Та муурыг өдөржин унтаж идэхээс өөр ид шидгүй амьтан гэж бодож байвал том эндүүрч. Муур бол маш ухаалаг амьтан. Ялангуяа гудамжинд амьдардаг муурнууд амьд үлдэхийн тулд өөрсдийн арга ухаанаа аль чадахаараа л сийлнэ. Тэгвэл тэднийг ухаантай гэдгийг батлах нэгэн үйл явдал Мексик улсын Пьедрас Неграс хотод болжээ.
Тус хотын орчимд амьдардаг нэгэн гудамжны муур сайхан сэтгэлт эзэн, халуун дулаан гэрээ өөрөө олсон сэтгэл хөдөлгөм үйл явдал саяхан болж өнгөрсөн байна. Бага сургуулийн багш Таниа Лизбет Сантос гэх бүсгүй супермаркетийн дэргэд нэгэн бяцхан муур байхыг анзаарсан байна. Бүсгүйн хийсэн бичлэг дээрээс үзвэл тэрээр муурыг хэсэг зуур эрхлүүлсний дараа муур түүнийг даган супермаркет руу оржээ.
Удалгүй тэрээр Таниаг хүнсний тасаг руу дагуулан явж өөрийн дуртай брэндийн нойтон хоол руу заасан бөгөөд амьтан хэдий ч өөрийн дуртай зүйлийг сайн мэдэж байгаа нь бүсгүйг гайхшруулсан байна. Бүр гайхалтай нь муур бүсгүйгээр дуртай хоолоо авахуулаад ч зогсохгүй өөрийн гэсэн орон гэртэй болсон юм. Бяцхан муурын ухаан Таниагийн сэтгэлийг татсан учир үрчилж авахаар шийджээ.
Харин одоо тэрээр Conejo буюу “туулай” гэдэг нэртэй болж, шаардлагатай бүхий л эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, эрүүл саруул, амар тайван амьдарч байгаа гэнэ. Тэр ч байтугай тэвэрч унтдаг, өөрийн гэсэн тоглоомтой ч болоод амжжээ.
Эх сурвалж: Bored Panda
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх