Тэд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ иргэдийн ТӨЛӨӨ дараах ТӨСЛҮҮДИЙГ хийжээ


-“БИД ЧАДНА-2” сайн дурын хөтөлбөрийн оролцогчдын хэрэгжүүлсэн 4 бичил төсөл-

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан нийгмийн загварыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор санаачилсан БИД ЧАДНА-САЙН ДУРЫН ХӨТӨЛБӨР хоёр дахь удаагаа АНУ-ын элчин сайдын яам, Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон Нью Медиа Группийн дэмжлэгтэйгээр их дээд сургуулиудын оюутнуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэхүү хөтөлбөрт их дээд сургуулийн 24 оролцогчийг хамруулж багаар ажиллах ур чадвар, төсөл хэрхэн бичих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гадаадын их дээд сургууль болон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдсан манлайлагчдын зөвлөгөө, нийгэмдээ хувь нэмрээ оруулж буй амжилттай эрхмүүдийн туршлагаас таван сарын турш суралцсан юм. 

Оролцогчид 4 багт хуваагдаж хагас жил орчмын турш мэдсэн, сурсан зүйлээ ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлснийг та бүхэнд танилцуулж байна.

НАРНУ НААДГАЙ БАГ

Төслийн зорилго: Монгол улсын нийт хүн амын 120 мянга орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 16000 нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Уншиж сурах гэж буй төрөлхийн болон осол гэмтэл, өвчний улмаас хараагаа алдсан хүүхдүүд цагаан толгойн үсгийг сурахын тулд цаасан хэвлэмэл брайль цагаан толгойг ашигладаг ба энэ нь олдоц муутай байдаг. Энэ хэрэгцээг анзаарч брайль тэмдэгтэй тоглоом бүтээж харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд англи, монгол цагаан толгойн үсэг сурах, эдгээр үсгийг ашиглан үг бүтээх, үгийн сангаа баяжуулахад нь туслан тэдгээр хүүхдүүдийн сурч боловсрох үйл явцад хувь нэмэр оруулах 

Хэрэгжүүлсэн ажил: Брайль тэмдэгтэй цагаан толгойн үсгийг модон тоглоомон хэлбэрээр хийж харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд хүлээлгэн өгч байна. Энэхүү тоглоомыг ашиглан хүүхдүүд брайль үсэг сурах, багш нар сургалтын хэрэгсэл болгон ашиглах, үсгээ сурсан хүүхдүүд үг бүтээн тоглох боломжтой.

Фэйсбүүк хуудас: Narnu Naadgai - Bid chadna VP 


WE БАГ – ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖИХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Төслийн зорилго: Харааны бэрхшээлтэй бага насны хүүхдийн бие даан хөгжих, ертөнцийг танин мэдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрсдийн гараар хийсэн самбарыг бүтээснээр бага насны хүүхдийн хөл, гарын мэдрэхүй, орчны айдсаа даван туулах чадвар, сэтгэхүйн хөгжил дээшлэхээс гадна бие даан нийгэмд оролцох чадварыг эзэмшинэ.

Хэрэгжүүлсэн ажил: Харааны бэрхшээлтэй бага насны хүүхэд орчны айдастай, хөдөлгөөний хувьд хязгаарлагдмал мөн булчингийн чангарал, сулралтай байдаг. Уг төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнүүд болох хүүхдийн дотоод айдсыг арилгах, тэнцвэрийг олуулах тэнцвэржүүлэгч, булчингийн сулрал, чангаралтай хүүхдэд зориулсан хүндрүүлэгч, тутр болон бүслэвч, эрхий салгагч, ивээс дэр зэргийн хамт өөрсдийн гараар хийсэн танин мэдрэхүй болон гарын мэдэрхүйг хөгжүүлэх самбарыг 186-р тусгай цэцэрлэгийн “Цоххон бүлэг”-т хүлээлгэн өгсөн. 

Фэйсбүүк хуудас: We /volunteers/ 


ХАМТДАА ӨӨРЧИЛЬЕ БАГ 

Төслийн зорилго: Нийслэл хотод баригдаж буй барилга байгууламж, үйлчилгээний төвүүд бүх хүнд ээлтэй ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, стандартын дагуу баригддаггүй. Дэлхий дахинд хамгийн ээлтэй хотуудыг шалгаруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр ээлтэй байгааг харгалзан үзэж, тэдэнд ээлтэй байж чадвал бүх хүнд ээлтэй байх шалгуурт нийцэж байна гэж үздэг. Тиймээс нийгэмдээ эерэг нөлөөлөл, үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, тэднийг бие даан үйлчлүүлэх, зорчиж болохуйц хамгийн сайн дэд бүтэцтэй, стандартын дагуу баригдсан байгууламжийг олон нийтэд хүргэх, таниулах, сайшаах мөн цаашид баригдах барилгууд хэрэглэгч нараа хүндэтгэн тэдэнд ээлтэй орчныг бий болгоосой хэмээн уриалах

Хэрэгжүүлсэн ажил: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц, барилга байгууламжийн талаар видео бүтээхээр санаачилсан “Хамтдаа өөрчилье” багийнхан  Е-Mart сүлжээ дэлгүүр, Japan Town хороолол, Интермед эмнэлэг, Дүнжингарав худалдааны төвөөр тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэнтэй хамт үйлчлүүлж, түүнийгээ бичлэг болгон олон нийтэд хүргэх гэж байна. 
Та бүхэн олон нийтэд цацаж эхэлмэгц хүлээн авч үзээрэй. 

Фэйсбүүк хуудас: Хамтдаа Өөрчилье /Бид-Чадна/ 


МОГЖООХОН БАГ – МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ТАНХИМ

Төслийн зорилго: Боловсрол хүн бүрд тэгш, хүртээмжтэй байх ёстой. Монгол хүүхэд бүхэн хөгжлийн бэрхшээлээсээ үл хамааран уламжлал, ёс заншлаа мэддэг байх хэрэгтэй учраас сургууль бүрд хангалттай байдаггүй сургалтын материал, танхимын тохижилтыг сайжруулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар монгол уламжлалыг ойлгуулах 

Хэрэгжүүлсэн ажил: Ерөнхий боловсролын 70-р тусгай дунд сургуулийн хүүхэд хөгжлийн өрөөг “Могжоохон уламжлалт танхим”  болгон тохижуулж байна.  Тус сургуулийн бага ангийн сурагчаас эхлээд ахлах ангийн хүүхэд хүртэл монгол уламжлалын талаар хангалттай мэдлэггүй байсан нь энэ төслийг хэрэгжүүлэх, сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллах шалтгаан болсон юм. 

Фэйсбүүк хуудас: Могжоохон / Mogjoohon 







#Impairment #Project #MASA