"Culture trip" сайтаас Өмнөд Солонгосын К поп урлагийн хамгийн алдартай уран бүтээлчдийг нэрлэжээ.
1990-ээд оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн К Поп (Korean pop) хэмээх урлаг нь өдгөө асар хурдацтайгаар сонсогч фэнүүдийнхээ хүрээг тэлж байна. Ийнхүү хурдтай хөгжиж буй шалтгаан нь тэдгээр одуудын хичээл зүтгэлээс гадна сайн энтэртаймент болон Өмнөд Солонгосын Засгийн газраас үзүүлж буй дэмжлэг юм. Харин К попыг дэлхийд таниулахад хамгийн их нөлөөлж буй, алдартай 10 уран бүтээлч хамтлагуудыг танилцуулъя.
PSY
Паг Жэсан (Park Jae sang) буюу бидний дунд PSY нэрээрээ алдаршсан рэппэрийн маань “Gangnam Style” дууг мэдэхгүй хүн ховорхон биз ээ. 2012 онд эд хүчээ авсан энэхүү уран бүтээл нь Кпопыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн юм.
Мөн саяхныг хүртэл энэхүү дуу нь youtube-ийн хамгийн их хандалттай уран бүтээл байв.
Тэрээр Хятадын "Chinese New Year’s Eve Party"-д уригдаж байсан бөгөөд , энэхүү тоглолтод оролцсон анхны гадаад уран бүтээлчээр нэрлэгддэг аж.
BOA
Буа (Boa) буюу дуучин Квон Буа нь Sm Entertainment-д харъяалагддаг бөгөөд 11 настайгаасаа бэлтгэгдэж эхэлжээ.
Тэрээр 13 настайдаа анхны цомог болох “ID:Peace B”-гээ гаргасан аж. Мөн Япон улсад "Listen to my heart" цомгоо гаргасан бөгөөд анхны Япон цомгоороо Oricon чартад орж чадсан анхны уран бүтээлч болсон байдаг.
Тэрээр олон улсад нэртэй болж чадсан Кпопын цөөхөн уран бүтээлчдийн нэг юм.
RAIN
Жон Жихүн буюу Rain нь Hollywood-ийн кинонд тоглосон анхны Өмнөд Солонгос уран бүтээлч юм.
Тэрээр Time сэтгүүлээс жагсаасан "Дэлхийн 100 царайлаг хүн" жагсаалтад багтсан аж. Мөн JYP энтэртайментэд орсноор түүний урлагийн карьер эхэлсэн.
BIGBANG
"MTV TRL Awards Italy"-аас "2016 оны Дэлхийн шилдэг уран бүтээлч", Солонгос уран бүтээлчдээс "MTV Europe Music Awards"-аас шагнал хүртсэн анхны хамтлаг, "Times" сэтгүүлийн "2016 оны нөлөө бүхий хүмүүс" жагсаалтын хоёрдугаарт буюу улс төрч Bernie Sanders-ийн араас жагсаж, Maroon 5-аас их орлого олсон хэмээн шуугиулж буй хамтлаг бол бидний сайн мэдэх Big Bang билээ.
Тэд урлагт хөл тавиад аль хэдийнэ 11 жил болсон ба энэ хугацаанд солонгосын соёл урлагт асар их хувь нэмэр оруулсан төдийгүй "Washington Post"-оос дэлхийн хэмжээний хамтлаг хэмээх тодотголыг авчээ.
SUPER JUNIOR
11 гишүүнээс бүрдэх уг хамтлаг нь Кпоп ертөнцийн томоохон уран бүтээлчдийн нэг юм. 2005 онд байгуулагдсан бөгөөд дотроо саб хамтлагуудтай, олон улсад үйл ажиллагаа явуулдаг аж.
2012 онд Super Junior хамтлаг "MTV Europe Music Awards"-ийн "Best Asian Act" төрөлд нэр дэвшиж байсан бөгөөд 2015 онд "Teen Choice Awards"-аас "Шилдэг фэндом" болон "Олон улсын уран бүтээлч" гэх шагналыг хүртсэн аж.
EXO
SM энтэртаймент Хятадын зах зээлд асар их сонирхолтой байсан бөгөөд EXO хамтлаг нь К попын анхны Хятад болон Өмнөд Солонгост харъяалагдах хамтлаг болж гарч ирсэн байна.
EXO-K нь Өмнөд Солонгост, EXO-M нь Хятад улсад үйл ажиллагаа явуулдаг аж. Тэдний урлагийн нас залуухан хэдий ч Forbes Korea-гаас жагсаадаг Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий алдартнуудад 2 жил дарааллан багтсан юм.
Тэдний цомог бүр нь амжилт дагуулсан бөгөөд EXO бол олон улсын хэмжээнд нэр хүндтэй залуу хамтлаг юм.
GIRLS GENERATION
"Super Junior" хамтлагийн эмэгтэй хувилбар гэгддэг SNSD хамтлаг нь 9 гишүүнээс бүрддэг. 2007 онд гарч ирсэн цагаасаа л нэр хүнд нь асар хурдацтай өссөн бөгөөд өдгөө Өмнөд Солонгос төдийгүй Азидаа шилдэг охидын хамтлагт тооцогддог.
10 жилийн түүхтэй уг хамтлаг нь 8 гишүүний хамт уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа юм. Тэд өнөөдрийг хүртэл 4,4 сая гаруй цомог болон 30 сая гаруй дижитал цомог борлуулсан аж.
WONDER GIRLS
2007 онд К поп ертөнцөд тэсрэлт хийсэн Wonder Girls хамтлаг нь гарч ирсэн цагаасаа л хөгжмийн чартуудыг тэргүүлдэг байв. Тэдний 1960 оны ретро хэв маягийг харуулсан "Nobody" дуу нь Billboard-ийн HOT 100-д багтсан байдаг.
Ихэнх хөгжим судлаачид Wonder Girls хамтлагийн АНУ-ын хөгжмийн зах зээлд Кпоп хамтлагууд хүлээн зөвшөөрөгдөх эхлэлийг тавьсан гэж үздэг аж.
MISS A
Өмнөд Солонгос болон Хятад гишүүдээс бүрдсэн энэхүү хамтлаг нь JYP энтэртайментын бүтээл юм. Тэд 2010 онд "Bad Girl Good Girl" хэмээх уран бүтээлээрээ К попын зах зээлд хүч түрэн орж ирсэн бөгөөд шинэлэг өнгө төрх цогцлоосон хамтлаг байв.
T ARA
Энэхүү жагсаалтанд багтсан хамтлагуудтай харьцуулахад Т ара хамтлагийн гишүүд харьцангуй тогтворгүй буюу олон удаа өөрчлөгдөж байжээ. Тус хамтлагийн "Roly Poly" болон "Bo Peep Bo Peep" хэмээх уран бүтээлүүд нь 2011 онд Өмнөд Солонгос болон Японы хөгжмийн зах зээлд шуугиан тарьж чадсан байдаг.
Мөн тэд Хятадад хамгийн алдартай эмэгтэй хамтлагаар нэрлэгджээ. Т ара хамтлагийн хувьд, хамтлагийн түүх төдийлөн гэгээлэг байж чадаагүй ч үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа Өмнөд Солонгос төдийгүй Азид ноёрхож чадсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх