Туялзуур сэлэмний спорт Монголд хөгжиж, залуу чадварлаг тамирчид төрөн гарч байна. Тиймээс, энэ удаа бид туялзуур сэлэмний өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Амарболдтой уулзаж түүний амжилтын хэсэг зуур хөөрөлдлөө. Тэрээр 2012 оны Лондонгийн Олимпийн наадмаас хойш энэхүү спортоор хичээллэж эхэлсэн юм.
YOLO: Манай уншигчдад өөрийгөө танилцуулахаач?
Намайг Батсүрэнгийн Амарболд гэдэг. “Хөгжлийн гүүр” буюу “Development bridge” сургуульд сурдаг. 16 настай. Айлын дунд. Нэг ах, нэг дүүтэй.
YOLO: Яагаад заавал энэ спортоор хичээллэх болсон бэ?
2012 оны Лондонгийн Олимпийн наадмын дараагаас энэ спортоор хичээллэж эхэлсэн. Бас шигшээ багийн дасгалжуулагч Ганбаатарыг таньдаг байсан л даа. Тэгээд энэ спортоор хичээллэх боломжтой юм шиг санагдсан юм. Мөн манай гэрийнхэн намайг энэ спортоор хичээллэхийг маш их дэмжсэн. Одоо ч гэсэн маш их дэмжиж байгаа. Есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд манай улсад болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний үеэр миний тулаан бүр дээр ирж намайг дэмжиж байсан.
YOLO: Хичээлээ тараад юу хийдэг вэ. Долоо хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийж байна?
Манай хичээл их эрт тардаг болохоор чөлөөт цагаараа ихэвчлэн хичээлээ л хийдэг. Бас ном унших дуртай. Заримдаа найзуудтайгаа тоглодог. Тэгээд мэдээж бэлтгэлээ хийдэг дээ. Долоо хоногт 6 удаа бэлтгэл хийдэг. Бүтэн сайн өдөрт л амардаг.
YOLO: Чамайг дагаад энэхүү спортоор хичээллэх болсон танил хүүхэд байгаа юу?
Найзууд маань намайг сайн ойлгож дэмждэг л дээ. Гэхдээ спортоор хичээллэх дуртай биш, спортлог биш гэх үү дээ. Спорт амьдрал, эрүүл мэндэд маш хэрэгтэй гэдгийг мэддэг боловч яг хичээллэх, спорт тал руугаа хандах нь бага боловч хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглох дуртай. Миний ажигласнаар үеийн хүүхдүүдийн ихэнх нь ПС тоглоом тоглох дуртай байдаг. Зарим нь бүр архи, тамхи хэрэглэж харагддаг. Буруу зам руу орох амархан шүү дээ. Гэхдээ энэ бүгдээс илүү спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрөөх боломж хүн бүрт л байдаг. Тэр боломжийг хүүхдүүд бүү алдаасай гэж хүсдэг дээ.
YOLO: Туялзуур сэлмээр хичээллэх, тулааны зам дээр гараад тулалдахын чухам юу нь гоё юм бэ?
Анх эхэлж байхад би утга учрыг нь сайн ойлгодоггүй байсан юм. Яваандаа л бүх мэдрэмжийг нь мэдэрсэн. Тулааны зам дээр гараад биеийн бүх эрхтэн тусдаа ажиллах мэдрэмж маш гоё. Хөл, гар, хуруу бүгд тусдаа ажиллана. Бүх зүйлийг бодож байгаад довтлоод оноо авах үнэхээр гоё мэдрэмж.
YOLO: Оролцсон тэмцээнүүдээс дурдаач?
Нийт 6-7 юм байна. Эхний тэмцээнүүддээ тийм ч сайн оролцож чадаагүй. Туршлага байхгүй болохоор их хэцүү байсан. Эхэн үетэйгээ харьцуулахад одоо илүү дээр болсон. 2013 оны Нанжины хүүхдэд наадмаас маш том туршлага олж авсан. Бас 2014 онд Болгарын Пловдив хотод болсон өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон маань надад маш том туршлага болсон.
YOLO: Олон улсын тэмцээнүүдэд оролцож байхад гадаадын хүүхдүүд чамаас юугаараа илүү санагдаж байв. Онцгойрох зүйл байсан уу?
Байхгүй. Гадаадын хүүхдүүд багаасаа хичээллэсэн болохоор илүү мэдрэмжтэй бас суурийг нь маш сайн тавьсан нь харагдсан. Манай улсын хувьд энэ спорт хөгжиж эхлээд хэдхэн жил болж байгаа болохоор олон зүйл дээр ажиллах хэрэгтэй байгаа.
Сууриа сайн тавих, тамирчдаа бэлдэхээс эхлээд. Бидний хувьд хичээллэж эхлээд 3-4 жил л болж байхад гадны хүүхдүүд хэдийнээ 8-9 жил хичээллэсэн байдаг. Тийм болохоор ур чадвар, туршлагын ялгаа их байгаа. Гэхдээ сайн хичээхэд тэдний түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байдаг. Манай тамирчид амжилт үзүүлэх бүрэн боломжтой.
YOLO: Манай улсад болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Эх орондоо болсон олон улсын тэмцээнд оролцох ямар байсан бэ?
Нутагтаа тэмцээнд оролцоно гэдэг их өөр байдгийг мэдэрсэн. Ямар нэгэн айдасгүй, илүү тайван, өөртөө илүү итгэлтэй байсан. Их хариуцлагатай болдог юм билээ. Бас миний хувьд нас өгсөж орж байсан болохоор цэвэр туршлага олж авах үүднээс тулалдсан. Тэмцээний үеэр 2011 оны Азийн аварга болж байсан Японы тамирчинтай тулалдаж үзсэн. Хэдийгээр хожигдсон ч гэсэн бэлтгээ сайн хийхэд дутаад байх зүйл байхгүй гэдгээ мэдэрсэн.
YOLO: Ойрын зорилго?
Азийн залуучуудын аваргад оролцсоны дараа би өөрийнхөө насанд олон улсад өрсөлдөх боломжтой гэдгээ мэдэрсэн. Тиймээс 2016 онд Саудын Арабд болох өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авах зорилготой байгаа.
YOLO: Ярилцлагын төгсгөлийг чамд үлдээе?
За баярлалаа. Үеийн хүүхдүүддээ хандаж хэлэхэд завтай үедээ заавал спортоор хичээллэх гэлтгүй үр дүнтэй зөв зүйл хийж байгаарай. Үр дүнтэй зүйл хийж өөртэй итгэлтэй байх хэрэгтэй. Бүх юмыг сайнаар бодох хэрэгтэй. Санаа зөв бол заяа зөв.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Сурлага, спортын өндөр амжилт хүсье.
Баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх