Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном №12


Залуусын унших боловсролд хөрөнгө оруулж, зөв номоо зөв цагтаа сонгож уншихад нь туслах зорилготойгоор бэлтгэдэг “Залуу хүний заавал унших ном” цувралын 12 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. 

Энэ удаа бид боловсролын салбарт оруулсан хувь нэмрээрээ олны дунд танигдсан “Шинэ Монгол” сургуулийн гүйцэтгэх захирал асан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, олон улс судлалын доктор П.Наранбаяр гуайг урьж оролцуулж байна. Тэрээр Японы нэрт эрдэмтэн, дорно дахин судлаач Окада Хидэхиро-гийн “Чингис хаан, түүний үр сад”, “Энх-Амгалан хааны захидлууд” тэргүүтэй арав орчим бүтээлийг орчуулж гаргасан бөгөөд 2020 онд “Нүсэр бус төсөр” хэмээх анхны бүтээлээ уншигч түмэндээ хүргэсэн билээ.

Санал болгож буй ном: Ад үзэгдэх зориг

Зохиолч: Кишими Ичиро, Кога Фүмитакэ

Төрөл: Философи, хувь хүний хөгжил

Товч агуулга: Сэтгэл судлаач Алфред Адлерын “Хорвоо ертөнц туйлын энгийн, хүн өнөөдрөөс ч аз жаргалтай болж чадна” хэмээх үзэл санааг номлох философич болон түүнийг үл зөвшөөрөх идэр залуу хоёрын таван шөнийн турш харилцан ярилцсан яриаг эмхтгэсэн бүтээл.

YOLOБид энэ номыг яагаад унших ёстой вэ? 

- Одоо байгаа өөрийнхөө дутагдалтай талыг өнгөрсөндөө чихэн зөвтгөж суулгүйгээр өөрийгөө бодитоор харж, хувь хүний хариуцлагын хүрээнд өөрийгөө өөрчлөх хүчийг өгнө.

YOLOТаны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ?

- Өөрийнхөө үзэл бодол, багаас олж авсан хүмүүжлээ бататгасан.

YOLOЭнэхүү номын хамгийн дуртай ишлэл тань? 

- “Амьдралдаа үзсэн туулсан ямар ч туршлага нь тэр байгаагаараа амжилтын ч, зовлонгийн ч шалтгаан болохгүй. Бид өөрсдийн туршлагаас үүссэн шок буюу сэтгэлзүйн шархны нөлөөнд шаналдаг юм биш. Харин тэрхүү өнгөрсөн туршлагуудынхаа дотроос зорилгодоо нийцсэн шалтгийг эрж хайдаг. Бид туршлагаараа тодорхойлогддог бус, харин туршлагадаа оноосон утга учраар өөрийгөө тодорхойлж явдаг”.

YOLOНом уншихын ач холбогдлыг тодорхойлбол?

- Cэтгэлгээ гүнзгийрнэ. Харах өнцөг өргөн болно. Хүний хувьд сонирхолтой болно.

YOLOНом ...-тай хамт гайхалтай төгс зохицдог.

- Ном англи цайтай хамт төгс зохицдог.

YOLOСонсдог ном, цаасан ном, цахим номын алийг нь илүүд үзэх вэ?

- Дарааллаар нь хэлье. Цаасан ном, цахим ном, сонсдог ном.

YOLOНомыг хэрхэн уншдаг вэ?

- Аль болох ижил сэдвээр бичсэн, нэг зохиогч, зохиолчийн номыг цувруулж, харьцуулж уншихыг хичээдэг.

YOLOНомын хулгай, хулгай мөн үү?

- Мөн. Хүний номыг зээлж авч уншсан бол буцаагаад өгдөг байх хэрэгтэй. Номыг нь хулгайлснаар тухайн хүнээс мэдлэгийн боломжийг нь бас хулгайлж байгаа хэрэг.

YOLOТанай номын санд хэр олон ном байдаг вэ?

- Сайн мэдэхгүй юм. 700-800 орчим байгаа байх гэж бодож байна.

YOLOНомоо хүнд зээлүүлдэг үү?

- Зээлүүлдэг.

YOLOДуртай зохиолоороо кино бүтээх боломж олдвол ямар зохиолыг амилуулах вэ?

- Дармын Батбаяр гуайн “Цахилж яваа гөрөөс” зохиолын үндсэн санааг эвдэлгүй маш өөдрөг, цэвэрхэн хийцтэй дэлгэцийн уран бүтээл дахин хийгээсэй гэж хүсдэг.

YOLOНомоо хэрхэн сонгож уншдаг вэ?

- Мэргэжлийн номыг сонгож уншихдаа судлаачдыг нь голлож харна. Уран зохиолын номын тухайд философилог, амьдралын үнэнийг уран сайхны онцгой аргаар хүргэснийг нь сонгодог.

YOLOЭх хэл дээр нь уншсан дээр үү, эх хэлээрээ уншсан дээр үү?

- Аль аль нь. Хэрвээ боломжтой бол тухайн зохиолчийн бичсэн эх хэлээр уншвал зүгээр. Гэхдээ хүн болгон гадаад хэл төгс мэдэх шаардлагагүй. Сайн орчуулсан номыг уншихад эх хэлээр нь уншсантай адилхан үр дүнд хүрнэ. Тухайлбал, Б.Ринчений орчуулгаар “Үүлэн зардас”-ыг уншихад Галидас гэдэг агуу яруу найрагчийг Энэтхэгчүүдээс дутахгүй л мэдрэх шиг болдог.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Боловсрол #Ном #Заавал унших ном