Б.Халиун: Өндөр өсгийт өмсвөл эмэгтэй хүн цаанаасаа л зэгзийгээд, цэгцтэй алхдаг


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-04-30

“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг ням гараг бүрийн үдэш биднийг зурагтын өмнө суулгаж, бүжгийн урлагийг гайхан шагших боломж олгож байгаа билээ. Тус нэвтрүүлгийн оролцогч, бүжигчин, МУСТА, олноо сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчирын бүжгийн хамтрагч гэдгээрээ танигдсан Б.Халиуныг энэ удаагийн ярилцлагын буландаа онцоллоо. Тэрээр өндөр өсгийттэй бүжиглэх бүжгийн урлагийг Монгол Улсад хөгжүүлж буй нэгэн юм.


YOLOУншигчдад маань өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

- Сайн байцгаана уу? Намайг Баасанжавын Халиун гэдэг. “Mongolia Entertainment” хамтлагийн бүжигчин, бүжиг дэглээч, бүжгийн багшаар ажилладаг. Мөн өндөр өсгийттэй бүжгийн төрлийг Монгол Улсад хөгжүүлэхээр ажиллаж байна. 

YOLOЯагаад бүжигчин болохоор шийдсэн бэ? 

- Би цэцэрлэгт байхаасаа л бүжиглэсэн. Багадаа “Хүүхдийн ордон”-ы бүжгийн дугуйланд явдаг байлаа. Аав маань намайг 2007 онд Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангид шалгалт өгөхийг санал болгож, тухайн жилдээ элсэн орж, 2012 онд ардын бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ Үндэсний урлагийн их театрт хоёр жил гаруй хугацаанд ажилласан. 

YOLOСолонгос улсад мэргэжил дээшлүүлж, суралцаад ирсэн. Өөр улс руу ч бас мэргэжлийнхээ шугамаар олон явсан байх. Монголын бүжгийн урлагийг бусад улстай харьцуулбал ямар шатандаа явж байна вэ? Тэр тусмаа кпоп хөгжмийн өлгий нутгийн бүжгийн урлаг хэр байна вэ?

- 2018 онд Солонгос улсад модерн бүжгийн мэргэжил дээшлүүлэх зургаан сарын сургалтад 100 хувийн тэтгэлгээр суралцсан. Үүнээс гадна Хятад, Орос Улс руу тоглолтоор явж байлаа. Миний анзаарснаар Өмнөд Солонгосын бүжгийн урлаг маш хурдтай хөгжиж байна. Гэхдээ үүнтэй манайхыг харьцуулшгүй. Монголын бүжгийн урлаг бол дэлхийд гайхагдсан төрөл. Шударгаар хэлэхэд өөр орны бүжгийн хөгжилтэй дүйцэхгүй байж болох ч нэг үеэ бодвол хурдан хөгжиж байна. 


YOLOАрдын бүжиг, цэнгээнт бүжиг, илүү эмэгтэйлэг гэвэл belly болон pole dance ч бий. Яагаад өндөр өсгийттэй бүжиглэх төрлөөр сургалт явуулах болсон бэ? Тэр тусмаа өмнө нь Үндэсний урлагийн их театрт ажиллаж байсан хүн хувиараа багшилбал ардын бүжиг заамаар юм шиг. 

- Би бүжгийн бүх төрлөөр хичээллэх дуртай. Бүжигчин хүн хувирах чадвар сайтай, бүжгийн олон төрлөөр хичээллэж үзсэн байх шаардлагатай гэж боддог. Үндэсний урлагийн их театрт мэргэжлийнхээ шугамаар хоёроос гурван жил ажиллаад гарсан. 2016 оноос өндөр өсгийттэй бүжигт дурлаж, суралцаж эхлээд 2020 онд сургалтаа нээлээ. Өндөр өсгийттэй бүжиг эмэгтэй хүний уян хатан чанар, өөртөө итгэх итгэлийг ихээр нэмэгдүүлдэг учраас охид бүсгүйчүүддээ заахаар шийдсэн. 

YOLOИх тачаангуй, эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг бүжиг юм шиг санагддаг. Уг бүжгийн гол онцлог юу вэ? Өндөр өсгийт дээр бүжих биеийн галбир, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?

- Эмэгтэй хүн гэдгээ мэдрэхээс гадна өөртөө итгэх итгэл болон төгс бие галбиртай болох боломжийг олгодог. Мөн сургалтад суусан бүсгүйчүүдээ харахад их дайчин, эрч хүчтэй болдог юм шиг. Нүдэнд нь гал дүрэлзээд л, хэлж ярьж байгаа зүйлс, алхаа гишгээ нь хүртэл өөрчлөгддөг. Өндөр өсгийттэй бүжгийн үндсэн суурь дасгалууд гэж бий. Уг дасгал биеийн галбир засдагаараа онцлогтой. 


YOLOХол газар өсгийттэй алхах хэцүү байдаг. Тэгэхэд бүжиглэнэ гэдэг бүр хүнд санагдах юм. Өндөр өсгийт дээр алхаж чаддаггүй хүн ирдэг үү, хэрэв тийм хүн байвал эхлээд алхаж сургадаг уу?

- Өндөр өсгийт дээр алхаж сурч буй охид өөрт тохирсон намхан гутал өмсөх нь зүйтэй. Бүжигт таваас найман сантиметр өсгийттэй байхад хангалттай. Үүнээс өндөр байвал алхахад хэцүү. Таваас найман сантиметрийн өсгийт дээр хоёр цагийн хугацаанд дасгал хангалттай хийж, алхаж чадна. Манай сургалтад хамрагддаг хүмүүс анхнаасаа л ийм хэмжээтэй өсгийт дээр дасгал хийж сурдаг. Ямар нэгэн асуудал гардаггүй. 

YOLOТа өөрөө хэдэн сантиметр өсгийтэй гутал дээр бүжиглэдэг вэ?

- Би ихэвчлэн наймаас есөн сантиметр өндөртэй өсгийтэй гутал дээр бүжиглэдэг. Хамгийн өндөр нь 11 сантиметр. 

YOLOЭмэгтэйчүүд хөлд эвтэйхнийг нь бодоод ихэвчлэн кэт, пүүз өмсөөд ажлаа амжуулдаг. Үнэхээр ч өсгийтэй гуталтай байснаас хурдан хугацаанд олон ажил амжуулж чаддаг. Байнга намхан ултай гутал өмсөх нь биед ямар нэг нөлөө үзүүлэх үү?

- Намхан ултай гутал өмсөхөөрөө биеэ цэгнэхгүй, “хаяж” явах нь их байдаг. Өндөр өсгийтэй гутал өмсвөл эмэгтэй хүн цаанаасаа л зэгзийгээд, цэгцтэй алхдаг. 


YOLOТайзан дээр алхдаг загвар өмсөгч биш ч гэсэн өндөр өсгийттэй бүжиглэдэг хүний хувьд уншигчдад маань өндөр өсгийттэй холбоотой бяцхан зөвлөгөө өгөөч. Заримдаа алхаж чадахгүй “гурав нугаларчихсан” явах үе ч байдаг шүү дээ.

- Шагайн хамгаалалттай буюу хагас түрийтэй, хоншоор нь бөөрөнхий эсвэл онгорхой, таваас найман сантиметр өсгийтэй гутлаас эхлэх хэрэгтэй. Хэт өндөр гутал сонгочхоод түүн дээрээ алхаж чадахгүй байгаадаа сэтгэлээр унаж, өсгийтэй гутлаас айх нь бий. Тиймээс өөрт тохирсон гутлаас эхлээрэй. Хамгийн өндөр өсгийтэйг нь өмсөх биш өөртөө итгэлтэй алхаж сурах нь чухал. 

YOLOӨндөр өсгийтэй гутлын их цуглуулгатай байх даа гэсэн бодол хамгийн түрүүнд төрж байлаа. Хоббирч цуглуулдаг зүйл нь гутал уу?

- Саяхнаас гутал цуглуулж эхэлсэн. 10-15 орчим гутал бий шүү. 

YOLOБүжиглэхээс гадна боксоор хичээллэдэг юм билээ. Сайхан биетэй байхын нууц нь дан ганц бүжиглэх биш бололтой. 

- Кик боксоор хичээллээд хоёр жил болж байна. Кик бокс хурд хүч, дайчин чанарыг маань сэргээж, эрч хүчтэй болгодог. Мөн ачаалал даах чадварыг нэмдэг учраас хичээллэх дуртай. Жингээ барихад ч их тусалдаг. 


YOLOТөрсний дараа зарим бүсгүйчүүдэд турах асуудал тулгардаг. Танд ийм асуудал тулгарсан уу эсвэл байнга дасгал, бэлтгэлтэй байдаг учраас тойроод өнгөрсөн үү?

- Би төрөөд 20 гаруй килограмм нэмсэн. Энэ байнга хөдөлгөөнтэй байж байгаад гэнэт хэвтрийн дэглэм сахисантай минь холбоотой. Төрсний дараа хүүхдээ дөрвөн сартай байхаас нь тоглолтод орж, бэлтгэл хийж эхэлсэн. Жилийн дотор маш их хөдөлмөрлөж байж хуучин жиндээ дөхөж очсон доо. Одоо ч бие маань өмнөх шигээ биш. Гэхдээ аль болох чанга биетэй байх гэж хичээж, дуртай зүйлүүдээрээ хичээллэсээр байна. 

YOLOСайхан бие галбиртай болохоор хөдөлмөрлөж буй охид бүсгүйчүүдэд зориулж зөвлөгөө өгөөч?

- Турахын тулд хоолоо битгий сойгоорой. Зөв хооллолт илүү чухал бөгөөд дасгал байнга хийж хэвших хэрэгтэй. Мөн өөртөө тодорхой зорилго тавиад, түүндээ хүрэхийн төлөө зүтгээрэй. 


YOLOХөл хорио ажил мэргэжилд нь хэрхэн нөлөөлж байна вэ? Ихэнх сургалтууд онлайнаар явагдах болсон. Танай сургалт онлайнаар явагдаж байгаа юу?

- Хөл хорио мэдээж их нөлөөлсөн. Танхимын сургалтууд зогссон учраас онлайнаар “Томьёо” аппликэйшны “Tomyo Skills” буланд хичээлээ оруулсан. 

YOLOӨсвөр насны хүүхэд танай сургалтад хамрагддаг уу? Өсвөр насны хүүхдүүд өндөр өсгийтэй гутал өмсөхийг зарим хүмүүс таашаадаггүй. “Миний үед өөр байсан юм даа” гээд л. Үнэхээр үеийн ялгаанаас үүдээд дургүйцэж байна уу эсвэл хүүхэд эрт өсгийтэй гутал өмсөх нь биед муу юм болов уу?

- Биед нөлөөлөх талаас сайн мэдэхгүй юм. Өндөр өсгийттэй бүжиг их тачаангуй, эмэгтэйлэг шинж чанарыг давамгай харуулдаг бүжгийн төрөл. Тиймээс эцэг эхчүүд бага зэрэг буруугаар ойлгох нь бий. Манай сургалтад 18-аас дээш насныхан хамрагддаг. Гэхдээ 15, 16 настай охидоо сургах хүсэлтэй эцэг, эхчүүдэд мэдээж нээлттэй.

YOLOУншигчдад маань хандаж хэлсэн үгээр тань ярилцлагаа өндөрлөе.

- Өөртөө итгэлтэй байна гэдэг эмэгтэйчүүдийн амжилтын 60 хувийг эзэлдэг. Өөртөө итгэлтэй, зорилготой, үнэнч тууштай хичээнгүй байж чадах юм бол таны ажил үйлс тань бүтэмжтэй байх болно. Тиймээс дайчин байгаарай. 

YOLOЯрилцсанд баярлалаа. 


#Ярилцлага #Ододтой бүжиглэе #Бүжигчин #Монгол алдартан