Илүүдэл жинтэй гэх шалтгаанаар УНТУУЛАХ гэж байсан нохойг аварчээ


Миау | YOLO.MN
2020-08-22

Ноход хоолонд их дуртай. Тэд дөнгөж саяхан хооллосон ч эзнийгээ хооллоход нь хоол нэхээд сууж байхаас буцахгүй "нөхдүүд" шүү дээ. Тэгвэл одоо та бүхэнд эзнээсээ хоол нэхсээр байгаад бөмбөг шиг болтлоо таргалчихсан нэгэн нохойн түүхийг хуваалцъя. 

Кай нэртэй "Golden Retriever" үүлдрийн нохойг өмнөх эзэд нь хэт их хэмжээгээр хооллодог байжээ. Нас бие гүйцсэн "Golden Retriever" үүлдрийн нохой дунджаар 25-35 килограм жинтэй байдаг бол Кай маань идсээр байгаад 80 гаруй килограм жинтэй болчихсон байсан аж. Тэр энгийн нохдын адилаар гүйх, тоглох нь байтугай арай хийн хөдөлдөг байсан тул эзэд нь түүнийг унтуулахаар мал эмнэлэгт хандсан байна. Гэвч мал эмнэлгийн эмчид энэ хөөрхөн амьтныг унтуулна гэхэд дэндүү хайран санагдсан тул амьтны асрамжийн газартаа үрчлэн авжээ. 

Удалгүй Кайг нэгэн сайхан сэтгэлтэй бүсгүй үрчлэн авч жин хасах хөтөлбөрт хамруулсан байна. Ингээд Кай жингээ бага багаар хассаар буцаад хэвийн жиндээ очиж, сэргэлэн цовоо байдлаа эргүүлэн авсан аж. 

2019 онд хийгдсэн нэгэн судалгаагаар "Golden Retriever" үүлдрийн ноход нь дэлхий дээр хамгийн өргөн тархсан үүлдрийн жагсаалтын гуравдугаар байрт орсон байдаг. Энэ үүлдрийн ноход хүүхдэд их элгэмсэг ханддаг тул гэр бүлээрээ тэжээхэд тохиромжтой гэж үздэг билээ. Ухаантай, хайр татам, хөдөлгөөнтэй, сургалт сайн авдаг, үнэнч гээд маш олон сайн зан чанартай тэдний ганц сул тал нь хоолонд "нугасгүй" байдаг явдал. Тиймээс та энэ үүлдрийн нохойг тэжээдэг аль эсхүл тэжээхээр зэхэж буй бол хооллолтод нь онцгой анхаарах хандуулаарай гэж зөвлөе. 

Эх сурвалж: Bored Panda

#Амьтад #Нохой