Хоёр хөлгүй ч Эверестийн оргилд гарчээ


Сондор | YOLO.MN
2018-05-15

Дөчөөд жилийн өмнө Эверест рүү авирах замдаа хөлөө хөлдөөж тайруулсан Хятадын уулчин өнгөрсөн даваа гарагт  Эверестийн оргилд гарч чаджээ. 

1975 онд Ся Бою хүчтэй шуурганы үеэр  өвчтэй байсан багийн гишүүндээ өөрийн аяны хөнжлөө өгөн, хөлөө хөлдөөсөн аж. Эверестийн оргилд гарах зорилго өвөртөлсөн Ся Бою болон түүний багийнхан хүчтэй шуурганы улмаас 3 өдрийн турш 8000 метрийн өндөрт гацсан аж. 

Хувь тавилан Ся Боюд дахин нэг даваа бэлдсэн нь 1996 онд цусны хавдрын улмаас тэрээр хөлөө өвдөгнийхөө дээгүүр тайруулахаас өөр аргагүй болсон аж. Гэсэн хэдий ч тэрээр “дэлхийн дээвэр” Эверестэд гарах зорилгоо орхиогүй юм.

Ся Бою, “Эверестийн оргилд гарах нь миний мөрөөдөл. Энэ мөрөөдлөө биелүүлмээр байна. Энэ бол миний давах ёстой даваа бас хувь тавилангийн шалгуур юм.” хэмээн өнгөрсөн сард Ассошиэйтэд Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. 

1975 оноос хойш Ся Бою Эверестийн оргилд гарах гурван ч оролдлого хийсэн аж.  2016 онд түүнийг Эверестийн оргилд хүрэхийн алдад шуурга шуурч, тэрээр авиралтаа цааш үргэлжлүүлж чадаагүй аж. 

Харин өнгөрсөн даваа гарагт Ся Бою шерпануудын багийн тусламжтай Эверестийн оргилд амжилттай гарч чаджээ. 

69 настай Ся Бою Балбын талаас Эверестийн оргилд гарсан, хиймэл хөлтэй анхны уулчин, Эверестийн оргилд гарсан хиймэл хөлтэй хоёр дахь уулчин болжээ. Түүнээс өмнө 2006 онд Шинэ Зеландын уулчин Марк Инглис дэлхийн ноён оргилд гарсан анхны хиймэл хөлтэй уулчин болж байжээ. 

Ся Боютэй зэрэгцэн Эверестэд гарсан Австралийн Стив Плэйн 7 тивийн хамгийн өндөр уулсын оргилд хамгийн богино хугацаанд гарсан амжилтыг тогтоогоод байна. 

Түүний хувьд ч гэсэн энэхүү үйл явдал нь Ся Боютэй адил өөрийгөө ялан дийлсэн, том даваа байв. Тэрээр 4 жилийн өмнө сёрфинг хийж байгаад хүзүүгээ хугалж байжээ. 

2014 онд Австралийн далайд сёрфинг хийж байсан Стив далайн хүчтэй давалгаанд шидэгдэж, толгойгоороо далайн эргийн элсэн дээр унажээ. Ослын улмаас түүний хүзүү хугарч, эмч нар түүнийг дахин босч явж чадах эсэхэд эргэлзэж байв. Тэрээр, “гурван жил хагасын өмнө эмнэлгийн орон дээр хугархай хүзүүтэй хэвтэж байхдаа би өөртөө дэлхийн хамгийг өндөр уулс дээр гарна гэсэн зорилго тавьсан.” хэмээн Фэйсбүүк хуудаснаа бичжээ. Стив дөрөвхөн сарын дотор дэлхийн 7 оргилд гарч чадсан аж.

Эх сурвалж: BBC

#Without legs #Everest Mount