Фэйсбүүк лайкны тоо нуух туршилтаа эхлүүллээ


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-10-10

Фэйсбүүк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш лайк гэх зүйлийг ашиглаж ирсэн. Тэгвэл сүүлийн үед тус компани олон нийтийн сүлжээг стресс багатай байлгахын тулд лайкны тоог нуудаг болох дээр ажиллаж байгаа юм.

Үүний хүрээнд Австрали улсад лайкны тоог нуух туршилтаа эхлүүлснээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Энэ нь энгийнээр тухайн зураг, бичлэгийг оруулсан хэрэглэгч хэдэн лайк авснаа харж болох ч бусад хэрэглэгчид харах боломжгүй гэсэн үг. 

Фэйсбүүк албан ёсны мэдэгдэлдээ “Одоогоор цөөн тооны хэрэглэгчдэд лайкны тоогоо нуух боломжийг нээсэн. Энэхүү хэрэглэгчдээс цугларсан мэдээлэл дээр тулгуурлаж дараагийн алхмаа шийднэ” хэмээжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Фэйсбүүкийн эзэмшдэг Инстаграм Канад улсад лайкын тоог нуух туршилтаа эхлүүлсэн бөгөөд өдгөө уг туршилтаа Шинэ Зеланд тэргүүтэй хэд, хэдэн оронд явуулж байгаа билээ.

Инстаграм ийнхүү лайкны тоог харуулахгүй болж байгаа нь туршилтад оролцож буй хэрэглэгчдээс сайн үнэлгээтэй байгаа аж. Харин Инстаграмаар дамжуулан мөнгө олдог “Influencer” болон бусад олон нийтийн сүлжээн дээр тулгуурлаж бизнес эрхэлдэг хүмүүст лайкны тоо харагдахгүй болох нь сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Эх сурвалж: CNN

#facebook