ЗАХИДАЛ: Монгол дахь цөөхөн найзтайгаа л холбоотой үлдсэн


ССҮТөв | YOLO.MN
2018-11-26

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Монгол дахь цөөхөн найзтайгаа л холбоотой үлдсэн

Сайн уу Үоlo? Захидал очих өдрийн мэндийг хүргэе! Би энгийн нэгэн сурагч охин. Гадаадад сурч, амьдардаг. Энэ хугацаанд Монголоосоо өөр улсад дасах гэж их хичээж байгаа. Одоо ч хичээсээр л байна. Энэ улсын хэлийг сурна, хичээлдээ явна, найз нөхөдтэй болох гэж хичээнэ гэх мэт.

Ерөнхийдөө энд ирээд сайн найз нөхөдтэй болж чадахгүй л явна. Их ганцаарддаг. Монголд буй найзуудтайгаа хааяа нэг холбогдоно. Аль алиных нь цаг зав болохгүй, дээрээс нь цагийн зөрүү саад болно. Энд ирснээс минь хойш зарим нэг найзуудтайгаа холбоо тасарсан. Үнэндээ тэд надад таагүй үгс бичихэд би маш их сэтгэлээр унасан.

Гарын 10 хуруунд багтдаг найзуудтайгаа л холбоотой үлдсэн. Гэтэл миний хувьд надад үлдсэн хамгийн сайн найз, “хамгийн” гэсэн хүн минь сэтгэлд их сэвтэй зүйл хийсэн. Юу вэ гэвэл, санамсаргүй хувийнх нь чатуудыг уншчихсан юм. Тэр чат нь намайг их муухайгаар муулсан байсан. Маш их, бүр маш их гомдсон. Гэхдээ түүнд өөрт нь хэлээгүй. Би дуугүй л байдаг. Гол нь намайг тэд юу гэж ярьж муулж холбоо тасарсныг мэдэж байгаа байж, дээрээс нь өөрөө надад үргэлж “Чи л хамгийн сайн найз, чамайг орлох хүн алга, санаж байна” гэх зэрэг үгс хэлдэг хэр нь намайг яаж байгаа юм бол? Үнэндээ хүний нутагт иймэрхүү муухай юм болж байгаа болохоор их хүнд тусаж байгаа юм л даа, надад.

Би яасан нь дээр вэ? Би бол хамгийн сайн найзаа л гэж боддог ч түүний хувьд үгүй юм шиг.  Цаашид найзлаад явна гэхээр нэг л сэвтэй юу? Яах ёстой вэ?

Та бүгдийн ажилд амжилт хүсье!

ЗӨВЛӨГӨӨ: Түүнд өөрийгөө тайлбарлах боломж өгөөрэй

Сайн байна уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Найздаа их гомдсон чинь захианаас илэрхий харагдаж байна. “Яагаад?” гэж өөрөөсөө асуух тусам улам л гомдсоор байх болно. Магадгүй хамгийн хурдан, бас үр дүнтэй шийдэл нь бүх үнэнээ сайн найздаа хэлж, түүнээс яагаад гэдгийг нь асуух явдал байх болов уу. Түүнд өөрийгөө тайлбарлах нэг боломж өгч байна гэсэн үг. Хол зайнаас харилцаж байгаа учир үл ойлголцол гарсан байж болно. Хэрвээ ингээд юу ч өөрчлөгдөхгүй бол цаашид найз хэвээрээ байх эсэхээ тэр үед бодох хэрэгтэй байх. Нөхөрлөл гэдэг итгэлцэл, хүндлэл дээр тогтдог шүү дээ. Үүнээс гадна чи Монголд байгаа найзууддаа хэт их анхаарал хандуулаад, одоо байгаа орчин, хүрээллээсээ өөрийгөө холдуулаад байгаа юм биш биз? Хүн байгаа газраа сэтгэл зүрхээ зориулаад, тэндээ найз нөхөдтэй болбол сайн байдаг. Өөрөөр хэлбэл одоо Монголд байгаа найзуудаа бодохоо жаахан багасаад, байгаа орчин дахь хүмүүсээ илүү анхаарч үзэх үү? Энэ талаар бодоорой. Амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter