ХАРИЙН ОХИН: “Харь гариг сонирхогчдын чуулга уулзалт”-ыг гурав дахь удаа амжилттай зохион байгууллаа


М.Тэнгис | YOLO.MN
2018-10-29

Саяхан “Харь гариг сонирхогчдын чуулга уулзалт” гэдэг нэгэн сонирхол татам үйл ажиллагаа болж өнгөрсөн. Тийм ч учраас, тус чуулга уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаар болон мөн энэхүү сонирхолтой сэдвээр ярилцахаар цахим орчинд “Харийн охин” нэрээр танигдсан Монголын Раелийн хөдөлгөөний тэргүүн Г.Ононг ярилцлага буландаа урилаа.

Нүүрний эгнээнд Г.Онон

YOLOСайн байна уу? Уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Сайн байцгаана уу? Намайг Г.Онон гэдэг. “Харийн охин” нэрээр “Харь гариг сонирхогчид” Facebook групп болон цахим орчинд илүүтэй танигдсан.

YOLOХарь гариг сонирхогчдын чуулга уулзалтыг анх хэдэн онд зохион байгуулсан бэ? Ямар санааны үндсэн дээр зохион байгуулах болсон бэ?

-Анх гурван жилийн өмнө “Харь гариг сонирхогчдын чуулга уулзалт-2016” гэсэн нэрийн дор амжилттай зохион байгуулж байсан. Түүнээс нэг жилийн өмнө мөн ийм нэртэй арга хэмжээ болох тухай сурталчилгаа цахим орчинд маш их түгж, оролцох хүсэлтэй мянга гаруй сонирхогчид байсан ч тухайн жилдээ бололгүй өнгөрсөн юм. Үүнээс бид энэ сэдвийг сонирхдог, судладаг хүмүүс олширч байгаа юм байна, энэ сэдвээр нээлттэй ярилцах, уулзалт чуулган зохион байгуулах цаг нь болсон юм байна гэж дүгнээд зохион байгуулахаар шийдэж байлаа.

YOLOАнхны жилдээ хэр олон хүн оролцсон бэ?

-Эхний чуулга уулзалтаа бид хоёр өдрийн турш зохион байгуулж байсан ба давхардсан тоогоор 600 гаруй хүмүүс оролцсон. Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь, энэ сэдвийг сонирхон судладаг хүмүүсийн тоо ихэсч байгааг батлаж байгаа юм.

YOLOЧуулга уулзалтаар ямар агуулгыг хүмүүст хүргэхийг зорьдог юм бол?

-Харь гаргийнхан гэдэг сэдэвтэй холбоотой баримт нотолгоонууд, шинэ соргог мэдээллүүдийг баталгаатай эх сурвалжтай хүргэхийг зорьдог гэж болно. Уг уулзалтад мэдээж урьд өмнө амьдралдаа тайлбарлах боломжгүй сонин содон зүйлтэй учирч байсан, харь гаргийн нисдэг биет гэмээр зүйлстэй тааралдаж байсан хүмүүс ирж, өөрсдийн түүхийг хуваалцаж ярьдаг. Мөн энэ сэдвээр хөдөлшгүй байр суурьтай монголын алдартай эрдэмтдийг бид чуулга уулзалтдаа урьдаг. Жишээ нь, Монгол-Францын ардын зураач, УГЗ Н.Чогсом гуай бий. Тэрбээр 1969 онд Гандангийн дэнж дээр зураг зурж сууж байхдаа тэнгэрт хачирхалтай нисдэг биет тун ойрхон нисээд өнгөрөхийг үзсэнээ зурагт буулгасан нь одоо ч бий. Бид Н.Чогсом гуайг урд жилийн чуулга уулзалтдаа урьж, ярилцлага хийсэн. Мөн нэрт орчуулагч, эрдэмтэн Г.Аким гуай байна. Тэрээр Монгол орны хөдөө хээр нутагт буй үй олон хадны сүг зургууд дээр үлдсэн харь гарагийнхны ул мөрийг судалж, эмхэтгээд ном гаргасан. Мөн хүн мичнээс үүсээгүй гэж зоригтой хэлж буй монгол эрдэмтэн юм.

YOLOХүмүүс ямар хандлагатай хүлээж авч байсан бэ? Гурван жилийн турш зохион байгуулах явцад хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?

-Хүмүүсийн хандлага янз бүр байдаг боловч сонирхсон, таашаасан хандлага илүү хувийг эзэлдэг. Аливаа соён гэгээрэл гурван шатыг дамждаг гэдэг шүү дээ. Эхлээд шоолуулна, дараа нь хүлээн зөвшөөрүүлнэ, сүүлд нь бишрэн шүтэгдэнэ. Бид гурван жилийн турш энэ сэдвийн дагуу үйл ажиллагаа явуулаад өдгөө хоёр дахь шатандаа явж байна гэж хэлэхэд болно. Хамгийн гол нь өдөр тутмын ягшсан сөрөг муу муухай мэдээллүүд, мухар сүсэг, буруу ташаа ойлголтуудаас монголчуудаа бага ч гэсэн хөндийрүүлж, энэхүү оюунлаг сэдэв рүү хөтлөх нь бидний зорилго.

YOLOЧуулга уулзалтыг зохион байгуулах болсон зорилго чиглэлийн тань тухай илүү дэлгэрэнгүй ярилцъя.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухамхүү хүний амьдралд хэрэгцээтэй тэр л мэдээллүүдийг түүж аван бидэнд хүргэх нь чухал болов уу гэж би боддог. Яг үнэндээ телевиз радио, сонин сэтгүүлээр үргэлж сөрөг мэдээллүүд явдаг шүү дээ. Оюунлаг оршихуй, шинжлэх ухаанч сэтгэхүйд хөтлөсөн нэвтрүүлгүүд, хөтөлбөрүүд тун бага. Тийм учраас хүмүүсийн материаллаг амьдрал чухал биш ээ, оюун ухаан чухал гэсэн санааг хүргэх үүднээс “харь гаргийнхан” гэсэн онцгой сэдвийг хөндөх болсон. Үүгээр дамжуулан шинжлэх ухаанчаар, мухар сүсэггүй, шашингүйгээр оюунлаг амьдралд хүмүүсийг хөтлөхийг хичээдэг.

YOLOХарь гаргийнхан гэдэг яагаад онцгой, яагаад заавал ярих ёстой сэдэв юм бэ?

-Харь гаргийнхан гэдэг үг нь сонсоход их сонин. Манай монгол хэл хэдий баялаг боловч “өөр” гэдэг үгийг “харь” гэдэг үгээр төлөөлүүлж нэрлэсэн нь үүнийг үнэхээр “харь” сэдэв шиг ойлгодог болгосон байх. Гэвч одоо энэ хэллэг тохиромжгүй мэт санагддаг болж, монголын эрдэмтэд “өөр ертөнцийнхөн” гэж ярьж байна. Хүн гэдэг амьтан үргэлж сайн сайханд татагддаг, өөрийн мэдэлгүй урагш хөгжиж дэвших үйлдэл хийж байдаг болохоор, биднээс өндөр хөгжил дэвшилд хүрсэн өөр гаргийн соёл иргэншлийн тухай сэдэвт их татагддаг болов уу.

Энэ сэдвээр баялаг мэдлэг, ойлголттой болохын давуу тал гэвэл, ямар нэгэн шашинд баригдалгүйгээр, өдөр тутмын тогтсон амьдралын урсгал тойргоос гарч, бодит амьдралыг олж харах боломжийг олгодог. Цааш нь судлаж унших тусам хүн ямар өчүүхэн юм бэ, бидний учир утга өгдөг тэр материалист амьдрал ямар өрөвдмөөр, жижигхэн юм бэ гэдгийг ойлгож эхэлдэг. Адгуусан амьдралаас өөрийгөө салгаж, оюунлаг амьдралын хэв маягт хэвшихэд тусалдаг давуу талтай гэж хэлж болно.

YOLOЭнэхүү чуулга уулзалтыг гурван жил зохион байгуулаад буй Раелийн хөдөлгөөний тухай мэдээлэл өгөөч.

-Дэлхийн Раелийн хөдөлгөөн дэлхий даяар 92 оронд салбартай. Энэ жил 45 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Өөрөөр хэлбэл энэ сэдвээр 45 жилийн турш ярьсан, мэдээлэл солилцсон байгууллага юм. Уг хөдөлгөөний зорилго нь, хүн төрөлхтний ирээдүйн амьдралыг шинжлэх ухаанч, шашинч бус талаас тайлбарлах, цаашлаад шинжлэх ухааны дэвшилтэт нээлт ололтуудыг ашиглан хүн төрөлхтнийг өндөр хөгжил дэвшилд хүргэх судалгааны төв байгуулахаар ажилладаг.  Энэхүү шинжлэх ухааны төвийг барьж байгуулах нь бидний зорилгын нэг томоохон чиглэл. Аль ч оронд барьж байгуулах боломжтой бөгөөд, мэдээж бидний зүгээс монгол орондоо энэхүү шинжлэх ухааны төвийг байгуулахыг дэмждэг. Аялал жуулчлалын салбарыг сайжруулахын төлөө их хөрөнгө мөнгө төсөвлөдөг ч бодит амьдрал дээр сайжрал бага байна шүү дээ. Харин ард иргэдийн сэтгэхүйг материаллаг бус, шинжлэх ухаанч сэтгэхүйд бэлдэж, энэхүү шинжлэх ухааны төвийг монгол орондоо барьж байгуулах нь эх орныхоо төлөө хийж байгаа томоохон хувь нэмэр болно гэж үздэг.

YOLOМонголын Раелийн хөдөлгөөн хэзээ байгуулагдсан юм бэ?

-Анх 2006 онд Монголын Раелийн хөдөлгөөн бий болох үндэс суурь тавигдсан. 2009 онд Дэлхийн Раелийн хөдөлгөөний үүсгэн байгуулагч Клод Раел гэдэг хүн Монгол оронд айчилж, Чингис зочид буудалд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй долоо хоногийн сургалт семинар зохион байгуулсан юм. Мөн тухайн үед хүнийг клоны аргаар хувилах шинжлэх ухааны анхны компанийг үүсгэн байгуулагч Брижит Бюрслер хэмээх эрдэмтэн эмэгтэй ирж байсан. Тийнхүү Монголын Раелийн хөдөлгөөний өргөжин тэлэх үндэс суурь тавигдаж байсан гэж болно. Монголчууд бид аливаа зүйлийг харж, мэдэрч байж итгэдэг. Тийм болохоор ч тэр үү, тухайн үед харь гарагийн тухай сэдвээр маш олон жил ярьж, өөрийн үзсэн туулсан бодит үйл явдлуудаараа олон ном бичсэн энэ хүнтэй бодитоор уулзаж, яриаг нь сонсч байх үед их олзуурхууштай, том боломж байсан. Тэр цагаас хойш арваад жилийн дотор энэ сэдвээр багагүй олон мэргэжилтэн гэхэд хилсдэхээргүй судлаачид бэлтгэгдэн төрөн гарч, орчин үеийн залуучуудтай энэ сэдвээр нээлттэй бөгөөд, шинжлэх ухаанч байр сууринаас ярилцах боломжтой болсон.

YOLOТанай хөдөлгөөн цаашид ямар ажлуудыг хийхээр зорьж байна вэ?

-Өмнө дурьдсанаар, нийгэмд буюу бидний эргэн тойронд буй “харь гарагийнхан” гэдэг энэ сэдвийг сонирхдог, судладаг хүмүүст шинжлэх ухаанч, шашнаас ангид өнцгөөс мэдлэг, мэдээллийг хүргэх, тэдний оюун санааг бэлтгэх гэсэн үндсэн зорилгоо барьж ажиллана. Өнөөдөр оюун ухааны чадавхи чадамжаар амьд үлддэг Бумбын эриний үед бид амьдарч байна. Өмнөх Загасны эрин үед, усандаа сэлж буй загас шиг асуудал бүхнийг сөрч, тэмцэж чадсан хүмүүс амьд үлддэг байсан гэж үздэг. Тийм учраас энэхүү оюун санааны эрин үед хүмүүсийг бэлтгэх зорилготой. Үнэ цэнтэй хэдий боловч үнэ төлбөргүйгээр ямар ч насны, ямар ч хүнийг ялгалгүйгээр энэхүү үйл ажиллагаагаа явуулна. Энэ сэдвийг сонирхох болсон хүмүүс голдуу амьдралдаа ямар нэг сонин зүйлтэй учирч байсан байдаг. Тэнгэрт ямар нэгэн гэрэл эсвэл нисдэг биет харж байсан, тайлбарлагдашгүй зүйлтэй учирч, түүнийхээ асуултыг чимээгүйхэн дотроо эрж явсаар сонирхогч болж хувирсан байдаг. Тэдгээр хүмүүсийн эргэлзээ, асуултуудад боломжтой хариулт өгөх бас нэгэн зорилго бий. Мөн монгол оронд дээр дурьдсан шинжлэх ухааны төвийг барьж байгуулах нь дурьдахгүй байхын аргагүй зорилго маань юм.

Зургийн тайлбар: Дэлхийн Раелийн хөдөлгөөний барьж байгуулахаар зорьж буй дэлхийн шинжлэх ухааны төвийн төсөө зураг

YOLOХарь гарагийнхан гэдэг сэдвийг сонирхдог хүмүүст хандаж юу гэж хэлж, уриалмаар байна вэ?

-Энэ сэдэв манай монголчуудын дунд шинэ, хачин сонин мэт хэвээрээ байгаа боловч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд хөлдөө орчихсон гүйж байгаа хүүхэдтэй зүйрлүүлж болохоор төвшинд хөгжсөн яваа. Хэдий тийм боловч монголчууд оюун ухааны маш том нөөц боломжтой, бүх төрлийн мэдлэг мэдээллүүдийг төвөггүй хүлээн авч, ялгаж салгах оюуны чадвартай байдаг нь бусад орны хүмүүсээс ялгагддаг. Тийм ч учраас энэхүү сэдвийг сонирхдог бол та ямар нэгэн баттай, нотолгоотой зүйлийн эрэлд гарахаас илүү өшөө олон асуултуудыг асуудаг болох хэрэгтэй гэж хэлмээр байна. Бид хаанаас ирсэн юм бэ? Тийм үү? Ном, сурах бичгүүд дээр заадаг Ч.Дарвины хүний үүслийн онолыг өнөөдөр дэлхийн эрдэмтэд шүүмжилж байна шүү дээ. Сармагчин 48 хромосомтой байхад хүн 46 хромосомтой шүү дээ. Мөн нөгөө талаас хүн төрөлхтнийг бурхан ид шидийн аргаар бүтээсэн гэсэн ойлголт ч түгээмэл байдаг. Харин бидний зүгээс хүн төрөлхтнийг шинжлэх ухаанч, генетик инженерчлэлийн аргаар өндөр хөгжилд хүрсэн эрдэмтэд бүтээсэн юм гэх санааг дэвшүүлдэг. Бид тэднийг харийнхан гэж нэрлэдэг боловч, биднийг бүтээсэн тухай бүхий л он цаг үеийн судар бичгүүдэд тэмдэглэгдэж үлдсэн байдаг, өнөөдөр Канад улсын ерөнхий боловсролын хөтөлбөрт хүний үүслийн тухай энэхүү гуравдахь онолыг оруулан зааж байна.

Жишээ нь манай монголын нууц товчоонд мөн тэмдэглэгдэж үлдсэн зарим хэсгээс иш татан тайлбарлавал, Бөртэ Чоно, Гуа Марал хоёр их далайг гаталж ирээд Онон мөрний эхээр нутаглаж, монгол үндэстэн бий болсон тухай эхлэл хэсэг бий. Үүнийг Бөртэ Чоно гэж чоныг хэлсэн биш, чонын одны орд буюу олон улсын нэршлээр Сириусын одны орд, тэндээс ирсэн эрчүүд, Гуа Марал гэдэг нь гурван Марлын одны ордноос ирсэн эмэгтэйчүүд ирж нутаглан амьдрал бий болгосон гэж тайлбарлах боломжтой. Мөн бас Алунгоо эхий домгийг өгүүлдэг хэсэгт гэрийн тооноор шар гэрэл тусан хэвлийг нь илснээр хүүхэд олж, жижиг шар хүн шарвалзаад гараад явж буй хэсэг бий. Гэтэл Христийн мэндэлсэн түүхийг сонирхвол онгон Мари эхийн хэвлийд мөн гэрэл тусч, хүүхэд олсон тухай өгүүлсэн байдаг. Орон орны өөр өөр цаг үеийн эртний судар бичгүүдэд ижил төстэй, нэг л янзын түүхүүдийг өгүүлсэн байх нь элбэг. Гэх мэтчилэн Библийн судар дээр анализ судалгаа хийсэн бүхэн бүтэн ном байдаг.

Мөн дэлхий дахинд чамгүй олон дайж дажин явагдаж, хүнд хэцүү зүйлс тохиолдсоор л байна. Үүний томоохон шалтгаануудын нэг бол үзэл бодлын, шашин шүтлэг хоорондын зөрчилдөөн байдаг. Шашин гэдэг хувь хүнийг сэтгэлийн хувьд боловсруулах, тодорхой хэмжээнд соён гэгээрүүлэх үүрэгтэй боловч өнөөдөр дайн самуун өдөөхөд хүргэхүйц, түүнлчэн эд мөнгөний зорилготой тархи угаалт явуулах гэх мэт буруу чиглэл урсгал руу хэлбийх хандлага дэлхийд, мөн монголчууд дунд маань түгээмэл харагддаг. Тийм учраас маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ дэлхийд бид оюун санаагаа чөлөөлж, тодорхой чиг, жанжин шугамаа алдахгүй, оюунлаг амьдрахыг хичээгээрэй гэж хэлэхийг хүсч байна.

YOLOЭнэ сэдвийг сонирхдог хүмүүс та бүхэнтэй яаж холбогдох боломжтой вэ?

-Бид долоо хоног бүр уулзаж ярилцдаг. Шинэ болон хуучин гишүүдтэйгээ шинэ соргог мэдээлэл дамжуулах уулзалтуудыг тогтмол зохион байгуулдаг. “Харийн охин” хаягаар болон манай Facebook page рүү хандах боломжтой, орчин цагт монголчууд интернетийг маш өргөн ашигладаг болсон байна. Бидэнтэй холбогдож, уулзаж ярилцахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд та бүхний ярих зүйлийг ойлгож ярилцан, шинжлэх ухаанч бодит мэдээллүүдийг харамгүй хуваалцахад хэзээд бэлэн байх болно.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Aliens