Сайн байна уу? YOLO.mn-ын уншигчидаа! Та бүхэнд танилцуулах дараагийн зочин бол Хобби сургуулийн төгсөгч, Томужин summer school-ын математикийн багш, Гадаадын зургаан сургуулиас урилга авсан үе тэнгийхнийхээ төлөөлөл Батдаваагийн Төгөлдөр юм. Түүнтэй YOLO.mn сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу.
YOLO: Өөрийн тань хувьд зургаан сургуулиас урилга авсан шүү дээ. Ямар сургуулиудаас урилга авсан бэ?
- Би Syracuse unicersity, Haverford college, Carleton college, Rensselaer polytechnic institute, Tulane university, Millsaps college гэх зургаан сургуулиас урилга авсан. Эдгээр зургаан сургуульд тэнцсэн ч гэсэн энэ жилдээ Монголдоо үлдэхээр болсон.
YOLO: Мэдээж зургаан сургуульд тэнцэнэ гэдэг асар их хүч хөдөлмөрийг шаарддаг байх. Энэ талаараа яривал?
- Хүч хөдөлмөрийн хувьд бол асар их шүү дээ. Анх 9-р ангиа төгсөх үедээ л ирээдүйд юу хийх, хаана сурах талаар их л нухацтай бодож билээ. Гадаадын сургууль руу өргөдөл бичих тэр тусмаа Америкийн сургууль руу өргөдөл бичих нь их том даваа байдаг. Олон төрлийн стандартчилагдсан шалгалт, олон зуун үгтэй эссэгээр өөрийгөө тодорхойлох гэх мэт.
YOLO: Тэгвэл цаашдаа ямар мэргэжлээр суралцая гэж бодож байна вэ?
- Инженер болохыг хүсэж байна. Гэхдээ түүнээс өөр зүйлд илүү ихээр дурлаж магадгүй. Миний уншиж байснаар бол хүн жинхэнэ мэргэжлээ олохын тулд дор хаяж 5 мэргэжил сольдог гэж бичсэн байсан. Тэгэхээр юу яаж ч өөрчлөгдөж болно гэж боддог. Гэхдээ инженер болно гэдэгтээ нилээн итгэлтэй байгаа шүү.
YOLO: Гадаадад сурахаар төлөвлөсөн яах учраа олохгүй байгаа хүүхэд залуустаа юу гэж зөвлөх вэ?
- Ерөнхийдөө Aмерик руу материал бүрдүүлж явуулдаг энэ системийг "Holictec admisson" гэдэг.Энэ систем нь хүүхдийн зөвхөн шалгалтын оноог харалгүйгээр бусад бүх зүйлийг нь хардаг гэсэн үг.
Жишээ нь юунд дуртай, юу хийхийг зорьж байгаа гэх мэт. Дүү нартаа хандаж хэлэхэд шалгалтын оноо чухал ч гэсэн та бүхний хийх дуртай зүйл буюу passion чинь хамгийн чухал нөлөөг үзүүлнэ шүү гэж хэлмээр байна. Зүрхэндээ галтай бууж өгөхгүй зүтгэхэд ямар ч давааг даваад л гарна шүү дээ. Одоо ялангуяа ахлах ангид дөнгөж орж байгаа хүүхдүүд бол шалгалтад санаа зоволгүй өөрийнхөө дуртай зүйлийг олоод хичээллэвэл ахлах ангидаа ороод extracurricular гэх зүйлд санаа зоволтгүй болно гэсэн үг.
YOLO: Тэгэхээр таны хувьд ч бас нийгмийн идэвхтэй нэгэн байх шаардлага гарсан байх. Энэ талаараа яриач?
- Нийгмийн идэвхийн тухай бол аль болох 9-р ангиасаа л бага багаар ямар нэг арга хэмжээнд оролцох хэрэгтэй. Миний хувьд Лантуун дохио, Залуу зохион бүтээгч, Улаан загалмай гэх байгууллагуудад түр болоод удаан хугацаагаар үйл ажиллагаануудад нь оролцож байсан.
YOLO: Томужин акедемийн талаар мэдэхгүй, сонирхож буй хүүхэд залуустаа танилцуулбал?
- Манай Томужин акедеми нь бусад сургалтын газрууд шиг англи хэл гэх мэт зүйлсийг заадаггүй бөгөөд хэрхэн Америкийн нэгдсэн улс руу өргөдлөө мэдүүлэх вэ? гэдэг талаар болон Sat, Toefl гэх мэт шалгалтад хэрхэн бэлдэх аргыг хүүхэд залууст заан зөвлөгөө өгдөг байгууллага юм.
Сургалтын газруудаас онцлог нэг зүйл нь акедемик түвшинд цогц программыг явуулдаг. Одоогоор зуны сургууль маань эхлээд байна. Одоо орохыг хүсэж буй хүүхдүүд маань намраас орох боломжтой. Зуны сургалтад 200 гаруй хүүхэд өргөдлөө явуулснаас шилдэг 75-ыг нь сонгож аваад үйл ажиллагаагаа явуулж буй нь энэ юм. Манайд нэгдэхийг хүсэж байгаа сурагчид есдүгээр сараас эхлээд Томужин Sat master хөтөлбөрт хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл Sat-ын шалгалтыг өгөх гэж байгаа хүмүүст их хэрэгтэй хөтөлбөр гэсэн үг.
YOLO: Ярилцлагын явцад ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар тань их сайн санагдлаа. Магадгүй ярилцлага, илтгэл, хэлэлцүүлэгт орж байв уу?
- 10-р ангиасаа хойш уран илтгэл, мэтгэлцээний клубд явж эхэлсэн. Гэхдээ уран илтгэлээр 1 жил хичээллэсэн. Харин мэтгэлцээнээ бол орхилгүй төгсөн төгстөлөө явсан даа.
YOLO: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Одоохондоо чөлөөт цаг гарч өгөхгүй л байна. Олон тооны хүүхдүүдтэй ажиллах тийм ч амар ажил биш. Гэхдээ тэд нартай хамт цагийг өнгөрөөж мэддэг зүйлээсээ хуваалцана гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмж шүү. Улс орноо өөрчлөхийн тулд бүр доороос нь буюу үндэснээс нь эхлэх хэрэгтэй. Иймээс доод үеийнхээ боловсролыг дээшлүүлэх нь одоогоор хамгийн эхэнд зүтгэх үйл хэрэг гэж бодож байна.
YOLO: Тэгвэл Томужин summer school-д математикийн багшаар ороод ямар шинэ зүйл юуг мэдэж авсан бэ?
- Багаар ажиллах нь ямар том зүйлийг бүтээж болдог мөн нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байж чадвал бүх зүйл тийм ч хэцүү биш болохыг ойлгож авсан. Бие биенээ хүндэлж харьцах нь бүх амжилтын түлхүүр юм шүү.
YOLO: Энэхүү амжилтад тань гэр бүл, найз нөхөд, хамт олон, багш гээд олон хүн тусалсан байх. Тэдгээр хүмүүсдээ хандаж юу гэж хэлэх вэ?
- Намайг ойлгож, тусалдагт үргэлж баярлаж явдаг шүү гэж гэр бүлийнхэндээ хэлмээр байна. Мөн Мон-Турк сургуульд хамт сурч байсан Анарсайхан найздаа баярлалаа гэж хэлье. Бид 2 бараг гурван жил энэ тухай ярьж, мөрөөдөж, хичээж ирсэн.
Тэгээд эцэст нь чадсан даа. Гадаадын сургуулуудад тэнцэхэд сэтгэлийн дэм өгч бэлдэх найз, тусалж дэмждэг гэр бүлийнхэн багш нар байгаагүй бол бүтэхгүй байсан гэж боддог. Гэхдээ найз нөхөд бол ирээдүйд ихийг бүтээх хамтын зорилго тавьсан учраас салж хагацахгүй байх гэж боддог.
YOLO: Одоо цагт хэлгүй бол хөлгүй болсон үе шүү дээ. Англи хэл эсвэл өөр хэл сурахыг хүсэж буй хүүхэд залуустаа зөвлөгөө өгөөч?
- Ted talks дээр нэг хүн 6 сарын хугацаанд ямар ч хэлийг сурах боломжтой гэдгийг баталж хэлдэг. Үүнтэй адилхан хүн аливаа хэл соёлд дурлан түүнийхээ амтанд орвол тэр хүнийг юу ч зогсоож чадахгүй. Харин эсрэгээрээ ямар ч сонирхолгүй байвал дэлхийн хамгийн мундаг хүн ирж ном заагаад сурахгүй л болов уу?
YOLO: Хүн бүхэнд шантраад, урагш явах хүсэлгүй болох үед тулах нэг зүйл байдаг шүү дээ. Таны хувьд (ном, дуу, онч мэргэн үгс) гэх мэт?
Жак Ма гийн хэлсэн "Хэрэв чи бууж өгөөгүй л бол чамд боломж бий" гэдэг үг их олон удаа тус болсон доо. Үүнээс гадна Цэцэгийн өөдрөг үзэлтэн дууг сонсох дуртай.
YOLO: Та энэ амьдралдаа яг юу хийхийг хүсдэг вэ?
-Намайг багаас минь өсгөхдөө гэр бүлийнхэн маань чи онцгой гэдэг зурвасыг тархинд минь үлдээсэн юм шиг санагддаг. Ямартай ч нэг түүхэнд үлдэхээр агуу үйлс бүтээх талаар л одоо хүртэл бодож явна. Санаж явахад бүтнэ, сажилж явахад хүрнэ хүрнэ гэдэг үг байдаг даа.
YOLO: Таны хувьд Монгол залууст маань ямар зан чанар, юу дутмаг гэж боддог вэ?
- Бидэнд оюуны потенциал асар их бий. Гэхдээ 2 том дутагдал бий. Эхнийх нь залхуурал. Надад ч бас хааяа үнэхээр их залхуурах үе байдаг. Гэхдээ залхуураж, хойш суувал юунд ч хүрэхгүй шүү дээ. 2 дахь нь хайрцагнаас гарч сэтгэх. Зарим хүүхдүүд зүгээр л Америкт суралцаад сайхан амьдарна гэж боддог. Гэхдээ чи хэрвээ үнэхээр мундаг бол 4 жилийн хугацаанд хоёр сургуульд зэрэг суралцдаг програмд хамрагдаад хос дипломтой төгсөх боломж ч байдаг. Тиймээс зөвхөн өнөө маргаашаа бодож байхаар ирээдүйгээ бодсон зүйл хийж эхэлсэн нь дээр. Яахав хааяадаа нэг гадуур гарч найз нөхөдтөйгөө хөгжилдөх үе байлгүй л яахав. Гэхдээ өдөр болгон тэгнэ гэдэг бол их үр дүнгүй зүйл шүү.
YOLO: Мэдээж цаг төлөвлөлт гэдэг амжилтын түлхүүр болов уу?
- Би Sat- ын шалгалтад 4 сар гаруй бэлдсэн. Яг өдөрт хэдэн цаг бэлдэнэ гэхээсээ илүүтэй бэлдэхийг хүсэж буй үедээ бэлдэх нь илүү үр дүнтэй. Орой унтахаасаа өмнө маргааш хийх зүйлсээ төлөвлөөд унтвал ядаж л зохион байгуулалт сайжирдаг.
YOLO: Эцэст нь хүүхэд залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?
- Өмнө нь сурч байсан бүх зүйл чинь ирээдүйд ямар нэг байдлаар хоорондоо холбогдож хэрэг болдог. Тиймээс сураад л байгаарай гэж хэлье дээ.
YOLO: Ярилцлага өгсөн таньд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх