Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Түүнтэй ихэнх шинж тэмдгүүд нь таарч байсан
Сайн байна уу? Би өмнө нь энэ асуудлаар захидал бичиж байсан. Дахиад нэг асуудал гарч ирлээ. Би шинэ ангид ороод сайн найзуудтай болсон юм. Тэгээд хуучин ангийн нэг хүүхэдтэй нийт тавуулаа найзалдаг байсан юм. 1 жил болоод хамгийн сайн найз маань намайг тоохоо больж, бусдад муулж явдаг болсон. Удахгүй найзууд руу минь цаасан захианууд явуулдаг болсон. Ёстой л аймшигтай байж билээ тэр үед. Муудаач муудаач, тэр ингэж байна, тийм болохоор гээд л зөндөө гомдмоор зүйл бичсэн байсан. Дараа нь карантинаар гайгүй болж сайхан харилцаатай болсон.
Өчигдөр би гэрт нь очоод ширээнийх нь тэнд суутал над руу уурлаад байсан. "Чи юу хийж байгаа юм? Өрөөнөөс гар гар. Гэхдээ юм уншаагүй биз?" гэж асууж байсан. Тэр үед ширээн дээр нь дотроо тэмдэглэлийн дэвтэртэй нэг хайрцаг байсан. Хөтөлсөн тэмдэглэл дээр нь ямар нэг нууц байсан байх. Хувийн зүйл байсан байх л даа. Бас утсаа бид хоёроос хол байлгаж байсан. Бид хоёр (хуучин ангийнхаа найзтай хамт очсон юм) уг нь кодыг нь ч мэдэхгүй шүү дээ. Их л чухал юм шиг байсан. Бас бид хоёрыг өмнө жил хаясан болохоор нь их уур хүрч байсан юм. Тийм болохоор өшөө авах гэж байснаа өмнөх шигээ сайхан найзууд болох гэж байгаа байх гэж бодсон. Гэхдээ л нэг юм нуугаад байсан. Өмнө нь ийм байгаагүй. Ойрд л их сэжигтэй байна.
Тэгээд хуучин ангийн найз бид хоёр “Юу нуугаад байна аа? Арай хоёуланд нь муу санаж байгаа юм биш биз?” гэх яриа өрнүүлсэн юм. Дараа нь бид хоёр интернэтээр хуурамч найзуудын тухай олж уншсан. Ер нь түүнтэй ихэнх шинж тэмдгүүд нь таарч байсан. Их худлаа ярьдаг байсан л даа. Одоо би “Үнэхээр хуурамч байвал яана, би яах уу?” гэж бодож байна. Зориглоод асуучихвал найзын харилцаа минь дуусчих ч юм шиг. Энэ талаар туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Интернэтэд байгаа мэдээлэл байнга үнэн байдаггүй
Захиа илгээсэнд баярлалаа. Харилцаанд гарч байгаа ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг ойлгох шууд зам бол асуух юм. Хэн нэгний бодлыг таамаглаж төсөөлөх нь бодлын алдаанд хүргэж болно. Ямар ч харилцаанд үл ойлголцол гардаг. Энэ үл ойлголцлыг арилгахын тулд мэдрэмжээ ил гаргаж хоорондоо ярилцсанаар шийдэгдэнэ.
Бид яагаад ярилцахаас айдаг вэ? Аливаа үйлдлийг хийхээсээ өмнө бид дотроо үр дагаврыг нь таамаглаж боддог. Үр дагавар нь түгшүүртэй, сөрөг байвал бид бодит байдалтай нүүр тулахаас буюу үйлдэл хийхээсээ айдаг. Ингэснээр асуудлыг шийдэлгүй зугтахад хүрдэг. Өөрөөр хэлбэл ярилцаад харилцаа улам дордвол яах вэ гэсэн айдсаас болдог гэсэн үг. Гэтэл ярилцсанаар ихэнхдээ эерэг үр дагавар гардаг. Өөрийн чинь таамаглал үнэхээр үнэн эсэхийг мэдэхийн тулд найзтайгаа биечлэн уулзах нь зөв болов уу. Найзыгаа байгаагаар нь ямар ч шүүмжгүйгээр, ойлгож сонсохыг хичээгээрэй. Ярилцсаны дараа найзлахаа болиход хэзээ ч оройтохгүй шүү дээ. Бас интернетэд байдаг аливаа мэдээлэл заавал үнэн зөв байх албагүй бөгөөд заримдаа хэт нэг талыг барьсан мэдээлэл байдаг гэдгийг санаарай. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Чи үерхэх ёсгүй байсан юм гэсэн чат ирсэн
Сайн байна уу? Та бүхэнд энэхүү захидал очих өдрийн мэнд хүргэе. Би 13 настай, эмэгтэй, айлын бага хүүхэд. Миний сайн хүн надаас 3 насаар ах, найз охинтой. Гэхдээ найз охиноосоо саяхан салсан. Тэр хоёр бараг өдөр бүр салж, нийлдэг байсан. Найз охин нь салах болгондоо “наад ахтайгаа нийлээрэй” гэж тоглож хэлдэг байсан юм. Ингээд тэр хоёр нэг өдөр бас л салсан. Тэгээд сайн ах маань надаас үерхье гээд гуйхаар нь би зөвшөөрөөд үерхсэн чинь найз охиноос нь “Чи үерхэх ёсгүй байсан юм” гээд чат ирсэн. Надад энэ нь маш хүндээр тусаж байна. Бас хүмүүс намайг тэр хоёрыг салгасан гэж муу хэлэхээс айж байна. Үүнээс хойш гадуур гарч, хүмүүстэй харилцаж, найзуудтайгаа ярилцахаа больсон. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
Би аавыг 42, ээжийг 38-тай байхад нь төрсөн. Аав ээж хоёр намайг социализмын үед хүмүүс хүүхдээ хүмүүжүүлдэг байсан шиг аргаар хүмүүжүүлдэг. Энэ нь надад таалагддаггүй. Ээж аав хоёртоо хэлж үзсэн ч тоодоггүй. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Өмнөх харилцаагаа цэгцлэхийг хүсэж болох уу?
Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Хосын харилцааг эхлүүлэхэд хоёр талын шийд хэрэгтэй байдаг. Энэ дан чамаас хамаарах асуудал биш. Найз хөвгүүн чинь ч чамтай үерхэх шийдвэр гаргасан шүү дээ. Түүнтэй төрж байгаа мэдрэмж, бодлынхоо талаар ярилцсан уу? Ийм мессэж ирсэн, өөрт чинь тухгүй мэдрэмж төрж байгааг хэлж, өмнөх харилцаагаа “цэгцлэхийг” хүсэж болох уу? Хосын харилцаагаа цааш урт хугацаагаар авч явахыг хүсэж байвал өөрийн бодлыг дотроо нуух биш ярилцаж сурах нь зөв байдаг.
Эцэг эх болон хүүхдүүдийн өссөн орчин, нийгмийн байдал ялгаатайгаас болж үл ойлголцол гарах хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч өөрийгөө илэрхийлэхээс битгий шантраарай. Магадгүй чамаас дахин дахин өөрийгөө илэрхийлэх оролдлого гарсаар байх болов уу. Хэт их сэтгэлийн хөөрөлтэйгөөр эцэг эхтэйгээ яриа эхлүүлэх нь үр дүнгүй байдаг. Уурлаж, бухимдаж хэлсэн үгийг хүмүүс тоохгүй, харин эсрэгээрээ маргаан болгох талтай байдаг. Тиймээс өөрийгөө тайвшруулж байгаад эвтэйхнээр ярилцаарай. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Өсвөр насны үерхэл үүрд байдаг уу?
Сайн байна уу? Би 17 настай, эрэгтэй. Миний бодлоор өсвөр насны үерхэл хамгийн нандин. Тэгвэл өсвөр насны үерхэл үүрд байдаг уу? Байгаа бол үүрд байлгахын тулд юунд анхаарах вэ? Энэ талаар зөвлөгөө өгөөч.
ЗӨВЛӨГӨӨ: Хосын харилцааг авч явахад ингэх ёстой гэсэн дүрэм байхгүй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хосын харилцаагаа урт хугацаагаар авч явахын тулд ингэх ёстой гэсэн 100% дүрэм байхгүй болов уу. Гэвч дараах зүйлсийг харилцаандаа анхаарвал харилцаа илүү бат бөх байдаг:
- Бие биентэйгээ тогтмол ярилцаж, бодлоо хуваалцаж байх. Юу мэдэрч байгаагаа нуухгүй хэлж харилцаанд гарч байгаа асуудлаа илэн далангүйгээр хоорондоо ярилцаж сурах. Өөрийнхөө юу мэдэрч байгааг хэлэхээс айдаггүй байх. Хосынхоо бодол, мэдрэмжийг сонсохоос ч айдаггүй байх.
- Бие биеэ “миний өмч” биш хувь хүн гэж хүндэлдэг байх. Бид хоёр хос учир яаж ч харилцаж болно, юу ч гэж хэлж болно гэж бодвол хүндлэлээ алдаж бие биеэ гомдоох гээд байдаг. Тиймээс тэр бол өөрийн бодол, сонирхол, эрх, үүрэгтэй тусдаа хувь хүн гэдгийг мартаж болохгүй.
- Хосынхоо сонирхдог зүйлийг хүндлэх. Хэн нэгэн хүний дуртай зүйлийг шүүмжлэх нь өөрийг нь шүүмжилж байгаа юм шиг санагддаг. Тиймээс хосынхоо дуртай зүйлийг шүүмжлэх биш яагаад дуртай гэдгийг нь ойлгож мэдээрэй.
- Өндөр хүлээлт үүсгэхгүй байх. Бидний хүлээлт бодит байдалтай таарахгүй явдал их гардаг. Тиймээс өндөр хүлээлт тавихаас илүүтэй хосоо байгаагаар нь хүлээж авч сурах нь чухал юм. Бас тэр хүн хүссэн үедээ энэ харилцааг дуусгах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг байх тусам өөрийн сэтгэл амар байна.
Хосын харилцаа бий болохоос өмнө хүн өөрийн сэтгэл зүйн асуудлаа шийдэх нь хосын харилцаанд чухал. Сэтгэл зүйн хувьд асуудал ихтэй байх нь харилцаанд саад болж байдаг тул эхний ээлжинд өөр лүүгээ чиглэж ажиллах хэрэгтэй. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Найууз маань уулзаж байгааг хараад таатай байдаг ч би дунд нь байдаггүй нь тиймхэн
Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд. Тулгарч буй асуудлын хариуг олж чадахгүй байгаа учраас зөвлөгөө авах үүднээс бичлээ. Би 15 настай, эмэгтэй. Энэ жил 11-р ангид орно. Арван жилийн энэ үеүд юу юугүй дуусаж, дахин олдохгүй мэт мэдрэмж төрж байна. Би айлын бага хүүхэд учир гарах эрх хязгаарлагдмал, “ингэж болохгүй, тэгэж болохгүй” зэрэг үгсийг их сонссон. Багадаа ч үргэлж гэртээ байдаг байсан. Гадаа гарч тоглодоггүй учир найзуудтайгаа тэр бүр уулзаж чаддаггүй. Ямар нэгэн шалтаг гаргаж ирээд л орхидог. Ихэнх зуныг гэртээ ганцаараа өнгөрүүлдэг.
Ингэж байхад найзууд маань уулзаж, зугаалж, нэгнийдээ хонож, цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлдэг. Гэр бүлийнхэн маань намайг оройтох вий, яаж ирэх бол гэж санаа зовж байгааг ойлгодог ч арай их хориод байгаа юм шиг санагдаж байна. Найзууд маань уулзаж, сайхан дурсамж бүтээж буйг хараад таатай байдаг ч тэр дунд би байдаггүй учир тиймхэн байдаг. Магадгүй гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад үзээрэй гэж хэлж магадгүй л юм.Гэхдээ яг юунаас эхэлж хэлэхээ мэдэхгүй юм.
ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эхийн зүгээс тавих шаардлагатай нүүр тулахад бэлэн байгаарай
Сайн уу, эцэг эхтэйгээ ярилцах үедээ дараах зүйлийг анхаараарай. Ямар ч харилцаанд тухайн хүний биеийн хэлэмж 55 хувь, дуу хоолойн өнгө 38 хувь, дөнгөж 7 хувь нь л агуулга буюу хэлж буй үгс нөлөөлдөг. Хэдийгээр чи өөрийн зүгээс зөв зүйтэй зүйл хэлж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа боловч өөрийн чинь нүүрний хувирал болоод хоолойн чинь өнгө уур уцаартай, бухимдангуй бол эсрэг тал энэ байдлыг зөвөөр хүлээж авч чадахгүй. Тиймээс эцэг эхтэйгээ ярих үедээ хэт сэтгэлийн хөөрлөөр биш боломжтой үед тайван байдлаар ярилцвал илүү үр дүнтэй байдаг. Найзуудтайгаа байж хамтдаа дурсамж бүтээхийг хүсэж байгаа талаараа ярилцаарай. Тэд чамд санаа зовж байгааг ойлгож байна гэдгээ ч хэлээрэй. Ер нь ямар нэг аюулд өртөлгүйгээр найзуудтайгаа цагийг өнгөрөөх ямар боломж байна хамтдаа ольё гэдэг утгаар яриарай. Өөрийн хүслээ илэрхийлсний дараагаар эцэг эхийн чинь зүгээс шаардлага тавьж магадгүй юм. Үүнтэй нүүр тулахад ч бэлэн байгаарай. Чамд амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: График дизайнер болчихвол хэр ирээдүйтэй бол?
Сайн байна уу? Би 16 настай. Гадаадад сурдаг. Би зураг зурах дуртай юм л даа. Тэгээд зураач эсвэл хувцас дизайнер болно гэж бодсон боловч гэрийнхэн маань “график дизайнер болчихвол зургаа ч зурна, давхар компьютер дээр ч ажиллаад сурчихна” гээд график дизайнерийн коллежид оруулахаар болчихсон. Энийгээ төгсөөд өөр улсад очоод хувцас дизайнер юм уу зургийн чиглэлээр их сургуульд орж болдог юм болов уу? Өөрөө судлаад үзэхээр олигтой мэдээлэл олддоггүй ээ. Туслаач. График дизайнер болбол хэр ирээдүйтэй бол?
ЗӨВЛӨГӨӨ: Хайран 4 жилээ дэмий алдчихаад дараа нь харамсах тохиолдол их
Сайн байна уу? Мэргэжлүүдийн талаар карьер зөвлөгөөний төвөөс мэдээлэл авбал илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болов уу. Бидний хувьд карьер шилжилтийг баттай хэлж мэдэхгүй ч магистрт хүссэн мэргэжилрүүгээ хөрвөж сурах боломж өргөн байдаг. Аль ч мэргэжлээр сурсан бай бүрэн анхаарлаа төвлөрүүлж, хичээнгүйлэн сураарай. “Би уг нь өөр мэргэжил сонирхож байсан юм” гэж бодвол хайран 4 жилээ дэмий алдчихаад дараа нь харамсах тохиолдол их байдаг шүү. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Шилжинэ гэхэд нэг найз маань их гомдоод уйлсан
Сайн байна уу? Би 15настай, эмэгтэй. Би химийн инженерээр суралцах хүсэлтэй. Сурдаг сургууль маань энгийн л улсын сургууль. Энэ сургуульдаа математикийн сонгонд 4 жил суралцаад төгссөн. Анх 6-р ангид байхад ер нь л математикдаа дургүй, ойлгодоггүй хүүхэд байсан. 4 жилийн дотор өөрийгөө хангалттай сайжирсан гэж дүгнэлээ. Би химийн инженерээр суралцах бодолтой байгаа болохоор хувийн технологийн коллежийг судалж, гэрийнхэнтэйгээ ярилцаад эндхийн сургуулиасаа шилжихээр шийдлээ. Одооны сургууль маань гэрээс маань яльгүй ойрхон, алхаад л орчихдог. Тэр сургууль хотын нэг захаас нөгөө зах руу явахтай тэнцүү маш хол. Гол асуудал ч энэндээ биш л дээ. Гэхдээ би энэ сургуульд орохоосоо жижиг сажиг зүйлүүд дээрээ хэтэрхий төвөгшөөгөөд байгаа санагдаад л. Гол асуудал:
- Энэ сургуульд элсэхэд байгалийн ухааны хичээлүүдээр шалгалт өгдөг. Тэгээд саяхан би элсэлтээ өгсөн. Надад бол жаахан хүнд хэцүү санагдсан. Би ангидаа өөрийгөө гайгүй сурдаг, математик, хими, физиктээ сонирхолтой гэж боддог байсан бодол, өөртөө итгэх гал цог минь энэ элсэлтээр унтарч байгаа юм шиг. Шалгалтаа “за дүүрсэн хэрэг” гээд л зориглоод, нөүтбүүкээ асаагаад, чаддаг дасгалуудаа хийгээд орхичихсон. Хариуг нь хартал би тэнцчихсэн байсан. Үнэхээр баяртай байна. Гэрийнхнийхээ итгэлийг хүлээн авч улам хичээхээр зорилоо. Гэхдээ тэнд өндөр оноо авсан хүмүүс зөндөө байсан. Би дундаас жаахан доогуур л. Тэр сургуульд ороод би яах бол? Тэр мундаг, гоц ухаантай хүүхдүүдээс хоцрогдвол яана аа гэж айж байна. Би тийм ч ухаантай биш, зүгээр л хэр хэмжээндээ. Хүүхдүүдээс хоцрогдоод гээд шоовдрогдуулвал яана. Бусад хүмүүс шоовдорлоогүй ч би дотроо шантраад гутарвал яах вэ?
- Бас би гурван сайн найзтай. Би 4 маш гоё нөхөрлөдөг. Найзууддаа шилжих тухайгаа яаж хэлэх вэ? Тэр хэд маань мэдчихвэл гомдох байх. Би өмнө жил ч бас өөр сургуульд элсэлт өгөөд орж чадаагүй. Гэхдээ зүгээр л шалгалтад бэлдэж байгаагаа хэлтэл найзуудын маань нэг нь маш их гомдоод уйлсан. Хүмүүс надад ирээдүйгээ бодсон нь дээр гэж хэлдэг. Би ч бас тэгж боддог. Надад чин сэтгэлээсээ зөвлөөсэй гэж найдаж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Тухтай бүсдээ байгаад байвал зогсонги байдалд орох магадлалтай
Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Чи өөрийн юу хүсэж байгааг мэдээд түүнийхээ төлөө зоригтой алхам хийгээд явж байгаа нь маш сайн байна. Зорилгынхоо төлөө нэгэнт эхний алхмыг хийн сургуульдаа тэнцсэн болохоор зориглоод сурсан нь зүгээр болов уу. Хүн бага зэрэг айж, эмээж буй зүйлээ хийх тусам улам “мундаг” болдог. Тухтай бүсдээ байгаад байвал зогсонги байдалд орох магадлалтай. Тэгээд ч чамаас гадна маш олон хүүхэд шалгалт өгөөд тэнцээгүй байж болно шүү дээ. Тиймээс тэнцсэн хүүхэд бүр мундаг гэсэн үг. Нэгэнт элсэж орж байгаа сургуульд бүгд шинэ болохоор нэгнийгээ таньж мэдэж, олон найз нөхөдтэй болох байх. Мэдэхгүй чадахгүй зүйл байвал ичиж, санаа зоволгүй ангийнхаасаа асууж ярилцвал сайн ойлголцох болов уу.
Найзууддаа аль болох эртхэн хэлээрэй. Цагийг нь тулгаж хэлбэл ойлголцох хугацаа бага гарах байх. Тиймээс шилжих тухайгаа мөн тус сургуульд яагаад орох болсон, ирээдүйд ямар хүн болохоор төлөвлөж байгаагаа ярилцаарай. Мэдээж хэрхэн холбоо барьж байх, уулзах өдрөө хоорондоо тохиролцвол найзууддаа гаргах цагтай болно гэж бодож байна. Чи болон чиний найзууд бүгд өөрсдийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй. Цаг үргэлж хамт байхгүй гэдгийг санаарай. Гэхдээ огт харилцахгүй холбоогүй болно гэсэн биш шүү дээ. Жинхэнэ найзууд нэгнийгээ өсч, хөгжих боломжийг үргэлж дэмждэг. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач О. Минжин
АСУУДАЛ: Ийм зүйл бичих нь миний насанд ахадсан хэрэг байх
Сайн байна уу? Би Дархан хотод амьдардаг бяцхан охин байна. Ийм зүйл бичих нь миний насанд ахадсан хэрэг байх л даа. Гэхдээ одооны хүүхдүүд бүгд л хайр дурлалд бүх зүйлээ зориулдаг болж.
Би Сүмд явдаг, христэд итгэгч охин. Анхны шаббат өдөр буюу хүндэтгэлийн цуглаан дээрээ дурласан хүн миний анхны хайр юм л даа. Надад анх сүмд очиход “энэ л миний байх ёстой газар мөн” гэмээр зөөлхөн санагдсан. Анхны шаббат өдөр болохоор ч тэр юм уу магтан дууг нь сайн ойлгохгүй л байлаа. Дараа нь нэг ах дүү хоёр гарч ирээд үзүүлбэр үзүүллээ. Ах нь хийл тоглодог, дүү нь морин хийл гэгч гайхамшигт хөгжим тоглодог хүмүүс. Би өөрөө хийл тоглоод гурван жил болжээ. Гэхдээ ижил хөгжимтэй, нүдний шилтэй хүн биш хажууд нь сууж буй жижигхэн биетэй ч том морин хийл тоглож байсан хөвгүүн нүдэнд туслаа. Хараад л баймаар. Түүний нүд, уруул, хөгжмийн утсан дээрээ тавьж буй гарын нарийхан гоё хуруу нь ямар хөөрхөн гээч.
Гэвч тэр хөвгүүн Солонгос хүн л дээ. Цаанаасаа л дуу цөөнтэй, хэр баргийн юман дээр дуугараад байдаг хүн биш. Би харилцаа эхлүүлэх гэж их л үзсэн. Миний хэлийг ойлгохгүй байгаа юм уу? Эсвэл албаар үл тоомсорлоод байгаа юм уу? гэдгийг нэг л сайн ойлгохгүй байгаа. Ээж аав хоёр нь хоёулаа солонгос хүмүүс байдаг. Таван хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь хүүхэд. Ээж, аав, дүү нар нь бүгд намайг түүнд сайн гэдгийг мэднэ. Тийм ч болохоор надад сайн ханддаг байх. Гэхдээ хүү нь надад сайн биш л юм шиг байна. Би түүнтэй ярихыг хүссэн ч тэр надтай ярьдаггүй. Нэг өдөр би зориг гаргаад Фэйсбүүкээр найзын хүсэлт явуулаад “Hi crush❤” гээд бичсэн. Гэхдээ тэр миний явуулсан хүсэлтийг устгаад бичсэн чатыг минь уншаагүй байсан. Одоо би түүнийг крашлаад жил гаруй болж байна. Яг 367 дахь хоногтоо зориг гаргаад та нарт бичсэн захидлыг маань та нар уншиж байгаа гэдэгт би итгэж байна. Надад тэр хөвгүүнтэй дотносоход тус болооч.
ЗӨВЛӨГӨӨ: Харилцаа бүхэн бүтэлтэй байдаггүй
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Таалагдаж буй хүн нь гадаад хүн болохоор сэтгэлээ хэрхэн илэрхийлж ойлголцох учраа олохгүй хэцүү байгаа байх. Бас түүний үл тоомсорлолт чамайг гуниглаж, сэтгэлээр унахад хүргэж байгаа байх. Гэсэн хэдий ч захиа бичиж асуудлаа шийдэхийг хичээж байгаа нь сайн байна.
Ижил сонирхолтой хүмүүс бие биедээ татагддаг гэдэг. Магадгүй чамтай адилхан хийл тоглодог учраас чи түүнд татагдаж, улам илүү таньж мэдэх сонирхолдоо хөтлөгдсөн байх. Гэвч та хоёрын дунд соёл хоорондын ялгаа болон сэтгэлээ илэрхийлэх илэрхийлэмжийн ялгаа ч гарч байгаа болов уу. Захидал уншихад, нүүр тулаад өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлээгүй мэт санагдлаа. "Hi crush" гэж бичих зориг гарсан юм чинь нүүр тулаад өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх зориг гарах болов уу? Чи юу гэж бодож байна?
Гэхдээ харилцаа бүхэн үргэлж бүтэлтэй байдаггүй. Чи үнэхээр дотно болж өөртөө татахыг хүсэж байгаа ч тэр хүн хүсэхгүй бол болохгүй шүү дээ. Харилцаа нь хоёр хүний харилцан хичээл зүтгэл. хүсэл тэмүүллээс хамаарна. Таалагдаж буй хүнийхээ шийдвэрийг хүндэтгээрэй. Заримдаа нүдэнд харагдсан чамин зүйлээ авахыг хүссэн ч авч чаддаггүйтэй адил. Ирээдүйд учрах маш олон тохиолууд чамайг хүлээж байгаа гэдэгт итгээрэй.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Хүний өөдөөс хараад юм хэлэхээс ч ичдэг
Сайн байна уу, би 15 настай, эмэгтэй. Би их ичимхий л дээ. Хүнтэй тайван харьцаж, хэлэх гэсэн юмаа хэлж чаддаггүй. Сандраад, нүүр улайчихна. Бүр ангийнхныхаа өмнө гарч, багшийн өөдөөс харж юм хэлэхээс ичнэ. Би их цөөхөн найзуудтай л даа. Шинэ найзуудтай болмоор байвч ичимхийгээсээ болоод танилцаж чаддаггүй. Энэ байдлаасаа болоод сүүлдээ бүр бүрэг болж байх шиг байна. Хэрхэн ичимхий байхаа больж, нийтэч, яриа болох вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Олон давтвал ямар ч зүйлийг сайн хийдэг болдог
Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Захидал бичиж өөрийнхөө асуудлыг шийдэхийг оролдож байгаа нь сайн хэрэг. Ичих мэдрэмж нь юунаас үүдэлтэйг олж мэдэх хэрэгтэй. Жишээ нь багшийнхаа өөдөөс харж юм хэлэхдээ маш их ичдэг, улайдаг бол яг яагаад энэ мэдрэмж чамд төрөх болсон талаарх шалтгаанаа бодоод үзээрэй. Магадгүй өөрийнхөө хэлэх гэж буй зүйлд, үзэл бодолдоо итгэлгүй байгаа учраас юм болов уу? Хүмүүс юу гэх бол гэдгээс айгаад байна уу? Би муухай харагдаж байгаа гэж бодоод байна уу?
Хэдийгээр ичимхий учраас шинэ найзуудтай болж чадахгүй байгаа ч гэсэн одоогийн найзууд чинь анх танихгүй хүмүүс байсан шүү дээ. Хэрвээ одоо найзалж буй найзуудынхаа дэргэд өөрийнхөөрөө, чөлөөтэй бас тухтай байдаг бол чи хэзээ ч хамаагүй өөрийнхөө хүссэн энэ орчинг бүрдүүлж чадна гэсэн үг шүү дээ. Гэхдээ нийтэч, яриа байх нь чиний хувьд тухгүй, тохиромжгүй бол заавал тийм байх гээд хэрэггүй. Хүн бүр өөрийн онцлогтой. Харин чи үнэхээр энэ байдлаа өөрчлөхийг хүсэж байна гэвэл олон дахин давтаарай. Ичиж байсан ч ангийн өмнө гарч ярих гэх мэт. Олон давтвал ямар ч зүйлийг сайн хийдэг болдог. Practice makes perfect!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Чи чадахгүй харагдаж байна гээд эвгүй байдалд оруулдаг байсан
Сайн байна уу? Би 14 настай. Бага байхдаа дуулж бүжиглэх дуртай, цэцэрлэгээсээ олон шагнал авч, тэмцээн болгонд оролцдог, бусдын өмнө айж сандрах зүйлгүй өөрийгөө илэрхийлдэг сэргэлэн хүүхэд байсан. Харин анх сургуульд ороход бага ангийн маань багш миний чадварыг ерөөсөө үнэлээгүй. Ямар нэгэн тэмцээн болоод намайг орох гэхэд чи чадахааргүй харагдаж байна гээд намайг болиулж ангийн хүүхдүүдийн өмнө эвгүй байдалд оруулж байсан. Тэр үгийг сонсоод хүүхэд байсан болоод ч тэр үү үнэхээр их гомдож билээ. Тэрнээс хойш “би угаасаа чадахгүй юм чинь дээ” гээд ямар ч зүйлд оролцож өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхээ больсон.
Дунд ангид ороод өөрийгөө eрөөсөө ойлгохоо больсон. Ангид ямар нэгэн тэмцээн, шалгалт болоход дандаа л хамгийн муу нь би. Ийм байгаадаа, өөрийгөө өөрчилж чадахгүй байгаад үнэхээр их уурладаг. Байнга сэтгэл санаагаар унаад байсан болохоор жин нэмээд, хувцас ч таарахгүй, дасгал хийгээд дэглэм барихаар ерөөсөө турахгүй юм. Дээрээс нь нүүрэн дээр идээтэй юм гараад арилахгүй. Хүмүүсээс ичээд гадуур ч гарч чадахгүй. Ингээд улам л өөртөө дургүй болсоор л байна. Ийм нүүрэн дээрээ батгатай, тарган, муу сурдаг охиныг хэн тоож харах юм бэ? Эсрэг хүйстэндээ сайн болсон ч “тэнэг охин байна даа гэж бодох байх” гэж боддог. Ийм бодлоосоо болоод эрэгтэй хүүхэдтэй харьцдаггүй.
ЗӨВЛӨГӨӨ: Чамд ирээдүйд маш олон гайхалтай зүйл тохиолдоно гэдэгт итгэлтэй байна.
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Захидал бичсэнд баярлалаа. Тэгэхээр бага ангид байхад нь багш нь өөрийн тоомжиргүй байдлаасаа болж чамайг шархлуулж, өөртөө итгэх итгэлгүй болгосон гэж дүгнэдэг бололтой. Тийм зүйл болсонд харамсаж байна. Хэдий тийм боловч ганц хүний үнэлгээгээр өөрийгөө дүгнэж болохгүй гэдгийг одооноос өөртөө сануулаарай. Ирээдүйд маш олон хүнтэй уулзаж танилцана. Бас санаатай, санамсаргүй олон муухай үг сонсох хэрэг гарвал тэр бүрд ингэж гуниглаад, өөрийгөө доогуур үнэлээд байж болохгүй шүү дээ. Өөрийгөө хайрлаж, өөрийгөө сонсоорой.
Өсвөр насанд дааврын тэнцвэрт бус байдлаас үүдээд батга гарч, заримдаа жин нэмж, биеийн бусад хэсгээр үс ургаж эхэлдэг. Өсвөр насны хүүхэд бүрд тохиолддог учир тэгтлээ санаа зовох хэрэггүй дээ. Гэвч нойроо дутуу авч, эрүүл бус хооллох нь сэтгэл санааны байдалд нөлөөлж цаашлаад батга гарах, таргалах эх үүсвэр нь болдог. Тиймээс өөрийгөө хайрлаж сайн унтаж амарч, шим тэжээлтэй эрүүл хоол идэж байгаарай. Чамд ирээдүйд маш олон гайхалтай зүйл тохиолдоно гэдэгт итгэлтэй байна.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх