Сарын тэмдэг ирэх үед дийлэнх эмэгтэйчүүдийн хэвлий, нуруу орчмоор өвдөж, дотор муухайрдаг. Энэ үеийн өвдөлтийг зүйрлэж хэлэхэд ч хэцүү байдаг шүү дээ. Гэхдээ учир шалтгаангүй өвдөлт гэж байхгүй. Учрыг нь олбол эмчлэх аргаа ч мөн олно. Иймээс дисменорея буюу сарын тэмдгийн өвдөлт, хямралын талаар уншигчдадаа хүргэж байна.
ДИСМЕНОРЕЯ ГЭЖ ЮУ ВЭ?
Өвдөлт нь сарын тэмдгийн мөчлөгийн нэг хэсэг бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 75 орчим хувь нь сарын тэмдэг ирэхээс өмнө эсвэл сарын тэмдэг ирэх үед умайн хүзүү нь татаж, өвддөг аж. Ихэвчлэн хэвлийн доод хэсэг өвддөг ч үүнтэй холбоотой бусад шинж тэмдгүүдийг өдөөж болно.
Тэгэхээр дисменорея гэдэг нь ер бусын өвдөлт бөгөөд аарцагны архаг өвдөлтөд хүргэж болзошгүй хүчтэй таталт юм. Дисменореяг анхдагч болон хоёрдогч гэж ангилна.
АНХДАГЧ БОЛОН ХОЁРДОГЧ ДИСМЕНОРИЯ
Анхдагч дисменория гэж сарын тэмдгийн үед үүссэн базлалтыг хэлнэ. Дисменориягийн анхдагч шинж тэмдгүүдийн үргэлжлэх хугацаа 8-72 цагийн хооронд байна.
Хоёрдогч дисменория нь нэг буюу хэд хэдэн шалтгаантай холбоотойгоор өвддөг. Хоёрдогч дисменорияд эндометриоз, фибройд, полип, эсвэл аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин орно. Энэ нь спираль (жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл) хэрэглэснээс үүдэж өвдөх нь бий. Уг байдал сарын тэмдгийн мөчлөгийн аль ч үед умай, умайн хүзүүний өвдөлтөөр илэрдэг.
ШИНЖ ТЭМДЭГ
Гол шинж тэмдэг нь хэвлийн доод хэсэгт ихэвчлэн мэдрэгддэг хүчтэй, удаан үргэлжилсэн базлалт юм. Мөн дараах шинж тэмдгүүд багтана. Үүнд:
- Нуруу өвдөх, эсвэл хөлөөр тархах өвдөлт /нэг газраас эхэлж, дараа нь илүү том талбайд тархана/
- Дотор муухайрах, бөөлжих
- Суулгах
- Толгой өвдөх
- Булчингийн сулрал эсвэл ядаргаа
ӨВДӨЛТИЙН ШАЛТГААН
Эмэгтэйчүүдийн бие простагландин /физиологийн идэвхт липидийн нэгдэл/ даавар ялгаруулснаар сарын тэмдэг ирэхэд бэлэн болдог. Эдгээр липидүүд нь өвдөлт мэдрэхэд нөлөөлдөг бөгөөд үрэвсэл, цусны даралт, цусны бүлэгнэлтийг зохицуулах дааврын нэгэн адил үйлчилдэг аж.
Умайн гөлгөр булчингууд агших болон амрах зорилгоор дотоод ханаа дагуулж шингэн ялгаруулдаг. Уг агшилт нь сарын тэмдгийн өвдөлтийг үүсгэдэг байна. Иймээс хэрэв биед простагландины хэмжээ өндөр байгаа бол сарын тэмдгийн өвдөлтийн шинж тэмдэг ажиглагдах магадлал өндөр юм. Түүнчлэн сарын тэмдгийн хямралын өөр шалтгаанууд ч нөлөөлж болно. Үүнд:
- 30-аас доош настай
- Сарын тэмдгийн тогтмол бус мөчлөг
- Сарын тэмдгийн их хэмжээний цус алдалт
- Тамхи татах
ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?
Сарын тэмдгийн өвдөлтийг бүрэн эмчлэх арга байхгүй ч өвдөлтийг багасгах эмчилгээний янз бүрийн хувилбарууд бий. Тохирох эмчилгээг олохын тулд эмчтэйгээ ярилцах хэрэгтэй.
1. ӨВЧИН НАМДААХ ЭМ
Өвчин намдаах эм нь толгой, хэвлий, нуруу, хөлний өвдөлтийг түр хугацаанд намжааж өгдөг. Стероид бус үрэвслийн эсрэг эмүүд нь биеэс ялгардаг простагландины хэмжээг бууруулдаг аж. Энэ нь сарын тэмдгийн үеийн өвдөлтийг багасгахад тусална. Гэхдээ хэрэглэхээс өмнө эмэгтэйчүүдийн эмчтэй зайлшгүй зөвлөлдөх шаардлагатайг анхаарна уу.
2. УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭ
Сарын тэмдгийн өвдөлтийг зүү, массаж, хоолны нэмэлт тэжээл, ургамлын гаралтай эмчилгээ зэрэг уламжлалт эсвэл нэмэлт эмчилгээ /иог, бясалгал гэх мэт/-гээр эмчилж болно. Гэхдээ эдгээр аргуудын үйлчлэл нь тухайн хүний биеийн онцлогоос хамааран ялгаатай байна. Өөрөөр хэлбэл эдгээр аргуудыг ямар ч эмэгтэй хэрэглээд өвчинг нь 100 хувь намжаана гэсэн судалгааны үр дүн байхгүй.
Иймээс өвдөлт намдаах арга барил, өвдөлтийг даван туулах оюуны дасгалууд зааж өгөх сэтгэл зүйчтэй уулзаж болох юм.
3. АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГАА ӨӨРЧЛӨХ
Иог, бясалгал, дасгал зэргийг тогтмол хийж, хангалттай унтаж амрах зэргээр стрессийн түвшинг бууруулах гэж оролдоорой. Түүнчлэн ус их хэмжээгээр ууж, эрүүл, тэжээллэг хоол хүнс хэрэглэж, тамхи татахгүй байх нь зүйтэй. Өвдөлт мэдрэгдэж эхлэх бүрд хэвлийн хөндийд халуун жин тавьснаар таагүй мэдрэмжийг арилгаж, тайвшруулна. Мөн таны нөхцөл байдлыг ойлгодог найз нөхөд, гэр бүлийнхнээрээ хүрээлүүлснээр дисменория өвчнийг даван туулах боломжтой.
САРЫН ТЭМДГИЙН ӨВДӨЛТИЙН ХҮНДРЭЛҮҮД
Дисменория өвчнөөр өвдөх нь өдөр тутмын амьдралд саад учруулж, ажил, сургууль, нийгмийн үйл ажиллагаагаа түр хугацаанд орхиход хүргэдэг. Анхдагч дисменория нь дотор муухайрах, нурууны өвдөлт, ядаргаа зэргээс өөр аюултай асуудалгүй. Харин хоёрдогч дисменория нь гадуур жирэмслэлт зэрэг хэтийн асуудал үүсгэж болзошгүй юм.
Эцэст нь хэлэхэд та эсвэл таны ойр дотнын нэгэн сарын тэмдгийн өвдөлтөөс болж сар болгон шаналж байвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Ингэснээр анхдагч эсвэл хоёрдогч дисменориягийн алинаар нь өвдөж буйгаа мэдэж, зохих арга хэмжээг авах боломжтой юм.
Эх сурвалж: Flo.Health
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх