Манай улсын хүүхэд залуус дотооддоо дээд боловсрол эзэмшихээс гадна гадаадад суралцаж, мэргэжил эзэмшингээ бие дааж сурах цаашлаад өөр улсын соёл заншилтай танилцах боломжийг эрэлхийлэх болсон.
2017 онд Монголын 800 гаруй оюутан Тайваньд сурч байсан бол энэ тоо хоёр жилийн дараа 1600 болж өссөн байна. Мөн 2019-2020 оны хичээлийн жилд Тайваньд 1155 монгол оюутан бакалаврын болон магистрийн зэрэгт суралцжээ. Тэдний нэг болох Тайваний Үндэсний Их Сургуулийг төгсөгч Г.Номинтой бид тус оронд суралцахын давуу тал, онцлогийн талаар ярилцлаа.
YOLO: Сайн байна уу. Та Тайваний аль их сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?
- Сайн байна уу? Би Тайваний Үндэсний Их сургуулийг Бизнесийн удирдлага чиглэлээр таван жил суралцаж төгссөн. Уг сургууль нь манайхаар бол МУИС шиг буюу нэгдүгээрт бичигддэг юм. “Үй-Цай” бүрэн дунд сургуулийг төгсөөд хятад хэлээр суралцаж болох улсуудын их дээд сургуулиудыг судалсны дүнд Тайвань орон хамгийн боломжтой нь санагдаад сонгосон. Нийт гурван сургуульд элсэх хүсэлтээ өгөхөд бүгдэд нь тэнцсэн. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд Үндэсний Их сургуулийг нь сонгон суралцаж, 2019 онд төгссөн. Би одоо Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газарт мэргэжилтэн хийж байна.
YOLO: Таны хувьд Монголд байхдаа дунд сургуульд хятад хэлээ үзэж байсан учраас тэнд очоод хэлний бэрхшээл харьцангуй бага гарсан байх гэж бодож байна.
- Тийм. Гэхдээ эх газрын хятад хэл, Тайвань хятад хэл бага зэрэг ялгаатай. Эх газрын Хятад хялбарчилсан ханз ашигладаг бол Тайвань уламжлалт ханз ашигладаг. Мөн зарим үг хэллэг нь зөрүүтэй байдаг. Тиймээс дөнгөж шинэ семестер эхлэхэд би багш нараасаа зөвшөөрөл аван эх газрын хятад хэлээр хичээлээ хөтөлж байхдаа тайвань хятад хэлийг давхар үзэж байв. Хичээлийн явцад номоо үзээд, ханзаа бичсээр нэг мэдэхэд ойлгодог, өөрөө бичдэг болсон байсан.
YOLO: Ер нь Тайваньд Монголын хэд орчим оюутан суралцдаг вэ?
- Намайг суралцаж байх хугацаанд Тайваний Үндэсний Их сургуульд магистр, бакалавр, докторын түвшинд манай улсын 10 гаруй оюутан суралцаж байсан. Манай улсын оюутан залуус сүүлийн жилүүдэд Тайваньд суралцах сонирхолтой болсон ба нийт 1000 гаруй оюутан тухайн үед суралцдаг байлаа. Энэ нь Тайвань орны боловсролын чанар сайтайгаас гадна олон улсын оюутан суралцахад таатай орчин бүрдсэн байдагтай холбоотой юм. Жишээ нь, хичээлийнхээ хажуугаар ажил хийх, шинэ зүйл сурах боломжтой, аюулгүй буюу гэмт хэргийн гаралт харьцангуй цөөн хэмээн тодорхойлогддог.
YOLO: Тайваньд суралцаж буй гадаад оюутанд бусад улстай харьцуулахад ямар боломжууд байдаг юм бол?
- Гадаад оюутан ARC буюу оршин суух үнэмлэх болон ажлын үнэмлэхтэй байхад бүх төрлийн цагийн ажил хийх боломжтой. Ингэхдээ англи болон хятад хэлний аль нэгийг эсвэл хоёуланг нь эзэмшсэн байвал бүр давуу тал болно. Мөн эрүүл мэндийн даатгалын систем нь маш боломжийн буюу олон улсын оюутан сар бүр даатгалаа төлөөд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хандахад маш сайн хөнгөлөгддөг. Энгийн жишээгээр дурдахад ханиад хүрээд эмчийн бичсэн эмийг авахдаа ч маш хямдхан үнээр авах боломжтой юм. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг сургалтын төлбөрт багтаасан байдаг учир эрүүл мэндийн даатгалын карттай л бол ямар ч оюутан уг хөнгөлөлтийг эдлэх боломжтой байдаг.
YOLO: Тайваньд суралцах хугацаандаа мэргэжлийн хичээлээс гадна хувь хүн талаасаа өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн гэж боддог вэ?
- Манай сургуульд мэргэжлийн хичээлээс гадна олон төрлийн дугуйлан секцүүд байдаг. Би нэгдүгээр курстээ кофе бэлтгэх дугуйланд хамрагдсан. Уг дугуйлан нь кофений үүсэл хөгжил, түүний төрлийг ялгах, бэлтгэх гэх мэт кофетой холбоотой бүхий л төрлийн мэдэгдэхүүнийг заадаг ба бие даан хийлгэдэг. Энэхүү дугуйланд явснаар олон төрлийн кофе бэлтгэж сурсан.
Дараа нь хоёрдугаар курстээ өөрийн үе тэнгийн 14 залуучуудтай нийлж уг дугуйлангийн үйл ажиллагааг хариуцаж явуулахаар болсон. Би өөрөө дугуйлангийнхаа сошиал хуудсыг хариуцсан админ нь байсан. Өмнө нь фотошопоор зураг ч засаж чаддаггүй хүн зарын чанартай постер бэлтгэх хэмжээний болж бие даан суралцсан.
Түүнээс гадна сайн суралцсан хамгийн том зүйл бол бие даах чадвар гэж би боддог. Аливаа нэг асуудал гарахад хэрхэн даван туулах чадварт суралцсан гэх үү дээ. Надад бэрхшээл тулгарахад аль болох гэрийнхнийхээ санааг зовоохгүй асуудлыг бие даан шийдвэрлэхийг эрмэлзэх болсон.
YOLO: Төгсөөд тухайн оюутан шууд нутаг руугаа буцах нөхцөлтэй байдаг уу?
- Гадаад оюутан төгссөнийхөө дараа Тайваньд хагас жил байх боломжтойгоор оршин суух үнэмлэхээ сунгаж болдог байсан нь 2019 оноос эхлэн нэг жилийн хугацаа болгож сунгасан. Оюутнууд сургуулиа төгсөөд тухайн хугацаанд өөрийн мэргэжлээрээ Тайваньд ажиллах боломжтой ба хэрэв компани нь тухайн хүнийг цаашид ажиллуулах хүсэлтэй, мөн оршин суух үнэмлэхийг нь сунгахад туслалцаа үзүүлвэл тухайн хүн мэргэжлээрээ Тайваньд ажиллаж амьдрахад нээлттэй. Харин тухайн 1 жилийн хугацаандаа ажиллаагүй бол хугацааг сунгахгүй, нутаг буцах шаардлагатай болдог. Би ирэхээсээ өмнө төгсөх курстээ нэг жилийн хугацаанд дээр дурдсан кофений мэдлэгээ ашиглан кофе шопт үндсэн ажилтнаар ажиллаж бариста хийсэн.
YOLO: Тайвань хүмүүс их эелдэг зочломтгой байдаг гэж сонссон.
- Тийм шүү. Анх очоод газар сайн мэдэхгүй учраас төөрөх үе зөндөө гардаг байлаа. Тэгээд очих газраа хэн нэгнээс асуухад өөрийн биеэр дагуулж яваад миний хайж байгаа газарт хүргэж өгчихөөд буцаад явчихдаг хүн ч таарна. Ер нь их тусархуу хүмүүс. Хичээл дээр аливаа мэдэхгүй зүйл гарахад асуувал уриалгахан ойлгомжтой тайлбарлаад өгчихдөг гэх мэт бусдад чин сэтгэлээсээ туслах гэдэг зантай.
YOLO: Тэнд байх хугацаандаа хаана байрлаж байсан бэ?
- Эхний дөрвөн жил би сургуулийнхаа дотуур байранд амьдарч сүүлийн жил орон сууц түрээсэлсэн. Манай сургуулийн хотхон дотоод болон гадна талд байрладаг оюутны байруудтай байдаг. Сургуулийн хотхоны дотор байрлах оюутны байр нь бакалавр, магистр, докторын зэргээс нь хамаараад 2-4 хүн байрлаж болохоор сонголттой байдаг ба ус, цахилгааны төлбөрийг цаанаас нь төлчихдөг учир нэг семестерийн байрны төлбөрөө төлөхөд л хангалттай. Харин хотхоны гадна талд байдаг дотуур байр нь орон сууц маягийн тохижилттой ба 1-4 хүн байрлаж болохоор сонголттой бөгөөд орон сууцны түрээстэй дүйцэхүйц буюу сар бүр ус , цахилгааны мөнгөө оролцуулаад арай өндөр төлбөр төлөх шаардлагатай болдог.
YOLO: Чиний хувьд Тайваньд суралцсанаар ямар боломжууд чамд гарч ирсэн гэж боддог вэ?
- Хүн дассан орчноосоо салаад шинэ орчин руу шилжихээр тухайн хүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, аливаа зүйлийг илүү олон талаас нь харж, жинхэнэ өөрийгөө таньж мэдэхэд суралцдаг гэж би боддог. Тайваньд эрдмийн зэрэг хамгаалснаар хэлний мэдлэгээ илүү дээшлүүлэхээс гадна Тайваний түүх соёлтой танилцаж, мөн олон улсын оюутнуудтай нөхөрлөн тэдний үзэл санаа, улс орных нь талаар сонирхолтой мэдлэг олж авч, бусадтай харилцаж багаар ажиллах чадварт суралцсан. Хувь хүн талаасаа гэвэл бие дааж сурахаас гадна цаг баримтлах, санхүүгийн төлөвлөлтийн ач холбогдлыг илүүтэйгээр ойлгож авсан.
YOLO: Тайванийн боловсролын чанарыг сайн хэмээн дурдлаа. Тэгвэл энгийн жишээгээр үүнийг тайлбарлавал?
- Манай сургуулийн бизнесийн удирдлагын тэнхимийн ихэнх мэргэжлийн хичээлүүд Харвардын их сургуулийн профессоруудын бэлтгэсэн дэлхийн томоохон брэнд эсвэл компаниудын талаарх туршлагуудыг албан ёсны эрхтэй худалдаж аваад түүн дээрээ багаар ажиллаж илтгэл тавьдаг байсан. Мөн хичээл дунд жижиг сорил явуулж тухайн сорилыг богино хугацаанд шийдвэрлэхэд сургаж, семестер дунд амжилттай яваа бизнесийн хүмүүсийг урьж туршлага хуваалцах зэрэг оюутнууддаа онолын болоод практик дээр суурилсан мэдлэг олгохоос гадна үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, багаар ажиллах чадварыг нь давхар дэмждэг байсан.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх