#ЭЕШ800: Англи хэлний шалгалтын 800 оноот Г. Анугийн туршлага


О.Дорж | YOLO.MN
2020-06-28

Yolo.mn сайтын хамт олон төгсөх ангийн сурагчдадаа зориулан #ЭЕШ800 цуврал ярилцлагынхаа хоёр дахь дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Бид Англи хэлний хичээлээр ЭЕШ-д бэлдсэн арга болон туршлагын талаар уг шалгалтад 800 оноо авсан Г. Анутай ярилцлаа. /Жич: Хүн бүр өөр өөрийн онцлогтой байдгийн адилаар хүн хүний сурах арга барил ч мөн ялгаатай байдгийг анхаараарай! smiley/


YOLOБидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны хувьд ямар ямар хичээлээр ЭЕШ өгч, аль сургуульд орсон бэ? 

- Миний бие 2018 онд Англи хэл, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр ЭЕШ өгсөн. Одоогоор МУИС-ОУХНУС-д Олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж байна.

YOLOШалгалтууддаа хэрхэн бэлдэж байсан аргуудаасаа хуваалцаач? Нийт хэдэн сарын хугацаанд бэлдсэн бэ?

- Би "Улаанбаатар" бүрэн дунд сургуулийг төгссөн. 10-р ангид орохоос эхлээд хичээлийн сонгонд хамрагдаж, сар болгон ЭЕШ-ын жишиг материалуудаар шалгалт өгч, оноогоороо жагсдаг байсан. Яг л жинхэнээсээ ЭЕШ өгч байгаа юм шиг хариултын хуудас бөглүүлж, балын харандаагаар ажиллаагүй тохиолдолд, аль эсвэл хоорондоо ярьж, хуулах үед шууд л шалгалтын материалыг нь ураад муу тавьчихдаг байсан. Өөрөөр хэлбэл би сар бүр л ЭЕШ өгдөг байсан гэсэн үг. Мөн манай багш нар өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ийн материал, жишиг даалгаврууд болон 10, 11, 12-р ангийн сурах бичгүүдээр дагнаж бэлдүүлдэг. Үнэнийг хэлэхэд би хувьдаа нэг их бэлддэггүй байсан юм. 2006-2017 он хүртэлх ЭЕШ-ын материалуудыг нэг удаа ажиллаж үзсэнээс өөр юм хийгээгүй дээ. 


YOLOӨдөрт нийт хэдэн цагийг шалгалтаа бэлдэхэд зарцуулж байсан бэ? Цагаа хэрхэн хуваарилсан бэ?

- Ажлын өдөрт 1 цаг, харин амралтын өдөр ерөөсөө бэлддэггүй байсан. Миний хувьд "Амралтын өдрөөр амрах л ёстой" гэдэг сэтгэлзүйтэй байдаг учраас амралтын өдөр шалгалтад бэлдэх дэмий санагддаг. Би "айлын хүүхдүүд" шиг өдөрт 4,5 цагаар яс сууж бэлдэж үзээгүй. Үнэндээ тийм удаан сууж бэлдэх нь өсвөр насныханд үнэхээр төвөгтэй санагдаж, сүүлдээ бүр анхаарал ч төвлөрөхөө больдог. "Тоо биш чанар чухал" гэдэг шүү дээ. Чанаргүй 4 цагаас анхаарал дээд цэгтээ төвлөрсөн чанартай 1 цаг илүү шүү. 

YOLOЭнгийн 1 өдрөө хэрхэн өнгөрүүлдэг байсан бэ? Өглөө сэрэхээс орой орондоо орох хүртэл?

- Миний хувьд өглөө хичээлдээ явж ирчихээд Netflix-ээс кино үздэг байсан. Сонирхуулан хэлэхэд би хэзээ ч монгол орчуулга эсвэл монгол хадмалтай кино үздэггүй. Дандаа л англи хадмалаар эсвэл огт хадмалгүйгээр үздэг. Энэ дадал туршлага минь сургуульд 8 жилийн турш сурснаас хавьгүй их зүйлийг заасан. 


YOLOТаны хувьд ЭЕШ өгөхөөр сонгосон хичээлүүд дээрээ тус тусад нь цаг гаргаад өдөр бүр бүх хичээлээ бэлдэх нь үр дүнтэй байсан уу, аль эсвэл өдөр бүр өөр хичээлээ бэлдэх нь үр дүнтэй байсан уу?

- Миний тархи лав нэг өдөрт олон янзын зүйлс хийх гэж оролдохоор шууд унтарчихдаг байсан. Тийм болохоор над шиг төрлийн хүмүүс нэг өдөрт нэг л хичээлээ бэлдсэн нь зөв байх. Эхлээд Физикийн хичээлээ бэлдэж байснаа л 1 цагийн дараа Нийгмийн ухааны хичээлээ бэлдээд л, хичээлүүдээ хооронд нь хольж хутгаад л, нойр нь хүрээд л. Ер нь нэг өдөрт олон хичээл бэлдвэл алин дээр нь ч гүнзгийрсэн мэдлэггүй хоцрох байх. Миний зүгээс зөвлөхөд хүүхдүүд ихэвчлэн гурван хичээлээр ЭЕШ өгдөг учраас 3,4,5-р саруудад гурван хичээлээ сар сараар бэлдэж болох юм. Ингээд зургаадугаар сарын эхэнд мартсан зүйлүүдээ санахын тулд бүх хичээлүүдээ бататгаад харчихад асуудалгүй байх. 

YOLOБие даан бэлдсэн үү? Сургалтад явж байсан уу?

- Үгүй, сургууль дээрээ болон гэртээ бие даан бэлдэж байсан. Мэдээж ЭЕШ-д сайн бэлдэж өгдөг чанартай сургуулиуд байдаг л байх. Гэхдээ бид нар чинь 21-р зуунд амьдарч байгаа залуус шүү дээ. Бид нар бол интернэт гэх зүйлийг утгаар нь ашиглаад сурчихсан хүмүүс. Интернэтэд бэлдэж буй хичээлийн чинь, нэн ялангуяа англи хэлний хичээлээ бэлдэхэд чинь туслах тоо томшгүй үнэгүй материал, онлайн хичээлүүд бий. Сургалтад явна гэж эцэг эхийнхээ халаасыг хоосолж байхын оронд зүгээр л дэмий зүйл хийх цагаараа интернэтээс хэрэгтэй мэдээллээ олоод авчихдаг чадвартай байх л хэрэгтэй. 


YOLOГэртээ бие даан бэлдэх гэхээр гэр цэвэрлэх, дүүгээ харах гээд олон асуудлаас болж анхаарал сарних асуудал тулгардаг. Таны хувьд анхаарлаа хэрхэн төвлөрүүлж бэлдсэн бэ?

- Эхлээд эцэг эхдээ ойлгуул. "Би ЭЕШ-д бэлдэх гэж байгаа тул энэ ажлаас түр чөлөөлөгдөж болох уу?" гэж асуу. Тийм гэвэл санаа амар бэлд. Хэрвээ хийхээс өөр аргагүйд хүрвэл гэрээ цэвэрлэж дуусчихаад бэлд. Дүүгээ харж байгаа бол гэрт чинь өөр хэн нэгэн ирэх үед бэлдэж эхэл. Олон зүйлийг нэгэн зэрэг амжуулах нь сайн ч энэ тохиолдолд чиний анхаарал хэзээ ч бүрэн төвлөрөхгүй. Эсвэл дүүгээ харж байх үедээ дэвтэр дээрээ нэг юм биччихээд эргээд харах үед чинь дүү чинь бэртэж гэмтсэн байх вий.

YOLOШалгалтаа бие даан бэлдэж байхад мэдэхгүй зүйл гарч ирвэл цааш явахгүй гацах үе тулгардаг. Энэ үеэ хэрхэн давдаг вэ?

- Юуны тулд багш гэж хүн байдаг билээ дээ. Багш нар чинь чиний бэлдэж буй хичээлээр мэргэшсэн хүмүүс. Багш нартайгаа сайн найзууд бол. Мэдэхгүй зүйлээ асуухаас хэзээ ч бүү ич. Багш нар өөрөөс нь юм асууж тодруулдаг, тусламж авдаг хүүхдүүдэд илүү дуртай байдаг. Хөл хорио тогтоосон энэ үед багштайгаа утсаар ярих эсвэл, чатаар холбогдох хэрэгтэй.

YOLOБэлдэхдээ ямар ном, сурах бичиг, онлайн сургалт, аппликэйшн ашиглаж байсан бэ?

- 2006-2017 оны ЭЕШ-ийн материалууд болон Netflix, YouTube зэрэг платформуудыг ашигласан. Мөн 2006-2017 оны ЭЕШ-д ашиглагдсан дүрмүүдийг жагсаан бичиж байгаад англи хэлний дүрмийн номноос хараад давтдаг байсан.


YOLOСонсох дасгал дээр хэрхэн ажилласан бэ? 

- Мөн л англи хэл дээр кино үзэж сонсох чадвараа сайжруулсан. Сануулж хэлэхэд ЭЕШ-д бэлдэхдээ шинжлэх ухааны юм уу баримтат кино үзэх дэмий байх. Харин оронд нь харилцан яриатай, комеди, эсвэл хайр дурлалтай романтик кино үзвэл зүгээр. Киногоо үзэхдээ эхлээд ямар ч хадмалгүйгээр үзээд сонссон өгүүлбэрээ дэвтэр дээрээ бичээрэй. Дараа нь хадмал орчуулгыг нь асааж байгаад тухайн өгүүлбэрийг зөв бичсэн үү, буруу бичсэн үү гэдгээ шалгаад явбал их үр дүнтэй. Өөрийгөө залхаах урт лекцүүд, эсвэл англи хэлний сурах бичгийн CD дээр байдаг шиг "Hi, how are you?" гэсэн уйтгартай ярианаас илүү энэ арга нь сонирхолтой байгаа биз дээ? 

YOLOЕр нь англи хэлний ЭЕШ-ын хамгийн их алдах магадлалтай тест нь юу вэ? 

- Хүүхдүүд ихэнхдээ "phrasal verb" буюу "хэлц үйл үг"-ийн дасгалууд дээр алдах хандлагатай байдаг. Эх унших явцад "throw up" буюу "бөөлжих" гэсэн утгатай хэлц үйл үг тааралдахад "дээшээ шидэх" гээд шууд утгаар нь ойлгоод явчихвал тухайн уншиж буй эхийн утга тэр чигтээ алдагдаад ч зогсохгүй эхтэй холбоотой бүх даалгавруудаа буруу хийх эрсдэлтэй. Тийм учраас англи хэлний хэлц үйл үгнүүдээ сайн цээжлээрэй гэж зөвлөе.


YOLOЭх уншаад ойлгох даалгавар дээр хэрхэн ажиллаж байсан бэ? Мөн суурь мэдлэг болох шинэ үгсийг хэрхэн цээжилдэг байв?

- Эх уншаад ойлгох чадварыг хөгжүүлэхийн тулд өөрт сонирхолтой санагдсан мэдээлэл болон нийтлэлүүдийг англи хэл дээр унших хэрэгтэй. Өөрийн сонирхдог салбарын шилдэг, үнэн бодитой мэдээлэл хүргэдэг хуудас болон вэбсайтуудыг дагаарай. Миний хувьд олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байгаа тул Independent, The Diplomat зэрэг сайтуудаас байнга мэдээ мэдээлэл уншиж байгаа учраас уншиж ойлгох чадвар маань сайжирсаар л байна. Мөн үг цээжлэхдээ "annoying=ядаргаатай" гэх зэргээр дангаар нь цээжлэх хэрэггүй. Харин оронд нь ямар нэгэн өгүүлбэрт оруулаад цээжилж байгаарай. Жишээлбэл, "Bold is so annoying. So i don't want to be friends with him" гэх мэт. 

Би юу хэлэх гээд байна вэ гэхээр өөрт сонирхолгүй, залхуутай санагдсан аргаар хичээлээ бэлдэх хэрэггүй. Тэгж бэлдсэн зүйл чинь хэзээ ч урт хугацааны мэдлэг болж үлдэхгүй. Хэсэг хугацааны дараа л тархинаас чинь арчигдана. Та нар 10-р ангийнхаа англи хэлний сурах бичиг дээр ажиллаж байсан харилцан яриаг одоо санаж байна уу? Үгүй л байх. Харин дуртай киноны чинь төгсгөлд юу болдог, юу гэж хэлдэг гэдгийг маш сайн санаж байгаа байх. Ер нь аливаа хэлийг өөрийнхөө сонирхолтойгоо холбон сурч байгаарай. 


YOLOШалгалтын өмнө сэтгэл санаагаа хэрхэн бэлдсэн бэ? Шалгалтын өмнөх өдрөө хэрхэн өнгөрөөж байсан бэ?

- Өмнө дурдсанчлан би сар болгон ЭЕШ-ын жишиг шалгалт өгдөг байсан. Нийтдээ 27 удаа ЭЕШ-ыг туулаад гарчихсан гэсэн үг. Энэ маань надад ЭЕШ-ыг зүгээр л өглөө шүдээ угаахтай адил сэтгэгдэлтэй болгосон. Англи хэлний ЭЕШ-ын өмнөх орой нь "Таксины мөнгө байхгүй юм байна. Автобусанд суувал чихцэлдэх болов уу?" гэсэн бодлоос өөр зүйл орж ирээгүй. Тэгээд л шалгалтаа ямар ч сандрал, санаа зовнилгүйгээр даваад гарчихсан. 

YOLOШалгалтын үеэр ямар арга барилаар ажилласан бэ? Мэдэхгүй асуулт гарч ирэхэд хэрхэн хариулж байсан гэх мэт. 

- Яг материал дээрх дарааллаар ажиллаад явбал дунд нь эргэлзээтэй зүйл тулгараад, түүнийгээ бодож суусаар байтал цаг чинь дуусч, материалаа бүрэн ажиллаж чадалгүйгээр хураалгах эрсдэл ихтэй байдаг. Тиймээс баттай мэдэж байгаа зүйлсээ хамгийн түрүүнд хийж дуусгасан. Эргэлзэж байсан ганц хоёр асуултуудынхаа өмнөх тоог нь дугуйлж орхичихоод бусад дасгалуудаа ажиллаж дууссаныхаа дараа орхисон асуултууддаа хариулсан. 

YOLOТанд 800 оноо авахад юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ? 

- Миний мэдлэг гэхээсээ илүү сэтгэлзүй л хамгийн их нөлөөлсөн гэж боддог. Хэдий англи хэлэндээ ус цас хүн байлаа ч ЭЕШ гэх зүйлийг ямар юм байдгийг нь мэдэхгүй, ямар ч сэтгэлзүйн бэлтгэлгүй үедээ өгвөл сандарсаар байтал харандаагаа хугалж, хоосон материал өгөх биз. Би хэзээ ч "Яана аа ЭЕШ боллоо" гэж бодож байгаагүй. Харин "Энэ бол бүх сурагчдын даваад л гардаг зүйл, амьдралд тохиолдох бусад зүйлсээс нэг их онцгойроод байх юм байхгүй" гэж бодож байсан минь л хамгийн их нөлөөлсөн. 


YOLOХөл хорио тогтоосон энэ үед ЭЕШ өгөх гэж буй сурагчдад хандан зөвлөгөө өгөөч.

 - Хөл хорио тогтоосон энэ үед төгсөх ангийн сурагчид минь "ЭЕШ-даа бэлдэх ёстой учраас номын санд сууна, эсвэл найзынхаа гэрт очиж хамт хичээл хийнэ" гэж гэрээсээ гарах хэрэггүй. Боловсрол хэдий чухал ч эрүүл мэнд чинь түүнээс чухал. Гэвч гэртээ бие даан бэлдээд ЭЕШ-д 800 оноо авч чадахгүй гэж бодож байгаа бол энэ нь өрөөсгөл ойлголт. 

Англи хэлний дүрмийн мэдлэгээ сайжруулъя гэвэл интернэтээс өнгөрсөн жилүүдийн Англи хэлний ЭЕШ-ын материалуудыг олоод бүгдийг нь ажиллаарай. Тухайн материалууд дээр ашиглагдаж байгаа бүх дүрмүүдийг жагсаан бичээрэй. Ингээд "өдөрт 1 дүрэм" зарчмаар ажилла. Өөрөөр хэлбэл эхний өдөр жагсаалтынхаа эхний дүрмийн нэрийг бичээд л Youtube-ээс хайхад маш олон багшийн төрөл бүрээр тайлбарласан бичлэгүүдийг үзэх боломжтой. "Миний англи хэл тийм ч сайн биш шүү дээ" гэж хойш суух хэрэггүй. Сүүлийн үед монгол тайлбартай видео хичээлүүд ч олон болсон.

Үгийн сангаа баяжуулъя гэвэл англи хэл дээрх киног англи хадмалтайгаар тогтмол үзээрэй. Мөн хүүхдүүд ЭЕШ-д бэлдэж байж "TOEFL, IELTS-д ашиглагддаг үг хэллэгүүд" гэсэн жагсаалтуудаас үгээ цээжилдэг. Энэ нь хамгийн буруу. ЭЕШ нь тэдгээр шалгалтуудыг бодвол харьцангуй хялбар байдаг тул тэгж өөрийгөө зовоох шаардлагагүй. 

Мөн сурсан мэдлэгээс илүү сэтгэлзүй их чухал байдаг. Хэд хэдэн удаа жинхэнээсээ ЭЕШ өгч байгаа юм шиг ажиллаад үз. Интернэтээс өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ын материалуудыг хариултын хуудастай нь хэвлэж аваад, аав ээжийгээ хянагч багш нарын дүрд тоглуулж хянуулаад, 90 минутын хугацаанд яс суугаад үзчихвэл ямар их өөрчлөлт гарах бол? Тэгээд "ЭЕШ бол гоц гойд үйл явдал биш. ЭЕШ-ын өдөр бол жилийн бусад 364 өдөртэй л адил нэгэн өдөр. Айдсаа даваад гарчихвал ЭЕШ бол "Piece of Cake"/амархан/" гэсэн бодлыг тархиндаа заавал суулгаарай. 

Би бусад хүмүүсээс тэс ондоо зөвлөгөө өгч байж магадгүй. Гэхдээ хэзээ ч 1 өдөрт хоёроос илүү цагаар бэлдэх хэрэггүй. Ялангуяа шинэ коронавирусын аюул ирээд буй энэ үед өөрийгөө хэт ядрааж болохгүй шүү. Энэхүү ярилцлагыг уншиж буй төгсөх ангийн бүх сурагчдадаа амжилт хүсье! Та нар ЭЕШ-ыг хялбархан даваад, заавал хүссэн сургуульдаа орох болно оо.

YOLOБидэнтэй ярилцсанд баярлалаа.


#ЭЕШ800 #Ярилцлага