Хариултыг нь өнөө хэр нь олоогүй нууцхан асуултуудынхаа тайллыг хэрхэн хайх учраа мэдэхгүй байгаа бол энэхүү зун бичсэн "Цасны нууц" өгүүллэг хөтөч болж, хүч нэмэх ч юм билүү...
Нар орой дээрээс төөнөсөн аагим халуун зуны цагт үг тэрлэн суухаар зэхсэн хэдий ч, цас бударсан дотнохон, тайванхан өвлийн нэгэн үдшийн тухай л эрхгүй бичмээр санагдана. Тэр нэгэн өвлийн цас сэтгэлийн минь гадна нэг хунгарлаж, дотор нэг хялмаалан байсан санагджихуйд бичих учиртай хэлхээтэй хэдэн дурсамжаа нүднээ олж үзэх шиг боллоо. Ухаанд минь унаж үлдсэн тэр хэсэг цасны сүүлч одоо ч хайлж гүйцээгүй нь, ер сайх цагаас хойш би өөрөө цасны аниргүйд тасралтгүй уясан, ухааран явсны гэрч биз ээ.
Жирийн л нэг хичээлийн өдөр байсан санагдана. Багш нар цаг цагаар ээлжлэн хичээлээ орж, ангийн хүүхдүүд хааяа нэг нуруугаа тэнийлгэн сунайж, ард урд хэн нэг нь уртаас урт эвшээлгэх нь сонсдох, үлдэх юмгүй байдаг л нэг 12-р сарын өдөр ид дундаа зугуухан урагшилж байлаа. Тачирхан хэдэн үсээ үе үе хойш илэнгээ цаг харахаар байн байн арагш хяламхийж суух тэвчээргүй, тогтворгүй туранхай шар хүү би хичээл тараад гэр лүүгээ лав харихгүй гэж санаж суув. Би тун ч хөнгөхөн хувь хүн байж дээ. Нам суугаад гараас гаргадаг ажил үгүй, улайрах шахам тэмүүлдэг хүсэл сонирхол ч үгүй. Хүний өмнө гараад хэдэн минут ярьчих тогтсон үзэл бодол ч үгүй. Үргэлж бусдын үгээр үг хийж, өрөөлийн сүүдэрт нуугдан хярж, хэн хүний араас сүүл шиг шарваганаж явсан тэр үеэ өд шиг хөнгөн, өднөөс ч хөнгөн гэж нэрийдэхээс яалтай. Заримдаа хүний хөнгөн хуумгайг өдтэй ч зүйрлэх аргагүй байх юм даа.
Сүүлийн цаг цонхолсноор хэн хүнгүй хичээл тарах болсныг хэлүүлэлтгүй ухамсарлаж /хичээл тарсныг мэдрэх нь бидний хамгийн сайн чаддаг зүйл байж дээ/, дэрхийн яах ийхийн зуургүй босоцгоолоо. Би хаачихаа, үнэндээ хэнийг дагаж гэлдрэхээ шийдэж ядан зогсознов. Навчаа, Цэцгээг дагаж хааяа нэг номын сан зүглэдэг ч өнөөдөр нэг л тохирох өдөр биш шиг санагдаад болилоо. Батаагийн гэрт орой хүртэл цаг нөгцөөх санаатай очоод асуутал хөдөөнөөс тэдний хамаатнууд ирсэн тул хөл толгойгүй бужигнаантай гээд халгаасангүй. Тэгүүт шуудхан гэртээ харимаар санагдаад явчихсан тул би гэдэг хүн гэрийн зүг зам нийлдэг Заяа, Дөлгөөн хоёртой дөрөө харшуулахаас өөр аргагүйд хүрч, дуртай дургүй сажилж гарлаа.
Тэр хоёр одоо бодох нь ээ хачин өвөрмөц хүүхдүүд байжээ. Хүнтэй муудалцаж, үг сөргөх нь үгүй. Хичээл сурлагадаа сургуульд ч толгой цохино. Үргэлжид л хэзээ ч амжуулаад уншчихсан юм, ямар нэгэн номны тухай ам уралдан ярилцаж, заримдаа би хажууд нь оршин байх ч утгагүй санагдах үе тохионо гээч. Би чухам тэр хоёртой л уусч чадалгүй дунд сургууль төгссөн мунаг толгой. Цас хаялсан тэр өдөр ч тэр хоёр номны тухай ярьж л явлаа. Заяа хүнд цүнхээ нэг мөрөндөө үүрснээ Дөлгөөнд хандан:
- Холидэй уг нь хөнгөмсгийн дээд хөнгөмсөг, тэгсэн хэр нь айхтар хурц үг шидэж чаддаг. Бүр философитой. Бас нас нь ч залуу. Хачин дүр шиг бодогдохгүй байна уу? гэх нь тэр.
- Тийм ээ, тэгж санагдахаас ч аргагүй. Хөөрхий түүнтэй ганц удаа ч болов уулзаж ярилцаж үзэхсэн. Тийм их ганцаардмал хүн хөнгөн байхгүй гээд яах юм бэ?
- Гэхдээ үргэлж өөрөө л эхэлж бусдаас дөлж зугтаадаг.
- Тэр өөрийгөө дэндүү хөнгөмсөг, дэндүү муухай гэж мэддэг байсан болохоор л тэр. Өөрийгөө бүр зэрлэг амьтан гэж нэрлэсэн шүү дээ. Хаа нэг газар , хэзээ нэгэн цагт хэн болохоо ойлгож, амар жимэр амьдарна гэж боддог ч тэр хүртэлх хөнгөмсөг туулж буй замаараа сайрхаж бардамнаагүй, харин ч зүхэж үгүйсгэж байгаа нь л тэр, ёстой л хайрлахгүй байхын аргагүй дүр юм даа.
- Ер хүмүүс тэнэг хөнгөн байснаас түүн шиг хэр хэмжээгээ мэддэг хөнгөн байсан нь дээр юм. Холидэй хэзээ нэгэн цагт хэн болохоо олж, хөнгөн хуумгай байдлаасаа ангжирах нь дамжиггүй.
- Тийм шүү. Угаас зохиолчийн санаа тэр юм биш үү? Хэн болохоо, хэн байхаа эртхэн тодорхойлж, урьдаас өөрөө өөрийгөө бүтээхийн чухлыг ойлгуулахын тулд түүн шиг нас залуу ч хачин хөнгөн явдалтай бүсгүйн дүрийг бүтээсэн байх.
Тэдний ярилцаж байсан номыг Трүмэн Капотигийн “Тиффани дахь өглөөний цай” байсныг би бүр сүүлд олж мэдэж билээ. Ямартай ч хэн болохоо олж мэдээгүй, хөнгөн хуумгай нэгний тухай яриа миний сэтгэлийг бяцхан үймрүүлж амжсан юм. Бяцхан гэж болохгүй ч юм уу? Бяцхан бодлогширлоор эхлээд айхавтар том ухаарлаар төгссөн болохоор. Мөртлөө тэр мөчид л анх удаа би өөрийгөө “хөнгөмсөг” хэмээн бодож төвдсөн юм.
Тэр хоёр тун удалгүй надаас зам салан, автобусны буудал руу өнөөх яриагаа уйдах шинжгүй үргэлжлүүлсээр одов. Харин би гэрийнхээ үүдэнд тулж ирээд хачин их бодлогширч зогслоо. Зогсоо зайгүй будран орох цав цагаан цасыг нүцгэн нүүрэн дээрээ буулган мэдэрч, сэрүүхэн сайхныг нь, бас ямар нууцлаг гэдгийг нь анх удаа хачин их гайхширч билээ. Бүртийх ч үүлгүй цэнхэр тэнгэрийн тэртээ алсаас үзэсгэлэн төгс цасан ширхгүүд огтын чимээ аниргүйгээр, аажим аажмаар бударна. Будрах гэсэн үг ч бас өөрөө яасан сайхан юм бэ? Цаснаас өөр зүйлийг бударна гэж хэлдэг юм болов уу? Бас цас гээч хэчнээн хөнгөхөн юм бэ? Дөлгөөн, Заяа хоёрын ярьсан номын гол дүр шиг, эдгээр цас хөнгөн хэдий ч өөрийн зорилгоо, яах гэж энэ дэлхий рүү унан ирсээр байгаа учир шалтгаанаа үл мэдэн байдаг болов уу? Эсвэл хэдэн сая жилийн элчилгэнд хөнгөнөөс хөнгөн энэ цасан ширхгүүд туйлын зорилгоо чинд нь тултал ойлгож ухамсарлачихаад, түүнийгээ гүйцэлдүүлэх гэж өвөл бүр будран будран унадаг ч юм бил үү? Тэгвэл тэр зорилго нь чухам юу байж таарах вэ? Аниргүй будрах цас яасан сонин нууцтай юм бэ?
Ингэж бодол дотор минь цасны хөнгөн, бас аниргүй, өөрийн минь хөнгөн бас хуумгай хоёр холбогдож билээ.
Тэгж зогстол ар нурууг минь нэг юм гэнэтхэн онож, цасны тухай бодол тасалдлаа. Эргээд хартал хөлдөө зуны уранхай пүүз жийж, толгойдоо цоорхой хар малгай духдуулсан нэг хүү цасаар бөмбөлөг хийгээд зогсч байх нь тэр. Харваас миний насных ажээ. Харцанд нь эр зориг л байхаас биш айдас хүйдсийн сүүдэр ч үгүй мэт санагдав. Чингээд дахиад нэг удаа над руу цасан бөмбөлөг шидэж орхив.
- Чи яагаад уурлахгүй байгаа юм бэ? гэж тэрбээр намуухан дуугаар ам нээлээ.
- Мэдэхгүй. Цас биш чулуу шидэж байсан бол уурлах байсан байх.
- Цас юу нь тийм онцгой юм бэ?
- Мэдэхгүй. Ямартай ч цас гүн нууцтай. Бас аниргүй.
Намайг тэгж хэлэхэд жаалхүү гартаа байсан хамаг цасаа доош нь хаяад над руу ойртон дөхөж ирлээ. Бид хоёрын биеийн өндөр шугам бариад тайрчихсан юм шиг тэнцүүхэн санагдав. Тэр нүд рүү минь ширтээд:
- Би цасны нууцыг мэднэ гэх нь тэр.
- Надтай хуваалцаач гэж би гуйв.
- Чам шиг баян, мөнгөөр дутаж гуцдаггүй айлын хүүхэд цасны тухай мэдэж яах гээв?
- Цасны тухай бодоход мөнгө хамаатай гэж үү?
- Зарим талаараа хамаатай л байдаг юм даа.
- Чи тэгээд ярьж өгөх юм уу, үгүй юу?
- Дургүйцэх юу байхав.
- Тэгвэл манай гэр лүү оръё. Тэгээд ярилцацгаая.
- Үгүй ээ. Тэгж саналтгүй. Харин манайх руу явсан нь хавьгүй дээр.
- Яагаад?
- Яагаад гэдгийг нь чи мэдэх цаг ирнэ.
Ингэж хэлээд жаалхүү урд гараад хачин эрчтэй алхалж гарлаа. Түүний араас нэг хоёр гишгэх миний алхаа яасан доожоогүй, уруу дорой санагдсан гээч? Би урьд түүн шиг тарчиг хувцасласан, яахаас ч буцахгүй харцтай шийдмэг хөвгүүдийг гэр оронгүй, эцэг эх нь мэдээжийн архичин гэх мэтээр боддог байж дээ. Мэдээж хэрэг дээрээ амьдрал тийм л байдаг хойно доо. Гэвч, цасны нууцыг мэднэ гэж ам гараад урд гаран алхалсан тэр хүүгийн хувьд, би нэгээхэн ч муу муухай үг унагаж эс чадах бөлгөө.
Бид нэг цаг хэртэй алхаад, гэр хорооллын мөстөж хөлдсөн хэцүү гудамжууд руу орж явчихав. Мөнөөх хүү олон арван удаа дээш доош өгсч уруудан явж дассан нь илт, зуны пүүзээр торох юмгүй урагшилж, харин их дэлгүүрээс хачин үнэтэй авсан өвлийн гутал хөлдөө жийсэн би гэдэг хүн хоёр ч удаа хальтраад авч билээ. Чингээд бид хоёр нурж унах шахтлаа мурийж сайрийсан хашааны хаалгаар орж, саарал утаа суунаглах жижигхэн ганц шавран байшингийн гадаа ирэв. Энэ л цасны нууцыг мэдэгч хүүгийн гэр ажгуу.
Дотогш орвол буланд байх нэг төмөр зуухнаа гал зугуухан шатаж, дэргэд нь машины дугуйн бүрээс, энд тэндээс олж түүж авчирсан модны гишүү мөчир гээд шатааж болох эрээвэр хураавар зүйлс ундуй сундуй хөглөрчээ. Байшингийн дотор ханын будаг дийлэнхи хэсэгтээ ховхорч, зөрүүлж хадсан моднууд ил гаран харагдах нь нүдэнд нэг л хачин үзэгдэхийн сацуу, хичээл хийх ширээ бүү хэл бөгс тавих ганц модон сандал ч үл анзаарагдан, ирмэг нь хуйларч, хаа хаанаа урагдаж цоорсон ноорхой хулдаас дэвссэн шал руу ширтээд авахад өр эмтрээд унах ч шиг, басхүү пракетан шалтай, хээтэй ханын цаастай гэрээ хальтхан санагалзаад авах ч шиг болов. Хүү даавууны өөдөс залгаж оёсон дэвсгэрээр нямбай гэгч бүтээсэн хуучны төмөр ор луу зангаад, намайг суухыг урилаа.
Тэрбээр ээжтэйгээ хоёул амьдардаг хийгээд, өдрийн цагаар мөнгө олох ямар нэгэн ажил хайж хотын төв рүү гардаг учраас одоо байхгүй гэв. Заримдаа ээжтэйгээ хоёул гуйлга гуйх үе ч элбэг тохиолдох бөгөөд, өнөөдөр бие нь муу байгаа учир ээж нь түүнийг гэртээ үлдээгээд гарсан ажээ.
- Чи өвчтэй байгаа юм бол гэртээ байхгүй, манай гэрийн гадаа юу хийж явсан юм бэ?
- Гэрт зүгээр сууна гэж юу гэсэн үг юм бэ? Ойлгоход хэцүү юм байна. Би зууханд гал өрдчихөөд номын сангаас авсан номоо буцааж өгөхөөр гарсан юм. Тэглээ ч миний өвчин эдгэхгүй гэсэн. Тэгж хэлээд надад асуулт тавих боломж үл олгон ам таглав:
- За тэгээд, цасны нууц юунд оршдогийг мэдмээр байгаа юм биз дээ?
- Тийм ээ. Хөнгөн хэрнээ аниргүй түүний нууц.
Хүү гутлаа ширтэн хэсэг бодолхийлснээ:
- Цас бол бид юм шүү дээ. Цас бол хүмүүс. Чи цас, би ч бас цас, бид бүгдээрээ л цас. Дэлхийн гадаргаас утга учраа, зорих зорилгоо, хэн гэдгээ олж мэдэхээр өвөл болон бууж ирдэг нь тэдний нууц гэж би боддог. Чи тэднийгээ олсон уу? гэвэй.
- Үгүй л байх. Би өнөөдрийг хүртэл өөрийнхөө тухай, өөрийнхөө амьдралын тухай, өөрийнхөө хэн гэдгийн тухай, ирээдүйд хэн болохынхоо тухай, ер юуны тухай ч бодож байгаагүй юм шиг санагдаж байна.
- Чи юуны ч тухай бодохгүй яаж оршиж байгаа юм бэ?
- Би өөрөө ч мэдэхгүй юм. Надад бүх зүйл байсаар атал би яг л хэн ч биш юм шиг амьдарч ирсэн бололтой.
- Чи ганцаар тийм нь биш ээ.
- Тун чиг магадгүй. Хэдэн хоногийн өмнө манай ангийн Билгүүн, бас хэсэг хүүхдүүд нөгөө ангийнхаа хөл бөмбөг гайгүй тоглодог хүүхдийг зүгээр л атаархсандаа салам зодчихсон. Хэдэн хавирга нь хугарч, өшөө юу юу нь гэмтсэнийг би мэдэхийг ч хүсээгүй. Гэтэл аав нь их мөнгөтэй болоод ч тэр үү, Билгүүн ямар ч зэмлэл хүртээгүй. Өнөөдөр Билгүүн хичээл дээрээ юу ч болоогүй юм шиг ирж байхад, харин тэр хүү эмнэлэгт хүндхэн хэвтэж байдаг. Билгүүний хувийн оршихуй ч бас, надаас дээрдээд байх юмгүй бололтой.
- Чи ямар мэргэжилтэй болох юм бэ?
- Би шийдээгүй. Ер нь ганц удаа ч болов нухацтай бодож үзээгүй юм байна. Хийхэд амар хэрнээ мөнгө сайн олдог ажил олдчихно гэж л бүдүүн бараг санаж ирсэн гэх юм уу даа? Чи харин ямар мэргэжилтэй болох юм бэ? Ер нь чи өөрийн дэлхий дээр бударч унасан учир шалтгаанаа олсон уу? гэж би асуув.
- Би зохиолч болохыг хүсдэг. Тэгээд цасны тухай олон олон ном бичнэ. Би ер өвлийн улиралд хачин их хайртай. Өвөл болохоор л ядуу тарчиг манай гэрийнхэнд мөнгөний хэрэгцээ хэд дахин их гарч, тэр бүрд амьдралын тухай, өөрийнхөө ирээдүйн тухай, будран орох цасны тухай бодолхийлэх боломж надад олддог юм. Ихэнхи хүмүүс яг л чиний адил хөнгөмсгөөр оршдог. Хөнгөмсөг гэдэг нь бие махбодийн биш, ухаан бодлынх нь жинг хэлж байгаа хэрэг. Цас шиг хөнгөхөн ухаанууд хавар болохоор хүнд гэгч зузаан үндэстэй том том моддыг ундаалах учиртайг ойлгохоо хүлээх зуур, цаг хугацаа урссаар л байдаг. Харин миний цас шиг хөнгөхөн ухаан, нэлээд хэдэн жилийн өмнөх өвөл бударч ирээд, хавар нь ургах нугын зэрлэг цэцэгсийг ундаалах учиртайгаа ойлгосон байх аа. Би зохиолч болоод, зэрлэг цэцэгс шиг сайхан ном олныг бичнэ. Магад чи ч бас тун удахгүй түүнийгээ олох биз ээ.
Цас бударсаар байсан тэр үдэш бид хоёр олон зүйлийн тухай хөөрөлдсөн билээ. Харанхуй болоход би түүнийг нэг сайн тэвэрч аваад, гэрийнхээ зүг элдвийг эрэгцүүлэн удаан удаан алхсан. Өөрийнхөө ухааныг хэчнээн хөнгөхөн байсныг ухаарсан. Ер их зүйл ойлгосон.
Маргааш нь би өөрийнхөө өвлийн хувцаснаас хэд гурвыг уутанд хийж үүрээд түүнийг зорилоо. Харин тэрбээр амьсгал хураасан байв. Би ээжид нь авчирсан хувцаснуудаа дэмий ч гэлээ өгөөд, хүүг нь намайг дахин төрүүлснийг, аниргүй цасны нууцыг мэддэг байсныг нь хэлэхэд санчиганд нь буурал унасан тэр бүсгүй дуугүй толгой дохин хүлээж авч билээ. Эдгэхгүй хэмээж байсан тэр л өвчин маргааш нь түүний амийг авч одно гэдгийг бид хоёул даанч мэдсэнгүй.
Тэр цагаас хойш энэхүү дурсамж минь хэд гурван жилийн нүүрийг үзэж, жил бүрийн өвлийн улирлыг тэсгэл алдан хүлээдэг болжээ би. Анхны цас бударч эхлэх мөчид, мөнөөх хүүгийн дүр төрх санаанд бууж, “чи цас, би ч бас цас” хэмээж байсан нь чихнээ сонстдог. Чингээд би хялмаалан буух их цасны аниргүйд уусан нэгдэж, хөнгөн зөөлнийг нь бишрэн магтаад, цас чи юутай үзэсгэлэнтэй вэ? Хэмээн дуу алддаг аа. Басхүү миний ухаан цас шиг хөнгөн байхаа эгнэгт больсон учир, өвлийн дараа дэлгэрэх цэцэгсийн эх өлгий хаварт би илүү хайртай болсон байж ч магад.
Зуурдын амьдралд минь гэгээ оруулаад зурвасхан төдийд алга болсон зам заагч тэр хүүгийн нэрийг ч би асууж үлдээгүй ажээ. Гэсэн хэдий ч түүний надад нандигнан шивэгнэсэн цасны нууц түүний мөнхийн нэрийн хуудас болон миний зүрх сэтгэлд хадаастай. Ухаанд минь унаж үлдсэн тэр хэсэг цасны сүүлч одоо ч хайлж гүйцээгүй нь, ер сайх цагаас хойш би өөрөө цасны аниргүйд тасралтгүй уясан, ухааран явсны гэрч биз ээ. Энэхүү уярал ухаарлын түүхээ би хамгийн түрүүнд Дөлгөөн, Заяа хоёртоо илгээх юм шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх