Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Шалгалт болох гэж байгаа болоод ч тэр үү сэтгэл санаа маш их хямраад байна
Сайн байна уу? Би 2,3 сарын өмнөөс төлөвлөгөө гаргаж эхэлсэн л дээ оролдсон ч гэсэн болно. Гэтэл би төлөвлөгөөгөө эхний үедээ маш сайн гүйцэтгэж дагаж мөрдөж эхэлсэн. Гэтэл хэдхэн хоногийн дараа залхуу хүрч угаасаа өдөр хоног өнгөрсөөр л байна, ямар хамаа байна гэж боддог болоод утсаа оролддог боллоо. Бас дээрээс нь хавар болоод ч тэр үү шалгалт болох гэж байгаа болоод ч тэр үү сэтгэл санаа маш их хямарсан болохоор хичээл хийхэд улам л бэрхшээлтэй болсон. Хүмүүс ангийнхантайгаа муудалцаж, найзаа ч алдсан. Шалгалтандаа бэлдэхээ ч больсон сайн төлөвлөгөөтэй хүн бол хэзээ ч ингэхгүй байсан байх гэтэл би интернэтээр төлөвлөгөө яаж гаргах хүмүүсийн ямар арга барилтай гэдгийг судалж youtube-ээс хүртэл бичлэг үзсэн хэдий ч эдгээр нь дандаа л бие биенээсээ хуулбарласан мэдээлэл байх юм төлөвлөгөө гаргах арга барилаа олох гэсээр байтал шалгалт эхэллээ шүү дээ иймээс надад ямар дарааллаар яаж хэрхэн ямар загвараар гаргаж болох талаар зөвлөөч баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Төлөвлөгөөний дагуу хичээлээ давтаж занших юм бол энэ нь цаашдаа хэвшил болдог
Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Хүмүүс ажлаа төлөвлөхдөө өөр өөрсдийн онцлогт тааруулан төлөвлөвөл илүү үр дүнтэй байдаг. Интернетэд тавигдсан зааврыг шууд хуулбарлавал чиний биологийн цагийн онцлог, амьдралын хэв маягтай зохицохгүй байж болно. Ялангуяа интернетэд ихэвчлэн Америк, Европ хүмүүс влог хийж туршлагаа хуваалцдаг бөгөөд энэ нь Монголчуудын онцлог, хэв маягаас өөр байх хандлагатай.
Тиймээс эхлээд чи өглөө, өдөр, орой хэзээ илүү эрч хүчтэй байдаг вэ гэдгээ олж мэдээд яг тэр цагтаа хамгийн чухал ажлаа хийж байхыг зөвлөе. Ингэхдээ хэд хэдэн зарчим баримтлаж болно.
Зарчим 1. Хийх ёстой ажлаа хийж дуусгасныхаа дараа л хийхийг хүссэн зүйлээ хийнэ.
Зарчим 2. Чухал ажил хийж дуусгасан бол заавал өөрийгөө шагнаж байна гэх мэтчилэн өөрөө цааш нь зохиож болно.
Түүнчлэн аливаа төлөвлөгөө гэдэг бол бид хүрэхийгхүссэн цэгээ олж хараад түүндээ хүрэхийнтулд зурсан зам байдаг. Тиймээс хэрвээ залхуу чинь хүрч хойш суумаар санагдвал зорилгоо буюу яагаад энэ төлөвлөгөөг гаргах болсон бэ гэдгээ өөртөө сануулж байгаарай. Амжилтанд хүрэхэд 10000 цаг зарцуулах хэрэгтэй байдаг, тэгвэл чи өдөрт хэдэн цаг зарцуулж байгаагаас хамаарч хэзээ хүссэн газраа хүрэх вэ гэдэг чинь тодорхойлогдоно. Хэдэн цаг зарцуулахаа чи өөрөө л шийднэ.
Мөн шинэ хэв маягийг өөртөө бүрдүүлэхэд цаг хугацаа их шаардагддаг гэдгийг санаарай. Ойролцоогоор нэг сарын турш чи хичнээн хүсэхгүй байсан ч төлөвлөгөөний дагуу хичээлээ давтаж занших юм бол энэ цаашдаа хэвшил болдог ба дагаж мөрдөхөд илүү хялбар болно.
Ингээд хамгийн чухал зүйл бол яагаад би төлөвлөж байгаа вэ? гэдэг асуултандаа хариулаарай. Зөвхөн шалгалтаа сайн өгөхийн тулд уу? Эсвэл…? Амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх