YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би 12-р ангиа төгсөж чадах болов уу?
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би 16 настай ахлах ангийн сурагч. Карантин эхэлснээс хойш олон сар гэртээ байгаа болохоор хувь хүний хувьд их олон зүйл өөрчлөгдөж байгааг анзаарах боллоо. Ихэнхдээ гутрангуй эсвэл хэт түргэн ууртай, ганцаараа байх дуртай болоод байна. Бас миний санааг зовоож байгаа нэг зүйл нь хичээл. Хичээл онлайнаар ордог болсноос хойш утаснаасаа салахаа байлаа. Өдөрт 3-4 цаг онлайн хичээлд суусны дараа багш нарын өгсөн бие даалт, даалгавруудыг хийх гэж бүх энерги эрч хүчээ барна. Маш их ядардаг болсон. Бас багш нар ч мөн адил ажлын ачааллаас болоод ууртай, стрэсстэй байгаа болохоор тааламжгүй харилцаатай байдаг. Үүнээс болоод хичээлүүддээ сонирхолгүй, муудаад байх шиг байна. Шалгалтуудаа хангалтгүй өгдөг боллоо.
Тэгээд яг одооноос би нэг зүйлийг маш ихээр бодож санаа зовоод байна. Би 12-р ангиа төгсөж чадах болов уу? ЭЕШ өгч чадах болов уу? Их сургуульд орж чадах болов уу гээд маш их түгшиж байна. Мэргэжлийнхээ дагуу сонгон судлах хичээлүүд ч мөн адил каринтинаас болоод сайжирсан зүйл алга. Энэ бүгдийг яг яах ёстой вэ? Би ирээдүй болон яг одоогийн байдалдаа үнэхээр их санаа зовж байна. Онлайн хичээлийг яг үнэндээ тэмдэглэлээ үзүүлж ирц авахын төлөө л хийж байна. Бусдаар бол ойлгож хийж чадахгүй байна. Би одоо яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Бодлоо цэгцлээрэй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Сөрөг бодол удаан үргэлжилсэн үед ирээдүй бүрхэг санагдахаас гадна одоо цаг хүртэл бүтэмжгүй үйл явдлуудаар дүүрэн санагдаж эхэлдэг.
Ганцаараа байхыг илүүд үздэг болсон гэж захиан дээр бичсэн байна. Гэвч энэ ганцаараа байх нь өөрт чинь яг таатай байж чадаж байгаа юу? Бусадтай харилцахгүй байх нь өөрт мэдрэгдэж байгаа сэтгэгдлээ дэлгэж ярихгүй байгаа гэсэн үг. Сөрөг бодлуудаа гадагшлуулж сурахгүй бол энэ байдал намждаггүй. Боломжтой бол найзуудтайгаа тогтмол холбогдоорой. Мөн эцэг эхдээ тусламж хэрэгтэй байна гэдгээ илэрхийлээрэй.
Ярилцахад хэцүү гэж бодож байгаа бол тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Тэмдэглэл хөтлөхдөө эхний ээлжинд өөрт төрж байгаа мэдрэмжүүдээ бүгдийг нь бичээрэй. Заавал дэс дараалалтай байх албагүй. Дараа нь мэдрэмжээ ангилах гэсэн хэсэг рүү шилжинэ. Өөрт чинь мэдрэгдэж байгаа энэхүү мэдрэмжүүд чинь бодит айдсаас бий болсон уу? Эсвэл өөрийн чинь төсөөллөөс бий болсон айдас уу гэдгийг ялгаж ангилна гэсэн үг. Жишээ нь 12-р ангиа төгсөж чадахгүй гэдэг нь бодит бус айдас бөгөөд өөрийн чинь төсөөлөл юм. Ийм учраас өөрийн бодлыг эхний ээлжинд цэгцлэхийг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Уураа барьж чадахгүй байна
Сайн байна уу? Би 14 настай. Ойрдоо ямар ч идэвхгүй, өдөржингөө орондоо хэвтээд утас оролдож суухыг илүүд үздэг болчихсон. Би дэлгэцийн хамааралтай болсон байх гэж бодож байгаа. Хичээлээ хийх ёстой гэдгээ мэдэж байгаа ч залхуураад, бие ямар ч хүчгүй болсон мэт санагдаж хийхгүй байх боллоо. Хэчнээн хичээсэн ч утаснаасаа салах ч хэцүү болж.
Саяхан өөр сургууль руу шилжиж очсон юм. Даанч энэ сургуульд байх хэцүү болохоор хуучин сургууль руугаа буцъя гэхэд "энэ жил бүх хичээл дээрээ А гарч байж оч" гэсэн. Гэсэн ч хичээлээ ойлгохгүй, анхаарал төвлөрөхгүй байгаа учраас маш хүнд, дарамттай байна. Эрч хүч алга болоод уур амархан хүрдэг болсон. Аав ээжтэйгээ өдөр бүр маргалдаж, надаас юм асуухад нь хүртэл өөрийн эрхгүй уурлаад байна. Хэчнээн уурламааргүй байгаа хэдий ч биеэ барьж чадахгүй байна. Би яах ёстой вэ? Яаж уур уцаараа барьж, эрч хүчтэй өглөөг эхлүүлж, утаснаасаа холдох вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө амрах боломж өгөөрэй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Бидний үйлдэл бүрийн цаана шалтгаан бий. Магадгүй шинэ сургуульдаа дасаагүй, таалагдахгүй байгаа болохоор хичээлээ хийхгүй залхуураад байж болох юм.
Стресс бий болох үед тархин дахь даавар ялгарахаа байж бид идэвхгүй, улбагар болдог. Хөндлөнгийн хүний нүдээр бүтээмжгүй, залхуу нэгэн шиг л харагддаг. Стресс удаан хугацаанд үргэлжилбэл тархин дахь аз жаргалын гормон ялгаруулдаг окситоцин, допамин нь ялгарахаа байдаг. Ингэснээр дааврын тэнцвэрт байдал алдагдаж бие махбод маань сульдаж эхэлдэг. Тиймээс хэсэгхэн хугацаанд ч болов өөртөө амрах боломж өгөөрэй. Мөн энэ нөхцөл байдлаа эцэг эхдээ хэлээрэй. Хэлж чадахгүй бол энэ захиагаа уншуулаад үзээрэй. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Над шиг хүнд ирээдүй байгаа болов уу?
Би 19 настай, 1-р курсийн оюутан. Ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байсаар нэг мэргэжил сонгосон нь аав ээжид маань таалагдахгүй, үргэлж л ярианы сэдэв болох юм. Уг нь энэ мэргэжлийг их боломжийн гэж боддог. Тэгээд ч ангийнхантайгаа дотно учраас сургуулиа солих хүсэл огт байхгүй. Солилоо ч шинэ сургууль, шинэ анги, орчин гээд л ганцаараа үлдэхвий гэхээсээ их айдаг.
Аав ээж хоёр “бид хоёрыг өнгөрөөд өгөхөөр яаж амьдрах юм”, “бусад хүүхдүүд чамаас илүү хөгжөөд яваад байна”, “чамд ер нь зорилго гэж юм байна уу”, “яаж хоолоо олж идэх юм” гэж өдөр болгон шахуу л хэлэх юм. Надад үнэхээр дарамттай, хэцүү санагдаад "үхчихвэл илүү амар юм болов уу" гэж өдөр болгон бодож байна. Өөртөө итгэх итгэлгүй, хичээлдээ ч тийм сайн биш, олны дунд ичдэг, ярих чадвар муу гээд үнэхээр л хэнд ч хэрэггүй ажил төрөл ч үгүй амьтан болчихвол яана гэж бодох юм.
Өөрийгөө хөгжүүлье хэл суръя гэж бодсон ч нэг л болж өгөхгүй. Хаанаас эхлэхээ мэдэхгүй, өөрийн мэдэлгүй залхуу болоод байх юм. Бие ч нэг л сул. Үргэлж л унжуу ядруу байдалтай. Амралтаараа ажил хийе гэхээр "яах бол", "чадах болов уу" гэсээр тэгсгээд өнгөрнө. Яагаад бусдын чадаад байгааг би чаддаггүй юм бол гэж үргэлж л эмзэглэнэ. Ер нь над шиг хүнд ирээдүй байгаа болов уу?
ЗӨВЛӨГӨӨ: Тэдэнд ойлгоход хугацаа хэрэгтэй байх
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Захиаг уншиж байхад асуудал мэргэжилд чинь гэхээсээ илүүтэй эцэг эхтэйгээ ойлголцохгүй байгаа харилцаанд байна гэж ойлголоо. Эцэг эхчүүд маань хүүхдээ нярай байхаас нь эхлээд хайрлаж халамжилж, санаа зовсоор ирсэн байдаг. Гэвч хүүхэд бол тусдаа бие даасан хүн тул үргэлж сонголтод нь нөлөөлөөд байх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийж байдаг. Эцэг эхүүд маань хүүхдийнхээ бие даасан сонголтыг хүндэлж байхыг хүсэж байна. Нөгөө талаар одоо чи насанд хүрсэн хүн тул эцэг эхдээ өөрийн шийдвэрийг хэлж байгаарай.
Хүн бүрийн амьдрал, өссөн орчин ондоо тул өөрийгөө бусадтай жиших хэрэггүй. Бусад хүүхдүүд мундаг, сайн гэж хэлж, хүүхдүүдээ шүүмжлэх нь хүмүүжлийн уламжлалт арга. Энэ хүмүүжлийн арга нь орчин үеийн хүүхдүүдэд хэрэгжихгүй гэдгийг эцэг эх нар маань ойлгомоор байна. Эцэг эхийн тань өссөн нийгэм өөрийн чинь өссөн нийгмээс ондоо тул эцэг эхдээ бурууг хэт битгий өгөөрэй. Магадгүй тэдэнд ойлгоход хугацаа хэрэгтэй байх. Өөртөө битгий хатуурхаарай. Бага багаар үйлдэл хийж эхэлсэн байхад хүссэн үр дүндээ хүрнэ гэдэгт чинь итгэлтэй байна.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх