ЗАХИДАЛ: Нэгдүгээр сарын захидлын хариу №3


ССҮТөв | YOLO.MN
2021-01-15

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Өөрийнхөө хамгийн их үзэн яддаг байсан тийм л атаархуу нэгэн болсон

Сайн байна уу? Шинэ оны шинэхэн өдрийн мэнд хүргэе. Зөвлөгөө өгдөгт маш их баярлалаа. Бусдын сайхан өдрийг ийм бүрхэг зүйлээр угтаж байгаад уучлаарай. Би 16 настай, эмэгтэй. Өнгөрсөн жил хүн бүхний хувьд л маш хэцүү байсан. Миний хувьд өөрийгөө бүр мөсөн алдсан жил байлаа. Өглөөний 06 цагаас оройны 23 цаг хүртэл маш завгүй ажиллаж, ядарсан ч өөрийнхөө төлөө гээд өөрийгөө хуураад л ажиллаад байсан. Харин тэр үед найзууд маань ойр ойрхон уулзацгааж, гадуур зугаалж, намайг уулзъя гээд дуудсан ч завгүй гээд уулздаггүй байсан юм. Үнэхээр л ямар ч завгүй байсан. Ажлаа орхиод чөлөө аваад явлаа гэхэд миний оронд ажиллах хүн байхгүй байсан учраас.

Тэгээд нэг мэдэхэд найзуудтайгаа 2019 оны арванхоёрдугаар сараас хойш уулзахгүй байсаар 2020 оны есдүгээр сард уулзлаа. Ажлаасаа гарч хичээлдээ явах хамгийн эхний өдөр надад маш аймшигтай санагдаж байсан. Би яг л нийгмээс тусгаарлагдсан зожиг хүн шиг болчихсон. Өөрийгөө хүчлээд ямар ч гэсэн хичээлдээ яваад очиход найзуудын маань зан ааш маш их өөрчлөгдсөн, гаднах төрх гээд л маш хөөрхөн болцгоосон байсан. Би зүгээр л атаархсан байх. Харин миний хувьд гар хуруу эвдрээд, хичээлдээ ч муу болчихсон. Хүмүүс надтай сайхан харьцдаг цорын ганц шалтгаан бол би өмнө нь хичээлдээ маш сайн байсан. Тэд гэрийн даалгаврыг минь хуулах гэж, хичээлээ заалгахын тулд надтай сайхан харьцдаг байсан. Харин хичээл эхлэх үед би биш миний хичээлийг гуйдаг байсан найзууд гэх хүмүүс надаас илүү болчихсон байсан. Зүгээр л хичээлдээ муу болчихсон болохоор намайг хэнд ч хэрэггүй гэж бодоод надтай их муухай харьцдаг болсон.

Хамгийн чухал зүйл нь би өөрийгөө хэн, ямар зан ааштай, ямар зорилготой, юуг хүсэж мөрөөддөг байсныг мэдэхгүй байна. Өмнө нь ямар хүн байснаа мэдэхгүй ч яг хичээл орох үед би өөрийнхөө хамгийн их үзэн яддаг байсан тийм л атаархуу нэгэн болсон. Энэнээс болоод их олон хүнтэй муудалцсан. Бүр сүүлдээ яг нийгмээс хязгаарлагдмал, хэнд ч хэрэггүй хүн болсон мэт санагдаж байна.

Сарын өмнөөс зан аашаа өөрчилж эхэлье гэж шийдсэн. Найзуудтайгаа утсаар яриад уучлалт гуйж чаталж эхэлсэн. Гэхдээ чатлахдаа зүгээр л найзуудыгаа магтаж өөрийнхөө дотор ямар хэцүү байгааг хэнд ч хэлж чадаагүй. Энэ л тэдэнд таалагддаг. За би яг энэ байдлаараа байя гэхээр миний дотор маш хэцүү, би ийм хүн биш юм шиг санагдаад үнэхээр өөрийгөө олж чадахгүй байна.

2. Аливаа юмыг хэт их төсөөлж бодоод байна. Болоогүй байгаа зүйлсийг бодож байна. Жишээ нь шалгалт өгчхөөд ч юм уу нэг тэмцээний хариугаа хүлээхдээ өөрийгөө тэнцэж байна гэх мэтээр маш их төсөөлдөг. Зогсоох ёстой гэж бодсон ч ингэж төсөөлснөөр би өөрийнхөө хэзээ ч хүрч чадахгүй тийм мэдрэмжүүдийг мэдэрдэг. Энэ нь надад маш сайхан санагддаг учраас үнэрээр зогсоож, бодит байдалтай эвлэрч чадахгүй байна. Яаж зогсоож бодит байдалтай эвлэрэх вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Бид аливаа өөрчлөлтөд сэтгэл санааны хувьд тодорхой хэмжээнд хямардаг

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Ажил хийсэн чинь маш бахархалтай байна. Зүгээр суугаагүй байна шүү дээ. Шууд өөрчилж болохгүй, яах аргагүй цаг хугацаа шаардлагатай зүйл гэж бий. Гадаад төрх, арьс арчилгаа гэх мэт зүйлийг шууд өөрчилж чадахгүй ээ. Цаг хугацаа орно. Үр дүнд биш үр дүнд хүрэх үйл явцад анхаарлаа төвлөрүүлээрэй. Мөн хичээл эхлэхэд зарим зүйлс өөрчлөгдсөн учраас дасан зохицох хугацаа хэрэгтэй байгаа болов уу.

Бид аливаа шинэ зүйлс эсвэл өөрчлөлтөд тодорхой хэмжээнд сэтгэл санааны хувьд хямардаг. Өөрт юу тохиолдож буйгаа ойр тойронд байгаа хүмүүстээ хэлэхгүй бол чамайг яагаад байгааг тааж мэдэхэд хэцүү шүү дээ. Хэрвээ нуугаад л байх юм бол хүмүүс чамд ямар хэцүү байгааг ойлгох болов уу?

Өөрийнхөө төлөө хичээлээ хийгээд байна уу? Бусдад таалагдах гэж хичээл хийгээд байна уу? Хичээл нь ой тогтоолт, анхааралтай салшгүй холбоотой. Богино хугацааны ой тогтоолт нь урт хугацааны ой тогтоолт руу шилждэг. Хичээл энэ загвараар л явагддаг. Энэ үед анхаарал чинь бүрэн гүйцэд хичээлийн cэдэв рүү анхаарч чадаж байгаа юу? Эсвэл бусад хүмүүс дээр анхаарал чинь байгаад байна уу?

Биднээс хамаарах, хамаарахгүй зүйлс гэж бий. Бусдын бодлыг бид хянах боломжгүй харин өөрсдийн бодлыг хянах, юунд анхаарлаа төвлөрүүлэхээ хянах боломжтой. Одоо чи өөртөө л анхаарч байна уу? Бусдын бодолд л анхаарч байна уу? Эдгээр асуултад хариулаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Ээжтэйгээ дотно хэрнээ хөндий харилцаатай байдаг

Сайн байна уу? Би 13 настай. 8-р ангид сурдаг. Би Ээжтэйгээ их дотно хэрнээ хөндий харилцаатай байдаг. Ерөнхийдөө бол ээжтэйгээ сайхан харилцаатай байдаг ч охидын аминчхан яриа өрнүүлж чаддаггүй гэсэн үг л дээ. Өөрийнхөө нууцуудыг хэлэхгүй. Тийм сэдвээр ярих гэхээр ээж уурлаж намайг ойлгохгүй юм шиг санагддаг.

Манай ээж ойрд их ууртай болоод байгаа л даа. Жаахан зүйл дээр уурлаж уцаарлаад. Ойрд ээж шиг минь санагдахгүй байгаа. Гэхдээ би ээжийгээ ойлгож байгаа. Ээжид маань мөнгө ажил гээд бишгүй л асуудал байж таарна. Ажилдаа дарагдаад л уурлаж байгаа байх. Гэхдээ би ээжийгээ өмнөх шиг нь болгомоор байна аа. Би яг юу хийх ёстой вэ?

Мөн манай найзууд ээжтэйгээ чөлөөтэй ярилцдаг. Ээж нар нь ч мөн их нээлттэй хүмүүс шиг санагддаг ч манай ээж л нэг л дотогшоо бүрэг хүн шиг санагддаг.Зарим кинон дээр охид ээжтэйгээ нээлттэй ярилцаж, ээж нь охиныхоо үерхэл нөхөрлөлийн асуудлуудыг дэмжиж ойлгодог. Энийг хараад сэтгэлээр унах юм. Би яг яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Ээж чинь чамтай ярилцана гэдэгт итгэлтэй байна

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өмнө нь ээжтэйгээ өөрийн талаар ярих гэсэн аминчхан яриа эхлүүлэх оролдлого хийж үзсэн үү? Ээж чинь үнэхээр сонсохгүй юу? Эсвэл “сонсохгүй байх” гэсэн өөрийн чинь л бодол уу? Аливаа үйл явдал болоогүй байхад ингэх байх, тэгэх байх гэж ургуулж бодох нь аливаа үйлдлийг хийх анхны алхмыг маань хойш нь татаад байдаг. Тиймээс ээжээ хоёулаа ярилцах уу? Та завтай байна уу? Намайг сонсох хүн хэрэгтэй байна гэх мэт асуултууд ээжээсээ асуугаарай. Үүнд ичих, санаа зовох зүйл байхгүй шүү. Ээж чинь чамайг сонсоод ярилцана гэдэгт итгэлтэй байна.

Мөн ээж чинь тусдаа бие даасан хүн шүү дээ.Харилцааны тал дээр алдах, онох зүйл бий. Эцэг эх бол хүүхдүүдийн хувьд төгс нэгэн байх ёстой гэсэн хандлага байдаг. Гэсэн ч тэд үргэлж төгс байж чадахгүй, энэ ч боломжгүй зүйл юм. Тиймээс ээжийгээ одоо ойлгож байгаа шигээ цаашид ч ойлгож дэмжихийг хичээнэ гэдэгт итгэлтэй байна. Ойлгож дэмжинэ гэдэг маань өөрийн зүгээс хийж чадах боломжтой зүйлээ л хийхийг хэлж байгаа юм шүү. Чиний хувьд хийх зүйл нь ээжийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх юм. Ээж нь бусад ээжүүд шиг нээлттэй биш байгаа ч өөрийн гэсэн онцлогтой. Магадгүй ээжийнх нь бие хүний онцлог дотогшоогоо чиглэсэн хэв шинжтэй байж болно. Тиймээс эхлээд ээжийнхээ бие хүний онцлогийг хүлээн зөвшөөрч, дараа нь ээжээсээ хүсэж буй зүйлээ хэлж харилцан тохиролцоорой. Тохиролцоно гэдэг хоёр талд ашигтай байхыг хэлдэг шүү дээ. Мөн тусламж хэрэгтэй байгаа эсэхийг асуух, санаа тавих /мөрийг нь барьж өгөх, халуун хийж өгөх гэх мэт жижиг үйлдлүүд/ нь бага ч гэсэн туслах болов уу. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Өөрийнхөө аашнаас болж найзуудаа алдсан

Сайн байна уу? Танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе! Би 15 настай, эмэгтэй. Сүүлийн хэдэн жил би өөрийнхөө аашнаас болж олон найзуудаа алдсан. Гэхдээ миний гаргадаг ааш бусадтай маргалдаж, хэрэлдээд байдаг төрлийнх биш. Харин би найзуудаараа тоглоом шоглоом их хийж, үл тоож, эмзэг сэдвийг нь хөндөж, хэрэг гарсан үед хажууд нь байдаггүй. Өөрийгөө байж болох хамгийн муу найз гэдгээ мэдэх ч яаж ч хичээсэн энэ зангаа засаж чадахгүй юм. Миний хэрэг гарсан тэр үед би хажууд нь хэзээ ч байдаггүй хэрнээ тэд намайг хэцүү байдалд орсон үед үргэлж түшиж дэмждэг. Хэцүү байдалд оруулж, болох болохгүй зүйл ярьж байгаад маш их гомдоодог боловч хэд хоног араас нь чат бичиж байгаад л эргээд хоорондоо эвлэрдэг.

Заримдаа энэ бүхний дараа хүртэл яагаад намайг уучлаад байгааг нь ерөөсөө ойлгодоггүй. Хэчнээн эргээд эвлэрмээр байгаа ч тэдэнд би хэрэггүй гэдгийг цаанаасаа ойлгоод, заримдаа хэдэн хоногоор юм ярьдаггүй. Тэгсэн ч тэд гомдсон хэрнээ эргээд надаас уучлалт гуйдаг.

Харин энэ удаа би тэднийг алдах гээд байна. Чатанд хариу өгөхгүй, story-гоо надаас hide хийчихсэн. Уучлалт гуйсан ч уучлахгүй гэдгийг нь баттай мэдэж байгаа болохоор зүгээр орхиод явуулахаас өөр юу ч хийж чадахгүй юм. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Чи найзууддаа хэр их итгэдэг вэ?

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Нөхөрлөлийн харилцаан дахь өөрийн зарим дутагдалтай талаа олж харан засах гэж хичээж захидал илгээж байгаа нь сайн хэрэг. Найзуудынхаа эмзэг сэдвийг хөндөж эсвэл үл тооход ямар бодол, мэдрэмж нөлөөлж байна вэ?

Найзуудын харилцаанд итгэлцэл маш чухал байдаг. Бие биедээ итгэх итгэл бий болсон үед бодол мэдрэмжээ чөлөөтэй хуваалцаж, өөрийн эмзэг талаа харуулж, нууцаа ярьж илүү ойр дотно байх боломжтой бүрддэг. Харин чи найзууддаа хэр их итгэдэг вэ? Найзууддаа өөрийнхөө талаар хэр их ярьдаг вэ? Захидлаас найзуудыгаа гомдоогоод байгаа үйлдлүүдээ мэдэж байна гэж ойлголоо. Гол нь яаж энэ үйлдлүүдээ засах вэ? Засах гэж оролдож байсан уу? Засахын тулд ямар үйлдэл хийж байсан бэ? Ямар нэгэн алхам хийж байсан уу? Бидэнд өөрийгөө өөрчлөхийн тулд олон удаагийн оролдлого хэрэгтэй байдаг.

Мөн бид үйлдлээ засахын тулд өөрийгөө хянах шаардлагатай болдог. Өөрийгөө байнга ажиглах хэрэгтэй гэсэн үг юм. Жишээ нь ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө зогсож би энэ үүнийг заавал хэлэх шаардлагатай юу? Энэ хүнд ямар санагдах бол гэдгийг бодож өөрийгөө хянаарай. Эхэндээ хэцүү байх нь мэдээж. Байнгын өөрийгөө хянаад л, бусдыг л бодоод байх юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ дадал болчих юм бол тархи автоматаар бодож, бие автоматаар үйлдэл хийдэг болдог. Тиймээс байнга хийснээр, үргэлж хичээснээр л өөрчлөгдөх боломжтой юм шүү.

Мөн найзууддаа өөрт төрж буй бодол мэдрэмж, эвлэрмээр байгаагаа илэрхийлж ярилцахыг хичээгээрэй. Цаашид яах вэ гэдэг шийдэлд төвлөрч ярилцах нь үр дүнтэй байж болох юм. Хэрэв ярилцахад хэцүү байвал тус бүрд нь захидал бичээд үзээрэй. Хэрэв найзууд нь чиний хүсэлтийг хүлээж авахгүй бол тэдний шийдвэрийг хүндэтгээрэй. Бид бүхий л харилцаанаас ямар нэгэн зүйл суралцаж, туршлага хуримтлуулж байдаг юм шүү. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Гэртээ байхаар сатаараад хичээлээ давтаж чадахгүй байна

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Энэ жил ЭЕШ өгнө. Хичээл хэвийн ордог байхад шалгалтдаа бэлдээд давтлагаас давтлагын хооронд гүйдэг байсан. Долоо хоногийн долоон өдөр хичээл, давтлага гээд л. Тэр үед үнэхээр дарамттай юм шиг санагдаж байсан. Харин одоо хөл хорио гээд хоёр сар гаран гэрээсээ гараагүй. Гэртээ хичээлээ хийгээд сайн юм болж гэж бодсон боловч яг үнэндээ гэртээ байгаад байхаар сүүлдээ хичээлээ хийх ёстой гэдгээ мэдэж байгаа мөртлөө яг хийе гээд суухаар хийж чадахгүй шал өөр зүйл хийгээд, хичээл хийх ямар ч хүсэлгүй болоод байх юм. Орой нь маргааш тийм тийм зүйл хийнэ гээд төлөвлөдөг боловч нэг л мэдэхэд алийг нь ч хийж чадаагүй байж байдаг. Яг ийм үед яаж өөрийгөө дайчилж хийх ёстой зүйлээ хийх вэ? Яаж өөрийгөө авч гарах вэ гэдгээ мэдэхгүй байна л даа.

2. Бас ЭЕШ өгөх хоёр хичээлээрээ давтлага авч байгаа боловч гурав дахь хичээлээ бүр хаячихсан. Багш хөлсөлж давтлага авмаар байгаа боловч төлбөрийн асуудалтай болоод, бие дааж бэлдье гэхээр яг яаж бэлдэхээ мэдэхгүй үнэхээр хэцүү байна.

ЗӨВЛӨГӨӨ: Орчиндоо дасан зохицож, шинэ дадал бий болгох боломжтой.

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Хичээлээ хийхэд чамд юу саад болж байна вэ? Бидэнд ямар нэг зүйл хийхэд дасал болсон газар гэж байдаг. Тухайлбал, сургууль дээр хичээлээ хийх нь гэртээ хичээлээ хийхээс илүү үр дүнтэй байх нь бий. Учир нь бид гэрийг амрахад зориулсан газар гэж бодож буй тохиолдолд гэртээ хичээлээ хийх нь хэцүү байдаг. Гэвч орчиндоо дасан зохицож, шинээр дадал бий болгох боломжтой байдаг. Ингэхдээ өөртөө хуваарь гарган хэд дэх өдөр, хэдэн цагт ямар хичээлээ давтахаа өөрт харагдахаар том эсвэл тодоор бичээрэй. Хувиараа гаргахдаа амрах, хичээлээ хийх, утас үзэх, гэрийнхэндээ цаг гаргах, дасгал хийх, дуртай зүйлээ хийх гэх мэт олон зүйлийг хувааж төлөвлөөрэй. Бид төлөвлөгөө гаргахдаа нэг бол зөвхөн хичээлээ хийнэ эсвэл амарна гэж төлөвлөх хандлагатай байдаг. Энэ нь төлөвлөгөө, хуваарийг бодит бус болгодог байна.

Мөн давтах хичээлийн агуулгаа гаргаж давтсан тохиолдолд урд талд нь “зөв” тэмдэглэгээг тэмдэглээрэй. Ийнхүү даалгавар гүйцэтгэх нь аз жаргалын даавар ялгаруулж урамшууллын мэдрэмж төрүүлдэг. Тиймээс өөртөө хичээллэх булан гаргаж, эргэн тойрны хүмүүстээ хичээллэж байхад чамд саад болохгүй байхыг хүсээрэй. Хичээлээ хийхдээ зөвхөн тэр буландаа хичээллэж хэвшээрэй. Мөн хичээлээ хийх үедээ анхаарал сарниулах зүйлсээ өөрөөсөө холдуулаарай. Санаа зовж буй хичээлээ давтахдаа ч мөн адил ийнхүү хуваарь гарган давтах боломжтой. Түүнчлэн ижил хичээлээр ЭЕШ өгөх хүүхдүүдтэй видео дуудлага хийж хоорондоо ярилцан хамтран хичээлээ давтаж болно шүү дээ. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter