Амьтдад ч бас хүн шиг унтах хэрэгцээтэй байдаг уу? Далайн гахай болон загас хэрхэн унтдаг талаар та бодож үзэж байв уу? Эсвэл хамгийн сайн найз чинь найман цаг унтахыг илүүд үзэж байхад та яагаад 12 цаг унтдаг юм бол?
Энэ асуулт эрдэмтдэд ч гэсэн сонирхолтой байсан тул хариултыг нь олохоор маш сонирхолтой судалгааг явуулжээ.
Аливаа амьтан сэрүүн эсвэл унтаж байгаа эсэхийг мэдэх хэд хэдэн арга бий. Жишээлбэл, тархины үйл ажиллагааг нь хянах юм уу нүдний хөдөлгөөнийг нь төхөөрөмжөөр ажиглаж болох аж.
Мөн зарим амьтад унтах шаардлагатай эсэхийг мэдэхийн тулд эрдэмтэд судалгаандаа гурван өөр аргыг ашиглажээ. Үр дүнд нь:
1. Унтах шаардлагагүй амьтад (үхэр мэлхий, далайн гахай)
2. Бүх энергиэ зарцуулсан ч гэсэн сэргэхийн тулд унтах шаардлагагүй амьтад (зөгий)
3. Нойргүйдлээс үүдэж гаж нөлөө үзүүлдэг амьтад (хүн).
Ингээд огт унтдаггүй таван амьтантай танилцацгаая.
1. ДАЛАЙН ЗАЛХАГ
Унтахын тулд бидэнд тархи хэрэгтэй. Харин далайн залхагт тархи байхгүй. Тийм болохоор тэд хүссэн ч хэзээ ч унтаж чадахгүй. Тэдэнд тархины оронд жижиг загас болон далайн жижиг амьтдыг аманд нь оруулах мэдрэгч бүхий тэмтрүүлүүд байдаг аж.
2. ШАВЖ БОЛОН САЛААЛСАН ХӨЛТЭЙ АМЬТАД
Шавж болон салаалсан хөлтэй амьтад унтдаггүй. Харин “хөшүүн царцанги байдал”-д ордог байна. Britannica.com сайтад нийтлэгдсэнээр хөшүүн царцанги байдал нь биеийн температурыг бага зэрэг бууруулж, шөнийн турш тайван байдалд оруулдаг.
Эрвээхийнүүд орой бүр хөшүүн царцанги байдалд ордог. Энэ байдал нь амьтдад удаан хугацаанд хоолгүй амьдрах боломжийг олгодог унтаа байдал юм. Зуны хүйтэн өглөө шавьж маш идэвхгүй, хөдөлж ядсан байдалтай байдаг шүү дээ. Энэ бол хөшүүн царцанги байдалд орсны нэг илрэл юм.
Ичээндээ орох нь ч гэсэн хөшүүн байдлын нэг хэлбэр. Амьтад өвөл эсвэл идэш тэжээл багатай үед амьд үлдэхийн тулд ийм байдалд орно. Мөн энэ хугацаанд тэд зүрхнийхээ цохилтыг удаашруулдаг бөгөөд хоол идэхгүй, ямар ч шим тэжээл авахгүй байх боломжтой.
3. ҮХЭР МЭЛХИЙ
Үхэр мэлхийг хэдэн сар унтахгүйгээр амьдрах чадвартай амьтан гэж үздэг. Тэд шөнийн цагаар идэвхтэй байдаг ч өдрийн цагаар ч мөн адил амардаггүй. Ер нь бол өдөр шөнийн аль ч үед ямар байдалд байгааг амьтан судлаачид ажиглаж чаддаггүй байжээ.
Харин 2008 оны судалгаагаар тэд үргэлж сэргэг бөгөөд өдөөлтөд хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байдаг болохыг тогтоосон байна.
4. ДАЛАЙН ЗАРАА
Далайн зараа бол далайн залхагтай адил тархигүй амьтан. Тийм учраас бас л унтдаггүй. Тэдэнд тархины оронд хөдөлж, хооллох боломжтой энгийн мэдрэлийн систем байдаг. Далайн зараа бол хөдөлж чаддаг цөөн тооны тархигүй амьтдын нэг юм.
5. ШИНЭ ТӨРСӨН ДАЛАЙН ГАХАЙН ЗУЛЗАГА
Далайн гахайн үр төл төрөөд нэг сарын турш огт унтдаггүй ба эхтэйгээ маш ойр, сэргэг байдаг байна. Мөн бяцхан далайн гахайнууд амьсгалахын тулд гадаргуу дээр цагт 5-20 удаа гарч ирдэг. Далайн гахай ер нь бол унтдаг ч тархиныхаа хагасыг л унтуулах онцгой чадвартай амьтан юм.
Эх сурвалж: Animal How
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх