2222 сурагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Төв талбайд уншлаа


Л.Галбаатар | YOLO.MN
2019-04-04

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлал тогтсон. 

Шүлгийг уншихдаа сурагчид Монгол Улсын алтан соёмбот Төрийн далбааны хэлбэрийг гаргаж зогссон юм.

Сурагчдад эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлж, жил бүр энэхүү шүлгийг унших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм.

Өнгөрсөн жил энэ шүлгийг Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар 3333 сурагч анх удаа уншсан. Харин өнөөдөр Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн 2222 сурагч Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт Сүхбаатарын талбайд уншлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Сайн байцгаана уу? Хүүхэд багачууд, хүндэт сурагчид аа.

Өнгөрсөн жил Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө, жанжин Д.Сүхбаатарын талбайд анх уншиж, миний бие уг үйл ажиллагаанд хамтран оролцсон юм.

Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн бүрд олддоггүй эрхэм нандин боломж билээ. 

Тусгаар тогтнол хэмээх гүн утга, өргөн агуулгатай үг. Та бидний олон мянган жилийн түүх, соёл уламжлал, язгуур сэтгэлгээ, газар нутаг, хил хязгаар, баатарлаг тэмцэл, ололт амжилт, алдаа оноог шингээж байдаг. Тусгаар тогтнол хэмээх энэ үгэнд эх оронч өвгөд дээдсийн халуун амь, чин сэтгэл, хүсэл тэмүүлэл шингэж, бидний Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй бүтнээрээ багтсан байдаг.

Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн бүрд олддоггүй эрхэм нандин боломж билээ. Хэдэн арван саяар тоологдох хүнтэй үндэстэн хэдэн зуун жилийн турш тэмцээд тусгаар тогтнож чадаагүй байгаа жишээ ч бий. Гуравхан саяар тоологдох иргэдтэй ч дэлхийн хоёр том гүрний дунд туурга тусгаар, эрх чөлөөтэй оршин тогтнож байгаа Монгол Улсаараа бид бахархах ёстой. Хүүхэд багачуудад эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэхэд өнөөдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой. Уламжлалт ажиллагаанд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан ирсэн бүгдэд баярлалаа.

Баяр хүргэе. Мөнх тэнгэр Монгол Улсыг ивээж, тусгаар тогтнол бат орших болтугай” гэлээ.

Дараа нь шилжин явах цомыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 122-р сургуулийн хамт олонд гардуулж өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн энэхүү шилжин явах цом нь Монгол Улсын газрын зураг бүхий суурьтай, дөрвөн талт зэс цом юм байна. Цомон дээр Тусгаар тогтнол гэж бичсэнээс гадна, шүлгийг өнгөрсөн жил уншсан 3333, энэ жил уншсан 2222 хүүхдийг бэлэгдэн тоог сийлжээ.

Д.Пүрэвдоржийн шүлэг: Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулгын
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай-аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ-ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний
Даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Ширмэн төмөр дөрөөний
Шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний
Шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрын саран
Хаяалж шингэх тэнгэр дээр
Шимийн нялх ногоо
Ханшилж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Аавын мөнгөн хазаарын
Найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийний
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Индэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ихэр хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын
Цан хөөрөх гарман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглана бичнэ би!

Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уяраах дэлбээн дээр
Бэдэрт мөнгөн сарны
Хоймор унах туяаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Урсгал, татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал, таримал модны
Хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуй дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Ажнай сайн хүлгийн
Гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн
Ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай
Ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Баяр найрын ширээний
Амт тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц, хуш, зээргэнэ дээр
Балтаар давтан ширээсэн
Анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Эвт айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайваны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо
Ад биш баян сан дээр
Эгнэтийн арга билэг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалийн толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглаг бичнэ би!

Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай, говь, талын
Үлэмжийни өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа агаар дээр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Ухаа хонгорын жолоог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан
Монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон танынхаа
Ирээдүйн тааладд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

#Тусгаар_Тогтнол