Б. Хонгорзул: Гадаад найзуудаасаа их олон зүйлийг сурдаг


Э.Цовоо | YOLO.MN
2020-04-27

Бид ирээдүйд дэлхийн хэмжээний томоохон их сургуулиудад суралцах хүсэлтэй уншигчдадаа зориулан орон оронд суралцаж буй оюутан залуусын туршлагаар цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл ярилцлагынхаа ээлжит зочноор БНХАУ-ын Наньжин хотын “Nanjing Tech” их сургуульд химийн инженер чиглэлээр хоёр дахь жилдээ суралцаж буй Б. Хонгорзулыг урьж ярилцлаа. 


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та тэтгэлгийнхээ талаар анх хаанаас мэдээлэл авч байсан бэ? Уг тэтгэлгийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулаач. 

- Анх манай ангийн багшид нэгэн боловсролын төвөөс Жиангсу мужийн нэрэмжит тэтгэлгийн талаарх мэдээлэл ирсэн юм. Багшаасаа энэ тэтгэлгийн талаар сонсоод тухайн төвд ярилцлага өгч байсан. 1-р шат буюу ярилцлагынхаа шатанд тэнцээд тэтгэлгийнхээ материалыг бүрдүүлэх шаардлагатай болсон. Материалын шалгуурын хувьд төгсөх ангийн бүх дүн онц буюу А байх, өөрийгөө танилцуулсан эсээ бичих, хичээлээс гадуурх олон үйл ажиллагаанд оролцсон байх зэрэг шаардлагуудыг хангах ёстой байдаг. Ингээд л шаардлагуудыг хангаад, тэтгэлэгтээ тэнцсэнээс 3 сарын дараа урилгаа авч байсан. 


YOLOӨмнө нь нийт хэдэн тэтгэлэгт материалаа өгч байж энэ тэтгэлэгт тэнцсэн бэ? 

- Би бага байхдаа л мэргэжлээ тодорхойлчихсон, тэр мэргэжлээрээ Монгол улсдаа суралцана гэж боддог байсан юм. Гэтэл төгсөх ангид ордог жил олон олон тэтгэлгүүд зарлагдсан болохоор аль нэгэнд нь өөрийгөө сориод үзье гэж бодоод сонгосон мэргэжилтэйгээ уялдаатай тэтгэлгийг нь сонгоод материалаа илгээсэн юм. Тэгээд л шууд тэнцчихсэн /инээв/.

YOLOТэтгэлэгт материалаа бүрдүүлж байхдаа шантарч байсан уу? 

- Материалаа бүрдүүлж байхад гэхээсээ илүүтэйгээр хариугаа хүлээж байхдаа их сандарч байсан. Тэнцсэн үгүйгээ мэдэхгүй учраас өдөр бүр л санаа зовно.

YOLOОдоо тэтгэлэгт авахаар бэлдэж буй залуустаа хандан зөвлөгөө өгвөл? 

- Тэтгэлэгт хамрагдах гэж буй залуустаа зөвлөхөд тухайн тэтгэлгээ дор хаяж нэг жилийн өмнөөс судалж, сайтар бэлдсэн байх хэрэгтэй. Харин илгээж буй материалуудын хамгийн чухал нь өөрийгөө танилцуулсан эсээ учир эсээгээ хамгийн сайнаараа бичээрэй. Нэг удаа бичээд л орхихгүйгээр өдөр бүр сайжруулж бичиж байгаад ямар ч засвар орох шаардлагагүй гэж үзсэн эсээгээ л явуулах хэрэгтэй. 

YOLOӨөрийн одоо суралцаж буй сургуулиа магтаач гэвэл хэрхэн магтах вэ? 

- "Nanjing Tech" сургууль маань химийн инженер чиглэлээр БНХАУ-д эхний гуравт ордог. Онцлох зүйл гэвэл сурагчдаа хувь хүн талаас нь сайтар хөгжүүлж өгдөг юм шиг санагддаг. Нэгдүгээрт сурч боловсрол нөхцөлөөр бүрэн хангаж чаддаг. Юунд ч санаа зовохгүйгээр хичээлээ хийхээс гадна олон төрлийн дугуйлан, секцэд хамрагдах. Хоёрдугаарт сургуулийн хотхон. Хотхон дотроо усан сан, фитнессээс гадна химийн инженер мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулсан лабораториуд бий. 


YOLOГэрээсээ хол, хүний нутагт суралцахын хажуугаар ганцаараа амьдарна гэдэг амаргүй. Хятад улсад очоод сургуульдаа орсон эхний жил ямархуу санагдсан, юу нь хүндрэлтэй байсан талаар бидэнтэй хуваалцаач.

- Хүний нутагт ганцаараа амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш учир эхний нэг сар дасан зохицож чадахгүй байх талтай. Бүх хичээл маань англи хэл дээр явагддаг учир эхний жил зарим хичээлээ ойлгохгүй байх асуудал их гардаг байсан. Гэхдээ өөрийгөө хөгжүүлээд, ирээдүйгээ бодоод, юу ч болсон сайн сайхан талыг нь л харахыг хичээж асуудлуудаа даван туулдаг. 

YOLOТаны хувьд гадаад улсад суралцахад дэлхийн хэмжээний боловсрол эзэмших болон гадаад хэлээ сайжруулахаас гадна өөр ямар давуу талууд байдаг вэ? 

- Эдгээрээс гадна орон орны оюутнуудаас их зүйлийг сурч авах боломжтой. Хамт сурдаг гадаад найзууд маань таваас доошгүй гадаад хэлтэй, өөрийгөө хувь хүн талаас нь хөгжүүлдэг, мундаг хүүхдүүд байдаг. Эднийгээ харахаар өөрийгөө хөгжүүлэх хүсэл маань улам бүр нэмэгдэж, бусадтай хөл нийлүүлэн алхахын тулд маш их хүчин чармайлт гаргаж чаддаг. 


YOLOГадаадад сурснаар сонгосон мэргэжлээрээ чанартай боловсрол эзэмшинэ. Үүнээс гадна хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх боломж хэр гардаг вэ?

- Маш олон төрлийн дугуйланд хамрагдах боломжтой байдаг. Жишээлбэл би Хятад улсын үндэсний Луут бүжгийн дугуйланд суудаг. Дугуйлангуудаараа дамжуулан өөрийгөө хангалттай хөгжүүлж чаддаг гэж боддог шүү. 

YOLOЯагаад Хятад  улсыг сонгон суралцах болсон бэ?

- Эхлээд тэтгэлгийнхээ удирдамжийг харчихаад улсынх нь талаар нэлээн бодсон. Хятад улс гэхээр хүмүүс нэг их таатай хүлээж авдаггүй шүү дээ. Гэвч миний хувьд энэ улсын хурдацтай хөгжил дэвшлийн талаар мэдэхийг хүссэн учраас сонгосон. 


YOLOТанай сургуульд хэчнээн монгол оюутан суралцдаг вэ? Монгол оюутнуудынхаа дунд үйл ажиллагаа явуулдаг уу?

- Манай сургуульд нийт 31 монгол оюутан сурдаг. Улс улсын оюутнууд өөрийн орны соёлыг бусдадаа таниулдаг “Culture Festival” хэмээх үйл ажиллагаа жилдээ 1 удаа болдог. Тэр үйл ажиллагаанд бид маш идэвхтэй оролцож, нэг нэгэндээ тусалж, хамт хонох үе ч гардаг. 

YOLOТанай сургуульд сургалтын тэтгэлгээс гадна өөр бусад хөнгөлөлтүүд олгодог уу? Ер нь Хятад улс амьдрах зардал хэр өндөртэй вэ?

- Би 100 хувийн тэтгэлэгт хамрагдсан учир миний бүх зардлууд энэ тэтгэлэгт багтдаг. Амьдрах зардал, өртгийн хувьд ч Монгол улсаас хямд байдаг. Ер нь л хоол, хувцас, өдөр тутмын хэрэглээнүүд нь хямд шүү. 


YOLOХятад улс залуус амьдрахад хэр таатай улс вэ? Монголд байснаас юу юу нь өөр санагдсан бэ? 

- Монголоос өөр байсан зүйл гэвэл цаг уур. Хятад улс цаг уурын хувьд их чийглэг, өвөл зунгүй л бороо орж байдаг. Монголтой харьцуулбал өвөл нь харьцангуй богино хугацаанд үргэлжилдэг тул жилийн ихэнх үед чийглэг, дулаан уур амьсгалтай байдаг. Үүний хамгийн том давуу тал нь арьсыг маш гоё толигор болгож өгдөг явдал /инээв/. Монголчууд хятад хүмүүсийг ихэвчлэн муугаар боддог ч хятад оюутнууд их найрсаг, сайхан сэтгэлтэй санагддаг.

YOLOХятад улс сонин содон хоолоороо дэлхийд алдартай. Чамд ямар хоол нь хамгийн их таалагддаг вэ?

- Хятад улс маш олон нэрийн хоолтой. Хот болгон нь өөрсдийн гэсэн хоолоо иддэг. Зарим хотуудад шавьж иддэг бол зарим хотын иргэд дан мах, ногоо иддэг. Жишээлбэл Ухань хот улсдаа сарьсан багваахайн шөлөөрөө алдартай. Тэгвэл миний сурдаг Наньжин хот гахай, тахианы мах, ногоог түлхүү хэрэглэдэг. 300 гр үхрийн мах монгол мөнгөөр 20,000-30,000₮ байдаг болохоор энд ирснээсээ хойш малын мах тийм ч олон удаа идээгүй. Харин жимс ногоо их идэж сурсан даа. 


YOLOЧөлөөт цагаараа юу хийдэг вэ?

- Чөлөөт цаг гарвал аялах дуртай. Мөн олон төрлийн хоол туршиж үзэх сонирхолтой санагддаг.

YOLOХятад улсад очоод тохиолдсон хөгжилтэй явдлаасаа хуваалцаач?

- Анх Хятадад ирээд найзтайгаа хамт дэлгүүр хэсэхээр болсон юм. Нэгэн молл сонгож аваад очих гэтэл яаж очихыг нь мэдэхгүй учраас "Google Map" ашиглаад очихоор боллоо. Газрын зургаас харахад жаахан алхаад л оччих юм шиг харагдаад байхаар нь алхтал 3-4 цаг алхаж очдог газар луу алхчихсан байсан. Тэр үе л их хөгжилтэй санагддаг даа. 


YOLOЧиний хувьд Хятад улсад очсон бол заавал үзэж, аялах ёстой газар юу вэ?

- Хот болгон нь өөр өөрийн гэсэн онцлогтой учир аль ч хот руу нь аялсан бай үзэх зүйл ихтэй. Тиймээс тухайн хот руу очиж сонирхох гэж байгаа бол эхлээд тэр хотын соёл, түүхийнх нь талаар судалсан нь дээр. Сайн судлаад үзвэл хүн болгоны мэддэг алдартай газруудаас гадна өөр үзүүштэй, сонирхолтой газрууд их байдаг. 

YOLOИнгээд ярилцлагын төгсгөлд тэтгэлэг авахаар бэлдэж буй залуустаа хандан зөвлөгөө өгөөч.

- Уншигчдадаа зориулан зөвлөхөд юуны түрүүнд зорилгоо маш сайн тодорхойлоорой. Мөн сурахыг хүссэн сургуулиа эртнээс төлөвлөж, тухайн сургууль чинь юу юу шаардаж байгааг маш сайн судалж, өөрийгөө бүрэн дайчилж суралцаарай гэж зөвлөе.

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Тэтгэлэг #Боломж #Хятад