ЗАХИДАЛ: Дотор хэд хэдэн хүн байгаа юм шиг санагдаад байна


ССҮТөв | YOLO.MN
2022-05-24

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Үерхэл минь сарын хугацаанд л үргэлжилдэг

Сайн байна уу? 21 настай оюутан охин байна. Би өөрийгөө үерхлийн харилцаанд нэг л асуудалтай гэж боддог. Нэг хүнтэйгээ удаан үерхэж байгаагүй. Яагаад ч юм 1 сар болоод л асуудлууд гарч эхлээд, маргааны шатаа давдаггүй үл ойлголцож, ингэж байхаар салж санаа амрах минь гэж бодогддог. Тэгээд үерхэж байгаад нэг л хөндийрөөд эхний долоо хоногуудын гал халуун тэмүүлэлүүд буураад ирэхээр л “заа бид хоёын хугацаа энд хүрж байх шиг байна даа” гэж боддог. Үерхэл миний хувьд үргэлж гал халуунаараа байх ёстой юм шиг санагддаг. Энэ магадгүй буруу бодол байх. Хүмүүсийнхээр бол олон юмыг туулж байж харилцаа бат болдог л гэсэн. Миний хувьд яг асуудал гараад л, маргалдаад л эхэлвэл салах хугацаа нь ирчихжээ гэсэн маягтай бүр дасал болчихсон. “Хүмүүс надаас сар болоод л уйддаг юм чинь дээ” гэсэн бодолтой болчихсон болохоор ч тэр үү, нөгөө хүн нь жоохон л хөндийрчихвөл яг надад хайргүй болчихжээ гэж бодогддог. Дараа нь эргээд бодохоор нэг их шалихгүй юман дээр маш их ургуулж бодоод тэрэндээ итгээд байсан юм байна гэж ч бодох юм. Энийг би өөрийгөө түгшүүрийн ээнэгшилтэй юм байна гэ дүгнэсэн бас үүгээрээ нөгөө хүмүүсийнхээ тухай ургуулж бодоод хэрүүл өдөөд залхаачихдаг юм болов уу? Эсвэл дандаа буруу хүмүүстэйгээ таараад байгаа юм уу, мэдэхээ байлаа. Хүнтэй үерхэнэ гэж бодохоор л одоо дахиад нэг хүний тухай бодох гэж сэтгэл санаагаа хямраагаад лай ч юмуу гэдэг трауматай болчихсон ч юм шиг. Тэгээд үерхлийн явцад сэтгэл санаа тавгүй байгаад яг хаягдах юм шиг санагдаад байдаг болохоор хичнээн хайртай байсан ч эго хөдлөөд түрүүлээд салчихдаг. Нөгөө хүмүүс нь ч ойлголцохыг хүсэхгүй салчихаад байдаг болохоор миний яг хаягдах гэж байсан юм байна гэдэг бодлыг батлаад байгаа юм шиг болгочихдог. Сүүлийн үерхсэн залуудаа бас чамгүй хайртай хэр нь салчихсан чинь надад “Чи угаасаа худлаа шүү дээ” гэж хэлсэн. Ер нь би өөрийгөө ч ойлгохгүй байхад яаж намайг хүн ойлгож олон сар үерхэх вэ дээ. Уг нь бусад хосууд шиг гоё үерхмээр л байна. Даанч нэг л болж өгдөггүй ээ. Дандаа буруу хүмүүс байжээ гэж бодоод өнгөрдөг байсан ч сүүлд асуудал надад байгаа ч юм шиг санагдаад бичлээ. 

ЗӨВЛӨГӨӨ: Үерхлийн харилцаа зөвхөн нэг тал биш хоёр хүний шийдвэр, хандлага, тэвчээрээс хамаардаг. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Үерхлийн харилцаа зөвхөн нэг тал биш хоёр хүний шийдвэр, хандлага, тэвчээрээс хамаардаг. Мөн хүн бүрийн үерхлийн түүх ондоо тул бусадтай харьцуулж ярих их хэцүү. Өөрсдийн харилцааг бусадтай харьцуулах нь өрөөсгөл ойлголт гэсэн үг.

Захианаас дараах хэсгүүдийг яръя:

  •  гал халуунаараа байх ёстой юм шиг санагддаг.
  • маргалдаад л эхэлбэл салах хугацаа нь ирчихжээ
  •  надаас сар болоод л уйддаг юм чин дээ
  • хэчнээн хайртай байсан ч эго хөдлөөд түрүүлээд салчихдаг 

Хүн бүрд өөрийн хяналтын бүс гэж бий. Өөрөөс гарах үйлдэл, үг, бодол нь чиний хянаж чадах бүс. Харин бусдын үг, үйлдэл, бодол бол өөрийн чинь хянаж чадахгүй бүс. Захиаг уншихад өөрийн зүгээс хийж чадах үйлдлээ хангалттай хийж чадахгүй, мөн хийхийг ч оролдохгүй байна гэсэн мэдрэмж төрлөө. Салах хугацаа ирсэн байна, надаас уйдах хугацаа болсон , хайртай байсан ч хаягдахаас айсан тул гэсэн эдгээр үг чинь бүгд хийж гүйцэтгээгүй үйлдлүүд мөн өөрийн чинь бодлын алдаа мэт санагдаж байна. Хэрэв  харилцаа гал халуун санагдахгүй байгаа бол үүнийгээ хосдоо хэлж байсан уу? Харилцаагаа хэрхэн хөгжүүлж, шинийг хийх талаар өөрөө санал санаачлаг гаргаад хийх талаар бодоод үүнийгээ илэрхийлж байсан уу? Өөрийн зүгээс хийж чадах үйлдлүүдийг хийсэн байхад хангалттай. Энэ бол чиний хянаж чадах зүйл. Харин нөгөө талын хариу үйлдэл бол түүний сонголт. Өмнө нь хэлсэнчлэн бусдын үйлдэл, бодол, үгийг хянах боломжгүй. Өөрийн хянаж чадахгүй зүйлд анхаарлаа төвлөрүүлэх үү? эсвэл хянаж чадах зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх үү? Энэ бол өөрийн чинь сонголт юм шүү. Амжилт хүсье. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Би түүнийг мартаж чадахгүй байна

Сайн байна уу? Та надад зөвлөгөө өгч туслаач. Нэг хүнд их хүчтэй дурлаад, уулздаг боллоо. Нэг хэсэг үнэндээ их л гоё байсан. Тэгээд удсангүй бүтэхгүй болоод бүх юм дууссан ч одоо үнэхээр мартаж чадахгүй байгаа юм аа. Дурсамжуудаа бодоод, харамсаад, тэрнээсээ болоод шөнө унтаж чадахгүй, маргааш нь ажил, хичээлийн бүтээмж буураад, яг л сэтгэл гутралд орчихоод байгаа юм шиг байна. Ойр тойрныхоо дотны хүмүүст хэлэхээр “хая, март, юун сүртэй юм” л гэж хэлдэг. Даанч миний өөрийн зан чанараас болоод ч тэр үү, би аливаа юмыг тийм ч хурдан мартаж, орхиж чаддаг хүн биш л дээ. Би одоо яах хэрэгтэй вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө төвлөрөөрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Дурласан бол тэр хүнийг мартах амаргүй. Үүнд яах аргагүй цаг хугацаа орох болно. Маш хүчтэй мэдрэмж өгсөн учраас л түүнийг мартаж чадахгүй байгаа шүү дээ. Хүн бүрээс догдолсон мэдрэмж авахгүй. Түүний өгсөн таатай мэдрэмжүүдэд талархаад одоо цагтаа төвлөрөх чухал. Гэхдээ мэдээж хэт өнгөрсөнд автаж, түүнд хүлэгдэхгүй байх нь чухал. Мартах, харилцаагаа дуусгавар болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хугацаа хүн бүрт ондоо байдаг тул бусад хүмүүс дээр биш зөвхөн өөртөө төвлөрөөрэй. Харилцаа үнэхээр л дууссан гэж өөртөө хэлж бодит байдлыг хүлээн зөвшөөрөөрэй.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир

АСУУДАЛ: Зовоод байгаа ч юм алга л даа. Зүгээр л бүх юм утгагүй, хэрэггүй санагдаж дургүй хүргээд байна

Сайн байна уу, би одоо 19 настай. Хааяа их боддог л доо. Хүн юуны төлөө яагаад амьдардаг юм бол гэж. Сураад, ажиллаад, мөнгө сайн олоод гэр бүлтэй болох л гэж үү? Ингэж өрийгөө хүчлэн барин хичээж сурсныхаа хариуд чөлөөт цаг байхгүй, зугаацах, хөгжилтэй байх боломжгүй байсаар эцэст нь жаргалтай үхэж чадах болов уу гэж эргэлздэг. Гэхдээ надад хэдий чөлөөт цаг байсан ч хийх дуртай зүйл огт санаанд орохгүй байна. Хийх ч хүсэл алга. Магадгүй амьдрал гэдэг шийтгэл юм болов уу? Нэлээн ургуулан бодож утгагүй юм сэдэж байгаагаа мэдэж байгаа ч... бодогдоод л байна.

 Уг нь би багаасаа урлаг спортод дуртай авьяастай байсан ч ээж минь өрх толгойлсон бас олон хүүхэдтэй, санхүүгийн асуудалтай амьдардаг байснаас ямар ч дугуйлан секцид явах боломжгүй байсан. Ээж маань их хүчтэй. Биднийг хэнээс ч дутаахгүй гэсэндээ их хичээдэг. Дутааж ч байгаагүй. Хариуцлагатай мундаг эмэгтэй. Зүгээр л хайрлахаа мартчихдаг байх. Багаас минь сурлагад их анхаардаг байсан. Тийм болохоор хичээлээс өөр бусад зүйлд их таагүй ханддаг. Гэхдээ ямар нэг давтлага, сургалт гэхэд мөнгө харамлахгүй явуулдаг. Тэд нарын ядаж нэгийнх нь оронд л дуртай юмаа хийсэн бол гэж их боддог. Тийм ч учраас багаасаа их сайн сурдаг байсан л даа. Ээжийн үргэлж шаарддагаар "B" бүр огт авдаггүй байлаа. Доод тал нь л 90. 7, 8 дугаар ангид ороход бүр одоо 95-аас буулгахгүй гэдэг болсон. Хэлснээр нь ч буулгаагүй. Гэхдээ хамгийн гомдмоор нь дүнгээ хэлэхэд түүний гаргадаг хариу үйлдэл. “Хар даа ээжээ” гээд л улирал болгон инээж ирээд дүнгээ үзүүлнэ. Харин тэр "аан тийм үү, сайн байна" л гэдэг. Дасчихсан хүн ч аргагүй биздээ. Гэтэл дүү нар надтай адилгүй нь тийм ч сайн сурлагатай биш. Тэднийг 80 битгий хэл 70 аваад ирэхэд нь л бүр мундаг шүү гэж ирээд л магтаад л магтаад л, тэгснээ бүр шагнадаг гээч. Гэтэл би 6,7-оор нь 100 чирээд ирж байхад...

Нэгнийх нь ч гэсэн хичээлийн асуудал нь гараас гарч байвал гэсэн байх л даа. Ядахнээ ээж завгүй, би хэдэн дүү нарынхаа нь ээж байсаар ирсэн. Бас хичээл гэх дарамт бий. Нэг л мэдэхэд хичээл миний хамгийн дургүй зүйл болчихсон. Ухаантай хүүхэд бол ирээдүйд нь хэрэгтэйг мэдээд иймэрхүү зүйл дээр юм бодож тунихгүй гэх байх. Тэгвэл би ухаантай биш л юм байлгүй дээ. Ингээд хичээл хийх улам бүр дургүй болсоор ахлах ангидаа ороод хийхээ больсон. Хийх нь багассан. Мэдээж дүн муудаж эхэлсэн. Гэхдээ суурь сайтайд юм уу, тэгж их муудаагүй. Багадаа л 70 авсан. Миний нэр хичээл хийгээгүй хүүхдүүдийн дунд дуудагдаж мэдээж ээжид алтан хошуу хүрсэн. Энэ олон жил сайн аваад хичээгээд байхад дуугүй байсан хүн гэнэт надад анхаарал хандуулсан шүү. Загинаад л загинаад л...

Ийм арчаагүй бусад хүүхдүүд болоод л байна гэж ирээд л. Тэрнээс хойш надад их дургүй болсон юм шиг санагддаг. Бараг өдөр болгон цухалдуу. "Ёооё чиний хийж байгаа юу ч таалагдахгүй байна, хэрэгцээгүй..." Миний энгийн зүйл дээр алдаа олж харах нь ихэссэн. Тэр болгонд мэдээж ээж их загинана. Бага байхад гар хүрдэг байсан ч сүүлийн жилүүдэд цаг үеэ дагаад ч тэр үү огт гар хүрэхээ больсонд нь харин баярлаж байгаа шүү. Намайг их хатуу өсгөсөн ч 2 дүүд зөөлөн ханддаг. Бас намайг муухайгаар хэлдэг байснаа больсон. Зүгээр нэг гичий гэдэг үг сонсоход л нулимс урсаж хэдэн өдөр бодож хонодог байж билээ. Уг нь бол хэтэрхий ичимхий дотогшоогоо болохоор барагтаа уйлдаггүй. Уйлах дургүй. Уйлахаас ичдэг л дээ. Одоо над руу загинахад огт аймшигтай санагдахаа больчихсон. Дасчихсан гэх үү дээ. Харин ч миний уур хүрдэг болчихсон. Өмнө нь бол өөдөөс нь харах битгий хэл дотроо юм бодохоос ч айдаг байсан. Магадгүй ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх гэдэг нь болоод байгаа юм биш биз дээ? Хэдий уур минь хүрдэг ч өөдөөс нь огт юм хэлдэггүй “за, заа” л гэдэг. Хэлэх гэсэн ч нэг авиа гаргахад “юу гэнээ, өөдөөс юм хэлэх нь үү дуугүй бай” гэж хэлэхийг нь мэдэж байгаа болохоор тэр. Хэчнээн миний буруу биш байсан гэдгийг тайлбарлах гэсэн ч хэзээ ч сонсож байгаагүйд нь гомддог. 

Энэ мэтээр хичээлээ хийж байгаа ч юм шиг, хийхгүй байгаа ч юм шиг явсаар сая их сургуульд орсон. ЭЕШ-дээ бараг бэлдээгүй. Сургууль дээр өвлийн амралт, зуны амралтаар хүртэл ЭЕШ-ын сургалт явагдсан ч суугаагүй. Гэсэн хэдий ч 9, 10 дугаар анги хүртлээ яс сурсныхаа ачаар ч гэх үү ой тогтоолт сайтайг хэлэх үү дундаж 650-тай гараад ирсэн. Нэмээд ахлах ангидаа хичээл хийлгүй тоглоомонд донтож, анимэ манга кино үздэг болсон. Гэхдээ англи хэлний хичээлийн багш маань гоё хүн байдаг учраас англи хэлдээ их дуртай. Түүнийгээ дагаад хичээлдээ ч сайн байсан учраас бүгдийг нь англи хэл дээр үздэг, тоглодог болсныхоо ачаар миний англи хэл нэлээн сайн. ЭЕШ дээр ч амжилттай дүн авсан. Одоо би архитектораар сурдаг. Манай дүүргээс долоохон хүүхэд л архитектор мэргэжлээр хуваарь авсан. Гэхдээ надад санаа зовох юм байгаагүй ээ. Би ер нь их залхуу болохоор зүгээр яаж хийж байгааг нь өөрт амархнаар ойлгож аваад л сайн хийж чаддаг. Тиймээс хэдий ур чадварын шалгалтандаа долоохон хоног бэлдсэн ч хангалттай сайн оноо авч маш амархан сонгогдчихсон. Гэхдээ яг миний хүсдэг мэргэжил биш л дээ. Зүгээр л дунд ангиас эхлээд ээж архитектор бол гэсэн юм. Надад ч хийхийг хүсдэг зүйл, сурахыг хүсдэг мэргэжил байхгүй тул сонгосон. Би ер нь монгол хэл математик уу гэвэл математик. Бичих үү зурах уу гэвэл зурах гэдэг төрлийн хүн болохоор нэг их эсэргүйцээд дургүйцаад байх юм байгаагүй. Мэргэжлээ солих боломж олдсон ч солих мэргэжил байхгүй. Гэхдээ л бас дуртай биш. Ингээд л дуртай юм ч байхгүй. Хүмүүстэй харилцахдаа асуудалтай. Ийм 'introvert' хүмүүс яаж учраа олдог юм бол? Магадгүй гэр бүлтэй болох байж болох юм. Гэхдээ би ганцаараа амьдарна гэж боддог. Хүүхэдтэй болно гэж боддог ч үгүй. Магадгүй хүүхэд маань ч том болохын хэрээр яах гэж төрүүлсэн юм гэж бодох байх. Аав маань хэдий тусдаа байдаг ч жил болгон ирж уулздаг. Хэрэглээний мөнгө өгдөг. Өөрөө цаанаа гэр бүлтэй ч надад хайртай. Сүүлийн хэдэн жил уулзах болгондоо амьдралын тал дээр зөвлөгөө өгдөг болсон ч нэг удаа ам алдчихсан шүү. Гэхдээ тэрнийгээ анзаараагүй л дээ. "Миний охин битгий эрт найз залуутай болоорой. Эхлээд сураад төгсчих. Битгий аав ээж шигээ "АЛДАА ГАРГААРАЙ" гэж билээ. Хэлж байгаа юм нь зөв ч гэлээ би зог туссан. Ээж минь надад хайртай гэдэг байсан болохоор өөрийгөө алдаа байсан талаар бодож үзэж байгаагүй болохоор бага зэрэг гомдсон. Түүнээс хойш ч удалгүй ээж минь нээрээ намайг төрүүлээгүй бол, намайг олоогүй бол, намайг өсгөх мөнгөөрөө ид гангалах зугаалах үедээ зугаацаж, хариуцлага үүрэх шаардлагагүй сэтгэл амар байх байсан болов уу гэж боддог болсон. Тиймээс яагаад ч юм энэ мэдрэмжнээсээ маш их айж хүүхэдтэй огт болохгүй гэж боддог болчихсон. Эцэстээ баян болоод ч жаргалтай байж чадахгүй бол яах вэ? Тэгвэл одоо үхчихвэл дээр биш гэж үү. Гэхдээ тэгэхгүй л дээ. Ээжийнхээ энэ их хөдөлмөрийг салхинд хийсгэхгүй гэсэндээ сурч төгсөөд ээжийгээ санаа амар амьдруулна даа. Тиймээ, магадгүй энэ л миний амьдралын зорилго болж болох юм. Асуудлаа ээжтэйгээ ярилцаж чаддаггүй. Хүссэн юмаа ярьдаг ч зөвхөн сайн сайхан зүйлс л. Муу асуудлаа хэлвэл харин ч бүр загинаж ирээд, тэрнийгээ хэд хоног намайг харах болгондоо зэмлэж ярина. Багаасаа хэнтэй ч нээлттэй байгаагүй болохоор одоо асуудлаа ярилцах сайн найз ч байхгүй. Үнэхээр олон жил дотроо хадгалаад болоод байсан ч одоо ингээд бичихэд ядаж л бичиж эхэлж байснаас арай уужуу санагдаж байна. 

Зовоод байгаа ч юм алга л даа. Зүгээр л бүх юм утгагүй, хэрэггүй санагдаж дургүй хүргээд байна. Олон удаа асуудлаа бичих гэж оролдож байсан ч минийх бусад шиг хүчирхийлэл энэ тэр шиг тийм том асуудал биш болохоор буцаагаад устгадаг байлаа. Гэхдээ одоо үнэхээр л надад энэ бодол асуудал болоод байгаа болохоор бичиж байна. Хариу өгнө гэж найдъя. Эцэст нь миний энэ уйтгартай гоншигонуур урт түүхийг хүлээцтэй уншиж өгсөн танд талархъя. 

ЗӨВЛӨГӨӨ: Бид мэдрэмжээ гадагшаа илэрхийлэх хэрэгцээ шаардлага байдаг юм шүү

Өдрийн мэнд. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Мэдрэмжээ сайн илэрхийлж бичсэн санагдлаа. Хүн бүр өөрийн гэсэн асуудалтай. Хүнд асуудалтай хүн л хэцүү байдаг гэсэн үг биш шүү дээ. Чамд ч гэсэн таагүй мэдрэмж төрж болно шүү дээ. Харин тусламж хүсээд захидал илгээж байгаа чинь сайн байна. Ээжийгээ чамайг урамшуулж магтаасай, ойлгоосой, анхаараасай, халамжлаасай гэж хүсэж байна гэж ойлголоо. 

Захиаг уншихад дараах хэсгийг тодруулж яръя:

  • барагтаа уйлдаггүй. Уйлах дургүй. Уйлахаас ичдэг л дээ
  • дотроо юм бодохоос ч айдаг байсан
  • уур минь хүрдэг ч өөдөөс нь огт юм хэлдэггүй

Бид мэдрэмжээ гадагшаа илэрхийлэх хэрэгцээ шаардлага байдаг. Өөрийн мэдрэмж болоод бодлыг дотроо удаан хугацааны туршид хадгалах нь ирээдүйд сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй байдаг. Хэцүү уйлмаар байхад, би зүгээр, хүчээр ч болтугай инээчих юм бол нөхцөл байдал сайжрах болов уу гэж бодох нь бодит байдалтай харшилдаж байгаа хэрэг. Ингэснээр бид эрүүл аргаар өөрт хуримтлагдсан мэдрэмжээ гаргаж чадахаа больдог. Өөрт төрсөн мэдрэмжийг тухайн цагт илэрхийлэх, дотроо тэвчиж байгаад илэрхийлэх хоёр хоорондоо адилхан биш шүү дээ. Тиймээс эхний ээлжид өөрийн мэдрэмжийг нууж, дотроо хадгалах биш гадагшаа илэрхийлж гаргаж сураарай.

Хэрэв өөрийн мэдрэмжийг шууд илэрхийлж чадахгүй бол эхний ээлжид өөрийн аюулгүй, тав тухтай орчинг бүрдүүлээрэй:

  •  Зөвхөн өөрийн мэдрэмжийг сонсох боломжтой тайван орчинг бүрдүүлэх. Заавал тусдаа өрөө байх шаардлагагүй. Хэдхэн минут ч болов ганцаараа байх боломжтой булантай л байх хэрэгтэй.
  •  Өөрийн чинь оюун санаанд юу болж байна вэ? Юу бодож байна вэ? Өөрөө юу мэдэрч байна вэ? Өөрийн чинь биед ямар нэгэн мэдрэмж төрж байна уу, хэрэв тийм бол тэдгээр нь юу вэ? Өөрт тохиолдсон зүйлээ ажиглаж, тайлбарлахыг хичээгээрэй.
  •  Бага ч болов тайван байдалд орсон бол өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжийг хэрхэн хэлж бусдад  ойлгуулах вэ? Одоогийн нөхцөл байдалд ямар хариу үйлдэл гаргах талаараа бодоод хариу арга хэмжээ аваарай.

Чи огт хэлэхгүй бол ээж нь чиний дотор юу болж байгааг мэдэх боломжгүй шүү дээ. Тиймээс өөрийгөө илэрхийлж, ямар мэдрэмжтэй байгаа, яаж шийдмээр байгаа гэдгээ ээждээ хэлэхийг хичээгээрэй. Мэдээж ойлголцоход олон удаагийн оролдлого, цаг хугацаа хэрэгтэй. Хэрвээ хүсвэл ээждээ сэтгэл судлаачтай уулзмаар байна гэдгийг хэлж хамтдаа очоорой. Сэтгэл судлаач та хоёрын дундах үл ойлголцол, харилцааны асуудлыг чиглүүлж туслах юм шүү. Мөн одооноос шинэ зүйлсийг туршиж өөрийн гэсэн сонирхол хобби болж шинэ найзуудтай болж болно шүү дээ.

 Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир 


АСУУДАЛ: Надад олон асуудал байна...

Сайн байна уу? Би одоо 1 дүгээр курсийн оюутан (эмэгтэй). Мэргэжлээ сонгохдоо эргэлзэж эргэлзэж сонгож байсан. Сургуульдаа орсны дараа өөр нэг мэргэжлийн талаар судлаж байсан. Тэр мэргэжил нь ч гоё санагдсан. Хоёрхон жил сураад мэргэжлээрээ ажиллах боломжтой байсан тул надад их боломжийн санагдаад төгсөөд сурнаа гээд зорилго тавьчихсан. Одоо энэ сурч байгаа мэргэжлээ зөв сонгосон эсэхдээ жаахан эргэлзээд  л байгаа. “Хүн болгон л эхэндээ тэгдэг юмаа, сургуулиа хаямаар санагддаг л юм” гэж эгч маань хэлж байсан. Энэ талаараа ээж аавдаа хэлэхээс санаа зовж байна. “Хичээлээ сайн хийж байгаа юу” гэх болгонд “тийм ээ сайн байгаа” гэчихээд одоо бараг хоёр ч хичээл дээр унах дөхөөд байна. Хааяа бүр хичээлдээ ч явмааргүй санагдаж ганц хоёр тасладаг болчихсон. Гэхдээ энэ мэргэжил маань үнэхээр гоё мэргэжил, сонсоход гоё санагддаг ч өөрөө оролдож үзье гэж бодохоор л өөртөө итгэлгүй болчихдог. Дээрээс нь үеийн хүүхдүүд маань маш мундаг болохоор тэднийг хараад үеийн хүүхдүүдээсээ үлгэр дуурайлал авахын оронд бүр сэтгэлээр унаж, бараг өөртөө дургүй болох гээд байна. Тэгэхэд гэр бүлийнхэн маань надад итгэсээр л байна. Тэсээд төгссөн ч энэ мэргэжлээрээ ажиллахгүй юм шиг санагдаж байна. Мэргэжил сонголтын тестээр үзэхэд одоо сурч байгаа мэргэжил маань надад тохирно гэж байсан.

Хааяа зүгээр л цаг мөнгө үрээд ээж аавыгаа зовоогоод байгаа юм шиг санагдаад байдаг. Уг нь эртхэн төгсөөд хурдан ажилтай болчихоод аав ээждээ туслая гэж бодсон ч энэ байдлаараа сурсаар байгаад хөгширсөн хойноо амжилтанд хүрч эдийн засаг, гэр бүлээсээ хараат бус байдал руу шилжих юм шиг санагдаад байна. Эртхэн хараат бус болоод өөрийнхөө хувийн амьдралд цаг гаргаад хүн амьтанд дурлаад залуухан бас мөнгөтэй эрх чөлөөт амьдралаар амьдармаар байна. Амьдрал намайг Anxiety girl болгоход хүргэж байна эсвэл би өөрөө ийм болгоод байх шиг байна. Бас болоогүй би ерөөсөө найз нөхөдгүй хүн. Мелинхолик темпраменттэй л даа. Бусадтай холбоо тогтоохдоо муу, тогтоосон харилцаагаа удаан үргэлжлүүлдэггүй, тэднээс өөрийгөө тусгаарлаад байгаа мэдрэмж төрөөд байдаг боллоо. Бусдын хажууд ер нь нэг л өөрийнхөөрөө байж чадахгүй байна. Сургуульдаа ороод бараг зургаан сар болж байхад нэгэнтэй ч дотно болоогүй байна. Одоо гэртээ ганцаараа амьдардаг. Гэртээ гадны байтугай хамаатныхаа хүмүүсийг ч байлгах дургүй болохоор гэртээ ч хүн урьдаггүй. Бас стрессээ гаргаж хамт ярьж суух, гадуур гарах хамт олонгүй болохоор их ганцаарддаг. Сошиалд найзтай болох ч худлаа юм байна лээ. Шинээр хүнтэй танилцсан ч тэр хүнтэй өөрийнхөө талаар ярих ч дургүй, тэр хүн ч надад хамаагүй юм шиг санагддаг. Хааяа бусад хүмүүст миний юу хийх, яасан талаарх хамаагүй байх гээд өөрийгөө нээж ярьж ч чаддаггүй. Одоо бүр утсаараа оролдох ч сонирхол буурчихсан. Яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Бусадтай өөрийгөө харьцуулахгүйгээр зөвхөн өөртөө төвлөрөөрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн нөхцөл байдлыг эцэг эхтэйгээ ярилцах хэрэгтэй болов уу. Яг одоо өөрийн чинь нөхцөл байдлыг ойлгож сонсох, цаашид дэмжлэг үзүүлж чадах хүмүүс бол эцэг эх чинь болов уу. Бодит нөхцөл байдлыг авч үзье. Мэргэжлээ солиод өөр чиглэлээр суралцсан ч санхүүгийн дэмжлэг өөрт чинь хэрэгтэй. Энэ үед мэдээж гэр бүлийнхэндээ л хандана шүү дээ. Тиймээс өөрийн бодол, мэдрэмжийг эцэг эхдээ илэрхийлээрэй.

Одоо мэргэжлээ солих боломжгүй байлаа гээд ирээдүйд боломж гарахгүй гэсэн үг биш шүү дээ. Энэ мэргэжлээ төгсөөд мастерын зэрэг эсвэл давхар бакалаврын зэрэг өөр мэргэжлээр авах боломж өнөөгийн нийгэмд чөлөөтэй зүйл. Тиймээс хэт нэг талыг бодож өөрийгөө хүнд байдалд оруулах хэрэггүй болов уу. 

Мэргэжлээ солихгүй одоо байгаа ангидаа сурахаар бол бусад хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулахгүй зөвхөн өөр дээрээ төвлөрөөрэй. Энэ сургуулийг төгсөөд л хүн бүр өөрийн гэсэн сонголтыг дагаад явна шүү дээ.

 Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир

 

АСУУДАЛ: Дотор хэд хэдэн хүн байгаа юм шиг санагдаад байна

Сайн байна уу? Миний ичих айх, санаа зовох, уурлах зэрэг  мэдрэмжүүд маань том болох тусам ихсээд байх юм. Энэ юутай холбоотой вэ?. Дотор хэд хэдэн хүн байгаа юм шиг, хүмүүсийн дунд байхаараа баригдмал болчихоод байх юм. Яах ёстой вэ? Яагаад ч чөлөөтэй байж чадахгүй юм. Надад зөвлөгөө өгөөч. 

ЗӨВЛӨГӨӨ: Өөртэйгөө ажиллаж сураарай

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрийнхөөрөө, чөлөөтэй байхыг хүсэж байна гэж ойлголоо. Захидалд ичих, айх, санаа зовох, уурлах гэсэн 4 төрлийн мэдрэмжүүдийг дурджээ. Тэгвэл та яг ямар үед ичих, айх, санаа зовох, уурлах гэсэн 4 төрлийн мэдрэмжийг авдаг вэ? Тэдгээрийгээ тус бүрт нь ангилан бичээрэй. Ичих мэдрэмж нь дийлэнхдээ бусад чамайг хүмүүс юу гэж бодох бол гэсэн санаа зоволт болон өөрийн үнэлэмж сул байгаатай холбоотойгоор илэрч байдаг. Чиний хувьд ямар байна вэ? Бусад хүмүүсийн чиний талаарх төсөөлөл ямар байдаг гэж бодож байна вэ? Чи өөрийгөө хэр зэрэг бодитоор үнэлж чадаж байна гэж бодож байна вэ? Чи хамгийн сүүлд хэзээ өөрийнхөөрөө, чөлөөтэй байсан бэ? Өөрийнхөөрөө байхад өөрийн үнэлэмж бодитой мөн тогтвортой байх нь чухал юм шүү. Тиймээс захидалд дурдсан дээрх асуултуудад хариулахаас гадна ямар үед ямар бодол төрж байна вэ? Тухайн бодолтой холбоотойгоор аль мэдрэмж нь төрж байна вэ? Үүнтэй холбоотойгоор ямар үйлдэл хийж байгаа талаар бичиж өөртэйгөө ажиллаад үзээрэй. Мөн захидал бичихдээ өөрийн нас, хүйс болон хандаж буй асуудлаа дэлгэрэнгүй бичээрэй. Энэ нь сэтгэл судлаач чамд илүү оновчтой хариулт өгөхөд туслах боломжтой юм шүү. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач: Д. Намуун

АСУУДАЛ: Найзууд минь их мундаг. Би тэднээс дутуу дулимаг санагдаад байна

Сайн байна уу ? Би 9 дүгээр ангийн сурагч л даа. Би өөрийгөө маш олон зүйлээр дутуу дулимаг юм байна гэж ойрд ихээр бодох болсон. Миний найзууд бүгд л авьяаслаг мундаг. Нэг дэх найз минь саяхан болсон олимпиадад 2 дугаарт , хоёр дахь найз  минь гар бөмбөг сайн тоглож мөн тэмцээнд ороод байр эзэлсэн. 3 дахь нь бас л шинэ бүтээл урлаж 3 дугаар байранд орсон. Энэ бүхнийг харахаар би үнэхээр юу ч хийж чадахгүй байгаа юм шиг санагдаж байна. Ер нь өөртөө гомдох сэтгэл төрөөд байж сууж чадахгүй нь ээ. 

ЗӨВЛӨГӨӨ: Хүмүүс хэн нь ч хэнээсээ илүү эсвэл дутуу биш, зүгээр л ялгаатай

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрийнхөө хийж чаддаг зүйл, ур чадвараа олж нээхийг хүсэж байгаа юм шиг санагдлаа. Захидлаас уншихад, найзууд нь хийж байгаа зүйлээрээ уралдаан тэмцээнд орж байгаа учраас чи өөрийгөө бусадтай харьцуулж, өөртөө таагүй хандах болсон гэж ойлголоо. Тэгвэл яг юу тохиолдвол чи өөрийгөө найзуудтайгаа харьцуулахгүй байх вэ? Чи ч гэсэн найзуудтайгаа адилхан ямар нэгэн тэмцээн уралдаанд орвол өөрийгөө тэдэнтэй харьцуулахгүй юу? Эсвэл өөртөө байдаг ур чадвараа таньж мэдээд өөрийгөө харьцуулахгүй байх уу? Гэвч өдөр тутамд хүн бүр өөрсдөөсөө ямар нэгэн зүйлээр давуу эсвэл сул хэн нэгэн хүнтэй таарах боломжтой. Үүнээс үзэхэд, хүмүүс хэн нь ч хэнээсээ илүү эсвэл дутуу биш, харин хүмүүс хоорондоо зүгээр л ялгаатай байдаг. Харин тэр ялгаатай байдал буюу бусдаас давуу тал болон сул талаа бодитоор харах нь чухал ач холбогдолтой байдаг.

Тиймээс өөрийгөө буюу өөрийнхөө онцлог, ур чадвар, давуу сул талуудаа бүгдийг нь бичээд үзээрэй. Хэрэв чамд давуу талаа бичихэд хүндрэлтэй байгаа бол чи сул тал дээрээ илүүтэй төвлөрсөн байх магадлалтай. Түүнчлэн өөрийнхөө ур чадвар, сонирхлыг хараахан илрүүлээгүй ч байж болно шүү дээ. Энэ нь хэвийн зүйл. Тийм болохоор өөрийн давуу талаа эргэцүүлэх, шинэ зүйлс туршиж өөрийгөө сорихыг хичээгээрэй. Энэ нь өөрийн сонирхол болон ур чадвараа тодорхойлоход туслах боломжтой. Амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач: Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter