- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -
Урин дулаан цагт иргэд холын замд гарах, орон нутаг руу амарч зугаалахаар явах хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотойгоор зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг. Зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг кино контентоор дамжуулан уриалах зорилготойгоор "Тоёота Сэйлс Монголиа" ХХК, "Монгол Контент" ХХК болон Тээврийн цагдаагийн алба хамтран "АЮУЛГҮЙ, АЗ ЖАРГАЛТАЙ" богино хэмжээний кино уралдааныг зарлаад байна.
Энэхүү уралдаанд кино сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд гэр бүлийн сэдэвт, нөхөрлөл, хүүхдийн кино, анимэйшн, романтик, уран зөгнөлт, детектив зэрэг 10 гаруй төрлөөр хийсэн бүтээлээ илгээх боломжтой юм. Бүтээлд тавигдах шаардлагыг ЭНД дарж удирдамжаас үзнэ үү.
Энэхүү уралдаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч буй Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамиртай ярилцлаа.
-"Аюулгүй, Аз жаргалтай" богино хэмжээний кино уралдааны зорилго, үндэслэлийн талаар танилцуулахгүй юу?
-Энэхүү богино хэмжээний кино уралдаанд Тээврийн цагдаагийн албанаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран оролцож байна. Богино хэмжээний кино нийгэмд зайлшгүй хэрэгтэй. Иргэд нийгмийн сүлжээнээс өдөр тутамд мэдээлэл авч, тодорхой хэмжээнд амьдралдаа хэрэгжүүлдэг.
Ослыг бууруулах чиглэлээр хийж байгаа богино хэмжээний сэрэмжлүүлэг бүхий энэ уралдаан бидний ажилд маш их дөхөм болно. Учир нь зам тээврийн ослын улмаас олон хүн амь насаа алдаж, гэмтэж байна. Хэдийгээр 2020-2021 онд бүх нийтээр бэлэн байдал зарлаж, хэсэгчлэн хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэг амарсан байсан ч зам тээврийн осол гэдэг чимээгүй дайнаас бага насны хүүхэд гэмтэж, амь насаа алдаж байгаа явдал буурахгүй байна.
Энэ уралдааны хүрээнд нийгэм рүү чиглэсэн, зам тээврийн ослыг бууруулах, ослын хор уршиг юунд байдгийг, иргэд юун дээр анхаарах ёстой талаар, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд яах ёстой вэ гэхчлэн хүний сэтгэл зүрх мэдэрч, ойлгох хэмжээний бүтээл хийгээсэй гэж хүсэж байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас бүхий л бололцоогоороо мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна.
Уран бүтээлчид ослын хор хөнөөлийг иргэдэд ойлгуулж, осол гарах шалтгаануудыг бүтээлдээ тусгаж, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулаасай гэж хүсэж байна.
Маш олон сэрэмжлүүлэг түгээж байгаа ч иргэдийн хүлээж авах өнцөг байдал нь өөр болоод байна. Тиймээс богино хэмжээний кино бүтээл иргэдийн сэтгэлд хүрвэл осол тодорхой хэмжээнд буурах байх гэж найдаж байна.
Ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн бүтээлийг үзээд иргэд ингэж болохгүй юм байна, энэ зүйлд анхаарах ёстой юм байна, хүүхдээ хараа хяналттай байлгах, тэднийг хашаан дотроо аюулгүй байлгах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож аваасай. Орон нутгийн замд явж байгаа бол хурдаа хэтрүүлж болохгүй гэдгийг ойлгоосой. Хэдийгээр зөвшөөрөгдсөн 80 км/цагийн хурдтай явж байсан ч осол гарвал ямар эрсдэл үүсэх, гэр бүлийнхэнд нь ямар хүнд нөхцөл үүсэхийг, гэр бүлийн нэг гишүүнээ алдсанаар ямар байдал бий болохыг тал талаас нь уран бүтээлчид харж байгаа байх гэж найдаж байна. Өргөн цар хүрээтэйгээр сэтгэж байгаа байх аа.
Энэхүү богино хэмжээний кино наадамд уран бүтээлчдийг нэгдэж, ослоос урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагатай хамтраасай гэж хүсэж байна. Цагдаагийн байгууллага шалгарсан бүтээлүүдийг хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр түгээж өгнө. Нэг ч гэсэн айл аз жаргалтай, аюулгүй, халуун ам бүлээрээ байгаасай, осолд өртөхгүй байгаасай гэсэн бидний нэг л зорилго бий. Муу бүхнээс хол байлгахын тулд та бүхний зорьж байгаа үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага дэмжин оролцоно.
Хэрвээ та бүхний эргэн тойронд уран бүтээлч байвал энэ арга хэмжээнд дэмжиж оруулаарай. Шагналын сантай уралдаан хэдий ч монгол хүнээ хайрлах сэтгэлээр хандаасай гэж цагдаагийн байгууллагаас уриалж байна.
-Жолооч нарын гаргадаг нийтлэг ямар алдаанаас болж осол гарч байна вэ. Уран бүтээлчдэд өгөх чиглэл, зөвлөмж байгаа болов уу?
-Орон нутгийг зорьж байгаа иргэд аяны сандал, сайхан майхан, хувцас, хоол унд гэх мэт хэрэглээний зүйлийг сайн бэлддэг. Гэтэл өөрсдийн аюулгүй байдлыг хангах тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд 100 хувь анхаарал хандуулахгүй байна. Хандуулж байгаа маш олон жолооч байдаг ч бүгд биш байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангасан байх, жолооч сайтар амарсан байх хэрэгтэй.
Орон нутгийн замд явах үедээ хурд хэтрүүлэх, ослын улмаас онхолдох, дотор нь явж байгаа зорчигч гэмтэх, амиа алдах тохиолдол их байдаг. Тиймээс хурдаа зөв тохируулж явахыг анхааруулах хэрэгтэй байна.
Түүнчлэн хүүхдээ зөв тээвэрлэх нь хамгийн чухал анхаарах ёстой зүйл болоод байна. Хүүхдээ бүслэхгүй, сул чөлөөтэй явуулдаг, хүүхэд хойд лүүкээр, цонхоор толгой, биеэ гаргаж явах нь ажиглагддаг. Хүүхдээ зориулалтын суудалд суулгаж, хаалганы child lock /зөвхөн гаднаас онгойдог тохируулга хийх/-ийг хийх зэргийг хэрэгжүүлэхгүй байна. Орон нутгийн замд хүүхэд хаалга онгойлгож, унаад гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдсэн. Лүүкээрээ хүүхдээ гарган явж байгаад замын нугачаан дээр хүүхэд нь лүүкнээс шидэгдээд, машиндаа дайрагдаад амиа алдсан тохиолдол хүртэл бий.
Хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа иргэд анхаармаар зүйл гэвэл хөдөлгөөн эхлэхээс өмнө зам орчноо шалгах хэрэгтэйг анхааруулмаар байна. Он гарснаар эхний зургаан сарын байдлаар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүйн улмаас ой дөрвөн сайртайгаас 13 хүртэлх насны 12 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаад байна. Зам орчноо шалгаагүйн улмаас бага насны хүүхдээ ээж аав нь, өвөө нь, ах эгч нар нь дайрч амийг нь хохироож байгаа нь үнэхээр харамсалтай. Зам дээр цагдаагийн байгууллага хараа хяналт тавьж байгаа. Гэтэл энхрий бяцхан үрс өөрсдөө ээж аавдаа дайруулаад амиа алдаж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглэм байдаг.
Нөгөөтээгүүр иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн ард сууж, дотор нь сууж байгаа зорчигчдыг гэмтээх, амь насыг нь хохироох, тэр ч байтугай бага насны хүүхдийг хажуудаа суулгачхаад өөрсдөө согтууруулах ундаа хэрэглээд, шон, айлын хашаа мөргөж, дотор нь сууж байсан хүүхэд урд талын салхины шил мөргөж амиа алдаж байгаа харамсалтай тохиолдол бүртгэгдэж байна.
Жолооч анхаарал болгоомж, сонор сэрэмжээ алдсанаар, эсвэл гэрэл дохиогоор амжаад гарчихъя гээд яарч, дохио зөрчин үндсэн ногоон гэрлээр зорчиж байгаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргаж байна. Орон нутагт хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэхийг хориглосон нөхцөлд, эсвэл огцом эргэлттэй хэсэгт гүйцэд түрүүлж байна. Өгсүүр газар өөдөөс нь машин гарч ирэх эсэхийг мэдэхгүйгээр гүйцэд түрүүлж осол гаргаж байна.
Том оврын автомашинтай жолооч нарын анхаарах ёстой зүйлсийн нэг бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгтэй. Түлшээ бүрэн гүйцэд аваагүйн улмаас удаан хугацаагаар зогсох үедээ ослын гурвалжнаа тавихгүй эвдэрсэн чигт нь хаячихаад яваад өгдөг. Зам орчин үзэгдэхгүй болсон үед зам дээр зогссон машины араас гэр бүлээрээ явж байгаад мөргөөд амиа алдах тохиолдол ч гарч байна.
Хэрвээ та бүхэн гэр бүлээрээ орон нутаг руу зорчих гэж байгаа бол хурдаа тохируулж явах, аюулгүй байдлаа хангах, зорьсон газар луугаа түргэн шуурхай биш тайван аажуу яваарай. Үнэхээр амралтаар л явж байгаа бол амралтын байдалтай тайван яваарай. Нөгөөтээгүүр амралтын газар очиж, хөдөө хээр амарч байгаа ч гэсэн тээврийн хэрэгслийг бүрэн аюулгүй зогсоох, карданаа татах, магадгүй дугуйн доороо чулуу ивэх, амарч байгаа хүмүүсийг өөр машинтай хүмүүсийг дайрах вий гэх мэт эрсдэлээ тооцох гэх мэт аюулгүй байдал зайлшгүй шаардлагатай байна.
Кино уралдаанд оролцох гэж байгаа уран бүтээлчид жолооч болон зорчигч талаас нь бодолцож, хүүхдийн аюулгүй байдал талаас нь авах гэх мэт бүхий л талаас нь харж уран бүтээлээ хийгээсэй гэж хүсэж байна.
Нэг жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалаад тухайн тээврийн хэрэгсэлд явж байгаа гэр бүлийн гишүүд, найз нөхөд нь эрсдэлд орж амиа алдаж байна. Зам тээврийн ослын улмаас хайртай хүнээ алдаад харуусаад сууж байгаа олон гэр бүл бий. Энэ зүйл монгол өрх болгонд тохиолдохгүй байхын төлөө сэтгэл рүү өнгийлгөсөн үнэхээр болохгүй юм байна гэсэн зүйлийг гаргаж ирэх бүтээл туурвиасай гэдгийг нийт уран бүтээлчдээсээ хүсэж байна.
-Уралдааны удирдамжид аймшгийн болон сэтгэхүйн аймшгийн кино хийхийг зөвшөөрөөгүй шүү дээ. Энэ талаар тодруулаад тайлбар өгөхгүй юу?
-Цар тахалтай тэмцэж байгаа хүнд цаг үед иргэдийн сэтгэл санаа хүнд байгаа. Бид зурагтаа эргүүлж байхдаа аймшгийн юм гарвал хүүхдэдээ үзүүлэхгүй сувгаа сольдог. Тийм байдлаар аймшгийн уран бүтээл хүнд хүрэхгүй. Дээр нь хэвлэл мэдээллийнхэн ёс зүйн хувьд хүнийг айлгаж, цочирдуулсан мэдээлэл гаргахаа больсон байна. Тиймээс хүнд ойлгуулах гэж байгаа зүйлээ та бүхэн хүргэхийн тулд энгийн хэрнээ хүний сэтгэлийн утсыг хөндөхөөр уран бүтээл туурвих байх гэдэгт итгэж байна.
Нэмээд хэлэхэд, цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд "Хөдөлгөөний соёл-2021" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хамгийн гол уриалга зорилт нь "Ирээдүйгээ хамгаалъя" юм. Бидний ирээдүй бол үр хүүхэд минь. Үр хүүхдээ аюулгүй тайван зорчуулахын тулд жолооч хүн бүр хичээх ёстой. Энэ кино уралдаан ч энэ арга хэмжээнд хувь нэмрээ оруулж олон хүний ирээдүйг хамгаалах байх гэдэгт найдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх