ЗАХИДАЛ: Аав ээж хоёрын салалттай л холбоотой байх


ССҮТөв | YOLO.MN
2019-11-07

mailYolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би ч гэсэн залуу байгаа дээрээ хайрыг мэдэрмээр байна. 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 18 настай. Их сургуулийн 2-р курсийн оюутан. Миний үеийн охид ихэнх нь хүнтэй үерхэж, хайрлалцаж, хүүхэдтэй хүртэл болж, өөрсдийн амьдралаа зохиож байхад би одоог хүртэл хүнтэй үерхэж үзээгүй л явна.

Эрэгтэй найзууд олонтой ч хайр дурлалын тал дээр эрэгтэй хүнээс үргэлж хөндий байсаар ирсэн нь аав, ээж хоёрын салалттай холбоотой байх гэж боддог. Залуустай харьцдаг ч, удаан хугацааны харилцаа тогтоомоор байдаг ч  нэг их дотно бололгүй нөгөө хүн маань сонирхолтой санагдахаа болиод би зайгаа барьчихдаг. Үүнээс болоод хүмүүс намайг хөнгөн гэж хардаг болчихсон. Би ч гэсэн бусдын адил залуу байгаа дээрээ хайрыг мэдэрмээр байвч нэг л зүйл болохгүй байгаад байна. Би яах ёстой вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Тэр бүрд эцэг эхээ буруутгаж болохгүй

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Урт хугацааны үерхэл бий болохгүй байгаа олон хүчин зүйл байдаг. Үүнд:

- Эцэг эхийн салалт, таагүй харилцаа нөлөөлөх. Гэхдээ энэ нь хүн бүрд нэг ижил байдлаар илрэхгүй гэдгийг анхаараарай. Багаасаа хайрлуулж өсөөгүй хүн хэн нэгнээр халамжлуулах, хайрлуулах үедээ их хачин, сонин байдлаар хүлээж авдаг учир бусдыг өөрөөсөө түлхэх хандлагатай байдаг. Ийм хүчин зүйл байдаг хэдий ч тэр бүр эцэг эхээ буруутгаж болохгүй гэдгийг анхаараарай.

- Би үүнийг хүртэх эрхгүй гэсэн итгэл үнэмшил. Хэн нэгэн өөрт чинь сэтгэлээ илчлэх, сайн хандах, халамжлах зэрэг зүйлд дасаагүй учир үерхлээс татгалзаж байдаг. Өөрийгөө бусдын хайрыг авах эрхгүй нэгэн гэсэн итгэл үнэмшил өөрийн чинь дотор байгаа цагт бусдыг өөрөөсөө түлхэж байдаг.

- Өөрт чинь үнэхээр таалагдсан нэгэнтэйгээ харилцаж байна уу? Эсвэл за яах вэ, харилцаад нэг үзье гэсэн хандлагаар хүнтэй харилцаж байна уу? Хоёр талд хоёулаа бие биендээ таалагдаж, татагдсан харилцаа л урт хугацаанд үргэлжилдэг. Тэр хүн чамд тийм их таалагдаагүй бол харилцааг эхлүүлэх хэрэггүй. Тэр хүний цаг зав, сэтгэлийг бас бодох хэрэгтэй юм шүү.

Бусад хүмүүс үерхэж байхад би үерхэхгүй байна гэдэг нь бодлын алдаа.

Чи нийгэмд сайхан харагдах гэж үерхэх гээд байна уу, эсвэл үнэхээр өөрт тохирсон нэгнээ олохыг хүсэж байна уу гэдгийг өөрөөсөө асуугаарай. Бусад хүний амьдралтай өөрийнхөө амьдралыг харьцуулах хэрэггүй шүү. Чамд амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Захидал #Letter