СУРВАЛЖИЛГА: Сурагч инженерүүд бүтээсэн веб апп, гар утасны тоглоомуудаа танилцуулав


Дунд сургуулийн сурагчдад мэргэжлийн програмчлал болон дизайны чадвар олгодог Нест Академийн хамгийн анхны төгсөгчдийн бүтээл танилцуулах өдөрлөг энэ сарын 9-ний өдөр Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд боллоо. Сурагчид бүгд дунд сургуулийн 7-10-р ангийн сурагчид бөгөөд найман сарын хугацаанд сурсан мэдсэнээ ашиглан бүтээлүүдээ хийжээ. Тэд нийт 4 веб аппликэйшн, 5 гар утасны тоглоом бүтээсэн бөгөөд өдөрлөгийн үеэр хэрхэн хийсэн болон яаж хэрэглэх, тоглох тухай танилцуулсан юм.

Англи хэлний цагийн багш олох апп, цаг агаарын мэдээ болон тухайн нөхцөлд өмсөхөд тохиромжтой хувцсыг санал болгодог апп, Монгол компани, брэндүүдийн лого болон кино, тоглоом зэргийг таадаг Quiz тоглоом гээд тун сонирхолтой веб апп, тоглоомуудыг Нест Академийн төгсөгчид зохион бүтээсэн. Төгсөгчид код бичих, загвар дизайныг нь гаргах гээд бүхий л зүйлсийг бие даан хийжээ. Тун удахгүй App store болон Google Play-т байрших юм байна.  

Нест академийн зарим сурагчидтай товч ярилцлаа

YOLOСуралцах хугацаандаа ямар чадвар эзэмшсэн бэ?

-Намайг Өсөхбаяр гэдэг. Би 1-р сургуулийн 11-р ангид сурдаг. Нест академийн дизайны ангийн сурагч, 8 сарын хугацаанд ямар нэгэн аппликейшны загвар гаргах чадвартай болсон байгаа.

С.Тамираа: Анх ямар ч IT-ийн суурь мэдлэггүй байсан. Одоо код бичих, апп хөгжүүлэх чадвартай болсон.

YOLOХийсэн бүтээлээ танилцуулаач?

Өсөхбаяр: Бид хоёр нэг баг. Манай багт Амаржаргал, Ананд-Очир гээд гишүүд бий. Манай баг Mango Quiz гэдэг нэртэй тааврын төрлийн апп бүтээсэн. Энэ нь зөвхөн монгол хүнд зориулсан бүх асуулт нь монгол кино, дууны талаар. Сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Өдөрлөгийн үеэр тус академийн багш нар Nest Bird гэдэг нэртэй тоглоом шууд зохион бүтээж код бичих, загвар дизайныг кодтой хослуулан бүтээгдэхүүн бий болох явцыг харуулсан нь олны анхаарлыг татаж байлаа.

Ирсэн хүүхдүүд ч бас туршиж үзэж байв.

Өдөрлөгт тус академийн төгсөгчдөөс гадна тэдний найз нөхөд, гэр бүлийнхэн, мэдээлэл технологид сонирхолтой хүүхэд залуус, эцэг эхчүүд гээд олон хүмүүс оролцсон юм.

Дэлхийн шилдэг мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн төв болсон Цахиурын хөндий болон “Amazon”, “Facebook”, “Google” зэрэг томоохон компаниудад ажилладаг монгол залуус Монголын ирээдүйн боловсон хүчнийг бэлдэх зорилгоор дунд сургуулийн  сурагчдад зориулсан “Nest Academy” төвийг 2018 онд байгуулжээ.

Нест Академийн гүйцэтгэх захирал Б.Алтантөр:

-Энэхүү академийн гол зорилго нь дэлхийн хаана ч очоод ажиллах чадвартай хүүхдүүдийг бэлдэхийг зорьж байна. Учир нь гадаад улс орнуудад 19, 20 настай залуус долоо, найман жилийн туршлагатай гээд явж байдаг. Тэд аль хэдийн багаасаа бэлдээд эхэлчихсэн орчин нь бүрдчихсэн байдаг. Бид ч гэсэн тэд нартай ижил эрх тэгш орчныг бүрдүүлж өгөхөөр хичээж байна. Мэдээлэл технологийн салбарт хөрөнгө оруулалт хийснээр Монгол улс ямар ч уул уурхайгаас илүү үр өгөөжөө өгч чадна.  

#NestAcademy