Мэргэжил сонголт: Сэтгэл судлаач болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс


Миау | YOLO.MN
2020-06-20

Хамгийн сүүлд хийгдсэн нэгэн судалгаагаар эмэгтэй хүний тархины хөгшрөлт эрэгтэй хүнийхээс илүү удаан явагддаг буюу 70 настай эмэгтэйн тархи, оюун санааны үйл ажиллагаа 66 настай эрэгтэй хүнийхтэй ижил түвшинд байдаг гэдэг нь тогтоогдсон. Энэ төрлийн олон олон судалгаанууд хүний тархи, оюун ухаан одоо ч бүрэн гүйцэд судлагдаж дуусаагүй гэдгийг, мөн сэтгэл судлаачийн мэргэжил яагаад одоог хүртэл эрэлттэй байдгийг харуулж байна. 

Энэхүү нийтлэлээрээ Yolo.mn сайтын хамт олон мэргэжлийн сэтгэл судлаач болохын тулд та ямар ямар шат дамжлагуудыг дамжих шаардлагатай талаар тайлбарлах болно. Мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа болон сэтгэл судлалын чиглэлээр цаашид мэргэших эсэхдээ эргэлзэж буй ахлах ангийн сурагч та бүхэн доорх нийтлэлийг уншаад өөрт хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт итгэлтэй байна. 

СУДАЛГАА ХИЙХ

Хүн өдөрт дунджаар найман цагийг буюу өдрийн гуравны нэгийг ажил дээрээ өнгөрөөдөг. Тиймдээ ч ирээдүйд хэн болохоо сонгохын тулд асар их судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байдаг билээ. Энэ хэсэгт та сэтгэл судлаачийн мэргэжлээр сурч боловсорсон мэргэжилтнүүд ирээдүйд ямар чиглэлээр ажиллах боломжтой болон чадварлаг боловсон хүчин болохын тулд ямар замыг туулах талаар мэдээлэл авах болно. 

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Хамгийн энгийнээр тайлбарлахад сэтгэл зүйч бол хүний тархийг судалдаг шинжлэх ухаантай салшгүй холбогдсон хүн юм. Хүний тархи дундаа зан байдал, зан чанар зэргийг судална. Сэтгэл судлаачид өөрсдийн гүнзгийрүүлэн судалсан салбар, чиглэлээсээ хамаарч үйлчлүүлэгчидтэйгээ эмнэлгийн байгууллага, сургууль, засан хүмүүжүүлэх газар, олон нийтийн төв зэрэг төрөл бүрийн орчинд харилцах шаардлагатай болдог. Мөн аль чиглэлийг нарийвчлан судалснаасаа хамааран ирээдүйд өөр өөр үүрэг хариуцлагыг хүлээнэ. Жишээлбэл:

  • Шүүх эмнэлгийн сэтгэл судлаачид хууль сахиулах байгууллагын ажилчидтай хамтран ямар нэгэн гэмт үйлдлийн гэрч болсон хүүхдүүдтэй харилцах, ямарваа нэг сэтгэл зүйн чадамжийг үнэлэх, шүүх хэрэгт шинжээчийн мэдүүлэг өгөх зэрэг үүрэгтэй байна. 
  • Эмнэлзүйн сэтгэл судлаачид үйлчлүүлэгчидтэй шууд замаар харилцахгүйгээр төрөл бүрийн сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх зэрэг тал дээр ажилладаг. Мөн илүү нарийвчилсан эмчилгээ боловсруулахын тулд эмч нартай хамтран ажиллах тохиолдол бий. 
  • Сургуулийн сэтгэл зүйч нар сурах үйл явц болон боловсролтой холбоотой асуудлууд дээр сурагч, эцэг эх, багш нартай хамтран ажилладаг. Мөн сурагчдад ямар нэгэн хэрэгцээ шаардлага гарсан эсэхийг тэдэнтэй ярилцан шийдвэрлэдэг. 
  • Спортын сэтгэл судлаачид тамирчидтай хамтарч ажилладаг бөгөөд тэднийг өөрсдийн карьерын оргил цэгт нь хүрэхэд тусалдаг. Тухайлбал тэд тамирчны хооллолт, хувийн амьдралд тохиолдсон асуудлууд, гэмтлийн дараах үе зэрэгт дасгалжуулагч, зөвлөх, эмч гээд төрөл бүрийн үүргийг гүйцэтгэдэг. 
  • Гэр бүлийн сэтгэл судлаачид гэр бүлийн гишүүн хоорондын маргаан, мансууруулах бодисын хэрэглээ, хүүхдийн зан төлөвийн доголдол, настай хүмүүсийг асрах зэрэг гэр бүлийн харилцаанд доголдол үүсгэж буй бүхий л асуудлуудыг оношилж шийдвэрлэдэг. 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

Та аливаа мэргэжлийг сонгохдоо өөрийн онцгой ур чадвар, хувийн зан төлөвийг тухайн мэргэжлийн онцлогтой тохирч буй эсэхийг заавал нягтлах шаардлагатай. Та цаашид сэтгэл судлалын чиглэлээр суралцаж чадварлаг мэргэжилтэн болмоор байвч таны зарим нэг зан төлөв тухайн мэргэжилд зайлшгүй шаардагдах шаардлагуудтай нийцээгүй тохиолдолд гаргасан шийдвэртээ дахин нэг дүгнэлт хийх хэрэгтэй гэсэн үг юм. 

Тэгвэл энэхүү чиглэлээр сурч мэргэшихэд танд дараах дотоод болон гадаад ур чадварууд шаардагдах аж. Үүнд:

Харилцааны чадвар: Таны мэдэх бараг бүх мэргэжилд харилцааны ур чадвар чухал нөлөөтэй. Гэвч сэтгэл судлаачийн мэргэжлийн хувьд энэ ур чадвар юу юунаас илүү чухал билээ. Зөвхөн өвчтөн, үйлчлүүлэгчидтэйгээ нээлттэй харилцах тал дээр ч бус сүүлийн үеийн эрдэм шинжилгээний судалгаа, үр дүн зэргийн талаар байнгын мэдээлэлтэй байхын тулд энэ чадвар танд хэрэг болно. 

Асуудал шийдвэрлэх ур чадвар: Та сэтгэл судлалын чиглэлээр, ялангуяа эмнэлзүйн чиглэлээр ажиллахаар шийдсэн бол асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх чадвар зайлшгүй хэрэгтэй. Энэхүү ур чадварыг эзэмшсэнээр өвчтөнд тулгараад буй асуудлуудыг оношилж, тухайн нөхцөлд хамгийн тохиромжтой эмчилгээг олж, асуудлаа шийдвэрлэхэд нь туслах юм.

Тоон мэдээлэлд анализ хийх чадвар: Та "Тоо бодохгүй л юм чинь сэтгэл судлаач болж чадах байх" гэж бодож байвал энэ нь том эндүүрэл шүү. Хүний тархи, оюун ухааны судалгаа шинжилгээ, тоо баримт дээр үндэслэн судалдаг гэдгийг бүү мартаарай. Өөрөөр хэлбэл тоон мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ гаргах нь таны ирээдүйн мэргэжилтэй салшгүй бат холбоогоор холбогдсон байдаг. 

Тэвчээр: Маш нарийн төвөгтэй асуудал, эмгэг зэргийг шийдвэрлэж, түүнийхээ үр дүнг харахад хэдэн арван жилийн хугацаа шаардагдах үе бий. Энэ тохиолдолд та тэвчээртэй байж удаан хугацааны туршид үргэлжилж буй эмчилгээний үйл явц, үр дүнд сэтгэл хөдлөлөөрөө хандахаас зайлсхийх хэрэгтэй. 

АЖЛЫН ЦАГ БОЛОН НӨХЦӨЛ

Сэтгэл судлалын шинжлэх ухаан их олон салбар чиглэлтэй учир ажлын цаг болон нөхцөл нь үүнийгээ дагаад олон төрөл байдаг. Ихэнх чиглэлийн сэтгэл судлаачид өглөөний 09 цагаас оройн 18 цаг хүртэл ажилладаг. Харин шүүх эмнэлгийн сэтгэл судлаачид ажлын бус цагаар, эсвэл бүр амралтын өдрүүдэд ч ажиллах шаардлага гардаг.

Эмнэлзүйн сэтгэл судлаачид хэдийгээр оффис цагаар ажиллах боломжтой байдаг ч өвчтөний биеийн байдлаас хамаараад мөн л хэзээ ч эмнэлэгт дуудагдах магадлалтай. Ерөнхийдөө оффис цагаар ажилладаг гэж байгаа боловч өдөрт шийдэгдээгүй асуудлыг гэртээ хариад бодож, судлах тохиолдол бий. Тиймээс сэтгэл судлалын чиглэлээр суралцахаар төлөвлөж буй бол эдгээр хүчин зүйлсийн талаар сайтар тунгаан бодох хэрэгтэй юм. 

СУРАЛЦАХ

Та их сургуульд дөрвөн жилийн хугацаанд суралцаад бакалаврын дипломаа гардан аваад л болчихно гэж бодож байгаа юм биш биз? Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбогдсон л бол та насан туршдаа суралцах ёстой гэж ойлгож болно. 

Жишээлбэл АНУ-д эмнэлзүйн чиглэлээр ажиллах гэж буй хүмүүс гурван жилийн хугацаанд суралцаж бакалаврын зэргээ гардан авсны дараа магистрын хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах шаардлагатай байдаг. Мөн судалгааны чиглэлээр мэргэших гэж байгаа бол үргэлжлүүлэн докторын хөтөлбөрт хамрагдах нь зөв. Хэдийгээр докторын зэргийг авахын тулд урт удаан замыг туулах шаардлагатай ч энэхүү мөрөөдөлдөө хүрчихвэл ирээдүйд таны карьер "суга" өсөх бүрэн боломжтой юм.

Ерөнхийдөө аль ч мэргэжлийн хувьд бакалаврын түвшинд тухайн мэргэжлийн талаар ерөнхий ойлголтыг олгодог бол магистр болон докторын түвшинд илүү гүнзгий мэдлэгийг олгодог байна.

Их Британийн топ 5 сэтгэл судлалын сургууль:

  • Гэгээн Эндрюсийн их сургууль /University of St.Andrews/
  • Батын их сургууль /University of Bath/
  • Кембриджийн их сургууль /University of Cambridge/
  • Оксфордын их сургууль /University of Oxford/
  • Лондонгийн их сургууль /University of London/

АНУ-ын топ 5 сэтгэл судлалын сургууль:

  • Стэнфордын их сургууль /Stanford University/
  • Беркли дэх Калифорнийн их сургууль /University of California, Berkeley/
  • Харвардын их сургууль /Harvard University/
  • Лос Анжелес дахь Калифорнийн их сургууль /University of California, Los Angeles/
  • Мичиганийн их сургууль /University of Michigan/

АЖЛЫН БАЙРАНД ГАРАХ

Зохих хэмжээний мэдлэгийг хуримтлуулсан мэргэжилтнүүд ажлын байранд гарахын тулд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. 

АЖЛЫН БАЙР ХАЙХ 

Ажлын байрыг та хаанаас л бол хаанаас хайж болно. Монгол улсын их сургуулиудын хувьд оюутнууд ихэвчлэн 4-р курсдээ үйлдвэрлэлийн дадлагат гарч аль нэг албан байгууллага дээр өөрсдийн сонгон суралцаж буй чиглэлээр дадлага хийдэг. Тиймээс та аль хэдийн үйл ажиллагаа болон ажилчидтай нь танилцаад амжсан байгууллагадаа ажилласан ч болно гэсэн үг. 

Мөн сэтгэл судлалын салбарын багш, мэргэжилтнүүдийн харилцаа холбоо бусад салбарынхтай харьцуулахад сайтар хөгжсөн байдаг тул багш нар сайн оюутнуудаа нэр хүндтэй байгууллагуудад зуучилж өгөх тохиолдол ч бий.

Бусад тохиолдолд та хөдөлмөр зуучлалын сайт, байгууллагуудад хандан ажлын байраа олох боломжтой. 

Хэрэв та олон улсад туршлага хуримтлуулах бодолтой байгаа бол Career Addict, LinkedIn зэрэг сайтуудаар зочлоод үзээрэй. Жишээлбэл LinkedIn сайтад сэтгэл судлаачийн ажлын байрны мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэн орж байдаг тул өөрийн хүсэл шаардлагад нийцэх ажлын байрыг олох бүрэн боломжтой байна.

АЖИЛД ОРОХ ЯВЦ

Орчин цагт ямар ч ажилд орохын тулд ажлын анкет бөглөхөөс гадна өөрийн CV-гээ хавсаргах шаардлагатай байдаг. CV гэдэг нь “Curriculum Vitae” буюу товч намтар гэсэн утгатай үг юм. Тиймээс CV-д өөрт байх бүх ур чадваруудыг товч бөгөөд тодорхой тусгах хэрэгтэй.

Таны бичсэн CV-г хараад таныг ямархуу хүн бэ гэдгийг тодорхойлох боломжтой гээд л бод. Мөн таны CV-гийн хамгийн чухал хэсэг бол таны суралцаж, дадлага хуримтлуулах явцдаа олж авсан шагнал урамшуулал, ололт амжилт зэрэг юм. “Мэргэжлийн ур чадвар” хэсэгт дурдсанчлан сэтгэл судлалын чиглэлээр сайн боловсон хүчин болоход шаардагдах дотоод ур чадваруудаа ч мөн тусгах нь чухал гэдгийг анхаараарай.

Ерөнхийдөө өнөө цагт ажлын байранд гарахад CV маш чухал нөлөө үзүүлдэг болсон. Үүнийгээ дагаад интернетэд хэрхэн CV бичих талаар хэдэн зуун мянган зөвлөгөө, жишээ бий. Тиймээс та л өөрөө хичээвэл энэ бол нэг их том асуудал биш.

АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД БЭЛДЭХ

CV болон бөглөсөн анкет тань тухайн албан байгууллагын шаардлагад нийцсэн тохиолдолд ажлын ярилцлагад орох болно. 

Ажлын ярилцлагад орохоос өмнө дараах зүйлсийг зайлшгүй анхаараарай. Үүнд:

  • Сайтар унтаж амарсан байх
  • Цагаа барих
  • Хэцүүхэн асуултуудад бэлэн байх
  • Зөв, цэгцтэй хувцасласан байх
  • Тайван байх

Харин ярилцлагын үеэр:

  • Уух устай байх
  • Ярилцлага авч буй хүний яриаг анхааралтай, хүлээцтэй сонсох
  • Ярилцлага авч буй хүний нүд рүү харах
  • Асуултад өөртөө итгэлтэйгээр хариулах
  • Үнэн зөв хариулах
  • Инээмсэглэх

Сэтгэл судлалын салбар танаас тасралтгүй суралцах чадвар, хүсэл тэмүүллийг шаардах болно. Тиймээс та сүүлийн үед хийгдэж буй шинэ судалгаа шинжилгээний талаар байнгын мэдээлэлтэй байх ёстой.

КАРЬЕРАА ХӨГЖҮҮЛЭХ НЬ 

Та их сургуулийн жилүүдэд сайн суралцаж, дадлагаа сайн хамгааллаа гээд өөрийгөө "Сайн мэргэжилтэн болчихлоо, одоо ингээд “урдах”-аа хийгээд явахад л болно доо" гэж бодож байвал энэ нь хамгийн том эндүүрэл юм шүү. Өмнө дурдсанчлан сэтгэл судлаачийн мэргэжил танаас үргэлж тухайн салбарт гарсан шинэ ололт амжилт, судалгаа шинжилгээний талаар мэдээлэлтэй байж, тасралтгүй суралцахыг шаардах болно.

ЭЦЭСТ НЬ...

Та үнэхээр ирээдүйд сэтгэл судлаач болно гэж шийдсэн бол цаашид маш олон цагаар мэргэжлийн ном, сонин сэтгүүл, судалгааны ажил гээд бичиг цаастай холбогдоно гэдэгтээ эргэлзэхгүй байх хэрэгтэй.  

Та бүхэн бидний мэргэжлийн сэтгэл судлаачтай хийсэн ярилцлагыг хүлээн авах бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: Career Addict

#Эрэлттэй мэргэжил #Сэтгэл судлаач