YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Хичээл орохгүй байгаа болохоор түүнийг санах боллоо
Сайн байна уу? Би 13 настай, эмэгтэй. Хичээл дээр надтай хамт суудаг хүү надад үргэлж сайн хандаж, гунигласан үед минь байнга тайтгаруулж инээлгэдэг. Одоогоор хичээл орохгүй байгаа болохоор түүнийг санаж байнга л бодох боллоо. Би түүнд сайн болсон юм болов уу? Эсвэл зүгээр л шохоорхол уу?
ЗӨВЛӨГӨӨ: Тухайн мэдрэмжийг байгаагаар нь мэдрэхийг хичээгээрэй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд миний зүгээс "энэ бол шохоорхол" эсвэл "чи түүнд сайн" гэж тайлбар хийх боломжгүй ээ. Учир нь чи л түүнтэй харилцаж байгаа шүү дээ. Түүнийг өөрийн хэмжээнд хамгийн сайн мэддэг нэгэн нь чи өөрөө л юм.
Түүний чамд өгсөн сайхан, дулаахан мэдрэмжээс татгалзах хэрэг байгаа юу? Үүнийг өөрөөсөө асуугаарай. Ихэнх үед бид одоо байгаа сайхан мэдрэмжийг удаан үргэлжлэхгүй бол яах бол гэсэн бодлоосоо болж тухайн мэдрэмжийг мэдрэхээс зайлсхийх гээд байдаг. Өөрт чинь өгсөн таатай мэдрэмжийг тухайн үед нь өөр зүйл бодолгүйгээр, байгаагаар нь мэдрэхийг хичээгээрэй. Бид хүн бүрээс ийм таатай мэдрэмж авч чадахгүй шүү дээ.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Дахиад л таалагдахаа больчихвол яана аа гэж бодож байна
Сайн байна уу? Би 19 настай, эмэгтэй. Мэргэжлийн талаарх төсөөлөл болон суралцах үе хоёрын хооронд том зөрүү гарснаар сонгосон мэргэжлээрээ нэг улирлын турш суралцаад хагас жилийн чөлөө авсан. Сурахад боломжийн, дүнгээр бусдаас дор орохгүй яваад л байвал яваад л байхаар байсан ч сонирхолгүй болохоор хичээлээ хийх үедээ кайф авахгүй хэцүү байсан.
Тэр мэргэжлээр сурч эхэлсний дараа буюу өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлээр хичээл орох нь гэж баярлаад явж эхэлтэл нэг их удалгүй сонирхохоо больсон юм. Долоо хоногийн гуравхан өдөр хичээллэж байж тарах цагаа хүлээгээд суучихдаг. Долоо хоногийн сүүлийн дөрвөн өдөр амарч байгаа хэрнээ амралтын өдөр битгий дуусаасай гэж бодоод л.
Ангийнхан маань надтай найзлах гэхэд би хаалт босгочихсон. Ядаж байхад мэргэжлийг маань сонссон хүн бүр “Төгсөөд ажлын байртай юу? Монгол хөгжтөл өдий байна даа. Чамайг 80, 90 хүрэхэд л наад мэргэжил чинь Монголд хөгжинө” гэх мэтээр хэлдэг байсан. Тийм болохоор мэргэжлээ хүнд хэлэхээс халгадаг.
Уг нь би хичээлдээ идэвхтэй, сургуульдаа явах үнэхээр дуртай, хэнтэй ч эвээ олоод харилцчихдаг хүн. Гэхдээ мэргэжил сонгох үед эмээгийн маань сэтгэцэд жаахан өөрчлөлт орж, аав маань нас барж, сэтгэл санаа минь тогтворгүй болж таарсан юм. Тухайн үед сонгосон мэргэжилдээ дуртай байж, сурч чадна гэдэгт итгэл дүүрэн байсан. Харин одоо энэнээс өөр юу хийж чадах вэ? Дахиад өмнөх шигээ алдаагаа давтвал яана аа? Бодох, хийх хоёр тэс өөр. Сурч чадах юм шиг байснаа сурах гэхэд дахиад л таалагдахгүй бол яах вэ гэсэн бодлууд төрсөөр л. Надад зөвлөгөө өгөөч.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрт төрж буй мэдрэмжээ ойр дотнынхондоо хуваалцаарай
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Асуудал гэж бодож байгаа зүйл чинь бодит асуудал мөн үү? Бидний асуудал гэж бодсон зүйл маань яг тулгарч байгаа анхдагч асуудал байдаггүй бөгөөд үүний цаана өөр асуудал байх магадлалтай байдаг. Мэргэжил чинь одоогийн сэтгэл санааны байдалд нөлөөлөв үү эсвэл таагүй сэтгэл санааны байдалтай байгаа болохоор мэргэжилдээ дургүй болов уу?
Мэргэжил сонгох үед гэр бүлд чинь таагүй үйл явдал болсон байна. Мэдээж ийм үйл явдал тохиосон байхад хэн ч таатай мэдрэмж авахгүй. Чамайг ойлгож байна, хэцүү байгаа байх. Сэтгэл санааны тогтворгүй байдал удаан хугацаанд үргэлжлэх юм бол тархинд аз жаргалын дааврууд ялгарах нь багасдаг. Ингэснээр бид ядардаг, сульдаж юм хийх хүсэл сонирхолгүй болдог. Улмаар бид өмнө нь хийх дуртай байсан, сонирхож тэмүүлж байсан зүйлдээ дургүй болдог.
Өөрийн чинь сонирхолд асуудал байна уу? Эсвэл туулж чадахгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа үйл явдал нөлөөлсөн болохоор идэвхгүй нэгэн болов уу? Өөрт төрч байгаа мэдрэмжээ ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцаарай. Ихэнх үед бидэнд зөвлөгөө хэрэггүй байдаг бөгөөд биднийг сонсож чадах хэн нэгэн байхад л хангалттай байдаг. Тиймээс өөрийн мэдрэмжийг бусадтай хуваалцаж гадагшлуулаарай.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Тэрнээс хойш намайг тоогоогүй
Сайн байна уу? Би 13 настай, эрэгтэй. Би өөртөө их итгэлгүй. Гарахдаа дуугаа хураах нь элбэг. Ээж минь тэр болгонд загнаж ичгэвтэр байдал бий болдог. Хүнтэй ярих гэхээр хоолойноос үг гарддаггүй. Багаас үгэнд их эмзэг байсан болохоор хүмүүсийн ярианд их ач холбогдол өгч, жижиг юмнаас болж дахиж ярих хүсэлгүй болдог. Дээрээс би нөгөө ангийн охинд бараг л дурлах шиг болсон. Ичимхий би түүнтэй очиж уулзаж чадахгүй байна. Шал танихгүй хүн очоод мэндлэхээр яах бол? Танилцах ямар ч нөхцөл байхгүй.
Би Фэйсбүүк чатаар арай чөлөөтэй байдаг. Энийгээ ашиглаад чат бичсэн боловч танилцаад хэрэггүй гэсэн. Тэрнээс хойш намайг тоогоогүй. Энэ асуудлаас болоод бие дотор нэг том бул чулуу байгаа юм шиг, хичээл хийх ямар ч хүсэлгүй, эрч хүчгүй болоод байна яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Татгалзсан хариу авсан ч түүний сонголтыг хүндлээрэй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Интроверт хүмүүсийг экстравертууд шиг хүмүүсийн өмнө нээлттэй бай гэж тулгах нь зөв зүйл биш ээ. Харилцаа гэдэг өөрөө суралцдаг чадвар юм. Усанд сэлэх, сагс тоглох, код бичих гэх мэт чадваруудыг суралцахын тулд бидэнд яах аргагүй цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэг болдогтой адил бусад хүмүүстэй чөлөөтэй харилцаж сурахад хүртэл цаг хугацаа, хичээл зүтгэл өөрөөс чинь шаардагдана.
Энэ үед бидэнд төлөвлөгөөнөөс гадна бусдын дэмжлэг хэрэгтэй болдог. Эхний энгийн алхам бол бусадтай мэндлэх юм. Өдрийн мэнд, сайн байна уу, сайн уу гэх мэт мэндчилгээний үгсийг ашиглаж сурах нь харилцааг цааш хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байдаг суурь зүйл юм.
Бидний энгийн гэж боддог үйлдлүүд зарим хүмүүст амар байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ээждээ гомдох гэхээсээ илүүтэй өөрийн нөхцөл байдлыг ойлгуулж ярихыг хичээгээрэй. Харилцааны тал дээр сайжирмаар байна. Надад дэмжлэг хэрэгтэй байна гэдгээ илэрхийлээрэй.
Хайр сэтгэлийн хувьд. Хэн нэгэнд сэтгэлээ илэрхийлэх нь бүх хүнд эрх тэгш байдаг ч эргүүлээд авах хариулт нь ондоо байдаг. Өөрийн мэдрэмжийг мессенжерээр ч болтугай илэрхийлж чадсан чинь сайн байна. Татгалзсан хариу авсан ч түүний сонголтыг хүндлээрэй. Татгалзсан хариу ирлээ гээд чи үнэ цэнгүй гэсэн үг биш бөгөөд тухайн хүний л сонголт юм. Нэг харилцаа дуусах нь өөр нэг харилцаа бий болох эхлэл болж байдаг. Нэг үйл явдлаас болж өөрийн амьдралыг битгий хязгаарлаж бодоорой. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Бэлдэх гэхээр л урам зориггүй, өөр зүйл хиймээр санагддаг
Сайн байна уу? Би 18 настай, эрэгтэй. Би энэ жил 12-р ангиа төгсөж ЭЕШ өгнө. Одоогийн байдлаар ЭЕШ-даа бие даан бэлдэж байна. Гэхдээ сүүлийн нэг сар бэлдэхээсээ залхсан. Ганцаардаж, ахиц дэвшихгүй байгаа мэт мэдрэмж төрөх болсон. Уг нь ЭЕШ өгнө гэхээр л догдлоод, ЭЕШ-ын талаарх мэдээллүүдийг их баяртайгаар хүлээж аваад байгаа хэрнээ ширээний ард суугаад дэвтэр номоо дэлгээд бэлдье гэхээр л урам зориггүй болоод, өөр зүйл л хиймээр санагддаг.
Гэр бүлийнхэн маань их завгүй. Бас энэ талаар сайн мэдээлэлгүй болохоор хамтрах боломжгүй. Ганцаараа ширээний ард суугаад хүнтэй ярилцахгүй, мэдэхгүй зүйл гарч ирсэн ч багш нар маань их завгүй байгаа болохоор асуултад тэр болгон хариулаад байх боломжгүй байдаг. ЭЕШ удахгүй боллоо гээд санаа зовоод бэлдэх хэрэгтэй гээд ухамсарлаад байгаа хэдий ч яг суухаар залхаад, ганцаараа ярилцах ч хүнгүй уйтгартай байна. Энэ асуудлыг яаж шийдэж болох вэ? Та бүхэнд баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Хамтдаа хичээллээрэй
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Хүмүүс бусадтай хамт хичээлээ хийж байхдаа бие биенээсээ урам зориг, сэдэл авч улам сайн суралцдаг. Харин чамтай хамт хичээлээ хийж, шалгалт өгөх хүн эргэн тойронд чинь байхгүй учраас чамд ганцаардсан, ахиж дэвшихгүй байгаа мэт мэдрэмж төрж байгаа бололтой.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор танай ангийн хүүхдүүд, төгсөж байгаа найзууд чинь чамтай адил гэртээ ЭЕШ-даа бэлдэж байгаа. Тийм болохоор бусад найзууд, ангийн хүүхдүүдтэйгээ онлайнаар холбогдож хичээлээ хийвэл чамд ганцаардсан мэдрэмж, ахиц дэвшил гарахгүй байгаа мэдрэмж төрөх нь бага байх болов уу. Тухайлбал, онлайнаар видео дуудлага хийж хоорондоо ярилцаж, мэдэхгүй зүйлсээ асууж, хамтдаа тестээ бөглөж, уншсан сэдвээ нэг нэгэндээ ярьж болно.
Түүнчлэн шалгалтад бэлдэхэд ямар байгаа талаараа хоорондоо ярилцах нь хүртэл нэг нэгнээ сэдэлжүүлж байдаг. Тийм болохоор найз нөхөдтэйгөө ярилцаж, ижил асуудал тулгарч байгаа бол тэр талаар хоорондоо ярилцаарай. Мөн гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. Амралтын өдрөөр чамд 1 цаг гаргаж шалгалтдаа бэлдэхэд туслах нь чамд ямар үр нөлөөтэй талаар тэдэнд хэлээрэй.
Мөн хичээлээ тасралтгүй хийж, шалгалтдаа бэлдэж, санаа зоволттой байх нь стрессдүүлэх магадлалтай. Тиймээс дуртай зүйлээ хийх зав чөлөө өөртөө гаргаж байгаарай. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Багш маань намайг үнэлдэггүй байсан болохоор...
Сайн байна уу? Би 15 настай, 10-р ангид сурдаг. Бага байхын л толгой сайтай хүүхэд байсан ч дунд ангид ороход дааж авсан багш намайг огт үнэлдэггүй байсан юм. Бүхий л чадлаараа хичээж, шөнө ч унтахгүй хичээлээ хийдэг байсан. Гэтэл 8-р ангид ордог жилээс хичээл хийх ямар ч урамгүй болж эхэлсэн. Энэ хүртэл хичээсэн зүтгэлийг минь хэн ч үнэлээгүй байхад цаашид хичээх шаардлага юу байна гэж бодоод гар утас болоод бусад зүйлд сатаарах нь их боллоо.
Анхаарал төвлөрөлт муудаж, жижигхэн зүйлээс болж их стрессдэж, сэтгэлээр унаж, нийгмийн идэвхгүй болж, ганцаараа байхыг илүүд үзэж, үг дуу цөөнтэй болсон. Ахлах ангийн дүн ирээдүйн мэргэжил, мөрөөдөл гээд бүхий л зүйтэй холбоотой ч яаж ч хичээсэн энэ байдлаасаа гарч чадахгүй юм. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Хичээж байгаагаа бусдад харуулаарай
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Чиний хичээл зүтгэлийг бусад хүмүүс үнэлээсэй, анхаараасай, дэмжээсэй гэж хүсэж байна гэж ойлголоо. Хүмүүс бие биенээ ойлгож, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нь урам зориг, хичээл зүтгэлтэй байх хүсэл эрмэлзлийг бий болгодог.
Бусдын бидэнд өгч байгаа үнэлгээ чухал ч бид өөрсдийгөө яаж үнэлж байна вэ гэдэг нь илүү чухал байдаг. Хэдийгээр чиний хичээл зүтгэлийг бусад хүмүүс үнэлээгүй ч чи өөрийгөө яаж хичээснээ сайн мэдэж байгаа шүү дээ. Чи өөрийнхөө бүх хүч чадал, хичээл зүтгэлээ дайчилсан. Тийм болохоор үр дүн нь ямар ч байлаа гэсэн өөрийгөө сайн байлаа гээд урамшуулах хэрэгтэй. Бусад хүмүүсээс ирээгүй тэр үнэлэмж, урамшуулал, дэмжлэгээ өөртөө өгөхийг хичээгээрэй.
Мөн хичээж байгаагаа бусдад хэлж харуулж байгаарай. Энэ нь онгирох гэсэн утгатай биш юм шүү. Зарим тохиолдолд чи хэлэхгүй л бол чи ямар их хичээл зүтгэл гаргаж, шалгалтдаа онц авсныг хүмүүс мэдэхгүй өнгөрдөг. Өөрөөр хэлбэл угаасаа л мундаг юм чинь, онц сурдаг юм чинь гэж хандаж байх магадлалтай. Тиймээс бусдад өөрийнхөө юу хийснийг яаж хичээснийг хэлж тайлбарлах нь чамайг ямар их хичээж байгааг харуулах юм. Хүмүүс чамайг үнэлэхгүй байгаадаа биш угаасаа л мундаг юм чинь гээд чимээгүй байгаад байх магадлалтай. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх