ЗАХИДАЛ: Наймдугаар сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2020-08-11

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Амиа хорлох тухай бодох болсон

Сайн байна уу? Би эмэгтэй, 17 настай. Би өөрийгөө ерөөсөө хайрлаж чадахгүй байна. Гадаад үзэмж, зан ааш, авьяас гээд бүх зүйл дээр өөрийгөө голоод өдөр бүр өөртөө итгэлгүй байдаг. Энэ байдал маань 2-3 жилийн турш үргэлжилж байна. Өнгөрсөн жилээс амиа хорлох тухай хүртэл боддог болсон. Тухайн үедээ би өөрийгөө тайвшруулахыг хичээж тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Үр дүнгээ ч өгсөн. Би хичээлдээ явах бүрдээ хүмүүсийн харцнаас айж “намайг муухай гэж бодож байгаа, намайг царай муутай, муухай ааштай гэж боддог” хэмээн өөрийгөө үзэн ядсаар л байсан. 

Найзууд, үе тэнгийн хүүхдүүд бүгдээрээ хүнтэй үерхдэг. Харин би хэзээ ч хүнтэй үерхэж үзээгүй. Үүнээс болоод дахиад л өөрийгөө голоод өөрийгөө муухай гэж бодох болсон. Гэхдээ сургуулийнхаа нэг хүүхдэд сайн болсон л доо. Харин сайн гэдгээ хэлээгүй, зориглож чат бичиж ч үзээгүй. Найзууддаа хэлтэл “Чи эмэгтэй нь гээд хүлээхийн оронд түрүүлээд чат бич” гэсэн. Яг үнэндээ их зан гаргасан юм биш айсан юм. Хэрвээ сайн гэдгээ хэлбэл намайг тоохгүй, мөн хүүхдүүд намайг “Тэрэнд хаягдсан гэсэн” гэж ярихыг сонсмооргүй байсан. Удалгүй өвчин гарч гэртээ байх болсон болохоор бага багаар энэ тухай мартаж өөрийгөө чөлөөлж эхэлсэн. Найзууд маань ч “Чиний муухай ааш чинь засарч байгаа” гэх болсон.

Гэхдээ удахгүй хичээл орж эхэлнэ гэж бодох тутамд л дахин дахин санаа зовж, хичээл орвол юу болох бол гэхээс санаа зовж эхэлсэн. Мөн дахиад л амиа хорлох тухай бодлууд толгойд минь эргэлдэх боллоо. Энэ тухайгаа хүнд хэлж чадахгүй байна. Нэг удаа найздаа хэлсэн ч огт тоохгүй байсан. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах ёстой гэсэн ч төлбөрийн хувьд хэцүү байна. Эцэг эхдээ энэ тухайгаа хэлж чадахгүй, хэлсэн ч тоохгүй. Би яг яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг зөвлөж байна

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Ихэнх өсвөр насныханд өөрийгөө голох тохиолдол байдаг. Түүнчлэн өсвөр нас өнгөрөөд насанд хүрэх үед биеийн ялгаа, онцлог тийм ч чухал биш болж, хэн нь юу мэддэг вэ ямар чадвартай вэ гэдэг чухал болж эхэлнэ. Юуны түрүүнд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөөс эхлэхийг зөвлөж байна.

Хэрэв байгаадаа үнэхээр хангалуун биш байгаа бол өөрийнхөө хэмжээнд авч болох арга хэмжээнүүдийг авч мэдээж болно шүү дээ. Жишээ нь өөрийгөө хөгжүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдаж ямар чадвартай билээ гэдгээ олж мэдэх, эсвэл гадаад үзэмж болон хувцаслалтдаа багахан анхаарах гэх мэт. Ямартай ч өөрийн үнэлэмж гэдэг зүйл зөвхөн гадаад үзэмж, зан ааш, авьяас гэх мэтээс биш тухайн хүн өөрийнхөө байгаа байдлыг бодитой хүлээн зөвшөөрч, түүнийгээ сайжруулахын төлөө хичээж, тэр бүх чармайлтаасаа сэтгэл ханамж авахаас бүрэлдэн тогтож байдаг тул өөрийгөө голоод суулгүй ямар нэгэн зүйл хийж эхлээрэй.

Одоогоор чи “бусад хүмүүс намайг юу гэж бодох бол, би ямар харагдаж байгаа бол, намайг муухай гэж хэлэхвий” гэсэн бодлоор л дүүрэн байгаа бололтой. Бусдын бодлын тухай хэт их бодох нь өөрийнхөө бодлыг үнэлэхгүй байна буюу өөрийгөө үл тоож байна гэсэн үг. Тэд юу гэж бодох тийм ч чухал биш, чи юу гэж бодож байгаа нь чухал. Энэ үгийг бүрэн ойлгож, хүлээж авбал чиний айдас арилах болов уу. Амиа хорлох талаарх бодол тасралтгүй орж ирээд байвал сэтгэл гутралын шинж тэмдэг байж болно. Энэ үед зайлшгүй сэтгэл зүйчтэй уулзаж, тусламж авах хэрэгтэй. Төлбөргүй зөвлөгөө өгдөг газрууд байдаг. Жишээ нь: дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйчид хандаж болно. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр


АСУУДАЛ: Гэр бүлийнхэн маань намайг сэтгэцийн өвчтэй мэтээр харж эхэлсэн

Сайн байна уу? Өмнө нь гэр бүлийн асуудлын талаар авсан зөвлөгөөний дагуу ярилцаж, ойлголцож хавьгүй дээрдсэн. Харин одоо бас нэг асуудал тулгарчихлаа. Би дөнгөж 15 настай ч өөрийгөө хөвгүүд бас охид сонирхдог гэж боддог болсон. Ер нь өөрийгөө ажиглахад bisexual юм шиг санагддаг. Ингэж бодоод бараг нэг жил гаран болж байгаа ч сүүлийн хэдэн сар илүү их боддог болсон. 

LGBTQ ийн талаар их судалдаг болсон. Энэ талын кино, ном зохиол, дуу сонирхдог болсон. Эрэгтэй эмэгтэй хосуудаас илүү gay, lesbian хосууд илүү санагдаад байдаг. Хамгийн дотны хоёр найздаа дараалж сайн болсон (найзаас өөр мэдрэмж төрдөг болсон). Энэ тухай найзууддаа хэлэхэд намайг маш их ойлгосон. Энэнд нь их баярладаг. Саяхан үерхээд салсан хөвгүүн маань салахдаа өөрийгөө “gay юм шиг байна” гэж хэлсэн. 

Яг бодоод үзэхээр нас маань ийм бага байгаа юм чинь энэ зүгээр л нэг түр зуурын зүйл гэж бодоод энэ талаар тоохгүй байж, хичээл ном, хоббиндоо анхааръя гэж бодсон. Гэвч саяхан гэрийнхэн маань намайг энэ талын зүйл сонирхдог талаар мэдээд намайг энгийн биш мэт аашилж эхэлсэн. Бараг л сэтгэцийн өвчтэй мэтээр харж эхэлсэн. Одоо намайг болихыг шаардаж байгаа. Хэцүү үед маань тусалсанд маш их байрлалаа. Өөрийгөө хүчилж, сонирхож байгаа зүйлээ болих хэрэгтэй юу? Эсвэл энэ чигээрээ байсаар байгаад том болоод зүгээр болох болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Энэ бол сэтгэцийн асуудал биш, энэ бол хүний эрх

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Өсвөр насныхан өөрийн бэлгийн чиг хандлагыг тодорхойлох гэж олон зүйл турших, эргэлзэх нь хэвийн зүйл. Чи ч, салсан найз хөвгүүн нь ч өөрийн чиг хандлагыг ойлгох гэж хичээж байгаа болохоос одоогоор шууд гей эсвэл байсексуал гэж тодорхойлох нь эрт байх. Чи өөрөө ч мэдэж байна шүү дээ. Хичээл, хобби, олон нийтийн үйл ажиллагаа, сайн дурын ажил гээд хийх зүйл их байна. Эдгээртээ төвлөрч байх хоорондоо өөрийгөө ажиглаж байж болно. Хэрвээ чи энэ бүхний эцэст би үнэхээр байсексуал юм байна гэж ойлговол энэ нь тийм буруу, байж боломгүй зүйл биш гэдгийг өөртөө сануулаарай.

