Анх 1869 онд Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Чарльз Элиот Харвардын их сургуульд кредит систем хэрэглэх болсон тухайгаа зарласан байдаг.
Сургалтын төлөвлөгөөнд сонгон суралцах боломжтой хичээл оруулж, тэдгээр хичээлүүдийн агуулгын багтаамжийг нэгдсэн нэгжээр үнэлж, жиших зайлшгүй шаардлага гарч ирсэн нь кредит систем нэвтрүүлэх үндсэн шалтгаан болсон аж. Улмаар нэгж мэдлэгийн үндсэн дээр оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх нэгдсэн журмыг бий болгожээ.
Түүнээс хойш 20 жилийн дараа Харвардын их сургууль болон кредит систем нэвтрүүлсэн бусад их дээд сургууль, коллежуудын туршилтын үр дүнг нийтээр хүлээн зөвшөөрч 1892 онд Боловсролын Үндэсний Холбооноос байгуулсан Зөвлөлөөс нийт Америк даяар кредит системийг нэвтрүүлэх шийдвэр гаргаж, коллеж дунд сургуулийн уялдаа холбоог сайжруулах, дунд сургуулийн сургалтын төлөвлөгөөг стандартчилах, хичээлүүдэд кредит оноох ажлыг ойлгуулах, зохион байгуулах ажлыг эхэлжээ.
Цаашид кредит хэрэглээг өргөтгөж, дээд боловсролын зэрэг олгоход тавигдах шаардлагыг тодорхойлох, хичээлийн мэдлэгийн агуулгын багтаамжийг хэмжих, хичээлүүдийн хоорондын харьцааг оновчтой тогтоох, оюутны ачааллыг зохицуулах, оюутны үнэлгээний голч дүнг бодох, оюутны анги дэвших эсэхийг тодорхойлох, сургалтын төлбөрийг тогтоо, дээд боловсролын төгсөлтийн дараахи сургалтад элсэгчид, төгсөгчдөд тавих шалгуур үзүүлэлт тогтоох, сурлагын чанарыг дээшлүүлэх механизм болон хэрэглэх, багшийн үйл ажиллагааг дүгнэх, санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах асуудалтай уялдуулж, дээд сургуулийн үйл ажиллагааны бүхий л хүрээнд хэрэглэх болсон.
Түүнээс 100 гаруй жилийн дараа манай улсын Оросоос улбаатай их сургуулийн сургалтын зохион байгуулалтын ажлыг зах зээл, глобалчлалын орчин үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхдөө кредит системийг авч нутагшуулах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн.
Харин сүүлийн 10 жилийн дотор Европын улс орнууд “Болоны үйл явц” буюу “Европын дээд боловсролын нэгдсэн талбар” бий болгох талаар хамтран ажиллах хүрээндээ дээд боловсролын интеграцчлалыг хангах нэг үндсэн нөхцөл нь кредит систем болохыг хүлээн зөвшөөрч, Болоны гэрээнд нэгдсэн улс орнууд кредит систем нэвтрүүлэх шаардлагыг тавьсан юм. Европын холбооны улс орнууд кредит систем хэрэгжүүлэхдээ гол төлөв оюутны шилжилт хөдөлгөөний асуудлыг шийдэх, сургалтын чанарын үнэлгээг баталгаажуулахад илүүтэй ханддаг.
Манай орны их дээд сургуулийн сургалтын зохион байгуулалтыг кредит системийн үндсэн дээр нэгдсэн журмаар зохион байгуулснаар юуны өмнө Монголын дээд боловсролын салбарт дэлхийн нийтлэг жишигт ойртсон нэгдсэн стандарт бий болгох, орчин үеийн оюутан залуучуудын хэрэгцээг бүрэн хангасан сургалт явуулах, насан туршдаа дээд боловсрол эзэмших боломж бүрдэх, кредит хүлээн зөвшөөрснөөр нэг дээд сургуулиас нөгөөд чөлөөтэй шилжин суралцах боломж нээгдэх, дээд боловсролын салбарт олон улсын хамтын ажиллагаанд шууд оролцох боломж нээгдэх, Монголын дээд боловсролын үнэлэмж дээшилж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх зэрэг олон талын ач холбогдолтой.
Эх сурвалж: Оюутны хөтөч 2014
Эрхлэн гаргасан:Х. Батсайхан
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх