Эверест хамгийн өндөрт оршдог ХОГИЙН ЦЭГ болсон уу?


М.Тэнгис | YOLO.MN
2018-07-19

Дэлхийн хамгийн өндөр уул хамгийн өндөрт оршдог хогийн цэг болох шат руу сүүлийн хэдэн арван жилд эрчимтэй хурдалж буй тухай thinkinghumanity.com нийтлэжээ. “Явсан газар бүртээ увайгүй мөрөө үлдээж явдаг чинээлэг жуулчдад талархаж байна” хэмээн хүчтэй байр сууриа илэрхийлээд авсан нь багагүй шуугиан дэгдээлээ.

Аялагч Эдмунд Хилари алдарт Эверестийн 8848 метр оргилд хүрснээс хойш Төвдийн Чомолунгма, Непалын Сагармата зүглэсэн олон мянган хүн тус оргил өөд мацах болсон нь нууц биш. Гэвч эзэнтэйгээ дээшээ гарсан ч өөрсдөө буцаад буудаггүй хаягдлууд тэнд үлддэг нь үзэсгэлэнтэй уулын бэлээр хөглөрөх тонн тонноор хэмжигдэж буй хог мөнөөс мөн.

Жуулчид оргил өөд мацахдаа шаардлагатай гэсэн бүхнээ баглаж үүрээд гардаг агаад буухдаа хэрэглэж дууссан газ, эвдэрсэн уулын аяллын хэрэгслүүд тэргүүтэн олон хаягдлыг орхидог байна.

AFP агентлагт өгсөн ярилцлагадаа алдарт уулчин Пэмба Доржэ, “Энэ бол гутамшиг, нүд хальтрам үзэгдэл. Эверест одоо хэдэн арван тонн хогон дунд оршиж байна” хэмээсэн байдаг.

Төвд болон Непалын засгийн газар жуулчдыг хог хаягдлаа буцааж авчирч байхыг уриалсан системтэй арга хэмжээг авдаг гэнэ. Төвдийн зүгээс уулчдын хаясан нэг килограмм хог тутамд нь 100 америк доллараар торгодог бол Непалчуудын гишүүн тус бүр нь хамгийн багадаа 8 килограмм хог үлдээсэн нэг аялагчийн багт тавьдаг торгууль 4000 долларт хүрдэг байна. Гэсэн хэдий ч аялалдаа дор хаяж 100 мянган доллар үрж буй жуулчид дээрх торгуульд дорвитой санаа зовнидоггүйд хэргийн учир оршдог ажээ.

2016 оны мэдээгээр, нутгийн иргэд уулаас 11793 килограмм хүний ялгадас /нэг улиралд/ түүж, ойролцоох тосгонуудын хогийн цэгт хаясан байна. Харин тэдгээр их хэмжээний ялгадсын овоорол зуны улиралд өмхийрч, тосгоны иргэдийн ундаалдаг гол ус руу орж эхэлдэг агаад, улмаар нутгийнхны таатай амьдрах нөхцлийг үгүй хийдэг гэнэ.

Хэсэг хүмүүс эдгээр асуудлыг шийдвэрлэх гарц хайж байгаа бөгөөд, тэдний зарим нь хог ялгадсыг байгалийн бордоо болгон хувиргах технологи төлөвлөж байгаа бол бусад хэсэг нь уулыг хэрхэн цэвэрлэх тал дээр анхаарлаа хандуулдаг ажээ. Гэвч хамгийн шилдэг шийдэл нь мэдээж уулчдын хариуцлага болон ухамсартай шууд хамааралтай билээ.

#Everest, #Waste