Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (06.07-06.13)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-06-04

Цагийн сайхан зуны эхэнд, газрын сайхан хангайн нуруунд гэдэгчлэн зуны улирал ирж, сайхан цаг эхэллээ. Ирэх долоо хоногт зургаан жилд нэг удаа тохиох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулагдахаас гадна олон үр өгөөжтэй арга хэмжээнүүд болох нь ээ. 

ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

Хэзээ: Зургадугаар сарын 9-ний 07:00 цагаас 22:00 цаг хүртэл

Хаана: Санал авах байрны хаягийг ЭНД дарж хараарай

Тайлбар: Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх долоо хоногт тохиож байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 719 мянган залуу санал өгсөн бөгөөд энэ нь сонгууль өгөх 18-40 насны залуусын 68 хувьтай тэнцэх тоо байсан юм. /Эх сурвалж: gogo.mn/

Сонгуульд санал өгөх нь улс, эх орныхоо төлөө хийх энгийн бөгөөд том хувь нэмэр билээ. Үүнд залуусын оролцоо нэн чухал. Иймээс сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

2. НОМЫН БАЯР

Хэзээ: Зургадугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд

Хаана: Сүхбаатарын талбай

Тайлбар: Бидний жил бүр догдлон хүлээдэг Номын баяр тун удахгүй болох нь ээ. Баярын үеэр ном борлуулах хүсэлтэй хүмүүсийн бүртгэл өнөөдрөөс буюу зургадугаар сарын 4-нөөс эхлэх аж. Харин ном худалдаж аван, бусад үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүмүүс бүртгэл хийлгэлгүйгээр чөлөөтэй ирэх юм.

Өмнөх жилүүдийн номын баярт оролцож байсан бол энэ үйл ажиллагаа ямар өргөн дэлгэр, сайхан болж өнгөрдгийг мэдэж буй биз ээ. “Ухаантай болохын тулд та арван ном л унших хэрэгтэй. Гэхдээ тэднийг олохын тулд мянган ном унших хэрэгтэй болно” гэх үг бий. Таныг номын баяраас тэдгээр үнэ цэнтэй номоо олно гэдэгт итгэлтэй байна.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

3. ЧАНАРТАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЦАХИМ БОЛОВСРОЛЫГ ЗАЛУУСЫН ОРОЛЦООТОЙ БҮТЭЭЕ!

Хэзээ: Зургадугаар сарын 11-ний 15 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Тайлбар: Коронавирусийн улмаас оюутан, сурагчид цахимаар хичээллээд багагүй хугацаа өнгөрлөө. Иймээс тус хэлэлцүүлгээр их, дээд сургуулийн цахим сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй болон тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдэл эрэлхийлэх юм. Мөн багш оюутнуудын дунд явуулсан цахим сургалтын хүртээмжийн судалгааны үр дүнг танилцуулна.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе