Захидлаар харилцах "моод" эргэн ирсэн нь


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2021-06-08

Моод эргэдэг гэдэг. Чат эсвэл и-мэйлээр биш, гараар бичиж марк наасан захидлаар харилцах моод сүүлийн үед олон хүний сонирхлыг татаж байна. Энэхүү нийтлэлээр та бүхэнд Postcrossing буюу ил захидал солилцооны бүлгэмийн тухай мэдээлэл хүргэе.

Энэхүү бүлгэмийг 2005 онд захидлын хоббитой португал оюутан Пауло Магалхаес төсөл болгон санаачилснаар үүсгэн байгуулж байжээ. Шуудангийн хайрцгаас ил захидал авч унших нь түүний хийх хамгийн дуртай ажил байж. Тэрээр өөртэйгөө адилхан сонирхолтой хүмүүстэй илүү олон захидал солилцохын тулд дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүсийг холбох “шуудан-огтлол” хэмээх утга бүхий шинэ платформ зохиожээ. Анхны вэбсайт хувилбарыг найзууд нь туршиж үзээд таалагдсан тул 2005 оны долдугаар сарын 14-нд нээлтийн туузаа хайчилж байв.

60 сая дахь ил захидлаа энэ оны эхээр солилцсон уг бүлгэмд элсэх нь хэн бүхэнд нээлттэй бөгөөд нэг ч төгрөг шаардагдахгүй. Та ердөө www.postcrossing.com хуудсанд нэвтэрч, доорх зурагт үзүүлсэн циклийн дагуу сайтаас өгсөн танихгүй нэгэн гадаад хүний хаяг руу ил захидал бичиж илгээгээд, хэсэг хугацааны дараа өөр нэгэн гадаад хүнээс захидал хүлээн авах юм.

Ингэхдээ захидал бүрийг тусгай кодоор илгээх ёстой бөгөөд хүлээн авагч нь тэрхүү кодоо сайтад бүртгүүлж, “ирсэн” гэх мэдээллийг оруулдаг. Яг энэ мөчид цахим хуудас таны сэтгэлээ гарган бичсэн захидал хэдий хугацаанд, хэр хол зайг туулсан тухай мэдээллийг бэлтгэн үзүүлдэг. Мөн хүлээн авагч нь цахим сайтаар дамжуулан баярласан, талархсан тухайгаа богино зурвасаар илэрхийлж ч болно.

Жишээлбэл, дээрх зурган дээр хятад хэрэглэгч monsoon-ий гуравдугаар сарын 25-ны өдөр илгээсэн ил захидал 24 хоногийн хугацаанд 8,516 километр урт аяллыг туулж Германд эзэндээ амжилттай хүрсэн байна.

Энэ бол захидал хаанаас ирж, хаашаа явсан тухай харуулсан газрын зураг. Улаан маршрут нь илгээсэн, цэнхэр нь хүлээн авсан замнал.

Харин дээрх зурагт илгээхэд бэлэн болсон захидлууд харагдаж байна. Илгээх хаягийг сайт хуудас түүврийн аргаар сонгодог бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах дүрмийн дагуу гуравдагч этгээдэд мэдээлэл задруулахыг хатуу хориглодог.

Ил захидал дээр та юу ч бичиж болно. Гэхдээ бичихээсээ өмнө хүлээн авагчийн мэддэг хэл, сонирхдог зүйлийг анхаарах нь зүйтэй. Зарим хэрэглэгчид сонирхолтой асуулт бэлдчихсэн байдаг учраас тэрэнд нь хариулж ч болох юм. Миний хувьд хүн бүрт бүтэн нэрийг нь босоо бичгээр бичиж илгээдэг бөгөөд баярласан, сонирхсон хариу цахим хаягаар буцаж ирдэг. Нэг жишээ нь:

Хэдий чинээ олон хүмүүст захидал илгээнэ, төдий чинээ олон гадаад захидал болон марк цуглуулах боломжтой. Миний хувьд энэ бүлгэмд элссэнээс хойших гурван сарын хугацаанд нийт 30 гаруй захидал солилцоод байна. Цуглуулаад харахад тун сонирхолтой бөгөөд 70, 80, 90-ээд оны захидал шуудангаар харилцдаг байсан үе эргээд ирсэн юм шиг мэдрэмж төрүүлнэ.

Харин манай улсаас уг платформд бүртгэлтэй 23 хэрэглэгч байдгаас Bolor нэртэй хэрэглэгч 241 захидал илгээсэн тоогоор манлайлж байна.

Нийтлэлийн төгсгөлд yolo-гийн сониучхан, шинийг сонирхдог уншигч та бүхнийг захидал солилцооны Postcrossing-д нэгдэхийг уриалж байна. Шинэ хоббитой болох ч юм билүү?

#Сонин хачин #Сонирхол #Хобби