Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Ээжийг согтуу ороод ирэхэд уур дээд цэгтээ хүрдэг
Би танай нийтлэлийг хараад захиа бичлээ. Үнэндээ надад ярих зүйл олон байна.
Би 15 настай. Сэтгэл санааны хувьд тогтворгүй. Сэтгэл зүйчтэй ярилцахыг хэзээд хүсдэг ч чаддаггүй. Ээж маань төрийн албан хаагч, аж ахуйн дарга хийдэг юм.
Надад асуух юм маш их байгаач анх удаа болохоор энэ хүртэл бичлээ
ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ойлгохыг хичээгээрэй
Сайн уу?
Юуны өмнө сэтгэл судлаачтай ярилцах сонирхолтой гэдгийг сонсоход таатай байна. Эхний алхмаар бидэнд хандан захиа ирүүлсэнд баярлалаа.
Согтууруулах ундаа хэрэглэдэг эцэг эхтэй байх хүүхдийн хувьд маш их дарамт болдог. Энэ нь гэр бүлийн харилцаа, амьдралын хэв маягт их сөргөөр нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл чамд төрж буй уурлах мэдрэмж нь зүй ёсных. Гэхдээ энэ хэвээр байгаад байвал чиний эрүүл мэндэд муу, дээрээс нь асуудал шийдэгдэхгүй. Иймд бидний зүгээс чамд өгөх зөвлөгөө бол:
1. Өөрийн итгэлийг даахуйц сайн найз, эсвэл багш, эмч, сэтгэл судлаачтай нүүр нүүрээ харан ярилцаж, өөрийн дотоод мэдрэмж, бодлоо хуваалц. Өөрт тохиолдож буй сайн сайхан, хүнд хэцүү зүйлсээ бусадтай хуваалцах нь өөрийн доторх ачаагаа хөнгөлж буйтай ижил мэдрэмж өгнө. Гол нь чи өөрөө итгэдэг хүн байх хэрэгтэй.
2. Өөрийгөө буруутгахгүй байх. Ойр дотнын хүн чинь архи ууж байгаа нь чиний буруу биш гэдгийг сайн ойлгоорой. Бас өөрийгөө аз жаргалгүй болгож шийтгэх хэрэггүй. Яагаад өөр хүн өөрийнхөө сонголтоор архи уухад чи шаналах ёстой гэж?
3. Өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ойлгохыг хичээгээрэй. Чи ээжийгээ архи уугаад ороод ирэхэд уур дээд цэгтээ хүрээд, амьсгалахад хүртэл хэцүү болдог гэх тодорхойлолтыг илүү нарийвчлан, яагаад уур дээд цэгтээ хүрээд байна, уур хүрэхэд ямар бодол нөлөөлөв гэх мэт өөрт сайн ажиглалт хийгээрэй. Жишээлбэл: Ээж архи уугаад ороод ирэхэд би ээжийн эрүүл мэндэд санаа зовж, ирээдүйд өвдөх вий гэхээс айсандаа бухимддаг. Тэр бухимдал нь амьсгалж чадахгүй болоход хүргэдэг гэх мэт. Эсвэл ээж хүн архи ууж болохгүй ш дээ, намайг бодохгүй байна гэж бодохоор гомдоод тэр нь уур болдог уу?
4. Хэрвээ согтууруулах ундаа хэрэглэсэн үед ойр дотнын хүн чинь хүчирхийллийн өнгө аястай ёс бус үйлдэл хийдэг бол хүүхэд хамгааллын 108 дугаарт залгаж өөрийн нөхцөл байдлыг хэлж тусламж аваарай. Хэдийгээр чи энэ талаар дурдаагүй ч согтуу хүний хажууд байх нь хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулдаг учир хүүхэд бүр өөрийгөө хамгаалах 108, 102 утаснуудыг мэдэх хэрэгтэй байдаг.
5. Дийлэнх хүмүүс өөрт хэцүү биш байгаа мэт, би зүгээр гэж жүжиглэн өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг дотроо нууж л сурдаг. Өөрийн бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нээлттэй тайвнаар илэрхийлж, харилцан ярилцаж, ойлгуулахыг мөн ойлгохыг хичээх нь амьдралд хэзээд хэрэг болох чухал дадал юм шүү. Өөрт хэрэгтэй зөв дадлыг эртнээс хэвшүүлэхийг хичээгээрэй.Эцэст нь хэлэхэд хэзээ нэгэн цагт амьдралд ямар нэгэн асуудал тулгарахад, хүнд хэцүү санагдах үе гарахад, түүнийг шийдвэрлэх арга зам нь согтууруулах ундаа уух биш байдаг гэдгийг өөрийн одоо туулж байгаа амьдралын туршлагаас маш сайн ойлгох хэрэгтэй шүү. Чамд амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С.Цолмон
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх