Хиймэл гартай загвар өмсөгч хуримын өдрөө алтан гараар гангарчээ


Сондор | YOLO.MN
2018-04-24

31 настай Ребека Мэрайн мөчний гажиг хөгжилтэй төржээ. Яг юунаас болж түүнд ийм гажиг үүссэн нь тодорхойгүй аж. Ребека багадаа ямар нэг ялгаварлан гадуурхах үзэлтэй нүүр тулж байгаагүй ч томрохын хэрээр хүмүүс түүний хөгжлийн бэрхшээлийн талаар асуух болж, тэрээр өөртөө итгэлгүй болж эхэлсэн байна.

Анх хиймэл гар зүүсэн цагаас хойш буюу 22 настайгаасаа тэрээр загварын ертөнцөд хөл тавьжээ. Нью-Йоркийн загварын долоо хоногоор тайзнаа алхаж, Tommy Hilfiger, Nordstrom зэрэг томоохон брендүүдийн сурталчилгаанд оролцсон туршлагатай тэрээр өөртөө итгэлтэй байх, өөрийгөө байгаагаар нь хайрлах талаар уриалдаг.

Ребека хуримынхаа өдөрт зориулан хиймэл гараа алтлаг өнгөөр будан гангарчээ. Ердийн үед хар өнгийн хиймэл гар зүүдэг тэрээр хуримын цагаан даашинзнаасаа гадна хиймэл гараа ч онцгой харагдуулахыг хүссэн аж.

“Сүй тавьсан цагаас би хуримынхаа өдөр онцгой гартай байхыг хүссэн. Би хүмүүсийн анхаарлыг үүнд татахыг хүссэн, учир нь би байгаадаа сэтгэл хангалуун. Би эхэндээ цагаан өнгөөр буддаг юм уу гэж бодож байтал манай найз алтлаг өнгө санал болгосон юм. Яг хүссэн алтлаг өнгөө гаргах гэж удаан хугацаа зарцуулсан. Хүмүүсийн анхаарлыг ч татаж чадсан. Хүмүүс хиймэл гарыг өөрийн сонирхолдтааруулж янзалж болдог гэж мэддэггүй.” хэмээн ярьсан байна. Ребекад алтлаг өнгөтэй хиймэл гар нь их таалагдсан тул тэрээр Мексикт бал сараа тэмдэглэхдээ энэ хиймэл гараа зүүж явсан ба Parfait дотуур хувцасны брендийн зураг авалтын үеэр ч алтлаг өнгөтэй хиймэл гартайгаа байжээ.

Тэрээр, “Хүмүүс миний гар руу хараад л байсан. Тэдний анхаарлыг татаж чадсан шүү. Хүмүүс надаас энэ талаар асуугаасай, тэдэнд энэ талаар мэддэг бүхнээ ярьж хэлж өгөх юмсан гэж би хүсдэг. Бид Ким Кардашъян болж чадахгүй ч бид онцгой гэдгээ хүлээн зөвшөөрөх, бид хоорондоо ялгаатай гэдгээ ярилцах нь чухал.” гэжээ.

Эх сурвалж: indy100.com

#Highly skilled hand #Model