YOLO: Монголын анхны нэг хүний оффис болох “SoloSpace”-ыг үүсгэн байгуулсан 23 настай Э.Буян-Ундрахыг урьж ярилцлаа. Түүнтэй залуус шинээр бизнес эхлүүлэхэд тулгардаг бэрхшээл, нэг хүний оффисын үйл ажиллагаа зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцсаныг хүлээн авна уу.
YOLO: Бизнес эхлүүлэх санаа анх хаанаас төрсөн бэ? Нэг хүний оффис нээх болсон шалтгаанаар тань ярилцлагаа эхлүүлье.
- Анх хүмүүст ганцаараа байх орчин хэрэгтэй байгаа юм шиг санагдсан. Намайг оюутан байх үед ч хичээлээ хийгээд суух тав тухтай, чимээгүй орчин дутмаг байлаа. Тиймээс надад ч гэсэн дутагдаж байсан болохоор ийм орчин бий болгох нь зүйтэй юм байна гэж бодсон. Ер нь хүн хувийн орон зайтай, тэндээ төвлөрч суух дуртай байдаг шүү дээ. Харин Монголд нэг хүний оффис байдаггүй байсан. Оюутан, залуус олдсон газраа л сууж ажил, хичээлээ хийдэг.
YOLO: Дөнгөж 22 настайдаа бизнесээ эхлүүлсэн шүү дээ. Залуу хүний хувьд бизнесээ эхлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байв?
- Миний хувьд туршлага бага учраас мэдэхгүй зүйл олон байсан. Энэ л хамгийн том бэрхшээл байх. Ямар нь зүйлийг хийсэн туршлага дутдаг. Гэхдээ хүн бүр алдаанаасаа суралцдаг шүү дээ. Одоо бодоход аргагүй л туршлагагүй байж дээ гэсэн бодол төрдөг. Чадахгүй, мэдэхгүй зүйл зөндөө л байсан. Одоогоор мөнгө, санхүүгийн тал дээр санаа зовох насан дээрээ ирээгүй гэж боддог. Тиймээс энэ тал дээр харьцангүй бага бэрхшээлтэй байсан.
YOLO: Монголын хамгийн анхны нэг хүний оффис гэдгээрээ онцлогтой. Харин бусад улсад нэг хүний оффис хэр хөгжсөн байдаг вэ?
- Дэлхийн бусад орнуудад нэг хүний оффисууд маш олон бий. Ялангуяа Японд энэ чиглэлийн оффисууд их байдаг. Эдгээр улсын оюутан, залуус бараг л өдөр, шөнөгүй хичээлээ давтаж, сайн их сургуульд орохоор өрсөлддөгийг та нар мэдэх байх. Тиймээс ч ганцаараа суугаад хичээлээ хийх боломжтой газрууд олон байдаг.
YOLO: Хөл хориотой зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Цар тахал хэрхэн нөлөөлсөн бэ?
- Манайх өнгөрсөн жилийн есдүгээр сард нээгдсэн. Одоогоор бараг жил болох гэж байгаа ч ихэнх хугацааг хөл хорионд ажиллахгүй өнгөрүүлсэн. Дөнгөж эхэлж байгаа гарааны бизнес болохоор нөлөөлсөн зүйл олон байсан. Гэхдээ манайх нэг хүний оффис учраас нэг дор олон хүн цуглардаггүй. Тиймээс цар тахлын үед үйлчлүүлэгч тасраагүй. Бусад гарааны бизнесүүдэд тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь түрээсийн төлбөр байсан. Харин манайх түрээслүүлэгч байгууллагатай ярилцаж түрээсийн асуудлаа аль, аль талдаа хохиролгүй байхаар тохиролцсон.
YOLO: Анх орж ирэхэд л минималист дизайнтай санагдлаа. Оффисоо тохижуулах санааг хэрхэн гаргаж байв?
- Интернетээс санаа авалгүйгээр яг өөрийнхөө санааг шингээсэн. Тухайн хүн өрөө лүүгээ ороод өөрийн хувийн орон зайгаа бүрдүүлж, тусгаарлагдаж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Мөн тав тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийг зорьсон. Тухайлбал, интернэт, агааржуулалтын систем, эд зүйлсээ хийх боломжтой ухаалаг цоожтой шүүгээ, хооллох хэсэг, ус, цай, кофе гэх мэт. Би аль болох бусад улсын нэг хүний оффисуудаас санаа авахгүйгээр Монголын нөхцөлд тохирсон онцлогийг шингээж дизайн, дүр төрхөө гаргасан. Тиймээс манай оффистой ижил газар хаана ч байхгүй.
YOLO: Танай оффисын ялгарах онцлог, давуу тал? Хүмүүс нэг хүний оффисыг зорьж ирэх шалтгааныг нэрлэвэл.
- Төвлөрч ажилласнаар үр бүтээмж нь илүү өндөр байдаг. Бид нар өдөржин шаргуу хөдөлмөрлөж байгаа юм шиг боловч хүнээс арван цаг тасралтгүй ажиллах эрч хүч байнга гарахгүй. Харин тухайн ажлаа яг ухаалгаар төвлөрч суугаад 2-3 цаг хийхэд маш үр бүтээлтэй байж чадна. Тэгээд үлдсэн цагаа аз жаргалтай амьдрах бусад зүйлсдээ зарцуулах хэрэгтэй. Яг ийм орчин хэрэгтэй залуучууд маш их байдаг ч түүнийгээ мэддэггүй эсвэл тоодоггүй. Тиймээс манай оффисын гол онцлог нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, төвлөрч суухад тусалдаг. Гэхдээ юм бүхэн хоёр талтай. Зарим хүмүүс олон хүмүүсийн дунд байсан ч төвлөрч, илүү бүтээлч санаа гаргаж чаддаг. Эсрэгээрээ ямар ч чимээгүй орчинд ганцаараа байхдаа л ажил, хичээлээ хийдэг хүмүүс бий. Мөн сурагч, оюутан, залуус ихэвчлэн суудаг учир маш боломжийн үнийн саналыг боловсруулсан.
YOLO: Яагаад Solospace гэж нэрлэх болсон бэ? Шууд утгаараа хүмүүст ойлгомжтой санагдаж байна.
- Би өмнө “SoloStudy” гэсэн нэртэй гарааны бизнес эхлүүлж байсан юм. Түүнээсээ санаа авч хүмүүст ойлгомжтой байдлаар нэрлэсэн. Хүмүүс нэг хүний оффис гэдэг нэрээр нь илүү мэддэг.
YOLO: : Таны бодлоор Монгол улсад оюутан, залуус ажил, хичээлээ хийх боломжтой орчин хэр их байдаг вэ?
- Сургуулийн номын санд чөлөөтэй байх боломжтой ч сургуулийнхаа харьяаллаас гарахаар очих газар цөөхөн болчихдог. Гэр, нийтийн номын сан эсвэл кофе шоп гэсэн сонголттой. Кофе шопд суухын тулд заавал ямар нэгэн үйлчилгээ авах хэрэгтэй. Кофе уугаад ажлаа хийгээд суух дуртай ч хүмүүс байдаг. Харин кофеныхоо мөнгөөр нэг хүний оффист өдөржин суух залуучууд ч бий. Ингэснээр кофе уух мөнгөөрөө илүү төвлөрөх боломжтой оффисыг бүтэн өдрөөр нь түрээсэлж байгаа юм.
YOLO: Бизнесийн үйл ажиллагааг явуулах болон хувь хүний хувьд ямар үндсэн зарчмыг баримталдаг вэ?
- Гарааны бизнес бүр өөрийн гэсэн онцлог, давуу талтай байдаг. Тиймээс миний хувьд ч яг өөрийнхөө онцлогийг бизнестээ шингээхийг хүсдэг. Ижил төстэй олон бизнесүүдээс нэг зүйлээрээ л ялгарч чадвал тэр нь тухайн бизнесийн онцлог болж чадна. Мөн ямар ч зүйлд сэтгэлээсээ, хичээнгүйлэн ажиллах нь миний баримталдаг зарчим.
YOLO: Бүхий л бизнест эрсдэл байдаг шүү дээ. Танай бизнест ямар эрсдэл байна вэ?
- Одоогоор ихэнх бизнесүүдэд цар тахлын эрсдэл тулгарч байна. Энэхүү оффис маань түрээсийнх учраас нэг талдаа хамгийн аюултай эрсдэл.
YOLO: Нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаараа хуваалцаач.
- Ганцаараа ажилладаг учраас өдрийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Ажлаа төлөвлөх, шинэ санаагаа судлах, тэмдэглэх, турших гэх мэт. Удахгүй дараагийн гарааны бизнесээ эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Тиймээс энэхүү ажлынхаа хажуугаар дараагийн бизнесээ судалдаг. Одоогоор ажилдаа төвлөрч байгаа учраас чөлөөт цаг бараг гарахгүй байна. Чөлөөт цаг гарвал хоббигоо хөгжүүлдэг.
YOLO: Монголд гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа хэр байдаг вэ?
- Гарааны бизнесүүдийг саяхнаас л дэмжиж эхэлсэн. Стартап гэдэг ойлголт хэдэн жилийн өмнөөс л илүү дэлгэрч, хүмүүс ойлгох болсон. Олон хүн сонирхох тусам гарааны бизнесийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бий болж, чиглүүлж явах хүмүүс ч гарч ирсэн гэж боддог. Гэхдээ шинэ гарааны бизнес эхлүүлье гэхэд хаана очихоо мэддэггүй. Нэгдсэн төв гэж байдаггүй. Хүнээс зөвлөгөө авъя гэхэд хэн дээр очихоо мэдэхгүй, мундаг, амжилттай яваа хүмүүстэй уулзах боломж олддоггүй. Анх гарааны бизнес эхлүүлж байхад цаашдаа юу болох бол гэсэн айдастай үе байдаг.
YOLO: Танайхаар үйлчлүүлсэн хүмүүсээс сэтгэлд тод үлдсэн хэрэглэгч байдаг уу?
- Нээгдсэн цагаас хойш тогтмол ирж суудаг олон хүн бий. Ялангуяа хүмүүс ихэвчлэн шалгалтад бэлдэх үедээ манай оффисыг зорьдог. Дараа нь шалгалтдаа тэнцсэн шүү гэж хэлэхэд нь маш их баярладаг. Нэг хэсэг анагаахын чиглэлээр сурдаг оюутнууд манайд ирж шалгалтаа бэлдсэн юм. Тэд нар бүгд шалгалтандаа тэнцээд эмч болчихлоо гээд хэлж байсан. Манай оффист ирсэн хүн бүр ямар нэгэн чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлж, түүндээ бэлддэг учраас баяртай мэдээ сонсох бүрд урам зориг, эрч хүч авдаг.
YOLO: Танай оффис луу ороход танаас өөр хүн харагдсангүй. Та ганцаараа ажилладаг уу?
- Бизнесээ жигдрүүлэх шатандаа явж байгаа учраас одоохондоо ганцаараа ажиллаж байна.
YOLO: Сүүлийн үед цахим орчинд бизнесээ сурталчлах нь түгээмэл болсон. Таны хувьд олон нийтийн сүлжээг бизнестээ хэрхэн, ямар арга барилаар ашигладаг вэ?
- Бүх хүмүүс сошиал орчноос мэдээлэл авдаг болохоор бизнесээ таниулахад маш зөв арга. Манайх фэйсбүүк хуудастай. Ихэвчлэн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл оруулдаг. Зар сурталчилгаа бол огт хийж байгаагүй. Би өөрөө хүмүүст хүргэхээсээ илүү хүмүүс бие биедээ нэг хүний оффисыг санал болгож байсан. Манайхыг мэддэг нэг хүн байлаа гэхэд найздаа санал болгодог. Нэг хүнд л таалагдах юм бол цаашаагаа найз нөхөд, гэр бүлийнхэндээ тэнд ийм газар байдаг гээд л хэлдэг. Ийм зарчмаар л өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
YOLO: Цаашдын зорилго юу вэ? Бизнесээ хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
- Цаашдаа үйл ажиллагаа өргөжүүлж, урт хугацаанд тогтвортой хөгжихийг зорьж байна. Шинэ гарааны бизнесийг эхлэхээр төлөвлөсөн. Ганцаараа эхлэх боломжгүй байгаа болохоор хөрөнгө оруулагч хайж байна.
YOLO: Бизнесээ эхлүүлэх гэж буй залууст хандан зөвлөгөө өгөөч. Залуус зах зээлд өрсөлдөхөд боломж хэр их байдаг вэ?
- Залуучууд зоригтой байх хэрэгтэй. Тухайн гарааны бизнесээ эхлэхээсээ өмнө маш сайн төлөвлөөрэй гэж хэлмээр байна. Хүмүүстэй уулзаж зөвлөгөө авч, эхлэх гэж байгаа бизнестэйгээ холбоотой контент үзэж, ном уншаарай. Аливаа зүйлийг төлөвлөөгүй эхлэх нь цаашдаа тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг гэж боддог. Шинэ зүйл эхлүүлж байгаа учраас хүн бүрд л туршлага дутдаг. Тиймээс маш олон асуудлууд гарч ирнэ. Заримдаа нэг асуудал гарч ирэхэд түүнийг дагаад бүр ч олон асуудал үүсчихдэг. Тиймээс маш сайн төлөвлөж, бэрхшээл бүрийг тооцоолох хэрэгтэй. Мөн юмыг хэтэрхий томоор эхлээд хэрэггүй юм шиг санагддаг.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх