Хүүхдүүд бүтээлээ худалдаж, орлогоо "МАЗААЛАЙ"-д бэлэглэнэ


Үжин | YOLO.MN
2017-11-24

Хүүхдүүд дэлхийд 27-хон ширхэг үлдсэн мазаалайг өөрсдийн гэгээн бодолдоо төсөөлж, бяцхан гараараа "Мазаалайн ертөнц"-ийг бүтээжээ.

Амар тайван басхүү аз жаргалтай тэр хотхонд мазаалайнууд эрх дураараа амьдарч байгаа нь бяцхан үрсийн гэгээн хүсэл биеллээ олсон мэт.

Энэ бяцхан ертөнцийг бүтээхэд "Эко гэр" цэцэрлэг, боловсрол, сургалтын байгууллагын хүүхэд багачууд, аав, ээж, багш нар зэрэг 1000 гаруй хүний хоёр сарын хөдөлмөр шингэжээ.

Хүүхдүүд өөрсдийн цуглуулсан чулуу, мод, бургас, тайрдас, боргоцой, мөчир, төрөл бүрийн хайрцаг, даавууны өөдөс, чихрийн цаас, печений хайрцаг, шилээр хийсэн бүтээлүүдээ цэцэрлэгтээ дэлгэжээ.

Түүгээр ч зогсохгүй хүүхдүүд багш нарын хамтаар усан дээрх арт ашиглан өөрсдийн зурсан зурагтай даавуун цүнх, дэрний уут, органик саван, түлхүүрийн оосор хүртэл урласан нь үнэхээр өхөөрдөм байв.

"Гайхамшгийг бүтээнэ гэдэг эд материал, мөнгө, төгрөг, алт үнэт эрдэнэс аль нь ч биш. Гайхамшиг зүрхэнд, хөдөлмөрийн үнэ цэнэд байдаг" хэмээн "Мазаалай" төслийг санаачлагч, "Эко гэр" цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Б.Солонго хэллээ.

Цэцэрлэгийнхэн үзэсгэлэн гаргахаас өмнө хүүхдүүдэд мазаалайн талаар мэдээлэл өгөхийн сацуу 16 мазаалай (чихмэл бамбарууш) 200 гэр бүлээр зочилжээ.

Хүүхдүүд болон эцэг эхчүүд зочин мазаалайдаа үлгэр уншиж өгөх, хамт тоглох, цуг хооллох, салхинд гарах зэргээр өдрүүдийг хөгжилтэй өнгөрүүлсэн байна.

"Мазаалай говьд амьдардаг бас 20 гаруйхан үлдсэн, хамгаалах хэрэгтэй зэрэг нэн ховордсон зэрлэг баавгайн талаарх мэдлэг мэдээллийг сайн авсан байна лээ. Энэ төсөл нь амьтныг хайрлах, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх их зөв зүйтэй алхам болсон" хэмээн "Эко" цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл болох нэгэн аав ярив.

Тус цэцэрлэг жил бүр хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргадаг бөгөөд энэ жилийнх өдрөөс өдөрт ховордсоор байгаа "Мазаалай" баавгайн талаар хүүхдүүдэд мэдлэг мэдээллийг өгөх, сурталчлах, "Мазаалай хамгаалах сан"-д өөрсдийн хувь нэмрээ оруулах зэрэг зорилгоороо давуу талтай аж.

"Жил болгоныхоо үзэсгэлэнг бид ямар нэгэн үр өгөөжтэй, үр дүнтэй байлгахыг эрмэлздэг. Энэ удаад байгаль орчин, ан амьтнаа хайрлахын ач холбогдлыг хүүхдүүддээ таниулахыг зорьсон. Тиймээс говийн мазаалай баавгайг сонгон авсан. Хамгийн сонирхолтой нь хүүхдүүд маань хийсэн зүйлээ өөрсдийнхөөрөө үнэлж олсон бяцхан орлогоо "Мазаалай хамгаалах сан"-д хандивлана" хэмээн "Эко гэр" цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Б.Солонго ярилаа.

Тэд өнгөрсөн жил хүүхдийн үзэсгэлэнгээс олсон "орлогоо" "Ид шидийн орон"-д хандивлажээ.

"Эко гэр" цэцэрлэгийн хувьд гурван жилийн өмнө байгуулагдсан бөгөөд түүнээс өмнөх хоёр жилдээ Монгол хүүхдүүдийн онцлог, шаардлагыг судалж, дэлхийн чиг хандлагад нийцсэн Smart kids, Stam Art сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөр нь тухайн хүүхдэд байгаа унаган авьяасыг нээх илрүүлэх, эерэг, бүтээлч хандлагыг болгох, тууштай, хариуцлагатай, багаар ажиллах чадварыг хөгжүүлдэг гэлээ.

"Мазаалайн ертөнц" хүүхдийн үзэсгэлэнгээс хийсэн дараах гэрэл зургуудыг үзэж сонирхоорой.






























#Мазаалай #Children #EcoGarden