ЗАХИДАЛ: Гуравдугаар сарын захидлын хариу №3


ССҮТөв | YOLO.MN
2020-03-21

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Хүмүүжилгүй, хараал хэлдэг болохоор таалагддаггүй 

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. МСҮТ-д сурдаг. Өмнө нь ЕБС-д сурдаг байхад олон найзтай, хүн болгон л надтай эелдэг харьцдаг байсан. Харин одоо тийм биш. Намайг нэг л гадуурхаад, найзлахыг хүсэхгүй байгаа юм шиг санагддаг болсон. Одоогийнхоо ангийн хүүхдүүдтэй найзална гэхээр нэг л сонин ааш авиртай, хүмүүжилгүй, харилцаа муутай, хараал хэлдэг болохоор таалагддаггүй. Өмнөх сургуулийн найзууд маань намайг тоохоо больчихсон.

Одоо надтай дотно найзалдаг хүүхэд байхгүй. Заримдаа сэтгэл санаа таагүй үед хүнтэй ярилцаж өөрийгөө тайвшруулмаар санагддаг. Тэгж чадаагүйгээсээ болоод сэтгэл санаагаар унаж, өөрийгөө голж, стресстдэг. Үүнээс болоод л миний зан ааш өөрчлөгдөөд, улам л ууртай болоод, нэг л хэг ёог гэсэн ааштай болчихсон юм шиг санагдаж байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Өөр орчинд ирснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. МСҮТ-д шилжиж очоод хэр удаж байгаа вэ? Шинэ орчинд дасан зохицоход биднээс их бага хэмжээгээр хичээл зүтгэл шаардагддаг. Зарим хүмүүс маш хурдан найзтай болдог байхад зарим хүмүүст найзтай болоход тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Хүмүүс чамтай эелдэг харьцахыг л хүлээгээд байгаа юм биш биз? Орчиндоо дасан зохицохыг хүсэж байгаа бол өөрөө түрүүлж алхам хийгээд үзээрэй.

Ангийнх нь хүүхдүүд бас чамтай яаж харилцахаа ойлгохгүй яваад байж болох юм. Өмнөх орчин бол тэндээ л үлдэнэ. Чи одоо өөр орчинд орж ирснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь мэдээж тэр хүүхдүүдтэй адил хараал хэлдэг бол гээгүй юм шүү. Эхлээд алхам хийгээд найзлах оролдлого хийгээд үз. Харин найз болсныхоо дараагаар ангийнхандаа өөрийнхөө үйлдлээр зөвийг үлгэрлэж болно шүү дээ. Хэн нэгэнтэй ярилцмаар байвал бусдаас асуудаг байгаарай. Чиний хэлдэг зөв. Өөрт төрөөд байгаа сөрөг мэдрэмжээ хэн нэгэнтэй хуваалцахгүй болохоор сөрөг мэдрэмж чинь сэтгэлээр унах, стрессдэх гэх мэт сөрөг байдлаар илрээд байх магадлалтай. Тиймээс бусадтай ярилцах, бусадтай найзлах алхмыг өөрөөсөө эхлүүлээрэй. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


АСУУДАЛ: Ажлаасаа гарах бодол байнга төрдөг

Сайн байна уу? Би 20 настай. Барилгын засал чимэглэлээр нэг компанид ажилладаг. Анх ажилд орохдоо юу ч чаддаггүй, зөвхөн багажаа л мэддэг байсан гэх үү дээ. Одоо ажилд ороод 1 жил болох гэж байна. Одоо бол удаан ч гэсэн даалгасан ажлыг нь хийж байгаа.

10-р сараас хойш ажлаасаа гарах бодол байнга төрдөг болсон. Миний зорилго бол мөнгөө цуглуулж байгаад их сургуульд орох. Өөр ажил хийх гэхээр нэг л болж өгөхгүй юм. Ажил дээрээ очих болгонд “Одоо яах бол?” гэж боддог болсон. Хүмүүс надтай нэг бол сайн харилцаад л, нэг бол муу харилцаад л. Миний төлөө байгаа л юм шиг байдаг. Бодит байдал дээр бол үгүй л дээ.

Манай компани чадахгүй байсан ч сургаад ав гэдэг зарчмыг барьдаг. Бид нарыг хариуцсан мастер “Чи наад ажлаа хийж чадахгүй байна. Удаан хийгээд байна” гэдэг. Миний бодлоор намайг халж чадахгүй болохоор намайг өөрөө ажлаасаа гарахыг хүлээгээд байх шиг байгаа юм. Надтай сайн хандсан хүн болгоныг муулна. Үүнээс болоод би ажлынхаа эгчийг үзэж чаддаггүй. Надад ганц ч муу зүйл хийж байгаагүй хүнд ч хүртэл итгэл итгэл алга. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Сайтар төлөвлөөрэй

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд тэр хүн үнэхээр чамайг ажлаасаа гараасай гэж хүсэж байгаа болов уу? Эсвэл чиний л таамаг уу? Бид заримдаа хэн нэгний бодлыг таамагласныгаа үнэхээр тийм гэж хүлээж авах хандлагатай байдаг. Тэр хүний бусад хүмүүстэй яаж харилцаж байгааг анхаарч ажиглаж байсан уу? Чамтай л муухай харилцаад байна уу, эсвэл бүх хүнтэй юу? Тэр хүн зөвхөн чамд сайхан хандаж байгаа хүнийг л муулаад байна уу, эсвэл хүссэн хүнээ л муулж байна уу? Эдгээр асуултад хариулаад үзээрэй. Үнэхээр тэр хүн чамд дургүйцээд байна уу, эсвэл энэ зөвхөн чиний л бодол уу гэдгийг тодорхойлоорой. Мөн хүмүүс ажилдаа сонирхолгүй болох, ажлаасаа гарахад дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнд:

  • Нэг хэвийн байдал
  • Сайшаал шагнал хангалтгүй
  • Ажлын цагийн хатуу журам
  • Мэргэжил нэгтнүүдийн зөрөлдөөн /шүүмжлэл/
  • Мэргэжилдээ өсөх боломжгүй байдал
  • Бие хүний шийдэгдээгүй асуудлууд
  • Хийж буй ажилдаа сэтгэл хангалуун бус байдал
  • Найдваргүй тусламж

Тэгвэл юу хийж болох вэ? 

  • Ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, бусад цагт өөрийгөө хөгжүүлэх, амрах үедээ чанартай нойр авч, илчлэг сайтай хоол унд идэх. Амрах цагаараа битгий ажлаа хий. Зүгээр л амар.
  • Ажлаа зөвхөн ажил дээрээ хийнэ. Гэрлүүгээ авч явахгүй. Ажил дээр болсон асуудлууд, стрессээ ч мөн адил ажил дээрээ үлдээ. 
  • Сонирхлын бүлгүүдэд нэгд. Байнгын нэг бүлэг хүмүүстэй харилцах нь таныг нэг хүрээнд л байлгана. 
  • Онцгой зүйлийг хай. Өдөр тутам хийдэг ажлаа дуртай зүйлтэйгээ холбо.
  • Олон зүйлийг турш. Ганц аргаар оролдоод байх биш өөрөөр яаж хийж болох вэ гэж өөрийнхөө чадварыг турш. 
  • Амьдралтай бай. Ажлаас гадна хувийн амьдрал болох гэр бүл, найз нөхөд, дуртай зүйлдээ цаг зарцуулах, шинэ зүйл хийж бүтээх, биеийн дасгал хөдөлгөөн хийх зэрэгт анхаарал хандуулаарай. Ажил чухал зүйл ч гэлээ бүхий л амьдрал тань байж болохгүй.
  • Ажлаасаа гарах. Дээр дурдсан аргуудыг болон бусад зүйлийг ашиглаад ч байдал дээрдэхгүй байвал мөн өөр зүйл хийх хүсэлтэй байгаа хэвээрээ бол энэ ажлыг хийхээ зогсоож болно.

Харин энэ ажлаас гараад ямар ажил хийх вэ? Би юу чадах вэ? Хэдэн төгрөг хэрэгтэй байгаа вэ? Ямар ажил, хэдэн төгрөгийн цалинтай ажил хийвэл хэдий хугацааны дараа их сургуульд орох боломжтой вэ? Мөнгөнөөс гадна их сургуульд ороход өөр юу бэлдэх вэ? гэх мэт сайн төлөвлөөрэй. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг 


АСУУДАЛ: Хэзээ нэг өдөр нас барна гэдгээ бодохоор айж байна

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Ирээдүйн мэргэжил, ажил, амьдралаа төлөвлөчихсөн байгаа. 12-р ангиа төгсөх, их сургуульд орох, их сургуулиа төгсөх гээд бүх зүйлээ төсөөлөлдөө бодож төлөвлөх тусам хэзээ нэгэн өдөр насан өндөр болоод эсвэл зуурдаар нас барна гэдгээ бодохоор айдас хүрж, цээж хөндүүрлэж, тийм зүйл болгохыг хүсэхгүй, яаж тэр зүйлээс зугтах вэ гэсэн арга бодсоор тайван байхаа ч болилоо.

Зөвхөн би гэлтгүй гэр бүлийнхэнд маань ч бас хэзээ нэг өдөр тийм зүйл болно гэхлээр л нулимс урсаж тайван байж чадахгүй байна. Залуу байгаа ч дахиад 100 жил ч амьдарч чадахгүй. 100 жилийн дараа дэлхий ямар болсон байхыг харахыг хүсэж байна. Яг одоо сонсож байгаа дуугаа үүрд сонсмоор байна гээд л бодлууд ар араасаа орж ирээд тайван байлгахаа болилоо. Хэзээ ч бүтэхгүй зүйлийг хүсэж сэтгэлээ зовоогоод байна. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Энэ байдлаар удаан хугацаанд явбал өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлөх аюултай

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Захидал илгээсэн танд баярлалаа. Юуны өмнө та өөрийн ирээдүйн зорилгыг бодит болгох дээр төлөвлөгөө гаргаж, зорилготой байгаа нь маш сайн байна. Мэдээж төлөвлөгөө гаргаж түүндээ хүрэх алхмуудаа нарийвчлан тооцож, амжилт өөдөө тэмүүлэх урам зориг авч, амьдралынхаа түүхийг гэрэл гэгээтэйгээр бичих нь хүн бүрийн хүсэл мөрөөдөл.

Хүний тархи маш нарийвчлалтай бодож, сэтгэж, дүгнэлт гарган ажилладаг бөгөөд ийнхүү ажиллахдаа бодит болж байгаа зүйл болон төсөөллөөр бодож байгаа хоёрыг ялгалгүй яг ижил мэдрэмжийг мэдэрч хариу үзүүлдэг. Жишээ нь та хэзээ нэгэн өдөр насан өндөр болоод зуурдаар нас барна, гэр бүлийнхэнд маань ч бас хэзээ нэг өдөр тийм зүйл болно гэх зэрэг болоогүй зүйлийг болох гэж байгаа мэтээр төсөөлж, тархиндаа бодлоороо дамжуулан тааламжгүй сөрөг мэдээлэл өгч, хариуд нь айдсыг хүчтэй мэдэрч сэтгэл хямрах, түгшүүрлэх, энэ бүгдээс зугтаая гэх мэтээр тайван байхаа больж, үргэлж тавгүй байдлыг мэдэрч байгаа бололтой.

Бид өнгөрсөн дурсамжаа хэт их бодох нь сэтгэлээр унах, ирээдүйн талаар хэт их туйлширч бодох нь айдсыг улам бүр нэмэгдүүлдэг. Хэрвээ та энэ байдлаар удаан хугацаанд явбал таны өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлөх аюултай. Тиймээс та өөрт бодогдож буй таагүй, сөрөг бодлыг ахин дахин бодож, бодлоо хэт өөгшүүлэн тэтгэлгүйгээр өөрийн бодлоо удирдаж сурах хэрэгтэй. Тааламжгүй сөрөг бодол санаанд тань орсон үед "ЗОГС! Энэ бол төсөөлөл. Би илүү бодит зүйлийг төлөвлөх хэрэгтэй" гэж бодлоо удирдах хэрэгтэй. Хэрвээ энэ арга тус болохгүй бол даруй мэргэжлийн сэтгэл судлаачид хандахыг зөвлөж байна. Танд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Ц. Нямцэцэг


АСУУДАЛ: Би гэдэг хүн би биш болчихсон байгаагаа анзаарлаа

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Жилийн өмнөөс Япон улсад сурч эхэлсэн. Ахлах сургуулийн сурагч. Би багаасаа бүжгээр хичээллэж, бусадтай харьцах тал дээрээ нэлээд сайн гэгддэг хүүхэд байсан юм л даа. 7-р ангидаа хүнд бэртэл авсан ч эдгэрээд эргээд бүжиглэдэг болсон ч удалгүй больчихсон юм. Тэгээд Японд сурч эхлээд дан Япончуудаар хүрээлүүлсэн би хэлээ сайжруулахын тулд ахлах сургуульдаа биш япон хэлний сургуульд ихэнх цагаа өнгөрөөж хэлээ сайжруулсныхаа дараа ахлахдаа үргэлжлүүлэн сурч болох төлөвлөгөөний дагуу тун удахгүй хэлний сургуулиа төгсөх гэж байгаа юм.

Гэтэл энэ нэг жилийн хугацаанд би гэдэг хүн би биш болчихсон байгаагаа анзаарлаа. Сэргэлэн цовоо, нүүрэмгий, яриа хүүхэд байсан ч одоо бол яг эсрэгээрээ. Хэн нэгэн над дээр ирвэл “Удахгүй алга болох хүнтэй дотносож яадаг юм” гэх байр сууриас хандаж, тэгж бодогдох тохиолдол зөндөө гарсан учир ирсэн хүнийг ер халгаахгүй боллоо. Хэлний сургуульд надад 23 настай Тайвань улсын найз эгч минь байсан ч хагас жил болоод анги салсан учир түүнээс хойш хүнтэй нийлээгүй. Ганцаараа байх эвгүй санагддаг байсан ч одоо бол өөр. Тэр байдалдаа дасчихсан ч гэх үү. Нэг тиймэрхүү.

Харин ахлах сургуулийн нэг ангийнхантайгаа долоо хоногт хоёрхон удаа л уулзаж хамт хичээллэдэг байв. Эхэндээ намайг монгол хүн, бусдаас өндөр, Инстаграм дээрээ чанартай зураг хийдгээс минь болж намайг модель, хөөрхөн, загварлаг гэх үгсээр уулзах бүрд булдаг байлаа. Харин энэ дөрөвдүгээр сараас эхлээд найз биш зөвхөн танил төдий ангийн 27 хүүхэдтэй өдөр болгон хамт хичээллэхээр боллоо. Ийм учир би одооноос яаж өөрийгөө буцааж олж авах, бусдын өмнө өөрийнхөөрөө байх, хэрхэн үнэнч найзтай болох талаар зөвлөгөө өгч ярилцаж өгөөч гэж гуйж байна. Заавал хариу өгнө гэж найдаж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрөөсөө хичээл зүтгэл гаргаарай

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Захидал илгээсэн танд баярлалаа. Таны японд очихоос өмнө бусадтай харилцах тал дээр нээлттэй, сайн, нүүрэмгий, яриа байсан гэсэн ярианаас таныг гадагшаа чиглэсэн харилцаатай буюу бусадтай илэн далангүй ярилцах нь таны хувьд чухал бололтой. Харин өнгөрсөн нэг жилд та нэлээн дотогшоо зожиг байсан бололтой. Үүнээс нэг л өдөр гэнэт гарчихгүй. Бага, багаар өдөр бүр өөрийгөө дасгах хэрэгтэй болно. Хэрвээ ахлах ангийнхантайгаа Инстаграмаар найз бол тэдний зурган дээр зүрх дарах, коммент бичих, чатлах гэх мэтээс эхэлж болно шүү дээ. Анхны сэтгэгдэл чухал. Чи тэдний улс оронд суралцаж байгаа зочин учир тэдний соёлыг хүндэтгэж сайхан харилцах нь чухал. Тэд ч чамд сайхан хандаж эхэлсэн байна шүү дээ. Өөрөөсөө яльгүй хичээл зүтгэл гаргаарай. Тэгээд тууштай байгаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Би өөрийгөө "шизоид психопат" гэх асуудалтай гэж боддог

Энэхүү захидлыг уншиж буй сэтгэлзүйч болон надтай адил бэрхшээлтэй хүүхдүүддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье! Юуны өмнө миний би 16 настай, өсвөр насан дээрээ явж буй охин хүүхэд гэдгийг мэдэгдэх нь зүйтэй гэж бодож байна. Одоо би та бүхэнд өөрт тохиолдсон бэрхшээлээсээ хуваалцъя.

Би олон жилийн өмнө бусадтай дотно харьцаж, нөхөрлөж чаддаггүй, гэр бүлийн хүмүүс, хамаатан садан ах дүүтэйгээ яаж ч хичээсэн хэцүү хүндрэлтэй харилцдаг байсан. Үүний гол шалтгаан нь хүмүүс намайг бүдүүн тарган учир үл ойшоож, надтай харьцахдаа ихэд дургүйцдэг байсан хэмээн боддог байсан. Тэр үед би жоохон хүүхэд байсан болохоор энэ бодолдоо гүн автсан байсан. Харин одоо бол би бүдүүн хэвээрээ байгаа ч яагаад би бусдаас хөндийрөөд, яаж ч хичээсэн дөлөөд байдгаа арай өөр утга учиртай гэж бодож эхэлсэн.

Би ямар нэгэн мэргэжлийн хүнтэй биеэр уулзаж зөвлөгөө авах боломжгүй. Гэр бүлийнхэн буюу эцэг эх хоёртоо хэлбэл угаасаа нухацтай хүлээж авахгүй. Намайг хааяа нухацтай сэдвээр ярихад тэд намайг "Гажиг юм байна л даа. Битгий галзуураад бай. Өөр хүнд ингэж хэлж тэнэгээ гайхуулав" гэдэг учраас угаасаа би тэдэнд юу ч хэлээд нэмэргүй юм байна гэсэн бодолд бат автсан.

Ямар ч мэргэжлийн хүнтэй ярилцаж үзээгүй болохоор миний бодол алдаатай байж магад. Та үүнийг уншаад инээд чинь ч хүрж магад. Гэхдээ би өөрийгөө “шизоид психопат” гэх асуудалтай хэмээн бодож байна. Би интернет дээр олон сэтгэлзүйн тест бөглөсөн ч үүний үнэн байх магадлал нь маш доогуур гэдэгтэй санал нийлнэ ээ. Гэхдээ өөрт төрдөг мэдрэмжээ бичье.

  • Би бусадтай нээх их харьцах дургүй, зожиг. Намайг зарим хүмүүс чи ч ёстой зожиг юмаа гэлцдэг.
  • Бусдаас тусгаарлагдмал байхыг хүсдэг. Зун хөдөө зугаалсан ч надад огтхон ч аз жаргалтай мэдрэмж төрдөггүй. Замаар алхаж яваад таньдаг хүнтэйгээ таарч тэр хүмүүс надтай юм яриад байх нь үнэхээр ядаргаатай санагддаг. Ямар ч дотны найз таарсан би тэднийг “Өөр таньдаг хүнтэйгээ таараад яваасай. Аз нь таараад завгүй болоод хурдан яваасай” гэж боддог. Бусадтай хамт кино үзэх нь надад хамгийн тухгүй санагддаг. Бүр ямар ч саад болдоггүй хүн байсан ч би хажууд хамт нь суугаад кино үзэхээр хэзээ ч төвлөрч чаддаггүй. Ийм учраас би юмыг дандаа ганцаараа хийж, аль болох гэртээ ганцаараа байхыг хүсэх болсон.
  • Биеэ барьдаг. Би хэзээ ч амьд махан биеэрээ бусадтай нялуурч, найз охидтойгоо дотно харьцаж чаддаггүй. Би жоохон хүүхэдтэй айлд очсон ч хүмүүс шиг хэлээ хазаж ярьж чаддаггүй. Хааяа олны нүдэн дээр уйлмаар байсан ч аав минь надад бүүр бага байхаас минь л “Бусдын өмнө уйлах нь гутамшиг. Өрөвдөлтэй учир хэзээ ч бусдын нүдэн дээр уйлж болохгүй” хэмээн сургасан. Би хэчнээн уйлмаар санагдсан ч үргэлж үүнийг бодоод хүнгүй газрыг зорьдог доо. Мөн яаж ч хичээсэн бусад хүмүүст дотно сэтгэгдэл төрүүлж чаддаггүйгээ мэдсэн. Саяхан манай ангийн хүүхэд надад “Чи ёстой хөндий юм аа. Яагаад биднээс зугтаад байдаг юм бэ?” гэж хэлж байсан.
  • Мэдрэмжээ тод хэлэхээс зайлсхийдэг. Хүмүүс надад таалагдаж, тэдний үйлдэлд хариу үйлдэл үзүүлмээр байвч үнэхээр их хэцүү санагдаад хэлж чаддаггүй. Facebook дээр бусдын нийтэлсэн зүйл дээр like дарахаас хүртэл эмээдэг. Өөрөө нэг юм нийтэлсэн ч 2 минутын дараа устгачихдаг. Ангийн групп чатанд хүртэл хариу бичих дургүй, муухай байдаг .
  • Хөндий буюу хэт ёсорхуу байдаг. Надад ямар нэгэн хөвгүүн таалагдаж арай ядан түүнтэй харьцвал би яг л захирал, дарга, ангийн багш шиг тэнэг харьцчихдаг. Бас найзынхаа найзуудтай нь хэзээ ч харилцаж дотносож чаддаггүй. Үнэхээр хэцүү. Хүүхдүүд надтай найзлах гэхэд би өөрийн мэдэлгүй л тэнэг зан гаргаад хаячихдаг.
  • Хамгийн хэцүү ганц л мэдрэмж байдаг. Бусдын үзэл бодлын нөлөөлөл. Тэд надад ямар ч тэнэг, жижиг зүйл хэлэхэд би далай мэт том зүйл шиг хүлээж авдаг. Үүнийг үнэхээр болчихмоор санагдавч чадахгүй юм билээ. Яг л цаанаасаа тэгдэг.
  • Тэд зүгээр л өөрийн өнцгөөсөө хараад өөрийн бодлоо хуваалцах нь надад хэцүү санагддаг. Тухайлбал намайг бүдүүн болохоор их олон амьтантай зүйрлэдэг. Мөн миний хувцас тэр хүний сонирхол биш байж таараад тэр хүн надтай жоохон тиймхэн харьцвал надаа үнэхээр хэцүү байдаг. Мөн би ямар нэгэн зүйл найзууддаа ярихад тэд анхаарлаа хандуулж чин сэтгэлээсээ ярилцдаггүй. Зарим найзууд минь надтай харилцаж байхдаа онцгүй зан гаргасан ч үнэхээр хэцүү байдаг.
  • Хамгийн сонин нь би нүднээс айдаг. Хүмүүс намайг юм ярьж, юм идэж байхад харахад их тухгүй болчихдог. Яг л миний биед дураараа хүрээд байгаа ч юм шиг санагддаг .
  • Өрөөндөө гэр бүлийн зураг юм уу, ямар нэгэн үлгэрийн баатрын зураг өлгөх, тэр битгий хэл чихмэл тоглоом, барби хүүхэлдэй гэх зэрэг нүдтэй бүхнээс үхтлээ айдаг. Тэд үргэлж над руу харж намайг ажиглаж байгаа юм шиг санагддаг. Өрөөндөө өөрийнхөө зургийг ч байлгах дургүй. Би ийм зүйлсээс айдгаа 3 жилийн өмнөөс мэдээд өрөөнийхөө хамаг зургийг хурааж зургийн цомогтоо хадгалсан. Харин барби, чихмэлүүдээ бүгдийг нь хамаатны хаа дүү нартаа тараасан. Гол нь намайг хүн хараад байхад би тэдний харцнаас өөр юу ч бодож чаддаггүй. Зүгээр хэвтэж байхад л хэн нэгэн намайг ажиглаад байгаа ч юм шиг санагдаад гэртээ ганцаараа байхдаа зурагтаа нэлээн чанга дээр нь тавьдаг даа.

Өшөө олон бичмээр зүйл байсан ч одоо ингээд дуусгах ёстой санагдаж байна. Миний бодол зөв ч байсан, буруу ч байсан яах ийхийг минь хэлж өгөөрэй. Сэтгэлзүйч таныг миний энэ асуултад заавал хариулж өгөөрэй гэж хүсэж гуйж байна. Би таны хариултыг үнэхээр их хүлээх болно оо.

ЗӨВЛӨГӨӨ: Чиний шинж тэмдэг үүний эсрэг нь

Сайн уу? Бидэнд хандсанд баярлалаа. Дээр бичсэн шинж тэмдгүүдээс харвал чи бусдын бодолд маш их төвлөрч, ялангуяа "Чамайг юу гэж бодох бол?" гэдэгт хэвийн хэмжээнээс илүү их анхаарал хандуулаад байна. Энэ нь шизоид бие хүний эмгэг биш юм. Шизоид бие хүний эмгэгтэй хүмүүс (Schizoid Personality Disorder) бусдын өөрийг нь юу гэж бодоход огтхон ч анхаарал хандуулдаггүй, бусад хүн өөрийг нь магтаж байсан ч баярлахгүй, муулж байсан ч гомдохгүй. Ганцаараа байх болон хүнтэй хамт байх нь тэдэнд ямар ч ялгаатай мэдрэмж өгдөггүй. Харин чиний шинж тэмдэг үүний эсрэг нь буюу чи юу ч мэдрэхгүй байгаа болохоороо хүмүүстэй харилцахгүй байгаа бус тэдний юу гэх бол, би таалагдах болов уу, би буруу зүйл ярьчих болов уу, намайг шоолох болов уу гэсэн олон бодлоосоо болоод өөрийгөө бусадтай нээлттэй байхаас хориод байгаа бололтой. Мэдээж захидлаар хэнийг ч оношлохгүй. Зөвхөн чиний бичсэн захианы агуулга дээр үндэслэж хэлж байгаа юм шүү.

Одооноос чи бусдын бодолд анхаарал хандуулдгаа л багасгах хэрэгтэй. Бусдад тэнэгээ гайхуулж болно шүү дээ (Жич: Чамайг тэнэг гэж хэлээгүй. Захианаас чинь харахад харин ч ухаантай охин бололтой). Хааяа ч гэсэн алдаа гаргаж бай. Эвгүй байдалд орж бай. Чамайг хориод байгаа энэ хайрцгийг эвдэж өөрийгөө задлах хэрэгтэй. Хэрвээ чи манай төв дээр эсвэл өөр хаана ч байсан биеэрээ очиж зөвлөгөө авбал үр дүнтэй байх болно. Ээж аав чинь чамайг ойлгоно гэж найдаж байна. Заавал сэтгэцийн эмгэгтэй хүн сэтгэл зүйн зөвлөгөө авдаггүй. Жирийн хүмүүс ч байнга зөвлөгөө авдаг. Дээр нь шизоид байсан ч энэ нь ичиж, буруутгаад байх зүйл огтхон ч биш. Тиймээс боломжтой бол биеэрээ ирж уулзаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter