Өөртөө итгэлтэй болох аргууд


ССҮТөв | YOLO.MN
2019-03-14

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүнд сэтгэлээ илчлээд үзэх үү, найз хэвээрээ үлдэх үү?

Сайн байна уу? Би YOLO-гийн зөвлөгөөний буланг хааяа уншдаг. Сэтгэл судлаачид нь үнэхээр сайн зөвлөгөө өгдөг юм байна лээ. Би 14 настай, эмэгтэй.

Ээж, аав, эмээ, өвөө, хамаатан садан бүгд л намайг багадаа сахилгагүй, хөдөлгөөнтэй, үргэлж л тас тас инээдэг хүүхэд байсан гэж ярьдаг. Би ч бас тийм байснаа сайн мэднэ. Харин 11, 12, 13... гээд нас нэмэх тусам би улам бүр дуугүй, ичимхий, бүрэг хүн болоод байгаа. Бас миний өөртөө итгэх итгэл улам л байхгүй болж байна. Би энэ талаар өдрийн тэмдэглэлдээ бичдэг ч дэвтрээс зөвлөгөө авна ч гэж юу байх вэ дээ. Магадгүй өөртөө итгэлтэй болох гэж зарим охидын адил нүүрээ будаж, үсээ задгай тавьж, ганган хувцас өмсөх хэрэгтэй юм болов уу? Гэвч би тэгж ч чадахгүй л дээ.

Өөртөө итгэх итгэл муу байгаа нь би өөрийгөө яг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүйтэй хамаатай байж болох л юм. Эцэст нь асуухад, би өөртөө яаж итгэлтэй болох вэ? Яаж байгаагаараа сэтгэл хангалуун байх вэ? Та бүхэнд баярлалаа. laugh

ЗӨВЛӨГӨӨ: Чи бүх юманд номер нэг байх албагүй

Сайн байна уу?  Захиа илгээсэнд баярлалаа. Чи асуудлынхаа шалтгааныг өөрөө сайн ойлгож, мөн яавал шийдэгдэхийг ч мэдэж байна. Хүн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй болоход өөртөө итгэлгүй болж энэ хэрээрээ бусдаас зай барьж, мөн өөрийнхөө сул талуудыг л олж харж эхэлдэг. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөртөө итгэлтэй болоход тусалж магадгүй доорх зөвлөмжүүдийг хүргэе.

Амжилт гаргаж эхлэх үедээ бид өөртөө итгэлтэй болдог. Чи бүх юманд номер нэг байх албагүй. Өөрийн хийж байгаа чармайлт болон амжилтад анхаарлаа төвлөрүүл. Чи өдөрт номын 5 хуудсыг уншдаг байгаад 10 хуудас уншдаг болох нь чармайлт бөгөөд амжилт юм. Амжилт гэдэг маш энгийн зүйлсээс эхэлдэг юм шүү. Өөрөөр хэлбэл амжилт гаргаж эхлэх үедээ бид өөртөө итгэлтэй буюу өөртөө дуртай болдог, өөртөө дуртай хүн дутагдалтай талаа ч хүлээн зөвшөөрч чаддаг.

  1. Сөрөг зүйлийг хүлээн зөвшөөрөөд  эерэг зүйл рүү тэмүүл.  Бид өдөрт дунджаар 7500 бодол боддог. Бидний тархинд эргэлдэж байгаа бодол маань эерэг, сөрөг бодлууд байдаг. Энэ олон бодол дундаас  сөрөг бодол барьж аваад түүнийгээ гинжин холбоо шиг ургуулж бодох нь бидний хандлага, үйл хөдлөл ч сөрөг болж эхэлнэ. Тэгэхээр өөрөөсөө болон бусдаас эерэг талыг нь олж харах дасгал хийж байгаарай. Жишээ нь: гудамжинд зөрөх хүн бүрээс нэг давуу талыг нь харах гээд үз.
  2. Өөртэйгөө ажиллах нь. Тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг юм байна. Одоо Тэмдэглэлийн дэвтрийнхээ хуудсан дээр өөртэйгөө ажиллах, хүснэгт зурцгаая. Би юунд дуртай вэ? Сургууль дээр байхдаа миний хийж чаддаг сайн зүйл. Гэр орныхоо аль ажилд илүү сайн бэ? Бусдаас илүү хийж чаддаг зүйл? Хүмүүс миний аль зан чанарт дуртай вэ? Энэ мэт өөрийн эерэг зүйлсээ бичээд хараад үзээрэй. Энэ дасгал нь чамайг яагаад өөртөө итгэх ёстойг ойлгуулах байх.
  3. Хэн нэгэнтэй хуваалцах гээд чаддаггүй асуудал байдаг уу? Өөрөөр хэлбэл чиний амьдралын нэг хэсэг, эсвэл өнгөрсөнд болсон ямар нэг зүйл чамд таалагддаггүй, тэрийг чи хүлээн зөвшөөрч чаддаггүй тийм зүйл байдаг байж болно. Сэтгэл зүйчтэй ярилцах нь үүнийг олж мэдэх, хүлээн зөвшөөрөх буюу даван туулахад их тусалдаг. Тиймээс боломжтой бол сэтгэл зүйчтэй өөрийн биеэр уулзаарай.

Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

 

#Letter