Шинэ жилийн баяртаа бэлдэж буй ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ


Т.Ариунбаяр | YOLO.MN
2018-12-23

ЗААВАЛ ҮНЭТЭЙ ХОСЛОЛ ӨМСӨХГҮЙГЭЭР...

Жил болгоны шинэ жилийн баярт "Юу өмсөх вэ?" гэдэг хамгийн том асуудал болдог. Анги ахих тусам илүү дэгжин, бас шинэлэг дүр төрхтэй харагдах ёстой гэсэн "бичигдээгүй хууль" бий. Тиймээс өнгөрсөн жил өмссөн хослолоо өмсөх тиймэрхүү, аль эсвэл багадчихсан, хуучирсан тэгээд шинэ хослол авъя гэтэл хэтэрхий үнэтэй байдаг.

Хэрвээ чамд ийм асуудал байгаа бол заавал үнэтэй хослол өмсөхгүйгээр дэгжин, ёслолын хэв маягтай хувцаслах аргууд зөндөө байгаа гэдгийг зөвлөе. Цагаан цамц дээр мөрөвч, эрвээхий зангиа зүүх, дэгжин сорочкин цамц дангаар нь өмсөх гэх мэт өөртөө тохирох "шинэ загвар зохион бүтээх" арга энэ жил олон хөвгүүдийн сонголт болоод байна.

 

 


ҮС ЗАСАЛТ БОЛ "БҮХ ЗҮЙЛ"

Хөвгүүд бидний хувьд үс засалт дээр ердөө хоёр төрлийн сонголт л байдаг байсан. Гель, вакс худалдаж аваад өөрөө үсээ янзлах, аль эсвэл үсчинд орж  мөнгө төлөн янзлуулах. Харин гурав дахь сонголт буюу "ангижруулагч хэрэглэх" гэсэн аргыг чамд санал болгож байна. Шинэ жилийн баяртаа өдөр тутамд байдаг үсний засалтаа хэвээр нь байлгаж харин өглөө нь үсээ угаасныхаа дараа ангижруулагчаар нэмж угаах.

Энэ нь үсийг чинь илүү гялалзсан бас хөвсгөр зөөлөн болгож өгнө. Өөрөөр хэлбэл гель, ваксаар хатааж мод шиг үсээ хэлбэрт оруулахаас илүү өөрөөр нь хэлбэрт оруулах арга гэсэн үг. Хэрэв чи эмзэг, хуурайшилттай үстэй бол үсний тос нэмж түрхэх ёстойг сануул сануулъя.


ЗААВАЛ ЦАГААН МАЙК ӨМСӨХ ХЭРЭГТЭЙ

Сорочкин цамцнууд материалаасаа хамааран их бага хэмжээгээр гэрэлтдэг. Тиймээс ямар ч өнгийн цамц өмссөн заавал цагаан майк өмсөх хэрэгтэй. Учир нь дотуур нь өөр өнгийн майк өмссөн үед сорочкин цамц өнгө муутай бас үрчгэр харагддаг байна. Мөн хөлрөх үед сорочкин цамц чинь нороод биед наалдан таагүй сэтгэгдэл төрүүлэх болно.


НҮҮРЭНДЭЭ МӨСӨӨР МАСК ТАВИХ

Хөвгүүд бидний хувьд нүүр будалт хийдэггүй учир шинэ жилийн баяр дээр халууцах, ичиж сандрах гэх мэт олон шалтгаанаас нүүр час улаачих тохиолдол бий. Хэрвээ чи час улаан нүүртэй явах дургүй бол баярынхаа өмнөх орой нүүрэндээ мөс тавиад унтаарай. Арьс чинь чийгшил авч, хэт улайхаас сэргийлнэ.

 

 


ДУУНЫ НЭГ БАДАГ СУРАХ

Монголчууд эрт үеэсээ л "Эр хүн найранд 3 дуутай, наадамд 3 даваатай" гэж гэлцдэг байсан. Заримдаа шинэ жилийн баяр дээр яах ч аргагүй дуулах шаардлагатай үе тулгардаг шүү дээ. Тэр үед өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд дуртай дууныхаа нэг бадгийг бүрэн цээжлээд, хэд хэд давтаад бэлдчихээрэй.

 

 

 


ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ

Анги дундаа зүгээр ч сургуулийн юм уу хамт олны шинэ жилд орох үед ичиж сандрах нь бий. Гэхдээ шинэ жилийн баяр учир өөртөө итгэлтэй, хөгжилтэй, өөрийнхөөрөө байх нь чухал. Энэ нь өөрийгөө болон бусдыгаа хүндэтгэж байгаагийн бас нэгэн илэрхийлэл шүү дээ.

#HappyNewYear #Boy #Advice