давлагаа үргэлжилсэн хэвээрээ л байна. Эргээд бодоход "Яаж хийж байсан юм бол доо?" гэх дурсамжуудаасаа хамгийн их эрч хүч авдаг. Мэдээж босгосон төсөл маань одоо ч амжилттай явсаар байна. Тэр бол үндэсний үүлэн технологийн систем шүү дээ.

YOLOМэдээллийн технологийн чиглэлээр их сургуулиа төгссөн бол ирээдүйд өөр ямар салбар луу хэрхэн ажиллах боломжтой байдаг вэ?

- Орчин үеийн бүхий л зүйлсэд цахим шилжилт хүссэн хүсээгүй хийгдэж байгаа тул мэдээллийн технологийн салбарын аль нэг мэргэжлээр их сургуулиа төгссөн бол олон салбарт хөл тавих боломжтой. Цар тахлаас болоод дэлхий нийт мэдээллийн технологи хэчнээн чухал, хэр хурдацтай хөгжиж байгааг хүлээн зөвшөөрчихлөө. Мэдээлэл технологийн чиглэлийн мэргэжилтэй хүн салбар бүр дэх асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэж байгаа нь ч харагдаж байна. 

Мөн бүхий л салбарын ойлголтыг нарийн биш ч ерөнхий түвшинд авсаар байдаг нь том давуу тал. Жишээлбэл, банк санхүү бүртгэлийн систем хийлгэхээр бидэнд хандана. Бид санхүүгийн талаар мэдлэггүй ч мэргэжилтнүүдтэй нь шууд ярилцаж ажилладаг тул тухайн салбарын чухал ойлголтуудыг мэдэж авдаг. 

YOLOМонгол улсад мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлүүд эрэлттэй байгаа юу, эсвэл илүүдэж байгаа юу?

- Компанийнхаа жишээнээс харахад манай багийн гишүүд нэгэн зэрэг хоёроос гурван төсөл дээр ажилладаг. Хэдийгээр багтаа их сургуулийн оюутан залуус болон мэргэжлээрээ ажилласан туршлагатай хүмүүсийн аль алиныг нь сонгон авдаг ч зарим гарааны бизнесийн хурдтай хөл нийлүүлж ажиллаж чадахгүй байх нь бий. Тиймээс энэ чиглэлийн мэргэжилтний эрэлт зах зээлд асар их бий. Зөвхөн манай улсад ч биш, дэлхийн хаана ч хомс байгаа тул одоо ч, ирээдүйд ч эрэлттэй байсаар байх болно шүү гэж хэлмээр байна. Тийм болохоор ирээдүйд IT "ална" аа. /инээв/


YOLOӨдөрт нийт хэдэн цагийг ажилдаа зориулдаг вэ?

- Одоогоор өдөрт 10 цагийг ажилдаа зарцуулдаг. Өглөө 9 цагт ажилдаа ирээд, 10-15 минутад хурал, уулзалтуудаа төлөвлөөд ажилдаа орно. Ингээд цайны цаг хүртэл дааж авсан төслүүд дээрээ ажилладаг. Цайны цагаараа өдрийн хоолоо идэж, мэдээ, мэдээлэл сонсож, хааяа дуртай тоглоомоо тоглодог. Тэгээд үргэлжлүүлээд ажилдаа ордог. Ерөнхийдөө өдрийн ихэнх цагт компьютерын ард суудаг. Ажлаа тараад гэртээ хариад гэр бүл болон найз охинтойгоо цагийг өнгөрүүлдэг. Ихэвчлэн шөнийн 1-2 цагт унтдаг ч орондоо орохоосоо өмнө хийсэн ажлаа дүгнэж, маргааш юу хийхээ тодорхойлох нь ажлыг хурдацтай явуулахад их түлхэц болдог. 

YOLOЭнэ чиглэлийн боловсон хүчний дийлэнх нь гадаадад ажиллах хүсэлтэй байдаг бол таны хувьд мэргэшье гэвэл аль улсыг санал болгох вэ? 

- Тийм шүү. Хөгжүүлэгч бүрийн мөрөөдөл зорилго нь гадагшаа явж "Amazon", "Google" тэргүүтэй томоохон компанид ажиллах байдаг. Миний хувьд ч гэсэн гадаадын том компанид ажиллах мөрөөдөлтэй байдаг ч яагаад ч юм дэлхий дээрх 600,000 инженерийн нэг нь болохоос илүүтэйгээр хүн төрөлхтний асуудлыг шийддэг "NASA", "CERN" шиг байгууллагад ажиллах юмсан гэж боддог. Түүнээс өмнө Монгол улсынхаа энэ салбарт хийх бүтээх зүйл их байгаа юм шиг санагддаг. Хичээж чадвал мэргэжлийн ур чадварыг эх орноосоо явахгүйгээр авах боломжтой цахим эрин үед амьдарч байна шүү дээ. Тиймээс эх орондоо байсан ч юуг ч хийж, юуг ч өөрчлөх боломж чамд, надад, танд байгаа гэсэн үг.

YOLOЭнэ чиглэлээр суралцаж буй болон суралцах гэж буй залууст өгөх зөвлөгөөгөөр тань ярилцлагаа өндөрлөе. 

- Би хэдийгээр гуравхан жилийн өмнө их сургуулиа төгссөн ч өнөөдрийг хүртэл маш олон зүйлийг сурч, мэдэж авсандаа баяртай байдаг. Тиймээс энэ мэргэжлээр сурч буй оюутан, ирээдүйд энэ мэргэжлийг сонгон суралцахаар төлөвлөж байгаа залуустаа хандаж хэлэхэд:

"Хичээлийн үеэр өгдөг мэдээлэл хангалтгүй шүү. Хэрчим бялууны нэг халбаганы хэмжээтэйг нь л зааж байна гэсэн үг. Түүнээс цаашхийг чи өөрийн хүсэл сонирхол, мөрөөдлөөр жигүүрлэж суралцах хэрэгтэй. Магадгүй тэр халбагахан хэсгээр хоцрогдсон мэдээллийг өгч байхыг ч үгүйсгэхгүй юм. Тиймээс үргэлж шинэ технологийг сур. Өөрөө хичээ. Шинийг эрэлхийл. Мэдээллийн технологи чамайг хүлээхгүй гэдгийг санаарай".

YOLOБидэнтэй ярилцсанд баярлалаа. 

#Мэргэжил сонголт #IT Engineer #Технологи #FIBO