Энэ удаагийнхаа ярилцлагын зочноор Ой тогтоолтын олон улсын хэмжээний мастер, Оюуны олимпын хүрэл медальт, Дэлхийн өсвөрийн аваргын гурван мөнгөн медальт, ОУ-ын хэмжээний тэмцээнүүдээс 50 орчим медаль хүртэж байсан Төмөрийн Энхжинг урилаа.
Тамирчин хүний хамгийн том зорилго угаас олимп, дэлхийн аваргаас медаль хүртэх байдаг гэдэгтэй маргах нэгэн үгүй биз. Тэгвэл надтай цаг гучин минут ярилцсан энэ хүү аль хэдийнэ дэлхийд данстай оюун ухааны тамирчин болсон бөгөөд нэгэн цагт бахархаж хүндэлж байсан тамирчинтайгаа өрсөлдөж, айж сандрааж явсан муугүй эр юм аа гэх бодлыг төрүүлснийг нуух юун.
Сошиал хаягууд: Tumur Enkhjin , Enkhjin Tumur
YOLO: Сайн уу, чи 17 насандаа дэлхийн рекордыг шинэчилэн тогтоосон шүү дээ. Түүнээс хойш ямар амжилтууд гаргав. Ойрын сонин хачингаасаа хуваалцвал?
- 2015 онд Дэлхийн шилдэг 24 тамирчны халз тулаанд ороод дэлхийн рекорд эвдэж байсан бас чамгүй хэмжээний мөнгө шагнал авч байсан. Түүнээс хойш ОУ тэмцээнд яваагүй бөгөөд 2016 оны Лас вегасын Оюуны олимпт явсан. Өөрийнхөө хамгийн сайн төрөл болох хурдны хөзөр буюу нэг багц 52 ширхэг хөзрийг цээжлээд Оюуны олимпд 3-р байр эзэлж хүрэл медаль авсан. Хамгийн сүүлийн тэмцээн маань 2016 онд болсон одоохондоо тэмцээнд ороогүй явж байна. Он гараад ОУ-ын чанартай тэмцээнд орж бэлтгэлдээ орно.
YOLO: Бүх спортод олимп гэж байдаг. Ой тогтоолтын тэмцээний олимп нь Оюуны олимп гэж ойлгож болох уу?
- Оюуны олимп маань дөрвөн жилд нэг удаа болдог. Би анх 2012 онд болсон олимпын мэдээг үзэж байсан. Монголоос ах нар медаль авчихсан байхаар нь энэ ах нар шиг болно доо гэж бодож байгаад өөрөө 2016 онд явсан. Медаль авсандаа маш их баяртай байгаа. Хурдан уншлага, цээж бодолт, ой тогтоолт гэх мэт оюуны бүх спортын тамирчид оролцдог. Энэ оюуны олимпд манай баг багаараа нэгдүгээр байранд орсон. н.Цогбадрах ах маань 2012, 2016 оны оюуны олимпийн аварга болсон нь биднээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчнаар нэрлэгдэж байна.
YOLO: Чамайг ийм хэмжээний амжилт гаргахад ээж, аавын чин дэмжлэгээс гадна хүмүүжүүлэх хэв маяг нь маш чухал үр нөлөөтэй байсан гэж сонссон?
- Ээж, аав хоёр маань дүү бид хоёрын суурь хүмүүжлийг маш сайн тавьсан. Аав, ээж минь хоёулаа батлан хамгаалах яаманд ажилладаг цэргийн хүмүүс байдаг. Миний оръё, явъя гэсэн бүх л секц, дугуйланд явуулдаг, оролцъё гэсэн бүх л тэмцээнд явуулдаг.
Хамгийн гол зүйл нь надад маш их итгэдэг. Намайг хэзээ ч шахаж, шаардаж байгаагүй. Бэлтгэлээ хий, хичээлээ хий гэж ганц ч удаа хэлж байгаагүй. Тэр итгэл нь маш том хариуцлага болж явдаг. Аав, ээжийн маань өгсөн хүмүүжлээс гадна н.Баасандорж багшийн маань хүмүүжил маш их нөлөөлсөн. Манай багш байнга хэлдэг үг нь "Чи хэрвээ ой тогтоолтын тамирчин болъё гэж бодож байгаа бол жинхэнэ хүн болчхоод дараа нь ой тогтоолтын тамирчин болно" гэдэг. Аав ээжийн минь хүмүүжилтэй зэрэгцээд багшийн минь хүмүүжил маш их нөлөөлсөн.
Манай багшийг Б.Баасандорж гэдэг. МОУА-ын ахлах багш, дасгалжуулагч. Багштайгаа танилцаад дөрвөн жил болж байна. Багштайгаа маш олон тэмцээнд цуг явсан. Манай багш залуухан, мундаг, эрч хүчтэй хүн байдаг.
YOLO: Хэрвээ чи энэ спортоор хичээллээгүй бол ямар хүн байх байсан бол? Ингэж бодож байв уу?
- Математик физикийн олимпиад уралдаанд маш их ордог байсан. Математик, физикдээ илүү амжилт гаргахын тулд ой тогтоолт руу ороод одоо ой тогтоолтын тамирчин болсон. Ой тогтоолтын спорт намайг маш их өөрчилсөн. Хүнийг хүндэлж сургасан, маш том мөрөөдөлтэй болгосон. Би энэ спортоор хичээллэсэндээ маш их баяртай байдаг.
YOLO: Оюуны спорт эсвэл математик, физикээр илүү гүнзгий хичээллэдэг хүүхдүүд ихэвчлэн нийгмийн идэвх, оролцоо багатай байх нь элбэг. Гэтэл чамтай ярилцаж байхад харин ч нээлттэй, эсрэгээрээ нийгмийн идэвх өндөртэй хүүхэд юм шиг санагдаж байна?
- Анх олимпиад, уралдаанд оролцоод гэртээ байгаад л байдаг байсан. Тэр үед юун нийгмийн идэвх, оролцдоггүй хүүхэд байлаа. МОУА ороод маш их өөрчлөгдсөн Б.Баасандорж багшийн маань нээсэн МОУА дэргэдэх Megamind клуб гэж байдаг. Бид нар одоо тав, зургаа дахь удаагийнхаа сайн үйлсийн аяныг зохиогоод байна. Бид нар тэмцээнд явж ирсэн шагналын мөнгөнөөсөө хамгийн анх VTV хөтлөгч Болдко ахын цэцэрлэгт хандивлаж байсан.
Дараа нь хоёр, гурван удаагийн цагаан сараар өөрсдөө бүх юмаа аваад хоёр, гурван мянган бууз хийж хөгшчүүлд өгч байсан. Туул голоо цэвэрлэхэд хогийн машин дүүрэн хог гарч байсан.
Хамгийн хөгжилтэй нь нэг хүү "Ааваа энэ гоё эгч, ах нар яагаад хог түүгээд яваад байгаа юм бол гуйлгачид гэхэд арай биш юм байна тэ?" гэж хэлж байсан. Тэр үгнээс харахаар одоогийн хүүхдүүд хог цэвэрлэнэ гэдгийг ядуу, буурай хүмүүс хийдэг ажил гэж бодож байгаа нь сайхан санагдаагүй. Манай клуб саяхан "Анзаараагүй үлдээсэн боломж" арга хэмжээг зохиогоод олсон орлогоороо нэг айлыг дулаан гэртэй болгох гээд ажиллаж байна. Оюуны спортоос хичээллэснээр хүмүүстэй харилцаж сурснаас гадна нийгмийн идэвх сайжирсан. Саяхан бас МУИС-Ротаракт клубд ороод шинэ хамт олонтой болсон.
YOLO: Миний бодлоор оюуны спортын төрлөөс хүн болгон өдөр тутам амьдралдаа хэрэглэх боломжтой хамгийн үр дүнтэй төрөл нь хурдан уншлага юм шиг санагддаг. Тэгэхээр энэ төрлийн ач холбогдлыг товчхон тайлбарлахын бол?
Жирийн хүн дунджаар нэг минутад 200 орчим үг уншдаг. Судалгаагаар хүний тархи 800 үгийг нэг минутад хүлээж аваад, боловсруулах чадвартай байдаг. Үлдсэн 600 үг боловсруулах орон зай сул хаягддаг, хий бодол эргэлддэг, анхаарал сулардаг гэсэн үг.
Одоогийн нийгэмд хамгийн чухал зүйл нь хурд. Хурдтай л байх хэрэгтэй. Энэ спортоор хичээллэвэл бага хугацаанд маш их хэмжээний мэдлэг олж авах боломжтой болно гэсэн үг. Хүмүүсийн дунд байдаг буруу ойлголт нь хурдан уншихаар юу ч ойлгохгүй ш дээ гэдэг. Тийм биш. Хурд маань ойлгоцтой параллелиар өсч байдаг. Маш ач холбогдолтой спорт.
YOLO: Чи минутад хэдэн үг уншдаг вэ?
- Би ой тогтоолт шиг хурдан уншлагын мэргэжлийн тамирчин биш ч гэсэн жирийн хүнээс хоёр дахин илүү унших байх. Уран зохиолын ном уншдаггүй. Түүхийн, нууцлагдмал шинжтэй ном уншдаг. Хамгийн сүүлд Америкийн нууцлагдмал зүйлүүдийг хэд хэдэн судлаачид өөрсдийнхөө өнцгөөс тайлах гэж оролдсон "Америкийн нууц ном" гэдэг номыг уншсан. Кино ч үзэх дургүй. Кино үзвэл баримтат кино үздэг.
YOLO: Чиний гаргасан амжилтыг хүмүүс хичээл зүтгэл гэхээсээ илүү гоц, гавал, угаасаа л ийм онцгой тархитай хүүхэд гэж хүлээж авдаг байх. Ер нь энэ бүгд гоц хүний хийж чаддаг зүйлс юм уу эсвэл бас л хөдөлмөрийн үр дүнд хүрч чадах амжилт уу?
- Арга техникийг МОУА нэг л стандартын дагуу бүх хүнд адилхан заадаг. Хамгийн гол нь энэ спортод хайртай, тууштай байвал амжилтанд хүрч чадна. Ой тогтоолтын арга техникийг мэддэг ч гэсэн амьдрал дээрээ ашигладаггүй хүмүүс байж л байдаг. Бусад арга техник мэддэг хүүхдүүдээсээ толгойны мундагтаа бус бэлтгэлийнхээ илүүгээр сайн байдаг. Хөдөлмөрч хүн л илүү байна.
Бид мундагтаа амжилт гаргаад байгаа юм биш. Ой тогтоолтоор хичээллэснээр юм хурдан цээжилдэг болоод зогсохгүй тархи бас хөгждөг. Миний тархи хөгжсөндөө хурдан юм цээжлээд байгаа биш. Би тархиа хөгжүүлэхийн тулд юм хурдан цээжлэх дасгалуудыг хийдэг. Ой тогтоолтын спортоор хичээллэснээр хүн тууштай болдог, үнэнч болдог, аливаа зүйлийг томоор харж, бүтээчих юмсан гэсэн тэмүүлэлтэй болдог.
Энэ чанарууд маань өөр юм хийхэд маш их хэрэг болно. Зөвхөн юм цээжлэхийн тулд энэ спортоор хичээллэсэн гэх хүүхэд байж болох ч манай тамирчдын хувьд тийм хүүхэд байхгүй гэж боддог. Суугаад сурчихна, хүнийг хүндлээд сурчихна, наад зах нь гадагшаа явж үзнэ, мундаг хүмүүстэй уулзаад үзчихнэ гэдэг нь хурдан юм цээжилдэг гэдгээсээ илүү давуу тал болдог. Оюуны спортоор хичээллэх гэж байгаа хүүхдүүддээ хэлэхэд тархиа үр дүнтэй ашиглаж суръя, суугаад суръя гэж давхар бодож орж ирвэл илүү үр дүнтэй.
Оюуны спортоор хичээллэх гэж байгаа хүүхдүүддээ хэлэхэд тархиа үр дүнтэй ашиглаж суръя, суугаад суръя гэж давхар бодож орж ирвэл илүү үр дүнтэй.
Т.Энхжин
YOLO: Хөдөлмөрлөхийн гол утга учрыг юу гэж боддог вэ?
- Монгол тамирчдыг гадны тамирчидтай харьцуулахад бид нар маш хурдан өсч чаддаг. Бид гадны тамирчидтай яг адилхан систем хэрэглэдэг, заримаас нь дутуу ч байж магадгүй. Хятадын тамирчин ОУ-ын мастер болохын тулд арван жил хичээллэдэг, дэлхийн аваргаас медаль авахын тулд арван жил хичээллэдэг. Тэгэхэд Монголын хүүхдүүд хоёр жил хичээллээд цолоо авдаг, дэлхийн аваргаас медалиа аваад эхэлчихдэг.
Гадны тамирчид Монголчуудаас их асуудаг "Ямар сонин юм бэ? Өнгөрсөн жил юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд байсан энэ жил дэлхийн аваргаас медаль авчиж байгаа юм уу?" гэж гайхдаг. Дэлхийн шилдэг 24 тамирчны тэмцээнд орж байхдаа Английн хамгийн хүлээлт өндөртэй, дэлхийн дөрвөн удаагийн аварга, хөзрийн хаан хочит Бен Придморыг 4:1 харьцаатайгаар илт ялсан. Английн сэтгүүлчид "Яагаад ийм жаахан хүүхэд дэлхийн аваргыг хожчихов оо? Чи яагаад ийм хурдан гараад ирэв ээ!" гэж асууж байсан.
Тэр үед гэнэт нэг үг орж ирсэн нь "Яагаад гэвэл бид чинь Чингисийн хүүхдүүд шүү дээ" гээд хэлчихсэн. Даруухан хариулт өгмөөр байсан л даа. Хожих үед сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулаад Монгол хүн шүү дээ гэсэн бахархал төрдөг.
YOLO: Чиний 2015 онд тогтоосон рекорд чинь шинэчлэгдсэн үү?
- Би тэр үед 30 зургийг 14 сек 40’ цээжилж байсан. Английн Ланс тамирчин энэ жил 30 зургийг 13сек 80’ цээжилж рекордыг маань эвдсэн. Би тэр тэмцээнд явж чадаагүй. Хэрвээ явсан бол өөрийнхөө рекордыг бүр доошлуулаад 10 секундэд оруулчихна гэж бодож байсан. Гэхдээ дараа рекордоо буцаагаад авна аа.
YOLO: Оюуны спортоор хичээллэхэд насны хувьд оройтно гэж байх уу?
- Хүн өөрийгөө л голохгүй бол тийм юм байхгүй. 2016 оны улсын аваргаар 68 настай эмээ орж байхыг харах гоё байсан. Оюуны спортын онцлог бас тэр л дээ. Оройтно гэж байхгүй. Хүмүүс тэгж ярьдаг "Хөгшрөөд байна, толгой ажиллахгүй байна" гэдэг.
Олон жилийн турш тархиа буруу ажиллуулсаар байгаад тэр нь дадал зуршил болоод доройтдог, зөв ажиллуулж сурах юм бол буцаад зөв болох боломжтой. Залуучууд маань ч гэсэн утсаар ярьж байхад нэг дугаар хэлэхээр "За байж байгаарай бал, цаас..." гэдэг. Багшийнхаа яриаг ойлгоё гэж бодохгүй бичихээ урьтал болгоод байдаг нь залуучууд маань өөрсдийгөө дайчлах нь багасчихсан юм уу гэж бодогддог.
2016 оны улсын аваргаар 68 настай эмээ орж байхыг харах гоё байсан. Оюуны спортын онцлог бас тэр л дээ. Оройтно гэж байхгүй.
Т.Энхжин
YOLO: ОУ-ын тэмцээнд оролцохын хажуугаар аялах боломж их гэж чи дурдсан.
- Олон улсаар яваад үзчихээр маш томоор сэтгэдэг юм билээ. Аливаа зүйлийг олон өнцгөөс хардаг, биеэ дааж сурдаг. Өндөр хөгжилтэй орноор явахаар тухайн орноор маш их атаархдаг. Яагаад манай орон ийм байж болохгүй гэж бодогддог.
Мөрөөдлөө олоход минь гадаадын улс, орноор явсан маань их тусалсан. Залуу хүн юм үзэж, нүд тайлсан нь зөв гэж боддог. Тоолж үзээгүй ч арав орчим орноор аялж үзсэн. Хамгийн олон очиж байсан нь Хятад, хамгийн урт хугацаанд байсан нь Америк. Оюуны олимпд оролцсоныхоо дараагаар манай баг тамирчид нэгэнт ирснийх гээд Америкийн таван хотоор аялсан. Лас вегас, Лос Анжелес, Сан Франциско, Сан Диего хотуудаар аялсан. Өндөр хөгжилтэй оронд байхаар өөрийнхөө улсыг тийм болгомоор санагддаг, Монголд нэвтрээгүй байгаа бизнес санаануудыг авчирмаар санагддаг боловч би одоо арай л жаахан байна.
YOLO: Чамаас эргэн тойрны хүмүүс, найзууд чинь үлгэрлэн дууриалал авдаг байх. Харин чиний үлгэрлэн дууриадаг хүн хэн бэ?
- Би зөв хүнээс үлгэрлэн дууриах ёстой гэж боддог. Миний мөрөөдөл болон, тэр хүн шиг больё гэсэн хүсэл маань миний очиж чадах хамгийн өндөр цэг. Ирээдүйд хэн болоход хүндэлж, биширч явдаг хүн нь маш их нөлөөлдөг. Би маш олон хүнийг үлгэрлэн дууриадаг. Ихэнх нь бизнесийн чиглэлийн хүмүүс байдаг нь миний сонирхолтой холбоотой байх. Хүнд нэг л тийм хүн байх нь учир дутагдалтай юм шиг санагддаг.
Маш олон төрлийн хүн байх ёстой. Зөв хүнээ үлгэрлэн дууриаж, дагах ёстой. Одооны хүүхдүүдийг хараад байхад өөрөөсөө илүү хүнд дургүй болчихсон юм шиг. Тэр нь маш буруу. Хүн хөгжье л гэвэл өөрөөсөө илүү хүнээс суралцаж, тэр хүнийг хүндэлж байх хэрэгтэй. Өөрөөсөө илүү хүнийг "Энэний мундаг гэж юу байсан юм. Саяхан л ийм байсан" гэж ярих нь муухай. Хажууд байгаа хүчирхэг мундаг хүүхдүүдээ хүлээн зөвшөөрөөд, тэд нараасаа авах ёстой юмаа аваад явах хэрэгтэй.
YOLO: Чи хэр нийтэч вэ? Магадгүй чамтай найзлах хүсэлтэй олон хүүхдүүд байдаг байх.
Залуучууд өөрөөсөө илүү хүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Найзаа л зөв сонгох ёстой. Хүмүүжлийн суурийг ээж, аав тавьсан ч тэрнээс цаашаа яаж явах нь найзаас л хамаарна. Хүнийг хэнтэй нийлж байгаа, хэнийг хүндэлж байгаагаар нь л тухайн хүнийг дүгнэдэг. Өөрөөсөө илүү хүнтэй найзлахыг хичээдэг. Хүнтэй өрсөлдөх дуртай.
YOLO: Оюуны спортын шилдэг тамирчдыг казино тоглохыг хориглодог юм уу?
- 21 хүрээгүй бүх л хүн казинод тоглох боломжгүй. Казинод black jack гэж байдаг. Покер дээр ой тогтоолтоо ашиглаад хөзрийг барагцаагаар тооцож болдог. Black jack төрөл дээр мөнгө хожоод байх маш их боломжтой. Тухайн жилд дэлхийн аваргад байр эзэлсэн тамирчдыг хөзрөө 20 сек цээжилдэг тамирчдыг казино бүртгээд авчихдаг. Хэрвээ тэр тамирчин казинод ороод тогловол мөнгөний хязгаартай, хажуудаа хяналттай тоглож болно.
Хаашаа орохыг хориглох нь хүний эрхэндээ ч тийм юм байх боломжгүй. Дэлхийд нэг хөзрийг сайн цээжилдэг, ховсийг маш сайн эзэмшсэн тамирчин байдаг. Тэр тамирчинд казинонууд мөнгө төлдөг. Та манай казинод энэ жил битгий орж ирээрэй гээд хэдэн сая доллар өгөх ч юм уу. Тийм тамирчин дэлхийд нэг л байна.
YOLO: Ярилцах цаг гаргасанд маш их баярлалаа. Ярилцлагынхаа сүүлийн хормыг чамд үлдээе.
- Ээж, аав хоёртоо маш их баярладаг. Манай ээжийн дүү нар, аавын найзууд Дэлхийн аваргын ээжээ, олон улсын мастерийн ааваа гэж дуудахад надад маш их гоё санагддаг. Ээж, аав хоёрыгоо баярлуулж байна гэж боддог.
Мөн дүүдээ маш их баярладаг. Нас ойролцоо болохоор бие биетэйгээ өрсөлдөөд, өдий болтол түшиж тулсаар явна. Б.Баасандорж багшдаа маш их баярладаг. Өрсөлдөж яваа найзууддаа маш их баярладаг. Бие биенийхээ дутагдалтай талыг нөхөөд явдаг. Э.Энхмөнх, Э.Пүрэвжав найздаа маш их баярладаг, энэ хоёр найзаасаа маш их юм сурсан. Миний амжилт та нарын минь амжилт юм шүү. Хайртай гэж тэр болгон хэлж чаддаггүй. Найзууд, аав, ээж, дүү, багшдаа хайртай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх