ЗАХИДАЛ: Хайртайгаа хэлэх, нууцаар харах, мартах гэсэн 3 сонголт байна


ССҮТөв | YOLO.MN
2019-10-14

mailYolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүнд хайртайгаа хэлээд хаягдах, нууцаар харсаар л байх, бүрмөсөн мартах гэсэн 3 сонголт байна.

Би 8-р ангийн сурагч. Манай ангийнхан бусад ангийнханд шилдэг юм шиг харагддаг боловч дотроо хэрүүл маргаан ихтэй байдаг. Миний үеийнхэн хоорондоо үерхээд л, харин би ганцаараа. Гэвч надад хайрлаж явдаг хүн бий. Би түүнийг 4 жил харж явсан.

Бид хоёр хамт суудаг ч тэр над руу харж байсан удаа байхгүй.

Хамт суухаас хүртэл уйдсан бололтой. Дандаа түрүүлээд яваад өгдөг. Би түүнд хэчнээн их хайртайгаа хэлэхийг хүссэн ч хаягдах байх гэж айж байна. Надад түүнд хайртайгаа хэлээд хаягдах, нууцаар харсаар л байх, бүрмөсөн мартах гэсэн 3 сонголт байна. Алийг нь сонгосон дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Түүнээс ямар ч хариу ирсэн зөвөөр хүлээн авч ойлгох уу?

Сайн байна уу? Юун түрүүнд бидэнд захидал илгээсэнд баярлалаа. Танай ангийнхан дотроо хэрүүл маргаан ихтэй байдаг ч тэдэнтэй мэндэлж, хэцүү байгаа нэгэндээ санаа тавьж байгаарай. Тэгснээр таатай уур амьсгал бүрдэхэд чи бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа юм.

Харин хайр дурлалын хувьд дараах асуултуудад хариулаад шийдвэрээ гаргаарай.

1. Зориг гаргаж сэтгэлээ илчлэхэд бэлэн үү? Түүнээс ямар ч хариу ирсэн зөвөөр хүлээн авч ойлгох уу?

2. Удаан сэтгэлдээ хайрлаж явсан учраас бүр мөсөн мартахад бэлэн байгаа болов уу?

Аль нэгэнд нь тийм гэж хариулбал шийдлээ олчихлоо гэсэн үг.

Харин аль алинд нь бэлэн биш бол хэсэг хугацаанд ажиглаад, түүнтэй өдөр тутмын яриа өрнүүлээд, эцэст нь бэлэн эсэхээ шийдээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Ганболор

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Зөвлөгөө #Letter