"The Colors"-ын Г.Тогтуун: Анх гараашинд хөгжмөө тоглож эхэлсэн


Цэцээ | YOLO.MN
2019-08-27

Дижитал хэв маягийг мэдрүүлэх Be Digital Show 2019 тоглолт ойртсоор. Бид энэ удаад тус шоуны гол уран бүтээлч The Colors хамтлагийн дуучин Г.Тогтуунтай ярилцлаа.

The Colors нь пост-панк, цахилгаан рок төрлийн хамтлаг бөгөөд орчин үеийн Монголын хөгжмийн урлагт нэгэн шинэ урсгал, давлагааг авчирч буй хичээнгүй залуусаас бүрджээ.

-Юун түрүүнд The Colors хамтлаг байгуулагдсан түүхээсээ яриач?
-Анх бид 2010 оноос эхэлж байлаа. Тухайн жилийн “Play time”-ийг үзээд хөгжим тоглож суръя гэсэн бодол төрсөн юм. Тэр үед манай аав ээж машингүй ч гарааштай байсан. Гараашид бөмбөр байдаг байлаа. Тэнд л бид анх тоглож эхэлсэн дээ. Дараа жил нь буюу 2011 оны “Play time”-д анх удаа, улмаар 2019 онд 9 дэх жилдээ оролцлоо.

-Хамтлагийн гишүүдийг танилцуулаач?
-Би хамтлагийнхаа дуучин нь бас гитар тоглодог, манайх гитарчин А.Тэргэл, басс гитарчин Б.Төгөлдөр, бөмбөрчин Н.Жамух, төгөлдөр хуурч Н.Оохоо гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй. 2010 оны үед би “Эмээ өвөө, бясаа дөрөв” гэдэг хамтлагт байсан юм. Харин одоогийн хамтлаг маань The Colors нэрээрээ явсаар өдийг хүрсэн.

-Одоогийн гишүүд анхнаасаа цуг байсан уу?
-Анх дөрвөн гишүүнтэй байлаа. Нэг нь ар гэрийн асуудлаар хамтлагаа орхиж Хүслэн, Төгөлдөр бид гурав The Colors нэрээрээ үргэлжлүүлсэн юм. Харин одоо Төгөлдөр бид хоёр л үлдсэн. Жамух, Оохоо, Тэргэл нартай явц дундаа нэгдсэн юм. 

Бид их сонин байдлаар учирсан. Гурвуулантай нь хамтлагт нэгдэхээс өмнө найзууд байлаа. Оохоо хамгийн сүүлд буюу 2014 онд нэгдсэн. Тэр үед манайх анхны цомгоо “White Arch” студид бичүүлж байв. Оохоо тус студийн туслах инженер нь байсан юм. Бид уг цомог дээр хамт ажилладаг, сайн найзууд болчихсон болохоор цаашдаа цуг тоглох болсон.

-Та хэдэн настайгаасаа дуулж эхэлсэн бэ?
-Үнэндээ би нэг их сайн дуулж чадахгүй. Анх байгуулагдахдаа ч би дуулна гэж яриагүй байсан юм. Гэтэл яаж яваад юм бүү мэд нэг мэдэхэд л дуулаад эхэлчихсэн. Ер нь бол хамтлаг байгуулаад л орилоод эхэлсэн дээ. (Инээв)

-Хаана гитар тоглож сурав?
-Гитарчин “Вовка” (Д.Энхболд) ах дээр багадаа очиж заалгадаг байлаа. Гэхдээ тийм ч сайн сурч чадаагүй. Одоо “Вовка ахаар заалгасан” гэж хэлэх юм бол багшийнхаа нэр хүндийг унагаад байгаа юм шиг санагддаг.

-Өөрсдийнхөө аль дууг хамгийн сайн гэж боддог вэ?
-Бид хийж буй бүх уран бүтээлээ “ингэсгээд орхичихъё” гэж боддоггүй. Аль болох л гүйцэд, сайн хийхийг зорьдог. Тиймээс бүх дуугаа сайн болсон гэж бодож байна. Тэгэхээр нэг дуу манай хамтлагийг тодорхойлж чадахгүй. Ер нь ийм хамтлаг гээд тодорхойлоод хэлэхэд ч хэцүү. Манай хамтлаг жаахан барьцгүй л дээ.

-Хэчнээн цомог гаргаж байсан бэ? Цомгуудынхаа тухай яриач?
-Хоёр цомог гаргасан. Анх 2014 онд “Өнөөдөр хэдэн он бэ?, ноён тагтаа” нэртэй цомгоо CD хувилбараар гаргасан. Уг нь 10 дуутай хийх гэж байсан ч нэгийг нь хасаад 9 болгосон юм. Цомгийн хавтсаа өөрсдөө хийсэн. Харин өөрсдөө редакторлах гэдэг чинь ёстой худлаа байдаг юм билээ. Цомгийнхоо ард 8 дууны нэр бичээд нэгийг нь мартчихсан. (Инээв) 

Уг цомог ойролцоогоор жилийн хугацаанд бэлэн болсон ба өмнө зохиож байсан болон шинээр зохиосон дуунуудаа нэгтгэсэн юм. Дараа нь 2018 оны намар “Би тэнгэр лүү унаж байна” нэртэй цомгоо пянз хэлбэрээр гаргасан. Энэ нь EP цомог учраас жижиг хэмжээтэй, зургаан дуутай.

-Өнөөдрийг хүртэл хэн их тусалж дэмжсэн бэ?
-Анх бидэнд хөгжмөө өгч, бэлтгэлийнхээ байранд бэлдүүлж тусалдаг байсан “Моханик” хамтлаг одоо ч дэмжсээр байна. Эхний цомог дээр “White Arch” студи, одоо манай продьюсерээр ажиллаж байгаа Мөнх-Оргил ахын ач тус маш их. Харин хоёр дахь цомгийг хийхэд “CUE+” дэмжиж ажилласан.

-Гадаадын орнуудад  тоглолт хийсэн тухайгаа яриач?
-Хамгийн анх ОХУ-д болсон “Вирокс” олон улсын наадамд оролцсон. Сүүлд “SXSW 2019” гэж 600 гаруй уран бүтээлч оролцдог дэлхийн хамгийн том шоу фестивальд оролцоод ирсэн. Өнгөрсөн жилийн намар, хавар Солонгост хоёр ч фестивальд тоглосон. Мөн Өвөр Монголын Баруун үзэмчин хошуунд очсон. Ер нь нэг гадаадын фестивальд тоглоход өөр олон улсын шоунд оролцох боломжтой болж, танигддаг.

-Олон улсын шоунд оролцох зардлаа өөрсдөө гаргадаг уу?
-Манай хамтлаг ер нь мөнгийг зорьж бус аль болох сайн байхын төлөө хичээж зүтгэдэг учраас мөнгөний асуудал заримдаа тулгардаг. Сүүлд гэхэд л АНУ-ын Техаст болсон “SXSW 2019” фестивальд оролцох гээд явсан ч буцах зардал байгаагүй. “Shark Tank”-ийн Д.Энхтүвшин захирал тусалж, биднийг эсэн мэнд буцаан авчирсан.

-Be Live Show 2017-д оролцсон болон Be Digital Show 2019-д оролцох тухайгаа яриач? Юугаараа ялгаатай байна?
-Be Live Show 2017-д зочноор оролцож хэдэн дуу дуулж байлаа. Маш олон хүн ирчихсэн сэтгэл хөдөлгөм тоглолт болж байсан ба Be-гийн урилгаар оролцсон. Харин Be Digital Show 2019-д гол уран бүтээлчээр оролцоно. Be-тэй хийсэн гэрээний хамгийн том ажил нь юм. 

Өмнөх жилүүдийн Rokitbay, Ука нар бол манайхтай харьцуулашгүй том, массыг хамарсан өөр уран бүтээлчид. Гэтэл бидний уран бүтээл, арга барил өөр болохоор тэдэн шиг их хүн цуглуулж чадах эсэхээ мэдэхгүй л байна. Гэхдээ биднийг дэмжээд ThunderZ, Magnolian, Vandebo, Энгүүн, Содхүү, Уртнасан, Hooliganz, DJ Henza нар оролцож байгаад тун баяртай байна. Бид бүгд нэгдээд л тийм хэмжээний хүн цуглуулах байх. Манай хамтлаг Magnolian-аас бусадтай нь нэг тайзан дээр гарч үзээгүй.
Be Digital Show 2019-д бид 10 гаруй дуу дуулна. Бараг цаг гаруй үргэлжлэх байх.

-Цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Цомог гаргах уу?
-Одоохондоо цомог гаргана гэсэн бодолгүй байна. Дуунуудаа гаргаад шууд л цацаад явсан нь дээр гэж бодож байна.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Be Digital Show 2019 дээр дахин уулзацгаая.

2019 оны наймдугаар сарын 30-ны 18:00-23:00 цагт Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд болох Be Digital Show 2019 тоглолтод дараах уран бүтээлчид оролцож хит дуунуудаараа залуусыг сонорыг мялаана.  

  • Vandebo
  • Enguun 
  • Thunder
  • Magnolian 
  • The Colors
  • Hooliganz
  • DJ Henza

#show, #Colors