Бусад улсуудад ижил хүйсийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөг болж байна. Манай улсын хувьд жил ирэх тусам ЛГБТ хүмүүсийн талаарх ойлголт эерэгжиж байгаа ч ялангуяа ээж, аав нарын хувьд энэ нь ойлгомжгүй, байж боломгүй зүйл мэт хэвээр байна. Өөрийгөө илчилсэн хүүхдийн эцэг эх нь түүнийг сэтгэцийн өвчтэй болчихож гэж ойлгоод сэтгэл зүйчид хандах нь их байдаг. Тэр үед бид “энэ бол сэтгэцийн асуудал биш, энэ бол хүний эрх” гэдгийг тайлбарлаад буцаадаг. Хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Амжилт хүсье. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Би юу ч мэдрэхгүй байгаа юм шиг санагдах боллоо

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би 18 настай, эрэгтэй, оюутан. Би юу ч мэдрэхгүй байгаа юм шиг санагдах боллоо. Хүмүүсийг инээлгэдэг зүйл намайг инээлгэдэггүй, хүмүүсийг уурлуулдаг зүйлд уурладаггүй. Магтах болон муулахад хүртэл баярлах гомдохын аль нь ч мэдрэгдэхгүй. Тиймээс зарим нэг нөхцөлд орчин тойрныхондоо хачин харагдаж анхаарал татахгүйн тулд хүчээр инээж бас уурлана. Ийм байгаагаа түрүү жил анзаарсан ч засах сонирхол байгаагүй. Учир нь уурлахгүй байгаа нь надад хэрэгтэй юм шиг санагддаг байв.

Гэтэл саяхнаас уурлахгүйн зэрэгцээ хүнийг ч бас хайрлахгүй байгаагаа ойлгосон. Гэхдээ энд хайрлахгүй гэхээс илүү empathy-гүй болсон гэвэл онох байх. Энэ янзаараа явбал ирээдүйд улам л хоосон сав шиг болох юм шиг санагдаж байна. Би яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Нийгэмтэй өнгөрөөдөг цагаа нэмээд үзээрэй

Сайн уу, захиа илгээсэнд баярлалаа. Ямар ч мэдрэмжгүй байх нь тийм ч хүсмээр зүйл биш байх. Ялангуяа үүнээс болоод нийгэмтэй зохицож чадахгүйд хүрвэл бүр ч анхаарах хэрэгтэй асуудал гэсэн үг. Энэ шинж тэмдэг ихдэхээрээ шизойд эмгэг болдог (schizoid personality disorder). Үүнийг мөн эсэхийг мэдэхийн тулд заавал сэтгэцийн эмчтэй уулзаж оношлуулах шаардлагатай. Ерөнхийдөө нийгмээс хол, ганцаараа их цаг өнгөрөөдөг, бусдаас өөр зүйл сонирхдог, хэт их өөрийнхөө бодолд төвлөрдөг хүмүүст чамтай ижил шинжүүд илэрдэг (энэ нь заавал эмгэгийн түвшинд байх албагүй). Хэрвээ чи ч мөн ингэдэг бол нийгэмтэй өнгөрөөдөг цагаа нэмээд үзээрэй. Бусдын юу сонирхдог, юу боддогт анхаараад үзээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Хичээлээ хийсээр ирсэн болохоор яг юунд дуртайгаа мэдэхгүй байна

Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Би 15 настай. Ахлах ангид орох гэж байгаа. Би гуравхан жилийн дараа сургуулиа төгсөөд их сургуульд орно. Гэхдээ надад ямар нэгэн төрлөөр сурна, ингэнэ тэгнэ гэсэн зорилго байхгүй. Зүгээр л хичээлээ хийсээр ирсэн болохоор яг юунд дуртай үгүйгээ ч сайн мэдэхгүй юм. Сайн дүн авч байвал аяндаа арга нь олдох байх гэж бодсон ч сүүлийн үед дүн маань ч буураад байх шиг...

Бас мөрөөдөл, ирээдүйнхээ талаар бодох ёстой болоод байдаг... Хааяа сургууль дээр мөрөөдөл, ирээдүйн мэргэжлийн талаар асуухад юу ч хамаагүй хэлчихдэг болсон. Заримдаа орондоо орчихоод бодохоор толгойд юу ч орж ирэхгүй. Бодохгүй байя гэхээр болохгүй. Юу ч хамаагүй оролдоод үзье гэхээр хэцүү байвал, сонирхолгүй байвал яах бол гээд л. Тэр олон мэргэжлийн дундаас аль нь ямар ажил хийдгийг бүрэн төгс мэдэхгүй болохоор, мэдэхгүй л юм чинь тэгээд л... Уг нь ямар нэг салбар, мэргэжил аваад тэрийгээ хичээгээд хийнэ гэвэл юуг ч хамаагүй төгс хийж чадах итгэл байгаа ч яагаад ч юм айгаад байна.

Амьдрал ганцхан шүү дээ. Айлын том болохоор эцэг эхдээ хурдхан шиг л тус болмоор байдаг. Тэнэг юм шиг яваад байж болохгүй шүү дээ. Хэсэг амраад элдэв янзын зүйлс туршиж, дуртай зүйлээ олъё гэсэн ч тэр хугацаа хайран санагдаад байгаа ч юм шиг. Яах учраа сайн олохгүй л байна. Мэргэжил гэдэг зүйлийг тус бүрчлэн биш юмаа гэхэд зарим мэргэжлийн тухай ч болов маш дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг газар юм уу сайт юу байдаг юм. Ер нь байхгүй гэж ойлгодог. Зүгээр л мэргэжлийн нэрний жагсаалтууд. Тэр дундаас гурвыг сонгож бич ч гэх шиг /сургуулиас, улсаас мэдэхгүй ээ юутай ч авсан судалгаа/. Ямар ч утгагүй. Бид нарт тиймэрхүү лекц гэх мэт зүйлс ордоггүй болохоор ойлгох ч үгүй юм. Өөрийгөө ч мэдэхгүй юм. Тэгээд л нэг мэргэжил сонгочихдог гэтэл зах зээлд маш их, ямар ч үнэ цэнэгүй мэргэжил байвал яах вэ гэсэн бодол бас зэрэгцээд л... Яг яах ёстой юм бол доо? Эсвэл зүгээр хугацаа өнгөрөхийг хүлээж л байх уу? Миний бодлоор надад ямар нэгэн дуртай зүйл бий болно гэдэгт нэг л итгэхгүй байна...

ЗӨВЛӨГӨӨ: Дэмий санаа зовоход үүнээс илүү их цагаа үрдэг

Сайн байна уу? Захидал ирүүлсэнд тань баярлалаа. Юуны өмнө чамд тохиолдож буй асуудал өсвөр насныханд тохиолддог асуудлуудын нэг. Ганц чи биш, чиний үеийн өөр хүүхдүүд энэ асуудалтай нүүр тулан сууж байгаа байх. Амьдралын зорилгоо хүн зүгээр сууж байгаад олж тэмүүлдэггүй. Энэ насан дээр сонирхлыг чинь татсан зүйл болгоноо, боломжоороо туршиж үзэж байх хэрэгтэй. Тэр дундаас чи өөрийн сонирхлын мэргэжлээ олох боломжтой. Усанд хэзээ ч сэлж үзэхгүй бол усанд сэлэх дуртай эсэхээ яаж мэдэх вэ гэдэгтэй л ижил. Үүнийг цаг үрсэн зүйл гэж харах хэрэггүй. Дэмий санаа зовоход үүнээс илүү цагаа хүн үрж байдаг. Хэрвээ мэргэжил сонголтын мэдээлэл хангалттай байхгүй байвал чи өөрөө судлаад, үеийнхэндээ зориулан мэдээлэл өгөх кампанит ажил эхлүүлж болно шүү дээ. Нийгэмд ямар нэг зүйл буруу байна, дутуу байна гэж анзаарсан хүн өөрөө л алхам хийхгүй бол тэр асуудал шийдэгдэхгүй. 

Чамд цаг байгаа. Ахлах анги гэдэг чиний хувьд бие дааж, өөрийгөө хөгжүүлэх нас чинь юм шүү. Бас чиний айдас чамд саад болж байх шиг байна. Зарим хүмүүс нэг ажлаа эхлүүлчхээд дуусгаж чадахгүйгээс айдаг бөгөөд зарим нь эхлүүлэхээс айдаг. Хэрэггүй юм хийх гээд байгаа ч юм шиг мэдрэмж төрөөд больчихдог. Зүгээр л оролдоод үз, хийгээд үз, сонирхоод үз... Бид чинь суралцаж амьдардаг шүү дээ. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Э. Анудар


АСУУДАЛ: Секс хийвэл илүү дотно болно гэсэн

Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Би Америкт ирээд удаагүй байгаа. Энд ирээд шууд л каринтинд орсон. Тэгээд нэлээн удаан ямар ч найзгүй байсан. Саяхан хэдэн монгол хүүхдүүдтэй найзалж эхэлсэн. Тэр дундаас нэг хүү надад таалагддаг. Тэр удахгүй 18 хүрнэ. Анх уулзахад манай найз таалагдсан бололтой сонин байсан. Тэр хүү өөрийгөө надад таалагддаг гэдгийг мэдэж байсан. Найз маань ч мэдэж байсан. Тэгээд би хоёуланд нь гомдож уурласан. Дараа нь найзаасаа харилцаагаа тасалсан.

Гэтэл удаачгүй нөгөө хүү найзтай минь харьцахаа больж надтай буцаад харьцаж эхэлсэн. Тэгээд хамгийн гол нь түүнтэй уулзахаараа юу ч дуугарч чаддаггүй. Юм яръя гэхээр толгойд юу ч орж ирэхгүй үнэхээр хэцүү байдаг. Үүнээс болж надтай харьцах дургүй байдаг байх гэж боддог. Уул нь би таалагддаг гэсэн. Бас тэр юм ярихдаа хоёулаа секс хийвэл илүү дотно болно гэсэн. Яаж ичилгүй ярилцах вэ? Үнэхээр тэр зүйлийг хийвэл илүү ойлголцдог дотно болох уу? Надад туслаач. 

ЗӨВЛӨГӨӨ: Өөрөө хүсэхгүй байна гэдгээ мэдэрч байвал бодлоо ойлгуул

Сайн байна уу? Захидал бичсэнд баярлалаа. Чиний захидлыг уншаад тэр хүү та хоёрт хугацаа хэрэгтэй байна гэдгийг харлаа. Бие биеэ таньж мэдэх хугацаа юм. Учир нь та хоёр танилцаад хэдхэн сар л болж байгаа юм шиг байна. 

Юу ярих уу, ингэж хэлбэл тэр юу гэж бодох бол, үүнийг хэлэх нь зөв болов уу гэх мэт зүйлсэд санаа зовоод байгаа бололтой. Энэ бодлуудаасаа салж байж одоогийн нөхцөл байдлыг даван туулах байх. Тэр хүү ч мөн хичээх хэрэгтэй юм. Адилхан чамайг сонирхож, чиний талаар мэдэх хүсэлтэй бол та хоёрын харилцаа цаашид үргэлжилнэ. 

Бэлгийн харилцаан дээр тэр хүүд бэлгийн дур сонирхол нь төрж байгаа ч чамайг хүндэлж, түүнийгээ өөрөө удирдах хэрэгтэй. Энэ нь түүний үүрэг. Хүсээгүй бэлгийн харилцаанд орсноор харамсах асуудал их гардаг. Тэр хөвгүүн чамд юу хүсэж байгаагаа чөлөөтэй бөгөөд шулуухан илэрхийлж байгаа шиг чи ч өөрийн бодлоо илэрхийлж болно. Тэр хөвгүүн чамд таалагдаж байгаа ч чамаас юм хүсч, шаардлага тавьж, харин чи түүнийг нь биелүүлээд байвал та хоёрын харилцаа эрүүл биш болох юм. Өөрөө хүсэхгүй байна гэдгээ чи мэдэрч л байвал бодлоо ойлгуулж харилцан ойлголцоорой. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Э. Анудар


АСУУДАЛ: Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг учраас хүссэн мэргэжлээрээ сурч чадахгүй байна

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Би аавтайгаа амьдардаг. Аавын бие өвдсөний улмаас би нэгэн газар зөөгч хийж ар гэрээ залгуулах болсон. Ажил хийж эхлээд нэг жил болж байна. Би одоогоор коллежид сурч байгаа. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. Миний цалин бүгд л хоол унданд явдаг.

Би өөрөө архитектур мэргэжлээр сурах сонирхолтой ч ар гэрийн байдлаас болоод сургалтын төлбөр гээд маш их хүндрэл учрах байх. Зөндөө олон тэтгэлэг байдаг ч ажил хийгээд зав муутай байдаг болохоор хичээлээ давтаж чадахгүй юм. Яг яаж энэ асуудлаас гарах тухай зөндөө бодсон ч шийдлийг нь олж чадахгүй юм. Яг л тамд байгаа юм шиг. Хүссэн мэргэжлээрээ ч сурч чадахгүй. Яг яах ёстойгоо мэдэхгүй гацаанд орчихлоо. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хэр их хүсэж байгаагаасаа хамаарч төдий чинээ хүч гаргадаг

Өдрийн мэнд! Захидал бичсэнд тань баярлалаа. Энэ насандаа аавдаа тусалж, хүндхэн ачаа нуруундаа үүрч яваа чи их сайн охин юм. Чамд тохиолдож буй асуудал тийм ч амархан шийдэгдэх асуудал биш гэдгийг ойлгож байна. Аавдаа өөрийн хүслээ хэлж үзсэн үү? Чамайг яаж хичээж байгааг чинь аав нь бас харж ойлгох хэрэгтэй. Аавдаа өөрийн бодлоо хэлж ярилцсан нь зүйтэй. Ярилцсанаар аавынх нь дотроо бодож шаналдаг зүйлс нь ч гарч ирж, чиний ирээдүй ямар байгаасай гэж боддог бодол гээд олон зүйлсийг цэгцэлж болох учраас ярилцах нь зөв. Үүний дараа ямар шийдэл байж болох вэ?

Ойрын тусламж хүсч болох хамаатан байвал тэр хүнд хандвал зүгээр. Чамайг ойлгох байх гэж найдаж байна. Олон тэтгэлэг байдгийг чи мэдэж байна. Тэдний гол шалгуур бол заавал дүн сайн байх биш яг чам шиг сурахыг маш их хүсч, хичээж байгаа ч амьдралын асуудлуудаас болоод санхүүгийн асуудалтай байгаа хүүхдүүдэд туслах юм. Чи тэтгэлгийн эссэгээ бичихдээ бодит байдлаа үнэнээр нь, энгийнээр бичээрэй.

Заавал одоо сурах албагүй. Хүн боломж олдвол хэдэн настайдаа ч сурч болно. Гол нь тэр хүсэл эрмэлзлэлээ орхихгүй байх нь чухал. Сурахаас илүү чухал зүйлс бий. Жишээ нь гэр бүлдээ туслах. Гэсэн ч чиний хүсэл сурах бол үүнийг шийдэх олон боломж байгаа гэдэгт итгээрэй. Магадгүй чи одоогийнхоосоо хоёр дахин их ажиллах хэрэгтэй болох байх. Гол нь хүн өөрөө хэр их хүсч байгаагаасаа хамаарч өөрөөсөө хүч гаргаж байдаг юм шүү. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Э. Анудар


АСУУДАЛ: Би танихгүй хүмүүстэй ярьж чаддаггүй

Сайн байна уу? Би 13 настай. Энэ жил 9-р ангид орно, эмэгтэй. Би байрныхаа хүүхдүүдтэй найзууд болж, ярьж, волейбол тоглож сурахыг /бөмбөг тоглож чаддаггүй юм л даа/ хүсдэг. Даанч би тийм ч нээлттэй биш. Танихгүй хүмүүстэй ярьж чаддаггүй. Яаж, юу гэж ярьж эхлэхээ мэддэггүй. Гадаа гарахаараа ганцаархнаа дуу сонсоод л суудаг. Карантины үед гадаа таньдаг найз байхгүй болохоор гэртээ утсаараа оролдоод л суудаг.

ЗӨВЛӨГӨӨ:

Өдрийн мэнд! Захидал ирүүлсэнд баярлалаа. Хүн хэлээрээ ойлголцдог. Зарим нь сайн ярилцаж, үзэл бодлоо илэрхийлж чаддаг бол зарим хүний ярилцах чадвар нь хөгжөөгүй байдаг асуудал бий. Тийм нөхцөлд хүн өөрийнхөө ярилцах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй болдог. Яг энэ насан дээрээ харилцааны чадвараа хөгжүүлбэл цаашдаа хэрэгтэй шүү. Яаж хөгжүүлэх вэ гэвэл: 

  • Оролдлого хийх. Оролдлого сайт оройн дээр гэж зүгээр ч нэг үг биш. Хүн ямар ч зүйлийг олон давтаад л байвал аяндаа сайжирдаг.
  • Санаа зоволгүй, юу ярихаасаа ичихгүй байх (ингэж хэлбэл зөв болов уу, ингээд хэлчихвэл намайг юу гэж бодох бол гэх мэт санаа зовоод байвал чи хэзээ ч яриа үүсгэж, ярилцаж чадахгүй. Харин эсрэгээр нь тухайн хүнээсээ ямар нэгэн зүйлс асууж, мөн өөрөө хариулж, заримдаа яриа өдөж байх хэрэгтэй).
  • Энэ хүнд би таалагдаж байгаа болов уу гэж бүү бод. Чамд тэр хүн таалагдаж байна уу гэдэгт төвлөрөөд үзээрэй.
  • Эхний удаад мэдээж хэцүү байна. Анхнаасаа сайн харилцана гэж найдаад хэрэггүй.

Өөртөө итгэлтэй байгаарай! Зун дуусах гэж байна. Амжаад найзуудтай болоод зуны сүүлийн өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй. Амжилт!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Э. Анудар


АСУУДАЛ: Одоо үнэндээ ямар сэтгэл хөдлөл мэдэрч байгаагаа мэдэхээ байлаа

Сайн байна уу? Би 15 настай. Би өөрийгөө ойлгохгүй байна. Яагаад ч юм би нэг хөвгүүнд сайн боллоо гэж бодтол үгүй ч юм шиг. Эцэст нь би тэр хөвгүүнтэй үерхсэнийхээ дараа зүгээр худал жаргалтай дүр эсгэж яваа юм шиг санагдсан. Мэдээж тэр жүжиглэлтдээ өөрөө ч итгэчихсэн байсан болохоор мэдээгүй байх. Яаж жүжиглэж байгаагаа мэдсэн бэ гэхээр тэр хөвгүүнээс салсны дараа нэгэн өөр хөвгүүн надад сайн гэж хэлээд маш их сэтгэл гаргаж эхэлсэн. Мэдээж би түүний сэтгэлийг өвтгөхгүйн тулд жүжиглэсэн. Гэтэл тэр жүжиглэлт нэг л танил мэдрэмжтэй байсан. Яг өмнөх хөвгүүнтэй үерхэж байх үеийн мэдрэмж төрсөн. 

Надад найзууд, гэр бүлийн нэгэн хар бараан дурсамж байдаг юм л даа. Би тэр дурсамжаасаа болоод хоёр жил сэтгэл гутралд байсан. Мэдээж би ганц л хүнд хэлсэн. Тэр маань сэтгэл судлалаар сурдаг эгч минь байсан юм. Гэвч эгч намайг ерөөсөө тоодоггүй байсан. Тэгээд би сэтгэл гутралаасаа сүүлдээ их залхаж эхэлсэн. Дараа нь би аз жаргалтай юм шиг дүр эсгэж явсан. Сүүлдээ өөрөө ч жаргалтай гэдэгтээ бүрэн итгэсэн ч үнэндээ би сэтгэл гутралаасаа гараагүй байсан. Эцэг эхдээ хэлбэл “Утаснаас болж байгаа юм, Чи чинь тэнэг юм уу?, согтуу байгаа юм уу?, хэнтэй найзлаад байгаа юм?” гэх мэтийн холбоогүй зүйлс ярьдаг. Ээждээ ганц удаа бүх зүйлээ ярихад сэтгэл гутралаа би өөрөө хийсвэр зүйл болгоод яриад байгаа юм шиг л хуурамч гэж бодсон. Тэр үеэс хойш би хэнд ч юу ч яриагүй. Хэсэг хугацааны дараа намайг ойлгодог нэгэн найзтай болж энэ талаар хэлтэл найз маань танайд ханд гэсэн юм. Одоо би үнэндээ ямар сэтгэл хөдлөл мэдэрч байгаагаа ч мэдэхээ байлаа. Би яах ёстой вэ? Өөрийгөө нээх гэж үзсэн ч бүтэлгүйтэж. Дуртай зүйл хобби гэх мэтийн зүйл надад одоо байхгүй билээ. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Жүжиглэнэ гэдэг тухайн хүнийг хуурч байна гэсэн үг биш

Өдрийн мэнд! Захиа илгээсэн чамд баярлалаа. Өөрийн асуудлаа эргэцүүлэн бодож, өөрийгөө ойлгохыг хичээж байгаа чинь их сайн чанар юм шүү. Үерхлийн асуудал дээр бэлэн биш байх шиг байна. Бэлэн биш учраас одоо мэдэрч буй эргэлзлийг байнга мэдрээд байгаа юм. Хүн бүр хайрыг өөрийнхөөрөө мэдэрч, өөрийнхөөрөө илэрхийлж, өөрийнхөөрөө төсөөлдөг гэдгийг мэдэх байх. Тухайн үерхэж байсан/байгаа хөвгүүнийхээ сэтгэлийг өвтгөчихвий гээд өөрийгөө биш тэр хүнээ бодож байгаа юм шиг байна. Өөрийгөө бодож байгаарай. Бас жүжиглэнэ гэдэг хүнийг хуурч байна гэсэн үг шүү дээ. Хуурах нь үнэнээ хэлэхээс муу зүйл. 

Сэтгэл санааныхаа талаар эцэг эхтэйгээ ярихыг оролдсон нь их сайн хэрэг. Харамсалтай нь тэд ойлгоогүй бололтой. Энэ үед сэтгэл зүйчтэй ярилцах нь зөв сонголт юм. Ганцхан захидал бичих биш биеэр ирж уулзвал илүү үр дүнтэй. Ээж аавдаа сэтгэл зүйчтэй уулзмаар байна гэдгээ учирлаж зөвшөөрүүлэхийг хичээгээрэй. Чамайг зовоодог, таагүй дурсамж байдаг бол тэр тусам сэтгэл зүйчид ярьж, эрүүлээр гадагшлуулах хэрэгтэй байдаг. Үүнийг үгэн засал гэдэг. Дотроо хадгалаад байвал ямар хэцүү болохыг чи сүүлийн хэдэн жил мэдэрсэн байна шүү дээ. Аав ээж нь ойлгоно гэж найдаж байна.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Э. Анудар


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter