Түүнийг Ж.Жанлав-Ойдов гэдэг. Тэрээр АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Дэлхийн Ур Чадварын 44 дэх удаагийн тэмцээнд гагнуурын төрөлд оролцож 34 орны гагнуурчдаас шалгарч тусгай байранд орсон юм. Мөн тэрээр үндэсний ялагч болсон бөгөөд эдгээр амжилт нь Монгол улсын хувьд анхны түүхэн медаль юм.
Ж.Жанлав-Ойдов өнгөрсөн жил "Монгол Ур Чадвар-2016" үндэсний уралдаанд тэргүүн байр эзэлж дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ авсан байна. Төв аймгийн Баянцаагаан сумын малчны 18 настай монгол хүү ийнхүү дэлхийд данстай гагнуурчин болсон юм. Ажилсаг, хичээнгүй Ж.Жанлав-Ойдовтой YOLO.mn ярилцсаныг хүлээн авна уу.
YOLO: Сайн байна уу, бидэнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
- Намайг Жадамбын Жанлав-Ойдов гэдэг, 18 настай, айлын бага хүүхэд. Төв аймгийн Баянцагаан сумын дунд сургуульд 9-р ангиа төгсөөд 2014 онд Улаанбаатар хотын Техник Технологийн Политехникийн Kоллежид элсэн суралцаад өнгөрсөн жил төгссөн, гагнуурчин мэргэжилтэй. Мөн Цахилгааны инженерийн ангид суралцдаг.
YOLO: АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Дэлхийн Ур Чадварын 44 дэх удаагийн тэмцээнд гагнуурын төрөлд оролцож чамлахааргүй амжилт гаргасан шүү дээ. Тэр талаараа сонирхуулаач?
- Тэмцээн маань 10-р сарын 15-18-ны хооронд болсон. Тус тэмцээнд би шагналт байранд орж нэг хүрэл медаль, монгол тамирчдаас хамгийн өндөр оноотой буюу үндэсний ялагчийн алтан медальтай ганзага дүүрэн ирсэн. Монголоос 6 мэргэжлээр тус бүр нэг хүүхэд, мэргэжлийн 6 багш, зохион байгуулагч гэх мэт хүмүүсийн хамтаар 30 хүн явцгаасан. Миний оролцсон гагнуурчин мэргэжлээс гадна мужаан, өрөг, сантехник, цахилгаан, тогооч гэх мэт мэргэжилтэй хүүхдүүд мөн өрсөлдөхөөр явсан. Энэхүү тэмцээнд нийт 70 орны хүүхэд залуус оролцсон. Гагнуурын төрөлд гэхэд 34 орны хүүхэд оролцсон. Нийт 55 мэргэжлээр тэмцээн явагддаг.
Хоёр жилд нэг удаа болдог бөгөөд дараагийн 45 дахь тэмцээн ОХУ-ын Kазань хотноо болно. Оролцогч нэг л удаа оролцох боломжтой буюу дараагийн тэмцээнд тухайн төрөлд заавал өөр хүн орох дүрэмтэй юм. Монгол улс энэ жил хоёр дахь удаагаа орсон юм.
YOLO: Гагнуурын төрөлд оролцогчийн ур чадварыг хэрхэн шалгадаг юм бол?
- Нийт дөрвөн төрлийн модулиар шалгадаг. Эхлээд хавтан лист, труба, т-тулгалтын холболт, дараах нь даралтат сав, гурав дахь энержийн хийц, дөрөв дэх нь хөнгөн цагаан хийц гэсэн төрлүүдээр шалгадаг. Гагнуурын өндөр, өргөн, нүх сүв байна уу гэдгийг нь шалгаж үзнэ дээ.
YOLO: Тэмцээнд амжилттай оролцоод ирсний дараа чамд юм гагнах ажлын саналууд ирж байна уу?
- Тийм санал хааяа мэр сэр ирнэ ээ ирнэ. (инээв) Хүмүүсийн гагнаж чадахгүй байгаа нэг зүйл байна, чи чадах уу? Хөнгөн цагаан гагнаад өг гэх мэт саналууд хааяа ирдэг юм. Чадах хэмжээгээрээ л туслахыг боддог доо.
YOLO: Яагаад гагнуурчин мэргэжлийг сонгох болсон бэ?
- Ер нь багаасаа л жижиг төмөр тоглоомоор тоглох дуртай хүүхэд байсан. Төмөр жижиг сажиг зүйлд дуртай гэх үү дээ. Тэгээд ч хос мэргэжлээр төгсөх боломжтойг нь харгалзан Техник Технологийн Политехникийн Kоллежид анх элсэн орж байсан. Өөрийн цэвэр сонирхлоор л энэ мэргэжлийг сонгосон доо.
YOLO: Нийгэмд гагнуурчин, мужаан, гэх мэт мэргэжлийг ойшоохгүй, үнэлэхгүй мэт хандлагатай байдаг шүү дээ. Энэ тал дээрх чиний бодол?
- Мэргэжил бүхэн л сайхан. Гагнуур байхгүй байна гээд төсөөлөөд үзье. Барилга байгууламж, төмөр хийц тогтоц бүгд л гагнуурын тусламжтайгаар бүтэж байгаа.
Тиймээс энэ бол маш чухал мэргэжил. Гэхдээ гагнуур бол тийм амар биш, хэцүү мэргэжил ч гэсэн сайн эзэмшчихсэн байхад маш гоё мэргэжил. Тус мэргэжлийг эзэмшсэн зарим нэг хүн л нэр сүрийг нь унагах гээд байдаг болохоос биш маш сайхан мэргэжил.
YOLO: Гагнуурыг нүдний хараанд муу гэдэг шүү дээ. Чи нүдээ хэрхэн хамгаалдаг вэ?
- Зохих хэмжээний зориулалтын хамгаалалтыг нь хийчихэд асуудалгүй дээ.
YOLO: Гагнуур хийхэд ур чадвар чухал уу эсвэл авьяас уу?
- Гарын ур дүй буюу авьяас, сэтгэн бодох чадвар маш чухал. Учир нь эхлээд нэг удаад болохгүй бол дараагаар нь ямар аргаар хэрхэн хийж болохыг сэтгэдэг байх хэрэгтэй. Тиймээс сэтгэн бодох чадвар чухал. Мөн мэдээж мэдрэмж чухал.
Мэргэжил бүхэн л сайхан. Гагнуур байхгүй байна гээд төсөөлөөд үзье. Барилга байгууламж, төмөр хийц тогтоц энэ бүх зүйл байхгүй л гэсэн үг.
Ж.Жанлав-Ойдов
YOLO: Гагнуураар өөр юу хийж болох вэ?
-Би хааяа жижиг хөөрхөн төмөр тоглоомууд хийдэг. Бас адууны тамга хийж байсан. Тэр хийсэн зүйлсээ дараа нь хараад суухад гоё байдаг юм. Мөн даралтат сав гагнаад дараа нь дараад үзэхэд ямар ч хий гарахгүй байх мэдрэмж бас их гоё. Хэрэв буруу хийгээд нүх сүв үлдсэн байвал хий алдагддаг юм.
YOLO: Чамайг хичээлийнхээ хажуугаар "Оюу толгой" компанийн дадлагажигч ажилтнаар ажиллахаар болсон гэж сонссон?
- Дадлагажигч ажилтан буюу олон улсын гуравдугаар зэргийн сертификат олгодог сургалтад хамрагдахаар болсон. "Оюу толгой" компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэж уурхайн сургалтын төвд зургаан сар гаруйн хугацаанд дадлага хийлгэж, тэмцээнд оролцох бэлтгэл хангах боломж олгосонд мөн маш баяртай байна. Дадлагажигч ажилтан нь тухайн мэргэжлийн онолын хичээл заалгаад, дадлага хийнгээ ажиллана гэсэн үг.
YOLO: Цаашдын төлөвлөсөн зүйл юу байна вэ?
- Техник Технологийн Политехникийн Kоллежид цахилгааны инженерээр суралцаж байна. Төгсөөд Барилгын инженерээр мөн суралцах бодолтой байна. Ойрын төлөвлөгөө бол эдгээр л байна даа.
YOLO: Чамд тусалж дэмждэг, зааж сургадаг хүмүүстээ хандаж үг хэлээч?
- Миний аав ээж хоёр Төв аймгийн малчин. Тэд минь их тусалж дэмждэг юм, баярлаж явдаг. Мөн надад хамгийн анх хэрхэн гагнуур хийхийг зааж байсан манай сургуулийн н.Баяраа багшдаа талархдаг. Мөн н.Ганцоож багш, "Оюу толгой" компанийн н.Нанзаддорж, н.Алтантулга хоёр багшдаа, IV цахилгаан станцийн эрхлэгч, эксперт багш н.Батсайхандаа баярлалаа гэж хэлье.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь хичээл сурлага, ажилд нь амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх