Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Яавал би өөртөө итгэлтэй болох вэ?
Сайн байна уу? Та бүхэнд энэхүү захидал очих өдрийн мэндийг хүргье.
Би 20 настай эмэгтэй. Насанд хүрч бие даах цаг минь хаяанд иржээ. Гэвч нэгэн асуудал сүүлийн үед миний сэтгэл зүйд нөлөөлөх боллоо. Хэдэн жилийн өмнө би нэг охинтой дотно найзалж, түүнд бүрэн итгэж, хорвоо дээрх цор ганц сайн найз минь гэж сэтгэлдээ бодож, бас түүнд хэлж байсан.
Найз маань тухайн үед нэгэн хөвгүүнийг чамд яг тохирно гээд л над руу шахаад л... Би ч үгэнд нь орсон. Гэвч дараа нь тэр хөвгүүнтэй найз маань өөрөө сээтгэнэж байхыг би харсан. Бас бусад хүүхдүүдтэй нийлж намайг элэглэх маягийн үйлдлүүд гаргасан учраас би хэсэг холбоогоо тасалсан ба тухайн үед би өөрийгөө сайн илэрхийлж чаддаггүй байсан учраас л ийм зүйл боллоо гэж бодсон. Ингээд нэг жил өнгөрч бид 2 дахин найзлан бүх зүйл сайхан байлаа.
Өнгөрсөн үеэ бодвол би арай илэн далангүй, өөрийнхөө бодож санаж байгааг хэлдэг болсон учраас найз маань намайг элэг барих гэх мэт асуудалгүй болсон гэж бодож байлаа. Бид хоёр том болж, хөвгүүд биш залуусын тухай ярин бүхнээ нуудаггүй байсан. Би нэг удаа фейсбүүкээр өөр ангийн залуутай танилцан бид 2 бие биедээ татагдаж, харилцаа дажгүй өрнөж байлаа. Тэр залууг би найзтайгаа танилцуулсан нь буруу шийдвэр болсон гэхэд хилсдэхгүй. Тэр залуу гэнэт над руу бичих, холбогдох нь багасч найзтай маань чаталдаг болсон. Найз маань олон залуустай харьдаг байж яагаад заавал минийхийг булаах хэрэгтэй гэж?
Би тэр залуугаас холбоогоо тасалж, маш их гомдож, хэд хоног уйлсан. Бас найздаа туйлын ихээр гомдсон. Тэгээд энэ тухайгаа хэлэх гэж найз дээрээ нулимстай очсон боловч тэр сонсохийг хүсээгүй. Зөвхөн өөрийнхөө тухай ярьж тэр 2 бие биедээ хэрхэн татагдсан тухай яриад цаашдаа түүнтэй холбоотой байна, түүнд тусална гэж хэлсэн.
Одоо найз маань хүүхэдтэй, гэр бүлтэй болсон. Би үүнд нь маш их баярласан учир нь тэр дахин миний гэсэн зүйл рүү халдахгүй байх. Би ч гэсэн өөрийгөө хамгаалж, илэрхийлж чадна гэж бодож байна. Харин хэд хоногийн өмнө найзтайгаа бас өөр нэг эмэгтэй найзтайгаа гурвуулаа сууж байхад өнгөрсөнд болсон тэр асуудлыг дахин сөхөж ярьсан. Гэтэл найз маань нөгөө л ярьдаг зүйлээ ярьж, өөрийгөө л магтсаар байсан. Би хэлэх гэж оролдсон ч миний яриаг тасалсан. Өнгөрсөнд болсон зүйл дээр найзыгаа уучилсан гэж сэтгэлдээ бодож, тэр муухай мэдрэмжийг бараг л мартсан байсан. Гэхдээ хэд хоногийн өмнө гаргасан үйлдлийг нь үзэн ядах сэтгэл надад төрсөн. Тэр үед болон анх найзлахад болсон зүйлс надад бодогдож тэр үеийн мэдрэмж, гомдлыг би дахин мэдэрсэн. Өөрөө өөрийгөө тайвшруулж, өөр зүйлс хийж байгаа ч шөнө бодогдоод байх юм.
Түүнтэй уулзахгүй хэсэг завсарлах хэрэгтэй юм болов уу? Заримдаа би түүнээс хариугаа авмаар санагддаг. Гэхдээ ээж аавын маань муу үйл бүү хий гэсэн сургаал миний толгойд шууд орж ирдэг учраас мартахыг л хичээдэг юм даа. Yolo минь та надад зөвлөгөө өгч намайг энэ бүх онцгүй дурсамжаас салахад минь тус болооч.
Захиаг минь уншсанд тань баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Ганцаараа байхдаа ч уйдахааргүй сонирхолтойгоор цагийг өнгөрөөж сураарай
Хүндэтгэсэн: Нэгэн монгол охин
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Найз нөхдөдөө бид юу мэдэрч, бодож явдгаа хэлэхгүй байхаар үл ойлголцол бий болдог. Хоёр хүн бүх зүйл дээр ижил сэтгэж, ижил байр суурьтай байх боломжгүй учир найз нөхдийн хооронд үргэлж л зөрчил үүсдэг. Харин эрүүл нөхөрлөлийн хувьд нэгт, өөрт юу мэдрэгдээд байгааг найзаасаа санаа зовж, айлгүйгээр илэрхийлж чаддаг, хоёрт, найзынхаа мэдрэмжийг хүндэлдэг буюу хоорондоо ярилцаж дүгнэлтэд хүрч чаддагаараа эрүүл бус нөхөрлөлөөс ялгаатай байдаг. Эхний үед чи түүнд өөрийгөө илэрхийлэхдээ асуудалтай байсан, үүнийгээ ойлгож өөрийгөө өөрчилсөн гэж ойлголоо. Харин түүнд мэдрэмжээ илэрхийлэхэд тэр хүлээж аваагүй байна.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б.Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх