Ерөнхий боловсролын 3, 50-р сургууль дээрэлхэлийн эсрэг журамтай боллоо


YOLO.mn | YOLO.MN
2019-01-31

Нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв ТББ-аас 2017-2018 оны хичээлийн жилд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох төсөл хэрэгжүүллээ. Ерөнхий боловсролын 3, 50-р сургуулиуд дээр тус сургуулийн сурагч, эцэг эх, багш, ажилтнаас бүрдсэн дээрэлхэлтийн эсрэг зөвлөл байгуулж, журам боловсруулахад нь туслан ажиллав.

Дээрэлхэлт тулгамдсан асуудал боловч шийдвэрлэх арга зам нь тийм ч тодорхой байдаггүй. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох эрх зүйн орчин бүрдсэн билээ. Олон улсын туршлагаас үзэхэд дунд сургууль бүр дээрэлхэлтийн эсрэг журамтай байдаг.

Энэхүү олон улсын жишгийг баримтлан анх удаагаа 3, 50-р сургууль өөрсдийн журам, хүүхдийн төлөөллийг хамарсан зөвлөлтэй болсон нь дээрэлхэлтийн эсрэг үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан юм. Дээрэлхэлтийн эсрэг журамтай болсноор сургуулийн багш ажилтан, сурагч, эцэг эхчүүд дээрэлхэлтийн талаарх нэгдсэн ойлголттой болж, цаашилбал сурагч дээрэлхүүлсэн бол хэнд мэдээлж, хэрхэн тусламж авах вэ, эсвэл хэн нэгнийг дээрэлхсэн бол ямар хариуцлага хүлээх вэ, дээрэлхэлтийг хөндлөнгөөс харсан бол юу хийхээ мэддэг болсноор үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.

Ерөнхий боловсролын 10 сургуулийн 6-12-р ангийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар (Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв, 2018) нийт сурагчдын тал орчим хувь нь ямар нэг хэмжээгээр дээрэлхүүлсэн байна, үүнээс үг хэл, далд хэлбэрийн дээрэлхэлтэд сурагчид хамгийн ихээр өртжээ. Мөн жендэрээсээ хамаараад охидууд бэлгийн дарамт, хов жив, эд зүйлийг нь эвдэлж гэмтээх дээрэлхэлтэд илүү өртөж байгаа бол хөвгүүд заналхийлэлд түлхүү өртөж байна. Байршлын хувьд цайны газар, тоглоомын талбай, ариун цэврийн газар, сургууль явах замд хөвгүүд түлхүү дээрэлхэлд өртөж байна.

Цаашилбал, дээрэлхэлтийг хөвгүүд илүүтэй үйлдэж байгаа нь харагдлаа. Хэлбэрээр нь авч үзэхэд үг хэл, бие махбод, бусдын эд зүйлсийг эвдэж сүйтгэх, заналхийлэх, арьс өнгө, бэлгийн болон цахим дарамтыг хөвгүүд илүү үйлдэж байгаа нь үр дүнд гарсан юм. Тиймээс хүч хэрэглэхгүй байх тухай хөвгүүдэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв. 2018

Гэвч яг юуг дээрэлхэлт гэж тодорхойлох тал дээр нэгдсэн ойлголт байдаггүй учир үүнийг нэгдсэн байдлаар шийдвэрлэж таслан зогсоодоггүй. Дээрэлхэлтийг ах дүү, хайр сэтгэлийн холбоогүй хүмүүсийн хооронд болдог бодит ба бодит бус хүчний тэнцвэргүй байдал дээр үндэслэн хэн нэгнийг санаатайгаар өвтгөх, эвгүй байдалд оруулах давтагдсан буюу давтагдах болзошгүй үйлдэл хэмээн олон улсад тодорхойлдог (Olweus, 2013).

Манай төслийн хугацаанд 3, 50-р сургуулийн хамт олон дээрэлхэлтийн талаар нэгдсэн ойлголттой болж, үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох оновчтой арга замыг сурч, сургуулийн эргэн тойрны хамгийн аюултай цэгүүдийг илрүүлж, зураглал гаргаж ажилласан юм.

Цаашид бусад дунд сургуулиуд дээрэлхэлтийн эсрэг журамтай болоход нь манай байгууллагын зүгээс дэмжиж ажиллахад бэлэн байна.

#ҮеТэнгийнхнийХүчирхийлэл